Сүүлийн 25 жилд манай дэлхийн эдийн засаг дөрөв дахин өсөж, хүн төрөлхтний амьжиргаа, орлого тэр хэрээр сайжраад буй. Эдийн засгийн хувьд энэ нь эерэг тоон үзүүлэлт боловч нөгөө талдаа агаар, ус, хөрс зэрэг экосистемийн 60 хувьд сөргөөр нөлөөлөөд байна.

Эрдэмтэд аж үйлдвэрлэлийн эрчимтэй өсөлт нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын гол шалтгаан хэмээн тодорхойлж, энэ хэвээр байвал үүнээс үүдэх эдийн засгийн хохирол нь 2050 он гэхэд ойролцоогоор дэлхийн нийт ДНБ-ий 20 орчим хүртэлх хувьтай тэнцэнэ хэмээн мэдэгдсэн билээ. Тиймээс улс орнууд байгаль орчны эрсдэл, экологийн доройтлыг багасгахын зэрэгцээ хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэн, нүүрсхүчлийн хий бага ялгаруулахад чиглэсэн ногоон эдийн засгийг бий болгоход анхаарч байна.

Энэ хүрээнд ХААН Банктай хамтран бэлтгэдэг Тогтвортой хөгжлийн “2030” цахим товхимлынхоо шинэ дугаарт бид ногоон эдийн засгийн тухай сэдэв хөндөж, санхүүгийн зах зээлээр дамжуулан байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийг бүрдүүлэхийн ач холбогдлыг тайлбарлахын хичээлээ.

Дэлхийн дахинд байгалийн гамшгаас үүдсэн эдийн засгийн хохирол 30 жилийн дунджаас давж, аюулгүйн зааг хязгаараасаа хэдийнэ давсныг тогтоогоод байгаа. Хүрэн эдийн засгийн өсөлт энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд хүн төрөлхтний хэрэгцээг хангах хоёр дэлхий шаардлагатай болжээ.

Манай улсын хувьд өдгөө нийт газар нутгийн 80 хувь нь цөлжиж, бэлчээрийн даац хоёр дахин хэтэрсэн нь ногоон эдийн засгийг нэн яаралтай эрчимжүүлэх шаардлагатай байгаагийн том дохио юм. Дэлхийн усны нөөц багатай 22 орны нэгд тооцогддог, ой модны нөөц хомс, хөрс, агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрсэн Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас гурав дахин эрчимтэй явагдаж байна.

Гэвч дэлхийн ногоон эдийн засгийн индексээр манай улс 2016 онд 80 орноос 79-рт эрэмбэлэгдэж тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд хангалтгүй үзүүлэлттэй байгаа юм.

Гэхдээ энэ бол зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхийн олон орны “толгойн өвчин” болсоор байна. Тухайлбал, 2012 онд Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан "НҮБ-ын тогтвортой хөгжлийн чуулган"-аас “Бидний хүсэж буй ирээдүйн гол зорилт бол тогтвортой хөгжил болон ядуурлыг бууруулах явдал бөгөөд үүнд ногоон эдийн засаг гол байр суурь эзэлнэ” хэмээн тунхагласан билээ. Үүний дагуу улс орнууд Уур амьсгалын ногоон сан байгуулж, жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор тохиролцсон. Тус сан нь хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй оронд санхүүжилт олгодог юм.

Манай улсын хувьд ДНБ-ий 2-оос доошгүй хувийг жил бүр ногоон хөгжилд зарцуулж, нэгж бүтээгдэхүүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьсан байдаг. Тухайлбал, Засгийн газраас худалдан авалтынхаа 20-иос доошгүй хувийг байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй бараа, ажил, үйлчилгээнд зарцуулах үүрэг хүлээгээд байгаа юм.

Ийнхүү дэлхийн олон оронд байгальд ээлтэй, ногоон шийдлийг нэвтрүүлсэн бизнес зах зээлд тэргүүлэх чиг хандлагатай болж, хүрэн бизнесүүд шахагдах цаг хаяанд иржээ. Өдгөө дэлхийд хөрөнгө оруулалтын 400 гаруй сан хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах чиглэлд нэгдээд буй. Мөн дэлхийн нийт орлогын 80 хувийг бүрдүүлэгчид ногоон бизнесийг дэмжиж байгаа энэ үед бид байгальд ээлтэй бизнесийн модель, экосистемд хор хөнөөл багатай эдийн засгийг бодлогыг бий болгох шаардлагатай байна.

чиг хандлага 

Орчин үед байгальд хайртай иргэн бүр дэлхийн томоохон брэндүүдийг аливаа нийгмийн асуудлыг заавал шийдэлцэх үүрэгтэй хэмээн үзэх болжээ. Энэ хүрээнд нийгэм, экологийн асуудалд анхаарал хандуулдаггүй, байгальд ээлгүй брэндүүдээс худалдан авалт хийхгүй байхыг уриалж байна.

Дэлхийн ногоон эдийн засгийн индекс тайланд дурдсанаар ногоон эдийн засгийн тухай олон нийтийн ойлголт, танин мэдэхүй, энэ чиглэлд хийж буй үйл ажиллагааны үр дүн гүйцэтгэлээр өдгөө Дани болон Герман улс тэргүүлж буй. Экологид ээлтэй байх энэхүү чиг хандлагыг дагая гэвэл энгийн хувь хүнээс авахуулаад ямар ч компанийн зорилго, алсын хараа нь тухайн нийгмийн зорилготойгоо нийцэх шаардлагатай болжээ.

Тухайлбал, БНХАУ-ын тэргүүлэх финтек компани болох ANT санхүүгийн нэгдэл нь хэрэглэгчдэд ногоон санхүүжилтийг сурталчлах зорилгоор “lowcarbon lifestyle” буюу нүүрсхүчлийн хийн ялгарал багатай амьдралын хэв маягийг дэмжих “Ant Forest” аппликэйшн бүтээжээ. Хэрэглэгчид алхах, олон нийтийн унаагаар зорчих, хэрэглээний зардал, торгууль, эмнэлгийн төлбөрөө онлайнаар төлөх зэрэг нүүрсхүчлийн хий бага ялгаруулах үйлдэл хийх бүрдээ “ногоон эрчим хүч”-ийг дансандаа авах ажээ. Дансаа цэнэглэх бүрд виртуал мод тарихад хандив болж, тус апп-ыг бүтээгчид болон хамтран ажиллагч байгууллагууд нь бодитоор мод тарьдаг байна.

Энэ хүрээнд хагас жилийн хугацаанд БНХАУ-ын 200 сая гаруй иргэн сайн дураар аян нэгдсэнээр 150 мянган тонн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлэн, сүүлийн хоёр жилийн хугацаанд 130 мянган хөлбөмбөгийн талбайтай тэнцэх талбайд 100 сая мод суулгажээ.

Дэлхийн улс орон Парисын хэлэлцээрийн хүрээнд дэвшүүлсэн зорилгоо биелүүлэхийн тулд 2030 он гэхэд нүүрс болон бусад шатах түлшний хэрэглээнийхээ гуравны хоёрыг бууруулсан байх шаардлагатай. Энэ хүрээнд “Их 20”-ийн орнууд нүүрснээс татгалзах санаачилга гарган, 50 орныг эгнээндээ нэгтгэсэн эвсэл байгуулаад байгаа билээ.

Тухайлбал, 2038 он гэхэд Берлин хот нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцаа хаахаар төлөвлөж байгаа бол Германы Засгийн газрын зүгээс 2030 он гэхэд хүлэмжийн хийгээ 55 хувиар бууруулах зорилт тавиад буй. Үүнийг даган олон улсын банк санхүүгийн байгууллагууд нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхээ больж байгаа юм.

Манай улсын хувьд арилжааны банкууд нь нэгдэн, Тогтвортой санхүүжилт (ТоС) хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй найман орны нэгээр шалгарсан. Мөн бид Ногоон хөгжлийн бодлогыг Улсын их хурлын 2014 оны тогтоолоор баталж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2030 онд 30 хувьд хүргэх, түүхий нүүрсийг нийслэлд оруулахгүй байх, насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх, нимгэн гялгар уут худалдаалахгүй байх, уул уурхайн үйл ажиллагаанд мөнгөн ус хэрэглэхийг хориглох зэрэг шат дараалсан арга хэмжээ авч, ахиц дэвшил гаргасаар байгаа ч цаашид хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил хүлээгдсээр байна.

Та бүхэнд ажлын орчноо "ногоон" болгоход туслах дараах зөвлөгөөг хүргэж байна.

-Компьютер, мониторын эрчим хүчний хэрэглээ нь оффисын техникийн эрчим хүчний хэрэглээний 85-95 хувь, принтер, хувилагч нь 3-6 хувийг эзэлдэг. Тиймээс компьютер, мониторыг зөв сонгон, эрчим хүчний хэмнэлт гаргахыг хичээгээрэй.

-Ширээний компьютер зөөврийн компьютерээс 3-5 дахин их эрчим хүч хэрэглэдэг тул зөөврийн компьютер худалдан авах боломжийг эрэлхийлээрэй.

-Автомат удирдлагын систем ашигласнаар эрчим хүчний хэрэглээ 40-50 хувь буурах боломжтой.

-Нарны гэрэл тусдаг цонхны хажууд сууж ажиллах нь сүүдэртэйд суусантай харьцуулахад ажлын бүтээмжийг 15 хувиар нэмэгдүүлдэг тул байгалийн гэрэлийн тусгал сайтай оффисын байршлыг сонгох

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn/

2030