Нүдний шилний цаанаас хорвоо ертөнцийн юмс үзэгдэл ямагт өөрөөр харагддаг. Нүдний шил аливаа зүйлийн харагдах байдлыг өөрчлөөд зогсохгүй зүүсэн хүнийхээ бусдад хэрхэн харагдах, ямар сэтгэгдэл төрүүлэхэд гүнзгий нөлөөлдөг. Тэгвэл бид “10 ертөнц, 10 өнцөг” цувралынхаа ээлжит дугаарт нүдний шилтнүүдийн "нууц"-ыг тайлахыг оролдсон юм. "Дөрвөн нүдтэний арми"-ийг төлөөлсөн 10 зочин нүдний шилний тухай юу өчив?

I. Б.Билгүүн 

Би график дизайнер мэргэжилтэй болохоор өдрийн хагасыг компьютерийн дэлгэц ширтэж өнгөрөөдөг. Дэлгэц удаан ширтэхээр холын хараа дорхноо мууддаг юм билээ.

Давхар голтой, хуучны хэв маягтай шил зүүх дуртай болохоор хүмүүс намайг С.Зориг агсан шиг, мөрдөгч Деррик шиг харагдаж байна гэх мэтээр хэлдэг. Харин зарим нь “Шилээ өгч бай даа, зүүгээд үзье” гэж асуух нь элбэг. Ахмад хүмүүстэй танилцахад, угаасаа бөөрөнхий толгой, ноомой царайн дээр шил нэмэгдчихээр нүдэнд нь дулаахан харагддаг юм шиг байгаа юм. Харааны шил зүүх нь хэд хэдэн давуу талтай. Жишээлбэл хараа тогтох, бүхнийг тодоор харах, илүү царайлаг харагдах, дургүй хүн дэргэдээс чинь холдохгүй бол шилээ авч бүрсийлгэх гэх мэт.

Хүмүүст хандаж нүдээ хайрлаарай, утас бага ширтээрэй, шилтэй болох гэж байгаа бол шилээ хайрлаарай гэж хэлье.

II. Б.Одгэрэл

Багадаа би хараагаа муудаж байгааг мэдсэн ч гэрийнхэндээ хэлээгүй юм. Нэг өдөр эмээтэйгээ гадуур явж байгаад самбар дээрх бичиг уншиж чадалгүй баригдсан даа. Тэгээд л анх шил зүүж эхэлсэн. Удалгүй бүр дасчихсан. Одоо бол малгай, шил хоёр маань миний имиж болсон гэх юм уу. Энэ хоёргүй явахаар хүмүүс бараг л таньдаггүй.

Шил зүүдэг болсноосоо хойш 10 гаруй шил хугалж, гээсэн. Сүүлдээ нэг газраас ижилхэн рам хэдийг бөөндөж аваад хадгалчихдаг болсон. Миний хувьд ихэвчлэн сагс тоглох үеэр шилээ хугалчихдаг. Тэгээд нөөц рамандаа хийгээд л болчихдог доо. Хүмүүст зөвлөхөд энэ их дажгүй арга шүү.

III. Ж.Батсайхан

Дээхэн үед нүдний шилтэй хүн ховор байлаа. Ганган чамин хэрэглээ ч юм шиг, голдуу сэхээтнүүд, дарга нар л зүүдэг байж дээ. Харин одоо бол шилтэйгээс шилгүйг нь тоолоход амар болсон байх. Хот газрынхан харааны бэрхшээлд амархан өртөмтгий болж. Миний хувьд ном, сонин их уншдаг учраас эмч нарын зөвлөснөөр хараагаа муудахаас сэргийлж шил зүүсэн. Гучаад жил байнга шилээ зүүж, хараа муугүй тогтсон. Тийм ч учраас эрүүл мэндийн шидэт шилээ их хайрладаг. Хоёр дахь нүд минь юм шүү дээ. Хүмүүс давхар нүдтэй энэ тэр гэж шоолох явдал таардаг л юм. Тэгэхээр нь давхраатай нүдтэй, давхар нүдтэй гэж цаашлуулдаг юм. Далдыг харж чадна ч гэж хошигнодог.

Нүдээ хайрлая гэвэл шилээ зөв хэрэглэж сураарай. Нүдний шил бол гоёл ч болдог, соёл ч болдог.

IV. Б.Дөлгөөнзаяа

Би 5-р ангиасаа хойш нүдний шилтэй явж байна. Бараг насаараа зүүж байгаа гэхэд болно. Сүүлдээ нэг эд эрхтэн шиг минь л болчихсон. Бусад хүмүүс шиг заримдаа тайлаад, буцааж зүүгээд байдаггүй. Шилгүй л бол бүх зүйлс тэр чигтээ бүрэлзэж харагддаг учраас орой унтахдаа, усанд орохдоо л авдаг даа.

Бага ангид байхдаа бусдын адилаар дөрвөн нүдэт энэ тэр гэж шоолуулж л байсан. Өсвөр насандаа өөртөө таалагдахын тулд шилгүй байсан бол гэж боддог байсан ч миний хамгийн сайн туслах учраас дасан зохицдог юм билээ. Хааяа аяллаар явж байхад хүмүүс алсын бараа ширтэн хол харагдаж буй зүйлсийн гоё сайхныг магтах үед тэгж харж мэдэрч чаддаггүйдээ жаахан харамсдаг.

V. Б.ТӨГӨЛДӨР

Миний хувьд өдөр, шөнө, орой, гадаа, дотор хамаагүй байнга хар шилээ зүүдэг. Үүнд ямар нэгэн шалтгаан байхгүй ээ. Зүгээр л зүүдэг юм. Анх таарсан хүмүүс гайхдаг байлаа. Харин одоо эргэн тойрныхон маань аль хэдийн мэддэг болсон нь амар байдаг. Угаасаа миний нэг хэсэг гэж хэлэхэд болно доо. Ямар ч сэтгэл хөдлөлийг минь нууж чаддаг шидтэй зүйл. Хөгшин болтлоо л салахгүй байх аа даа.

vi. Э.АНУДАРЬ

Харааны шил зүүдэг хүмүүс дунд ажиглагддаг нэг сөрөг хандлага нь өөрөөс нь арай дээр хараатай нэгэндээ “Чи гайгүй л юм байна шүү дээ. Яах гэж шил зүүдэг юм” гэдэг. Гэвч бүгдээрээ л бусадтай ижил харахын тулд шил зүүж байгаа шүү дээ. Юмсыг бүдэг муу харна гэдэг хүсэх зүйл биш. Үүнээс гадна зөвхөн шилтнүүдийн л ойлгох зүйлүүд гэж байна. Энэ нь улирал болгонд өөр өөр. Жишээлбэл, өвөлдөө шил цантах хамгийн хэцүү. Цантуулахгүй явъя гэхээр даарна. Төмөр шил зүүвэл хайрна, хуванцар гэхээр хөлдчихнө. Зун бол шилэн дээр бороо дусална. Арчих хэцүү. Арчихгүй тэр чигтээ явах бүр хэцүү. 3D кино үзэх үед шил давхарлаж зүүхээр үнэхээр хүнд оргино. Чих өвдөнө. Эцэст нь хамгийн аймар мэдрэмж бол шил хугарах. Ядаж байхад зардал их.

Зарим хүмүүс “Шилтэйгээрээ энийг нэг хар даа” гэдэг юм. Шилтэй хүн микроскоп шиг харна гэсэн үг биш шүү, та минь ээ. Зүгээр л энгийн хүн шиг хардаг. Ер нь "хараа муутай л болохоос бусдаар бол харанга шүү" гэдэг байх аа, хаха.

vii. а.амармэнд

Миний хувьд нүдний шил зүүгээд арваад жил болж байна. Одоо бол шилгүйгээр гэрээсээ гарч, ямар нэг юм хийж чаддаггүй болохоор биеийн минь нэг хэсэг шиг л болжээ. Үүнтэй холбоотойгоор хүмүүс өөрөөр хандах, янз бүрээр хэлэх тохиолдол огт гарч байгаагүй. Магадгүй том болсон хойноо зүүж эхэлсэн, эсвэл угийн "мангардуу" царайтай байсантай холбоотой байх, хэхэ. Өвөл гаднаас дотогшоо орох үед цан цохиод байдаг нь л хамгийн том хүндрэл. Бусдадаа хандаж хараагаа сайн хамгаалаарай гэж уриалах байна.

VIII. Г.ОЮУНЛХАМ

Шилтнүүдийн эгнээнд нэгдсэн миний түүх их сургуулийн нэгдүгээр дамжаанаас эхэлсэн. Өмнө нь 10 жилдээ шил зүүхийг хүсдэг байсан ч тэр их сонирхол эхний ганц жил л үргэлжилсэн дээ. Одоо зүүхээ больчихъё гэхээр тэг хараанд дасчихсан болохоор нэг л болж өгдөггүй юм.

Бага байхад нийгэм даяар номын, ухаалаг охидыг хоёр салаа гэзэг, том шилтэйгээр төсөөлдөг байсан бол одоо эсрэгээрээ болж байх шиг. Анзаараад байхад, сурлага сайтай хүүхдүүд ганцхан хичээл ном гэхгүйгээр бүх талаа зэрэг хөгжүүлэхийг эрмэлздэг болсон. Харин шилтэй нөхөд дижитал хэрэглээнд автсан, өөртөө анхаарал хандуулдаггүй гэх нэр зүүх болж байна. Миний хувьд бол алтан дундаж юм уу даа. Угаас линз зүүх гэхээр зориг дутаад, тайлаад шидье гэхээр харааны түвшин дутаад, лазердуулъя гэхээр түрийвчний бяд дутаад байгаа юм.

ix. б.тэлгүн

Би багаасаа л компьютерийн урд удаан сууж, дэлгэц ширтдэг хүүхэд байлаа. Түүнээс болж хараа минь муудаж, шил зүүгээд дөрвөн жил болж байна. Өдгөө ухаалаг, ном уншдаг хүн л шил зүүдэг гэх хандлага өөрчлөгдөж, дэлгэц их ширтдэг хүмүүс шил зүүдэг гэж ойлгогддог болсон юм шиг санагддаг. Ихэнх шилтнүүд өвөл шил цантах нь хэцүү гэж ярьдаг. Миний хувьд эсрэгээрээ. Харин ч илүү таатай "күүл" мэдрэмж төрүүлдэг.

Бусад хүмүүсийг бодвол миний хараа харьцангуй гайгүй ч фокус муутай хардаг. Заримдаа хүмүүс “Шилгүй болох юм биш үү, төвөгтэй биш үү?” гэж асуудаг. Хариуд нь “Би гоё, ухаантай, гавал харагдах гэсэндээ биш. Хүрээлэн буй орчин, хорвоо ертөнцийг илүү тодоор харахыг хүсэж байна” гэж хэлдэг юм.

X. Ж.хулан

Би 10, 11 настайгаасаа нүдний шил зүүж эхэлсэн. Манай гэрийнхэн, үеэл дүү нар маань бүгд шил зүүдэг болохоор Цагаан сараар ч юм уу, ямар нэгэн баяр ёслолын үеэр бөөнөөрөө явж байхад “Нүдний шилтний арми” гэж наргиа болгоод байдаг юм.

Миний хувьд шил минь маш чухал. Шилээ зүүгээгүй үед сайн харж чадахгүй болохоор өөрийн эрхгүй жаахан бухимдангуй болчихдог. Тэгээд дадал болсноороо шилээ дээшлүүлж байгаа юм шиг зангана. Хамгийн хэцүү нь хүн танихгүй зөрөх үе. Уг нь таньчих санаатай заримдаа хүн рүү удаан ширтэж байгаад явчихсан тохиолдол ч бий. Тийм болохоор шилээ орхисон, түр гэмтээсэн үедээ зүгээр л урагшаа хараад, аль болох илүү зүйл рүү хараа чиглүүлэхгүй алхах нь дээр юм байна гэж шийдсэн дээ.

Санал болгох:

GenZ: 10 ертөнц, 10 өнцөг

Baby boomers: 10 ертөнц, 10 өнцөг

Unread