Өнгөрөгч амралтын өдрүүдээр их хотын залуус бараг бүгд Гачуурт тийш зүглэж, Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам,  17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй Playtime-ийг зорив. Олон улсын хэмжээний топ хамтлагууд уригддаг, амьд хөгжмийн ертөнцийн тухайн жилийн өнгийг тодорхойлох хэмжээнд хүрсэн Playtime-ийг Ц.Нацагдорж хэмээх эрхэм үүсгэн байгуулж, өдий хүртэл удирдаж яваа юм. Эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн онолын хичээл хүртэл зааж, төрийн болон олон улсын байгууллагуудад удирдах албан тушаал хашиж явсан тэрээр өөрийн дуртай-мөрөөдлийн зүйлсээ бодит болгож, үе үеийн залууст урам зориг, баяр хөөр бэлэглэж буй нэгэн. Unread Playtime-ийн үеэр анх удаа "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагаа үзэгчдийн өмнө шууд хийж, зочноор нь Нацагаа ахыг урьсан нь ч санаандгүй хэрэг байгаагүй юм. Hi Fi-ийн, Playtime-ийн Нацагаа ахтай илүү ойроос, өөр өнцгөөс танилцахыг урьж байна.

Байршил: Улаанбаатар, Монгол
Албан тушаал: Playtime Festival-ийг санаачлагч, захирал
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S9 Plus
Хэрэглэдэг лаптоп: Macbook Pro 13'
Сошиал хуудсууд: Natsagdorj Tserendorj (фэйсбүүк хуудас)

Таны ажлын онцлох арга барил юу вэ?

Олон ажлууд зэрэг хийдэг учраас их л завгүй байхыг хичээдэг. 2 өөр хүн шиг, 2 өөр ертөнцөд амьдардаг үе ч байлаа. Нэг нь жинс, пудволктой рокер, хөгжимд дурласан нөхөр. Нөгөөх нь костюм, зангиатай төрийн албан хаагч.

Ер нь бол би толгойд бодогдсон, хиймээр санагдсан зүйлсээ шууд л хийхийг эрмэлздэг хийгч (doer) төрлийн хүн байх.

Хамгийн их ашигладаг, ашиглах дуртай апп, програм, ажлын хэрэгслээ нэрлэнэ үү?

Сошиал хуудсуудаас фэйсбүүкийг их түгээмэл ашигладаг. Дэлхийн бүхий л радиог нэг дор нэгтгэсэн Tune In апп-ийг их хэрэглэнэ. Би өөрөө радиод их дуртай, хайртай. 2010 оноос хойш зогссон Hi Fi Radio-оо сэргээх мөрөөдөлтэй, түүгээрээ дамжуулж хүмүүст гоё хөгжим түгээх зорилготой.

цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Яг цаг хэмнэх тал дээрээ их тааруу. Яаж ийж байгаад дуртай спортоо үзчихээд л байдаг юм. Плэйофф эхэлчихсэн бол ажлаа таслаад ч хамаагүй үзээд л байдаг.

100 хувь бүтээмжтэй байя гэвэл лав над шиг байж болохгүй байх. Би дуртай, хиймээр байгаа зүйлээ л хийхийг хүсдэг. Ер нь тааваараа ажилладаг гэж хэлж болно.

та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Тэмдэглэлийн дэвтэр дээр гараараа бичдэг. Болж өгвөл өмнөх оройд нь маргаашийнхаа ажлыг төлөвлөж бичдэг. Ажлаа бичсэн үед тухайн өдрийн ажлууд бүтээд, их л үр бүтээлтэй байх шиг анзаарагддаг. Үгүй бол хийх ажил байгаад байгаа хэрнээ нэг л замбараагүй, зохион байгуулалтгүй байгаа мэт санагддаг. Бүтэн сайн өдөртөө долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргах гэж бас хичээдэг шүү.

та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Playtime наадам маань 17 жилийн дараа л учраа олж, өөрийнхөө төрхийг олж байгаа юм шиг санагдаж байна. 2013 оноос хойш жил бүр өмнөхөөсөө сайжирч, улам төгөлдөржиж байгаа нь үүнийг илтгэнэ.

Хятадын хамгийн том фестиваль Strawberry-д 10 мянган хүн ирдэг. Монголын хүн ам 3 сая л атлаа өдөрт 10 мянган хүн ирдэг болсон нь том амжилт. Гадны хүмүүс ирээд бүгд их ам сайтай байна. Үзэгчид нь ямар гоё юм бэ, эрх чөлөөтэй юм бэ гэж хэлдэг. Энэ чанараа хадгалж, улам нэмэгдүүлэхийг зорьж байна.

Playtime-ийн дараагийн том төлөвлөгөө бол өөрийн гэсэн газартай болох. Яг стандартын дагуу олон улсын наадам хиймээр байна. Майхны хотхон хэзээ ч тоглолтын талбайтай хамт байдаггүй. Жижигхэн газартай учраас л бид майхантайгаа ойрхон тайзаа засдаг. Тийм болохоор л ууж идэх зүйлээ чөлөөтэй оруулж болдоггүй юм. Тиймээс өөрийн газартаа хангалттай том тайз, хөгжим, гэрэлтүүлэг засаж, байрлах байшин саваар нь хангадаг орчинг бүрдүүлэхийг хүсэж байна даа.

Анх хэрхэн хөгжимтэй холбогдсон бэ?

Бага байхаасаа л гэрийнхээ магнитофоныг их сонсдог, кассет цуглуулдаг байлаа. Гэхдээ хөгжмийн бизнес эрхэлнэ гэж огт бодож байгаагүй. Их санамсаргүй байдлаар Hi-Fi-г байгуулж байсан юм. 1995 онд хойшоо наймаанд явдаг ахынхаа найзтай их дэлгүүрт таарчхаад 100 доллар өгөөд тэр үед их эрэлттэй болоод байсан CD захиж байсан юм. Тэгээд л авчруулсан CD-ээ зарах болсон. 19-р хороололд видео прокатладаг байлаа.

Яг рок, альтернатив хөгжим дурласан минь 1997 он. Тухайн үед Сангийн яаманд мэргэжилтэн хийдэг байсан надад 3 сарын хугацаанд Венад мэргэжил дээшлүүлэх боломж олдсон юм. Тэр үед радиогоор Third Eye Blind хамтлагийн Semi Charmed Life гэж дуу явж байхыг сонссон маань үнэхээр таалагдаж, өөрийгөө альтернатив хөгжимд дуртай юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л хөгжмийн дэлгүүртэй байсан учраас ийм төрлийн хөгжмийг их эрэлхийлж, цуглуулж, борлуулдаг болсон. 1999 онд Америк руу магистрт яваад энэ сонирхол маань бүр гүнзгийрсэн. 2001 онд төгсөж ирээд Hi-Fi Alternative гэдэг радио хөтөлбөр эхлүүлж байлаа.

2003 онд Манчестер луу богино хугацаагаар сурахаар явсан минь намайг Английн роктой танилцуулсан. Хэрэндээ хөгжим мэддэг гэж боддог байсан би Q сэтгүүлийг үзтэл нэг ч мэддэг хамтлаг байгаагүй. Тэгээд л CD-г нь цуглуулж инди хөгжмийг сонирхож дууг нь явуулж эхэлсэн. Тэр үед хөгжим интернетээс татна гэж мэддэггүй байсан учраас дандаа л ориг CD-ээс нь дуу явуулдаг байлаа.

Цаг үе өнгөрөх тусам хуучны хөгжим ухах болсон. Хөгжим өөрөө их баялаг түүхтэй, огт мэдэхгүй гайхалтай хамтлагууд зөндөө байдаг. 1, 2 жил болоод тарчихсан ч үнэхээр авьяастай, гоц хамтлагуудыг олж сонсохыг эрмэлздэг болсон.

Сүүлдээ хөгжмийг ер нь урсгалаар нь гадуурхаж болохгүй юм байна, бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой, давуу талтай, агуу чанартай юм байна гэж бодож хип хоп, жазз гээд ялгахгүй л сонсож эхэлж байна даа.

та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Надад инди, алтернатив, гитарт суурилсан хөгжим их таалагддаг. Тэр дундаа shoegazing post punk дуугаралт таалагддаг. Хамгийн дуртай хөгжимд ойрхон тоглож байгаа залуу хамтлаг бол Silhouette Tuesday байгаа.

Миний хамгийн дуртай хамтлаг бол My Bloody Valentine. Тэдний 1991 онд гаргасан Loveless цомог бол бараг төгс юм шиг санагддаг. Зөвхөн тэдний тоглолтыг үзэх гэж Сөүл явж байлаа. Хамтлаг нь тарчхаад 20-оод жилийн дараа аялан тоглолт хийхэд Монголд хамгийн ойртсон нь Солонгос байсан юм. Би удахгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 цомгоо Tamiraa's Mix-ээр гаргаж цацъя гэж бодож байгаа шүү.

Хөгжмийн 80 хувьд нь аяыг сонсдог. Хэт их давтагдсан, таамаглаж болохуйц дуугаралтаас их амархан уйддаг. Хөгжмийг чимдэг зүйл их өөр байдаг юм. Яаж огт төсөөлөөгүй, бодоогүй байсан зүйл рүү аваачиж, чимэг болсон дуугаралт, найруулгыг бүтээж байна вэ гэдэгт их анхаардаг. Авьяаслаг уран бүтээлчид угаасаа л ялгардаг. Хөгжим дээр бол авьяас хөдөлмөрөөс ч илүү чухал байж мэднэ.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Би ном уншихдаа тааруу. Удаан уншдаг, бараг дуусгадаггүй. Оюутан байхдаа бол хичээлийнхээ номуудыг их уншдаг байсан. 2 дахь магистраа нийгмийн ухаан, эрүүл мэндийн бодлогын чиглэлээр Брандейсийн их сургуульд хийхэд нэг багш маань Pedagogy of Oppression гэх мэт цэвэр анти үзэлтэй баахан ном өгч байсан юм. Түүнд нь бүр автчихсан явсан үе бий. Өвлийн амралтаар ирэхэд тоссон найзууддаа шууд л "хувьсгал хийе" гэж хэлж байсан удаа ч бий. Дараа нь төгсөөд ирэхдээ харин овоо хөрсөндөө буучихсан, "бодид л явъя" гэж хамгийн эхэнд хэлж байсан гээд Наранзун маань ярьдаг юм.

Надад нөлөө үзүүлсэн ном бол The Prophet гээд Калил Гибраны ном. 1930-аад оны үед хэвлэгдсэн тийм ч зузаан биш энэ номонд хайр гэж юу вэ, нөхөрлөл гэж юу вэ, гэр бүл гэж юу вэ гэдэг талаар өгүүлдэг юм.

та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү?

Аль аль нь гэж хэлж болно. Хийж байгаа ажил, нөхцөл байдлаасаа хамаараад нээлттэй ч, хаалттай ч байх нь бий.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Би спортын хорхойтон. Тэр дундаа бэйсбол их үздэг. Нью Йорк Янкизийн улаан фен. Нэг улиралд 162 тоглодог, нэг тоглохоороо 3 цаг орчим үргэлжилдэг тоглолтыг нь алгасахгүй л үзээд байдаг юм.

таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Би амьдралдаа ментортой байж үзээгүй. Тийм ч болохоор заримдаа алдаа гаргах, тодорхой асуудлуудад буруу хандах, зарим үед тохиромжгүй шийдвэр гаргах тохиолдол гардаг юм. Тэр үед зөвлөж чиглүүлэх ментор гэж хүн байсан бол гэсэн бодол төрдөг. Ямар ч үед түшиж тулах, асууж лавлах хүмүүс хажууд байх шиг чухал зүйл үгүй юм шиг санагдах болсон.

залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Миний хувьд аливаа зүйлийн тэнцвэрийг олохыг ихэд чухалчилдаг. Ямар ч зүйл 2 талтай, нэг тал руу хэт туйлшралгүйгээр аль алинаас авахыг нь аваад хаяхыг нь хаяад, тэнцвэртэй байвал аз жаргалтай, бүрэн дүүрэн амьдардаг юм шиг санагддаг. Хүсэж байгаа зүйлээ эмээлгүйгээр, эрсдэлээс айлгүйгээр хийх боломж ийм үед л тохиодог байх. Эцсийн дүндээ мөнгө, албан тушаал, эрх мэдэл гэдэг хоосон, түр зуурын л зүйл. Мөнгө бол орж л байдаг, гарч л байдаг. Гол нь үйл явц, процесс нь байдаг юм шүү гэж л хэлмээр байна.

5 жилийн дараах playtime наадмыг хэрхэн төсөөлж байна вэ?

Playtime бол миний бүх зүрх сэтгэл, хөдөлмөрөө шингээсэн бүтээл маань. Тиймдээ ч хөтөлбөр гаргахдаа чанарыг эрхэмлэж, хүмүүсийн мэдрэмжийг, мэдлэгийг дагуулж чадах хамтлагуудаар бүрдүүлэхийг хичээдэг. Зарим нь амиа хичээсэн гэж хэлж магадгүй. Ariel Pink бол тийм ч алдартай хамтлаг биш, гэхдээ үнэндээ ихэнх нь ойлгоогүй л байх.

Фестивалийг хийхдээ массыг дагаад алдартай хүмүүс авчраад байвал би өөрөө кайфгүй болчихно. Наадмыг мөнгө хийх гэж зохиодоггүй. Үе үеийг дагуулах гэж, соён гэгээрүүлэх гэж хийдэг юм. Мөнгө мэдээж чухал, гэхдээ хамгийн эхэнд тавих зүйл биш. Залуус маань чанартай дуугаралт, гоё хөгжим, күүл зүйлсийг мэдрээсэй, хүлээж аваасай л гэж боддог.

Ирэх жилүүдэд Tame Impala-ийн түвшний хамтлагуудаас авчрахыг зорино. Магадгүй 5 жилийн дараа боломж байдаг бол бүр Radiohead-ийг авчрахыг зорьж байна.

энэ ярилцлагад хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцахыг хүсэж байна вэ?

Mongolia Opportunities Fund-ийн үүсгэн байгуулагч Б.Батсайханыг санал болгоё. Миний мэдэх хамгийн мундаг залуусын нэг.