Оновчтой, цөөн үгээр илэрхийлсэн илтгэл чанартайд тооцогдоно гэвэл буруудахгүй. Тэгвэл энэ санааг нэгэн сонирхолтой форматад оруулан, дэлхий даяар зохион байгуулагдаж буй PechaKuchaNight-ийн талаар өнөөдөр танилцуулъя. Бидний сайн мэдэх TEDx илтгэлийн “хайку” хувилбар гэж хэлж болох энэ арга хэмжээ нь анх Токио хотоос эхлэн өдгөө дэлхийн 1000 гаруй хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд Улаанбаатар хотноо 9-р сарын 6-ны өдөр анх удаа болох гэж байна. Ингээд энэхүү илтгэлийн өвөрмөц техник болон PechaKuchaNight Ulaanbaatar арга хэмжээний илтгэгчидтэй танилцана уу. 

Бүтээлчээр ашиглах учиртай 400 секунд 

PechaKucha илтгэлийн гол онцлог бол 20 зураг х 20 секунд буюу илтгэгч бүр өөрийн сонгосон 20 зураг тус бүрийг 20 секундийн дотор тайлбарлан ярих явдал юм. Зурагнууд автоматаар солигдох бөгөөд “Өмнөх зургийг дахиад гаргачих уу?” эсвэл “Дараагийн зураг руу гүйлгэчих” гэсэн ойлголт байхгүй. Сэдвийн хувьд арга хэмжээ зохион байгуулагчийн зүгээс тодорхой чиглэл гаргаагүй тохиолдолд илтгэгчид юуны тухай ярих нь цэвэр өөсрдийнх нь сонголт. Ихэнхи хүмүүс өөрийн сүүлд хийсэн судалгаа, оролцсон төсөл, уран бүтээлийнхээ талаар ярьдаг бол зарим нь өөрийн туршлага, үзэл бодол, аялал, адал явдлынхаа талаар гайхуулдаг. Хамгийн гол нь тухайн сэдэв нь зөвхөн илтгэгчийг бүрэн илэрхийлж, түүний харах өнцөг, сэтгэлгээг харуулдаг байх нь чухал.

Орчин - хүмүүс

Дэлхий дахинаа энэхүү арга хэмжээг далайн эрэг, бар, ресторан, галерей, спорт заал, хурлын танхим гээд энгийнээр “хаана ч хамаагүй” зохион байгуулах боломжтой байдаг бөгөөд хамгийн гол нь ирсэн зочид хоорондоо танилцах чөлөөт уур амьсгалыг бүрдүүлсэн байх нь чухал. Олон салбарын, сонирхолтой илтгэгчдийн яриаг сонсохын хажуугаар бүтээлч хүмүүстэй танилцаж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх нь арга хэмжээний өөр нэгэн онцлог билээ.

Энэхүү бүтээлч хөдөлгөөнд Улаанбаатар хот маань 1077 дахь нь болон нэмэгджээ. Анхны арга хэмжээ болох PechaKuchaNight Ulaanbaatar Vol. 1 нь 9-р сарын 6-нд Hub Innovation Center-т болох юм.

PechaKucha Night Ulaanbaatar илтгэгчид

Арга хэмжээний тухай дэлгэрэнгүй

1. Үнэнхүү - Noise Metal Fest зохион байгуулагч

2. Нийма - 93//Kidult дизайнер

3. Нами - Skinny Studio архитектор 

4. Тэгшээ - Ub.life ерөнхий редактор 

5. Өнөр - СЭЗИС багш, эдийн засагч

6. Jezel - Unread insta live хөтлөгч

7. Биндэръяа - #reimaginedub уран бүтээлч

8. Анко - Пүүзэнд дурлагч, уран бүтээлч