Энгэрээс зүүгдэх бяцхан үрийнхээ цангинасан инээдийг сонсох нь эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн аз жаргалтай мөч нь байдаг билээ. Хамгийн дулаан мэдрэмж, гэгээн гэрлийг цацруулдаг өөдөсхөн үрсээ өсгөх нь эцэг, эхчүүдийн хувьд маш том хариуцлага хийгээд арга ухаан шаардсан ажил байдаг. Энэ удаагийн нийтлэлээрээ бид ээж хэмээх мэргэжлийг гарамгай эзэмшин, зөв амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж буй үлгэр дууриал болсон таван ээжийг онцолж байна. Тэд хүүхдийн хүмүүжил, хооллолт, гэр бүлийн харилцаа, хувь хүний хөгжил гээд ээж хүн бүрт хамаатай сэдвээр өөрсдийн туршлага, онцгой арга барилаа хуваалцдаг билээ. 

Ээнээгийн тэмдэглэл

Хүүхэд өсгөх ажлыг эрдэм болгон суралцаж яваа гэлтэй энэ ээж хүүхдийн тархины хөгжил, зан төлөвийн онцлогийг уншиж судлан, хүүхэд хүмүүжүүлэх ухааныг өөрийн туршлагаараа баяжуулан нийтэлдэг. Мөн гэр бүлдээ болон хүүхдүүддээ тохиолдсон үйл явдал, асуудлуудыг маш илэн далангүй хуваалцаж, хэрхэн шийдсэнээ тэмдэглэл болгон дагагчидтайгаа хуваалцдаг билээ. Түүнчлэн олон төрлийн номын тэмдэглэл, сонирхолтой амьдралын хэв маяг, туршилт, зөвлөгөөнүүд зэрэг хуваалцсан зураг, нийтлэл бүр нь хэрэгцээт мэдээллээр дүүрэн. Гурван бяцхан хүүхдийн ээж болох энэ оюунлаг эмэгтэй Ээнээгийн тэмдэглэл хуудсаараа дамжуулан шинэ залуу ээжүүдэд гарцаагүй хамгийн сайн зөвлөх нь болж чадна.

Эко ээж

Эх дэлхийгээ хайрлах хайраа өдөр тутмын амьдралын хэв маягтаа шингээсэн үлгэр жишээ ээжтэй энэ хуудсаар танилцаж болно. Минимал, хог хаягдалгүй амьдрахаас гадна хүүхдүүдээ Монтессори ухаанаар өсгөсөн гээд байгальд ээлтэй хэв маягаар амьдрахыг хүсдэг, мөн хүүхэд өсгөх шинэ арга туршиж үзэхийг хүсэж буй ээжүүдэд тун хэрэгтэй зөвлөмж, мэдээллүүд энд бий. Гэрийн дотоод засал, хоол хүнснээс эхлээд гэр бүл, хүүхдийн харилцаа хүртэлх өргөн хүрээтэй, олон хэрэгцээт мэдээллийг хуваалцдаг Эко ээж мөн Simpleco хэмээх хог хаягдалгүй дэлгүүрийг ажиллуулдаг ажээ.

avdar club 

Амьдрах хэв маягаараа ялгардаг үлгэр жишээ ээж байхаас гадна хүүхдийн сэтгэхгүйг хөгжүүлэх, эко модон тоглоом хийдэг бүтээлч ээж энэ хуудсыг хөтлөдөг. Avtar toys тоглоомын брэндээс гадна залуу гэр бүлүүдэд зориулсан түүхүүд, бүхнийг амжуулдаг ээжийн арга барил, хөөрхөн бяцхан үрстэйгээ цагийг зугаатай, сонирхолтой өнгөрөөх зөвлөгөө нийтлэлүүдийг хүргэдэг avdar.club нь орчин үеийн ээжүүдийн хамгийн гол мэдээллийн эх сурвалжуудын нэг гэдгийг онцлууштай. Нийтлэл бүрээс нь эерэг энерги цацарсан энэ ээжийн хуудас таныг ч мөн инээмсэглүүлэх биз ээ.

Ээжийн тэмдэглэл

Жинхэнэ бүтэн цагийн ээжийн ажилд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулах өндөр үүрэг хариуцлагыг баяр хөөртэйгөөр хүлээн авлаа хэмээсэн энэ ээж өдөр бүр шинийг туршиж, мэдэж авах бүрдээ бусад ээж нартай хуваалцахсан гэх хүслээр нийтлэлээ бичиж эхэлжээ. Тэрээр хүүхэд өсгөх явцдаа мэдсэн гоё сайхан газар, туршаад таалагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээ зэргинхээ талаар бичихээс гадна өөрийн туршлагад тулгуурлан зөвлөгөө хүргэдэг. Бага сургуулийн, мөн нярайн насны хоёр хүүхэдтэй ээжийн бодит туршлага бүхий Ээжийн тэмдэглэл бусад ээжүүдэд ч тус дэмээ өгөх нь гарцаагүй.

Mamana

Эрүүл чийрэг хүүхэд өсгөхөд хамгийн чухал зүйл бол хоол хүнс билээ. Хүүхэд томрох тусам амттай чихэрлэг зүйлсэд илүү дурлаж хоолны дуршил буурах тохиолдол байдаг. Хүүхдээ уйдаахгүйгээр үргэлж шинэлэг, амттай, эрүүл хоолыг хийхийг эрмэлздэг ээжүүд Mamana-гаас хайсан бүхнээ олох нь гарцаагүй. Хоолны жорууд бүгд товчхон, бас гарын доорх материалаар хийгдэж болохоор. Илүү өнгөлөг, илүү витаминлаг, бас амархан хүүхдийн хоолны жорыг Mamana-г хөтлөн явуулдаг чадварлаг ээж гэртээ бүгдийг нь хийн, зургийг нь авч, тайлбартай нь нийтэлдэг.

Mommy Meetup: Ээж байх урлагт суралцах нь 

Ташрамд дурьдахад манай хамт олны зүгээс бүх ээж, аавууддаа зориулан Mommy Meetup: Ээж байх урлагт суралцах нь арга хэмжээг тун удахгүй зохион байгуулах гэж байна. Бяцхан үрсээ эрүүл саруул, зөв хүн болгож өсгөхөд тань туслах илтгэл, асуулт хариулт, хэлэлцүүлэг, нетворкинг, үзэсгэлэн гээд танд, таны хүүхдэд хэрэгтэй маш олон үйл ажиллагаанууд хүлээж байх болно.

Арга хэмжээний тухай дэлгэрэнгүй
Тасалбар авах