Дэлхий ертөнц хавтгай болж, улс орнуудын хил хязгаар улам нээлттэй болж буй өнөө цагт хүн бүрийн оролцоо, тэгш эрхийг хангах нь тогтвортой хөгжлийн чухал үзүүлэлт билээ. Өдгөө дэлхийн хүн амын 15 хувь буюу нэг тэрбум гаруй хүн хөгжлийн ялгаатай (хөгжлийн бэрхшээл) амьдарч буй.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын тэгш бус байдлыг бууруулах 10 зорилгын хүрээнд 2030 он гэхэд нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, арьс өнгө, яс үндэс, удам угсаа, шашин шүтлэг, эдийн засгийн болон бусад байр сууриасаа үл хамааран хүн бүрийг нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд эрх тэгш оролцох боломжоор хангах зорилт тавиад буй билээ.

Тиймээс дэлхийн улс орон олон талт, тэгш оролцоог хангахын тулд хамгийн түрүүнд хөгжлийн ялгаатай иргэдийн эрхийг хангаж, оролцоог бэхжүүлэх нь чухал тул бид ХААН Банктай хамтран бэлтгэдэг "Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлынхоо шинэ дугаарт дэлхийн өнцөг буланд бүрт амьдарч нэг тэрбум гаруй иргэний олон талт тэгш оролцооны тухай тайлбарлахаар бэлтгэлээ.

Монгол Улсын хэмжээнд өдгөө хөгжлийн ялгаатай 105.6 мянган иргэн амьдарч буй. Тэдний 42 хувь нь төрөлхийн, 57.1 хувь нь олдмол юм. Түүнээс ердөө 20 орчим хувь нь хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй ажил эрхэлж байна.

Дэлхийн улс орон бүр хөгжлийн ялгаатай иргэдийн ажил эрхлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, нийгмийн харилцаанд орох, халамж авах үндсэн хэрэгцээнээс авахуулаад Үндсэн хуулиар заасан бүх эрхээ эдлэх боломжийг олгосон ээлтэй орчныг бий болгох үүрэгтэй билээ.

Гэвч хөгжлийн ялгаатай иргэд өөрт хэрэгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байх тохиолдол түгээмэл байна. ДЭМБ-аас мэдээлснээр тэдний тэн хагас нь эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлөх чадамжгүй байгаа юм. Мөн хөгжлийн ялгаатай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн дэлхийн дундаж түвшин өдгөө 44 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, үлдсэн тэн хагас нь хөдөлмөрийн зах зээлд оролцдоггүй гэсэн үг юм.

Уг нь хөгжлийн ялгаатай иргэд нийгмийн харилцаанд оролцож идэвхтэй амьдрах бүрэн боломжтой. Харамсалтай нь, хөгжлийн ялгаатай хүмүүсийн 40 хувь нь өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгтэй тусламж, үйлчилгээг авч чаддаггүй байна. АНУ-д гэхэд насанд хүрэгчдийн 70 хувь нь тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохдоо найз нөхөд болон гэр бүлийнхэндээ найддаг тухай судалгаа бий.

Энэ хандлагын хүрээнд Монгол Улсад хөгжлийн ялгаатай иргэдийг харж хандах нь гэр бүлийн гишүүдийн үүрэг болдог. Тэгвэл хөгжингүй орнууд хөгжлийн ялгаатай иргэдийг асрамжийн байдлаар тусгаарлахыг эдийн засгийн алдагдалтай, хүний хөгжлийн хувьд хохиролтой, гэр бүлд нь сөрөг нөлөөтэй хэмээн үздэг болсон.

Тиймээс тэднийг нийгмээс тулгаарлаж, тусдаа бүлэг хэмээн ялгаварлах бус энгийн иргэнтэй адил хүлээн зөвшөөрч байж л хүний эрх хангагдах юм. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын гол зарчим нь хөгжлийн гадна хэн ч үлдэх ёсгүй учир хөгжлийн ялгаатай иргэдэд бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх адил, тэгш боломж олгох нь зүйтэй билээ.

чиг хандлага 

Дэлхийн хүн амын насжилт жилээс жилд уртсахын хэрээр хөгжлийн ялгаатай хүмүүсийн тоо өссөөр байна. ДЭМБ-ын судалгаагаар бага орлоготой орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тархалт өндөр байгаа юм.

Тиймээс улс орон бүр тэдний ялгаатай хөгжлийн онцлогт тааруулан, дэд бүтэц, амьдрахад ээлтэй орчныг бүрдүүлж чадвал энгийн иргэдтэй адил бүтээмжтэй, амжилттай ажиллах боломж бүрэн бий. Гэвч нийгэмд тэднийг ялгаварлах, чадварыг нь үнэлэх бус бэрхшээлтэйгээр нь тусгаарлах байдал өнөөг хүртэл байна. Монгол Улсад 1964 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анхны тусгай сургууль байгуулж байсан бол өнөөдрийн байдлаар зургаан сургууль үйл ажиллагаа явуулж байна. Гэвч олон улсын чиг хандлагад хөгжлийн ялгаатай хүүхдийг тусад нь ялгаж, өөр сургууль, орчинд өсгөхөөс татгалзаж, аль болох тэдэнд ээлтэй орчин бүрдүүлж, бусад энгийн хүмүүстэй хамтран ажиллах, сурах боломжийг бүрдүүлдэг болоод буй.

Энэ хүрээнд томоохон компани, брэндүүдийн хувьд тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд нийгмийн зорилтот бүлгийг оролцуулсан, хэн нэгнийг үл ялгасан хүртээмжтэй бүтээл, кампанит ажил өрнүүлэх нь хамгийн үр нөлөөтэй болжээ. Тухайлбал, "Google" компани хөгжлийн ялгаатай хүмүүсийн технологийн хэрэглээг дэмжих, бүтээлч чадварыг нь хөгжүүлэх, бусдын адил уран бүтээл туурвих боломжийг олгох зорилгоор Creatibility төслийг хэрэгжүүлж, тэдэнд зориулсан технологийг шийдлийг бүтээгээд буй юм.

Хөгжингүй орнуудын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд чөлөөтэй, саадгүй амьдрахад нь зориулж дэд бүтцийн асуудалд анхаарал хандуулсаар байгаа. БНСУ-д гэхэд нийтийн тээврийн автобусныхаа талаас багагүй хувийг тэргэнцэртэй иргэн зорчиход зориулан өөрчилж буй юм. Ирэх таван жилийн хугацаанд бүх автобусыг автомат налуу шаттай болгохоор төлөвлөжээ. Тэд бүгд баялаг бүтээгч, бусадтай л адил хүмүүс. Бид бүгд нэг ертөнцийнх.

Хүүхдийг эхийн хэвлийд байх үед эсвэл нярай, бага насанд нь эрт шинжилгээнд оруулж, зохих арга хэмжээ авснаар хөгжлийн ялгаатай болохоос 70 хувь сэргийлэх боломжтой. Гэвч хөгжлийн хоцрогдолтой есөн сартай хүүхдүүдийн 9 хувь, 24 сартай хүүхдүүдийн дөнгөж 12 хувь нь л шаардлагатай үйлчилгээгээ авч байгаа юм. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2018 онд гаргасан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар"-аас хүргэж байна.

-Эцэг эхчүүд ургийг хэвлийд байх үеэс нь тогтмол үзлэг, оношилгоонд хамруулж, жирэмсэн үеийн ургийн шинжилгээнд орох

-Хүүхдийн харилцааны болон хэл ярианы хоцрогдол 18 сартайд нь мэдэгддэг бол хөнгөн хэлбэрийн хөдөлгөөний хоцрогдол мэдэгдэхгүй байсаар 18 сартайд нь дөнгөж илэрч эхэлдэг. Тиймээс 18 сартайд хүүхдийн хөдөлгөөний хоцрогдлыг сэргээн засах, хэл ярианы хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд хамгийн үр дүнтэй ажээ.

-Хөгжлийн ялгааны тухай мэдээллийг хүүхэд, насанд хүрэгчдэд тогтмол хүргэж, зөв хандлагыг бий болгох

-Ашгийн болон ашгийн бус үйл ажиллагаа эрхлэхдээ хөгжлийн ялгаатай хүмүүсийн оролцоо, тэгш эрхийг хангахыг эрмэлзэх

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn/

2030