Кино уран бүтээл олны хүртээл болох даруйдаа үзэгчдийг татах гол зэвсгүүдийнх нь нэг бол зурагт хуудас юм. Үнэхээр өвөрмөц өнгө, дизайнтай постер хаа сайгүй өлгөөтэй байвал хэн бүхний анхаарлыг татаж, олонд хүрэх боломжтой. Гэхдээ энэ нь зөвхөн сурталчилгааны материал бус дэлхийн шилдэг зураач, дизайнерууд (Дрю Струзан, Саул Басс, Билл Голд зэрэг )-ын уран бүтээлийн нэг хэлбэр билээ.

Өдгөө кино постерууд зохиогчийнхоо чөлөөт сэтгэлгээг харуулж, янз бүрийн загвар, зохиомжоор бүтээгддэг болсон ч нийтлэг төстэй шинжүүд байдаг. 1980-аад оноос өмнө ихэвчлэн чимэглэл ашигладаг байсан бол орчин үед гол дүрийн баатар, том үсэг бүхий текст, график дүрслэл зэргийг ижилхэн хэв маягаар түгээмэл ашиглах болсон. Энэ асуудлыг кино судлаач, шүүмжлэгчид өргөнөөр авч үздэг ба киноны постерт орсон уран сайхны элемент, өнгө будаг, загвар хийцийн төстэй шинжээр нь ангилал хүртэл гаргадаг байна. Иймд бид Францийн блоггер Кристоф Куртуа-ийн гаргасан 10 жишээг хүргэхээр бэлтгэлээ. Дэлхий дээр зөвхөн 10 төрлийн кино байдаг юм биш биз?

ХАР + ЦЭНХЭР + ГАЛ

Эдгээр постерыг бүтээхэд олон өнгө, будаг шаардлагагүй харагдана. Зөвхөн хар, цэнхэр өнгөн дээр бага зэрэг гал, гэрлийн туяа нэмэхэд л хангалттай. Яг ийм ижилхэн найрлагаар Edge of Tomorrow, Batman, Harry Potter, Interstellar, The Hobbit зэрэг дэлхийн хэмжээний гайхалтай цуврал, кинонуудын постерыг бүтээсэн байна. Магадгүй дараагийн шинэ кинонуудын зурагт хуудас яг ийм дизайнтай бүтээгдвэл үзэгчид угаас сайн хийгдсэн, томоохон кино гэж хүлээж авах хэмжээнд хүрчээ. Гэвч сурталчилгааны зах зээлд үзэгчдийн сэтгэл нийцсэн өөр эрэлт хэрэгцээ бий гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

АМЬТАН + САР + ЦЭНХЭР

Амьтдын тухай баримтат киноны постерууд ихэвчлэн цэнхэр өнгийн фон дээр цагаанаар бичсэн байдаг нь сонгодог жишээ. Дээр нь нэмээд аварга том сарны дүрс оруулах нь ч элбэг.

Киноны зурагт хуудас дээр гол дүрийн баатрууд хамтдаа байх нь үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөдөг бөгөөд энэ нь уг киног найзуудаараа, гэр бүлээрээ үзэхэд ихээхэн нөлөөлдөг аж. Жишээлбэл, “Ailes Pourpres" - "La marche de l'empereur", "Loup" - "Dernier trappeur", "Les animaux amoureux" - "Nicostratos le pélican" кино тус бүрийн постер хоорондоо туйлын адилхан буйг уншигч та анзаарсан биз. Гэхдээ амьдын тухай баримтат киноны постер заавал ийм байна гэсэн тогтсон ойлголт бий гэж үү?

АРД ТАЛ + ХАР СҮҮДЭР

Уран зөгнөлт, адал явдлаар дүүрэн киноны постеруудыг энд оруулав. Гол дүрийн баатрууд ихэвчлэн ар нуруундаа зэвсэг барьж, царайгаа буруулсан нь ямар нэгэн далдын хүч, сүр бараа, ганцаардлыг илтгэж буй мэт. Эцэст нь тэд ялалтыг авчрахын тулд үргэлж ээдрээт замыг сонгодог нь эдгээр зурагт хуудаснаас илхэн уншигдана. Тийм ч учраас энэ бүхэн хоорондоо дэндүү адилхан байгаа юм болов уу.

шар өнгө 

Кино зурагт хуудас бол нэг талаараа уг бүтээлээ сурталчлах, сурталчлахад ашиглагдах хэрэгсэл юм. Тиймдээ ч постер бүтээгчид үзэгчдийн анхаарал, сонирхлыг татахуйц өнгө өнгийн схем, зураг, дүрс, элементүүдийг ашигладаг. Хэрвээ та бүтээсэн киногоо олон нийтэд маш сайн хүргэхийг хүсэж байвал, ид шидэт өнгийн харандаагаа зөв сонгох нь чухал. Ингэхдээ бусдаас ялгарах цор ганц дизайныг бүтээгээрэй.

уруул 

Гялалзсан уруул, цагаан шүд, хагас цухуйсан хэл, уруулын будаг зэрэг нь дур булаам, эротик шинжийг өөртөө агуулжээ. Үүнийг харсан хэн бүхэн уг киноны төрөл жанрыг шууд гадарлахуйц байна. Өмнө нь хаа нэгтээ үзэж байсан мэт санагдаж болох юм. Дизайнеруудын хувьд хар цагаан фон дээр энэ бүхнийг байрлуулах нь хэний ч санаанд оромгүй зохиомж биш бололтой.

нүд

Эдгээр постерын тухайд гэвэл хүмүүс бид ганц нүдтэй болж хувирчээ. Зарим нь хурц ширүүн харсан бол зарим нь эсрэгээрээ зөөлөн. Судас нь тодорч, улайсан байхад нэг ч цэг зураасгүй ч байна. Өнгө өнгийн нүдэн дотор хүний дүрс ойж харагдах нь нийтлэг. Энэ мэтчилэн яалт ч үгүй ижил төсөөтэй зүйл олон бий. Киноны үйл явдал, өрнөл, зангилааг мэдэхийн тулд нүдээ нээгээд үзээрэй!

улаан өнгө

Заримдаа постер дээр киноны гол дүрийн жүжигчдийн зургийг гаргахаас илүүтэйгээр санаагаа илэрхийлсэн хурц үг хэллэг, дүрс, бэлгэ тэмдэг зэргийг байрлуулах нь илүү үр дүнтэй, хүчтэй илэрхийлэл болдог. Энд буй постерууд улаан фон дээр хар эсвэл цагаан өнгөөр дүрс, текст буулгасан нь дизайн зохиомжийн хувьд энгийн жор гэлтэй. Улаан өнгө гэхээр хамгийн түрүүнд санаанд тань юу буусан бэ?

гол дүр + текст

Бид янз бүрийн царай төрх, нүүрний хувирлуудыг харж байна. Гэвч тэдний зөвхөн харцнаас нь л ямар нэгэн утга санааг уншиж болохуйц. Дээр нь буй том цагаан текстүүд киноны уур амьсгалыг илүү тодотгоно. Энэ удаа ч бас дизайнерууд гол дүрийн баатрын нүүрэн дээр том цагаан текст бичихээ мартаагүй бололтой.

урт хөл + гурвалжин дүрс 

Эдгээр зурагт хуудаснаас бид эмэгтэй хүний гоо сайхан, хүйсийн тэгш бус байдал, нийгмийн үнэн дүр төрх гэх мэт утга агуулгыг өөрсдийнхөөрөө ойлгож болно. Эмэгтэйн хөлний цаана ихэвчлэн эрэгтэй хүн харагдаж буйд олон хүн шүүмжлэлтэй хандаж, дургүйцлээ илэрхийлсэн байдаг. Гэвч туйлын үнэн эсвэл худлаа гэж байдаггүй шүү дээ.

Яг ийм зохиомжтой постерууд олон жилийн турш тасралтгүй гарсаар иржээ.

харанхуй ЕРТӨНЦ

Зурагт хуудаснууд ямар ч хэв маягаар бүтээгдэж болдог гэдгийг та эдгээр жишээнээс харж болно. Нүдээ тагласан байдлаар чухам юу илэрхийлэх гэснийг бид таашгүй. Гэхдээ заавал таах ч албагүй билээ. Хүн бүр өөр өөрсдийнхөөрөө ойлгоход л болно. "Présumé coupable" кинонд гэмт хэрэг, шударга ёсны тухай өгүүлсэн байлаа ч хүний нүд тагласан постероор нь шударга ёс харалган гэсэн санааг илэрхийлэх гэсэн юм биш. Харин шударга бус зүйлс өөрт нь нөлөөлөхийг зөвшөөрөхгүй байгаагийн илрэл байж болох юм.

Эсвэл анхнаасаа л хүмүүст энэ кинонуудыг үзэхгүй байхыг уриалж буй мэт санагдахгүй байна уу?