Бид жил бүрийн төгсгөлд номын хорхойтнуудыг урьж, тухайн онд хамгийн их таалагдсан, сэтгэлд хүрсэн номуудыг нэрлүүлж, оны онцлох номуудын жагсаалтыг гаргадаг билээ. Энэ удаа бид өөрсдийн 2019 онд уншсан хамгийн сонирхолтой, мэдүүштэй номуудыг хуваалцаж байна. Ирэх онд бид номын ертөнцөд гарсан сонирхолтой, мэдүүштэй номуудыг үргэлжлүүлэн тоймлохын зэрэгцээ "Номтой яриа" ярилцлагаа тогтмол хүргэх болно.

2018 оны сүүлд гарсан энэ номыг 2019 оны эхэнд уншсан юм. Номын нэрийг “Бэсрэг дадал” гэж хөрвүүлж болох бөгөөд өдөр бүр багахан өөрчлөлт, сайжруулалтыг хийх замаар зөв дадлыг суулгах, буруу зуршлыг халж, улмаар урт хугацаанд томхон өөрчлөлтийг хийх тухай өгүүлдэг ном. Уг номыг бичигч Жэймс Клир нь өдгөө өөрийгөө хөгжүүлэх чиглэлийн хамгийн том авторуудын нэг болоод буй. Миний хувьд энэхүү номыг “The Power of Habit” хэмээх алдартай номын бүр сайжруулсан хувилбар гэж хэлж болохоор санагдсан. Зохиогч хүмүүсийг зорилтод бус үйл явцад төвлөрөхийг, мөн ямар хүн болохыг хүсэж байгаагаа шийдээд, тийм хүн болж буй гэдгээ өөртөө бага бага “ялалт“-аар батал хэмээн уриалдаг. Хүний аливаа зүйлийг өдөрт 1 хувь сайн хийхэд л 365 хоногийн дараа 37 хувь илүү хийж чаддаг байна. Тэрээр номдоо “Зан төлөвийн өөрчлөлтийн 4 хууль” гэдгийг томьёолсон нь товчхондоо шинэ дадал суулгах нөү-хау юм. Энэ томьёоллыг задалбал:

1-р хууль: Дадлыг мэдээжийн болгох (make it obvious)

2-р хууль: Дадлыг хүсүүштэй болгох (make it attractive)

3-р хууль: Дадлыг амархан болгох (make it easy)

4-р хууль: Дадлыг таашаал өгөхүйц болгох (make it satisfying)

Тэгэхээр буруу зуршлыг халъя гэвэл энэ томьёоллыг яг урвуулан ашиглахад л болно. Зохиогч энэ болгоныг дотор нь задлан маш олон сонирхолтой жишээ, ажиглалт, судалгаанд суурилан бичсэн нь үнэхээр итгэл үнэмшил төрүүлж байлаа. Базаад хэлэхэд, оны сүүлд буюу эхэнд уншихад нэн тохиромжтой сайн ном. (Д.Ганзориг)

Миний хувьд энэ онд уншсан хамгийн сонирхолтой хэрнээ шинэ санаа, шинэ өнцөг өгсөн ном байлаа. Өдөр тутам тулгарч буй стресс хэмээх асуудлыг хэрхэн хөнгөхөн шийдэж, эергээр харах боломжийг нээж өгсөн гэж хэлж болно. Стрессдэх нь сөрөг үр дагавартай, эрүүл мэндэд муу гэх тогтсон сэтгэхүйг эвдэн, түүний нуугдмал давуу талуудыг судалгаа, шинжлэх ухааны баримтаар нотолсон нь онцлууштай. Эцэст нь, та шийдвэр гаргалтдаа хамгийн стресс багатай, өөрт хялбар замыг сонгодог бол уг номыг уншсаны дараа стресстэй хэдий ч хамгийн их үнэ цэнтэй шийдэл бий болгохыг илүүд үзэж магадгүй юм. (М.Хулан)

2019 онд уншсан номууд дундаасаа Жэйсон Фридийн “Ажил чинь галзуу мэт байх албагүй (It Doesn’t Have to Be Crazy at Work)” номыг санал болгомоор байна. Хуучнаар 37signals буюу одоогийн Basecamp компанийн үүсгэн байгуулагч тэрбээр технологийн салбарт хэвшсэн ойлголт болох амжилтын төлөө цаг наргүй, галзуу мэт ажиллаж, бүхнээ золиослох ойлголтыг эвдсэн эсэргүү арга барил, бестселлер номуудаараа алдартай. Миний санал болгож буй уг номд өөрийн “тайван компани" (the calm company) хэмээн нэрийдсэн компанийн соёлын тухай ойлголт, түүнийг хэрхэн бий болгох талаар арга замуудын тухай сонирхолтой байдлаар өгүүлсэн байгаа. Карьерынхаа аль ч шатанд яваа мэргэжилтнүүд болоод компани үүсгэн байгуулж, удирдан яваа хүмүүст заавал уншаад үзээрэй гэж зөвлөх байна. (Б.Батзаяа)

New York Times сонины эдийн засгийн ахлах сэтгүүлч Нэйл Ирвиний бичсэн энэхүү ном нь АНУ, Их Британи, Европын Төв банкны гурван тэргүүн 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр ямар нөхцөлд байдалд хэрхэн шийдвэр гарган хэрэгжүүлж байсан тухай дэлгэрэнгүй өгүүлдэг. Дэлхийн өнцөг булан бүрд 2008 оноос түүхий эдийн үнэ унаж, экспорт, импортын эрэлт буурч, валюын ханш савлах зэрэг сөрөг үр дагаврууд шил дараалан гарч байх үед манай гарагийн тэргүүлэх Төв банкны тэргүүнүүд ямар сорилт бэрхшээлтэй тулгарч байсныг нарийн судалгаа, баримт шигтгэн тун сонирхолтойгоор тайлбарласан. Уг номоос аливаа улсын Төвбанк нь бизнесүүд, хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлж, тухайн улс орныхоо эдийн засгийн цаашдын өнгө төрх, чиг хандлагыг хэрхэн тодорхойлдог, шийдвэр гаргах түвшний удирдагчид бидний амьдралыг хэрхэн зурагладгийг сонирхон уншаарай. (Ш.Цогзолмаа)

Италийн сэтгүүлч, зохиолч Элена Фавиллигийн "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" цуврал номыг уншихыг санал болгоё. Өсвөр насны охин дүүд маань сургууль болон гэр бүлийн хүрээнд тэр бүр мэдэж авч чадахгүй олон санаа, "Би ч гэсэн чадах юм байна" гэсэн итгэлийг энэ ном бий болгож өгч байгаад хувьдаа их талархалтай байдаг. Хоёр ботид салбар бүрийн 200 эмэгтэйн товч түүхийг агуулсан уг ном өөр олон охидын харах өнцөг, өөрийгөө үнэлэх үнэлэмжид эерэг нөлөө үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна. (Д.Мөнхбаясгалан)

Надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн ном бол Айн Рэндийн “The Fountainhead” буюу “Эх сурвалж”. Үйл явдлынх тухай ямар ч хүлээлт, ойлголтгүй эхлүүлсэн болохоор хуудас бүхэн соньхон, дараа нь яах бол гэсэн байнгын асуулттай уншиж байлаа. Хувь хүн бүрийн дотоод мөн чанар, амьдрал дээрх дүр ямар өөр байдаг, тэр бүхнээ олны нүдэнд хэрхэн найруулан тавьж байдгийг цөөхөн дүрүүдээр маш хүчтэй гаргаж ирсэн шиг санагддаг. Энэ номоос өөртөө үнэнч байх, хувийн үзэл бодолтой, түүндээ тууштай байхын бодит тал болон эрх чөлөөг арай өөр, тайван, хүлцэнгүй өнцгөөс, хүчтэй гаргаж ирсэн. Үнэхээр л харж байгаа мэт сайн зураглалтай ном. Уг номыг уншсанаас хойш философи болон уран зохиол хосолсон номууд багагүй сонирхол татах болоод байгаа. Энэхүү номын ачаар аливаа зүйлийг хийхдээ “Бүтээгч, шимэгч” гэдэг хоёр үгийг бодож, аль болох л бүтээгч байхыг эрмэлзэх болсон. Номыг уншиж дууссаны дараа амьдралын чиг шугамаа арай л өөрөөр хардаг болно гэдэгт итгэж байна. (Г.Оюунлхам)

Исаак Ньютон модноос алим унахыг хараад татах хүчний хуулийн тухай бодож олдог шиг гэнэтхэн цахилах аянгатай адил мөчүүдийг бид хүлээдэг. Гэтэл яг үнэндээ тэр мөч "6 дахь мэдрэхүй"-тэй адил далдын хүчнээс бий болоод байна уу, эсвэл шинжлэх ухааны хэдэн зуун үндэслэл, судалгаанаас үүдэлтэй юу? Хүүхдийг бага байхаас нь толгой сайтай буюу төрөлхийн авьяастай хэмээн томьёолж, гоц бүтээл, гоц шийдлийг "6 дахь мэдрэхүй" гэдэг шиг ямар нэг хүч бий болгодог гэх ойлголт байдаг. Моцартын сонгодог ая, Ван Гогийн нүд алдам зургуудыг хараад тэрбумд нэг тохиох гоц авьяастай учраас энэ бүхнийг хийж чадсан болов уу гэж бодох нь олонтаа. Гэвч хорвоо ертөнцийн бүхий л хуультай адил бүтээлч сэтгэлгээ буюу авьяас билгийн цаана хүртэл шинжлэх ухаан, математикт суурилсан хүчин зүйлс байдаг аж.

Номоос та үүний тухай суралцаад зогсохгүй өөрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нээн илрүүлэх олон арга замаас суралцах болно. "10,000 цаг давт" гэх механик арга барилаас гадна бидний санаанд оромгүй орчин, танилын хүрээллийн ба хандлагын олон жишээг дурдсан байна лээ. Тухайлбал, авьяастай хүмүүсийн хүрээлэлд үргэлж ийм 4 хүн байдаг гэнэ: Тэр нь их багш, өрсөлдөн хамтрагч, шинэ үеийн урам зориг бэлэглэгч, чадварлаг сурталчилагч аж. Хэрвээ та бүтээлч салбарт ажилладаг бол нэг уншаад үзээрэй. (О.Бүтэд)

Уг романд хүн аливааг мэдэхгүй байх, мэдлэггүйгээс үүдэн ямар нэг зүйлийн золиос болдгийн жишээг шашны нэрээр дулдуйдсан лам хуврагууд ард олныг итгэл үнэмшлээр нь далимдуулан хэрхэн мөлжиж, оюун санаагаар нь боолчилж байгаагаар дүрсэлдэг. Итгэмтгий гэнэн ардууд “Яагаад?” гэж асуухгүй. Асуулт, асуудал байсан ч нүгэл болно гээд цааш ухаж бодохгүй.

Бүх нийтийн тэр тогтсон хандлага, итгэл үнэмшлийг сөрж үл зүрхлэнэ. Зохиолын гол баатар Санж тэдний төлөөлөл бөгөөд тэр насан туршдаа зөв зүйтэй мэдлэг олж авах, хэн болохоо шийдэх эрх чөлөөгөөр дутсаар эцэстээ итгэл үнэмшил, үнэт зүйлгүй болж маш хөөрхийлөлтэй нэгэн болж дуусдаг. Романы дүр, дүрслэлүүд маш уран яруу гайхалтайгаас гадна Буддын шашны зан заншил, хачин сонин дэг жаяг, Төвөд орон, ард түмний ахуй соёлын талаар танин мэдэхүйн өргөн мэдлэгийг олж авна. Энэ бүхнийг ингэж сайхан буулгасан зохиолч Л.Түдэв гуай өөрөө оройгүй мэдлэгтэй хүн ажээ. (С.Намуунаа)

Миний бие хэдхэн хоногийн өмнө дэлхийн урлагийн явуулын музейгээр ороод гарсан юм. Тэнд сэргэн мандалтын үеэс өнөөг хүртэлх 80 гаруй агуу зураач, барималчдын уран бүтээлийг дэлгэн тавьжээ. Хүмүүс галерей, театрт урлагийг шимтэн сонордох дуртай ч тухайн уран бүтээлийн жинхэнэ мөн чанарыг ойлгож, унших талаар тэр бүр мэддэггүй. Зарим нь ариуслын гэгээн сүм гэлтэй тэрхүү орон зайд зүгээр л зургаа авхуулж, дүр бичлэг хийгээд өнгөрдөг нь үнэн. Харин тэнд зохиогчийн амьдрал, үзэл санаа, хайр сэтгэл гээд бүхий л ертөнц шингэсэн байдгийг олж хардаг нь цөөн болов уу. Иймд үзэгчид урлагийн бүтээлийг өнгөцхөн хараад өнгөрөх бус, сайтар ажиглаж, ил ба далд өгүүлэмжийг нь ухаж ойлгоосой гэж хүсдэг юм.

Дэлхийн суут уран бүтээлч Леонардо да Винчигийн тухай урлагийн түүхийн эцэг гэгддэг Жоржо Вазари “Магтаж ханамгүй гоо сайхныг харуулахдаа тэр ер бусын сүр жавхланг давхар дүрсэлж чаддаг байв” хэмээжээ. Харин алдарт “Канагавагийн их долгион” бүтээлийн эзэн Кацушика Хокүсай “70 нас хүртлээ би олигтой юм зурсангүй” гэж өөрийгөө чамласан байдаг. Ер нь урлагийн ертөнцийн жинхэнэ эздийн дотоод ертөнц эгэл жирийн атлаа асар хүчтэй байх юм. Энэ бүхний талаар та “Уран бүтээлчид амьдрал бүтээл” номыг дэлгэснээр илүү ихийг ойлгож чадна. Эхний хуудсаасаа л үнэ цэн, нандин чанар нь мэдрэгдэх уг ном нь Английн DK компанийн бүтээл аж. Хэчнээн мянган жилийн өмнөх хүмүүсийн ертөнц өдгөө хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирсэн талаар ч харьцуулалт хийх боломжтой. (Ё.Ичинноров)

Энэ жил голдуу уран зохиолын номууд уншжээ. Эдгээр дотроос Хятадын зохиолч Лю Цысиний “Remembrance of Earth’s Past” буюу “Гараг Дэлхийн Өнийн Хэрэг” цувралыг онцолж байна. Цар хүрээ, нэр хүндээрээ утга зохиолын ертөнцөд дээгүүр бичигдэх Hugo Awards-ийг хүртсэн анхны Ази зохиолч болоход нь, хожим бүрэн хэмжээний кино нь Хятадын бокс оффисийг байлдан дагуулаад зогсохгүй бүр Нетфликс дээр тавигдахад нь, бүр саяхан Зак маань уг номыг сонирхон худалдаж авахад нь л уг зохиолыг унших хүсэл төрж, сониучирхаж эхэлсэн юм. Хүсэл маань энэ зун нэрт орчуулагч Д.Болдбаатар багш уг цувралыг “Гурван биет” нэртэйгээр орчуулан гаргахад биелж, хэдхэн хоногийн дотор бараг гараасаа буулгалгүй уншсаар дуусгаснаа саналаа.

Цуврал гурван ботиос бүрдэнэ. Түүнээс гадна бөөн хятад нэр, баахан төвөгтэй шинжлэх ухааны хэллэгээр дүүрэн учир эхлүүлэхэд их хэцүү байж мэднэ. Гэхдээ нэгэнт амтанд нь орчихвол зохиолчийн төсөөлөл, дүрслэл болон ирээдүйг зөгнөсөн үйл явдал бүр, тэдгээрийн холбоос болгон нь онц сонирхолтойг анзаарна. Дурын хуудсыг нь эргүүлэхэд л тэмдэглэж аваад хадгалмаар уран яруу басхүү тансаг өгүүлбэр-зүйрлэлүүд дүүрэн. Болдбаатар багшийн магадгүй шилдэг орчуулгуудын нэг энд буусан байх. Шинжлэх ухаан, тэр дундаа сансар огторгуйг сонирхдог бол заавал унших зохиол. Зайлшгүй мөхөлтэй нүүр тулсан хүн төрөлхтнөөс гарах амьд үлдэхийн төлөөх тэмцэл, эцсийн мөчид эгэл хүнээс гарах сэтгэлийн хат, агуу ч гэхэд багадмаар гайхамшиг руу тэмүүлэх хүний зүтгэл мөрөөдлийг энд бүрэн утгаар нь гаргажээ.

Би “sci-fi” буюу шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудад хорхойтогч уншигчийн хувьд энэ төрлийн бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол, бүтээлийг алдахгүй байхыг эрмэлздэг юм. Үе үеийн уншигчдын сэтгэлийг булааж, ирээдүй рүү хөтлөх зүг чиг нь болсон зохиолчдын нэрс Ж.Толкиен, А.Азимов, Ф.Дик, М.Атвүүд, Р.Брэдбэри гээд л үргэлжлэх байх. Гэхдээ “Гурван биет”-ийг уншсаны дараагаар Лю Цысин энэ дунд зайлшгүй багтах ёстой юм байна гэсэн бат итгэл төрсөн билээ. Тэр санамсаргүйгээр тодорсон, эсвэл нэг зохиолын од лав биш. (А. Ундрал)



Өмнөх жилүүдийн онцлох номуудын жагсаалт:

2018 оны онцлох номууд

2017 оны онцлох номууд

2016 оны онцлох номууд

2015 оны шилдэг бизнесийн номууд