Дэлхийн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулагч хамгийн чухал хөдөлгүүр бол эрчим хүч билээ. Эрчим хүч нь хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг хугацаанд технологийн хөгжлийг хурдасган, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүх салбарын амин чухал түүхий эд болж, жилээс жилд хэрэглээ нь тасралтгүй өсөн нэмэгдсээр байна. 

Бидний хэрэглээ цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвал 2050 он гэхэд дэлхий нийтийн хэрэглээг хангахын тулд одоо байгаа  эрчим хүчний нийлүүлэлтийг 75 хувиар нэмэх шаардлагатай. Гэвч нүүрс, газрын тос зэрэг эрдэс баялгаас гаргасан эрчим хүч нь байгальд их хэмжээний хүлэмжийн хий, хорт утаа, бодис ялгаруулдаг учраас бид эрчим хүчнийхээ эх үүсвэр, хэрэглээг байгальд ээлтэй болгох зайлшгүй шаардлагын өмнө ирээд байна. 

Энэ хүрээнд дэлхийн улс орнууд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрснээс татгалзаж, байгальд ээлтэй эх үүсвэрүүд болох сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглээ болгохыг зорьж буй юм. Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг тогтвортой хөгжлийн цахим товхимлын энэ удаагийн дугаартаа бид ногоон эрчим хүч гэж юу болох, яагаад сэргээгдэх эрчим хүч улс орны ирээдүйн голлох чиг хандлага болох талаар тайлбарлахыг хичээлээ. 

Хүн төрөлхтөн олон мянган жилийн өмнөөс эрчим хүчний олон эх үүсвэрүүд нээн ашиглаж ирсэн. Өвөг дээдэс маань 500 мянган жилийн тэртээгээс мод шатааж, гал гарган дулаацахаас авахуулаад халуун хоол хийх, метал хайлуулах, давс гаргах зэргээр эрчим хүч бий болгож байв. Түүнчлэн салхины хүч ашиглан завь хөдөлгөн, тээрэм ажиллуулж, ус зөөвөрлөхөөс гадна халимны өөх тосоор ашиглан гэрэл гаргадаг болсон түүхтэй.

Харин аж үйлдвэржилтийн эрин үеэс бид эрдэс баялаг буюу нүүрс, газрын тос, байгалийн хий зэргээс эрчим хүч гарган, дэлхий дахины цахилгааны үндсэн түүхий эд нь нүүрс болж, тээврийн хэрэгслийн гол түлш нь газрын тос болсон билээ. Гэвч дэлхий дахиныг хамарсан нефтийн хямрал болсноор дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг судлан хэрэглэхэд анхаарч эхэлсэн. Өдгөө дэлхийн нийт эрчим хүчний дийлэнх буюу 40 хувийг нүүрс бүрдүүлж буй бол сэргээгдэх эрчим хүч 18.2 хувийг эзэлж байна.

НҮБ-аас мэдээлснээр эрчим хүчний хэрэглээ энэ хэвээр байвал хүлэмжийн хийн ялгаруулалт 2030 онд 40 хувиар ихсэх магадлалтай юм. Харамсалтай нь, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байгальд төрөл бүрийн хорт утаа, химийн бодис, хүлэмжийн хий ихээр ялгарч, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байна. Энэ хүрээнд аж үйлдвэржилт, хүн амын өсөлтийн улмаас эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд дахин 50 хувь өсөх төлөвтэй болжээ.

Тиймээс бид эрдэс баялгаас үүдэлтэй эрчим хүчний хэрэглээгээ бууруулж, өртөг зардлыг нь багасган, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглаж, байгальд ээлтэй шийдлийг дэмжих нь чухал болоод байна. Энэ хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд болон Парисын хэлэлцээрт нэгдсэн улс орон бүр хүлэмжийн хий ялгаруулдаг бүхнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих амлалт өгөөд буй билээ. Монгол Улсын хувьд ч сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлж, нийт хүн амыг хямд, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүчээр хангах зорилго тавиад буй юм.

Чиг хандлага 

Дэлхийн улс орнууд ийнхүү сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхдээ хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг нүүрснээс татгалзаж, байгальд ээлтэй эх үүсвэрүүдийг өргөн хэрэглээ болгохыг эрчимтэй зорьж байна.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас гаргасан тооцоогоор 2050 он гэхэд дэлхийн нийт эрчим хүчний 50 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаргахаар төлөвлөж буй. Ногоон эрчим хүчийг тренд болгохоор зорьж буй өнөө үед бид энэ салбарт илүү анхаарал хандуулах ёстойг олон жишээ харуулж байна.

Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тавдугаарт жагсдаг. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 29 компани сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний станц нь олон жилийн судалгааны ажил шаарддаг, өндөр хөрөнгө оруулалттай ч сүүлийн жилүүдэд шинэ технологи нэвтэрч, өртөг зардал нь буурсаар байгаа тул цаашид хөгжих боломж бий.

Дэлхий дахинд гэхэд сүүлийн хоёр жилд шинээр ашиглалтад орсон эрчим хүчний нийт хүчин чадлын 60 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүрдүүлснээс үзэхэд үнэхээр олон улсын ногоон тренд гэж хэлэхэд буруудахгүй болжээ. Дэлхийн улс орнуудад сэргээгдэх эрчим хүчийг хамгийн эрчимтэй хөгжүүлж буй улс бол хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийд хоёрдугаарт жагсдаг БНХАУ юм. Тус улс нь манай улсын бүтэн жилийн эрчим хүчний хэрэглээнээс 53 дахин илүү хүчин чадалтай нарны цахилгаан станцыг 2017 онд ашиглалтад оруулсан. Цаашид 2030 он гэхэд нүүрс хүчлийн хийн ялгаралтыг энгийн түвшинд хүргэх, агаарын бохирдлыг бууруулах зорилт тавьсны дагуу шинээр барих гэж байсан нүүрсний цахилгаан станцын 85 төслөө цуцалснаа 2017 онд мэдэгдсэн билээ. Ингээд ирэх таван жилд Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт шинээр хоёр их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн төдийгүй 2025 онд сансарт нарны цахилгаан станц байгуулах том амлалт өгөн ажиллаж байна.

Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Парисын хэлэлцээр”-т нэгдэж, байгаль орчиндоо ээлтэй бодлого, үйл ажиллагааг явуулах амлалт хүлээсэн орнууд “ногоон” тодотголтой төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч байна. Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж, “ногоон” эрчим хүч рүү шилжиж байгаа энэ үед бид ч бас хоцрох учиргүй.

Зөвлөгөө 

АНУ-ын Харвардын их сургуулийн Тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хүрээлэн буй орчиндоо хэрхэн ногоон эрчим хүчийг бий болгож, өдөр тутмын амьдралын хэрэглээ болгох талаарх зөвлөгөөг хүргэж байна.

-Хэт ягаан туяа, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй, хүний бие, байгаль орчинд хор хөнөөлгүй LED гэрэл хэрэглэх

-Зуны улиралд зуслангийн байшиндаа нарны эрчим хүчний төхөөрөмж суурилуулах

-Аяга таваг угаагч, угаалгын машиныхаа тохиргоог эрчим хүч бага зарцуулдаг хүйтэн хэмд тааруулах

-Компьютер, гар утас, таблет зэрэг дижитал төхөөрөмжөө цэнэг хэмнэх тохиргоонд оруулах

-Өвлийн улиралд орон сууцныхаа дулаалгыг сайн хийж, эрчим хүчний хэмнэлт бий болгож байх

2030цахим товхимлыг хамтран хүргэдэг ХААН Банкны хамт олон өдөр тутмын үйл ажиллагаандаа цахилгаан эрчим хүч хэрхэн хэмнэж болохыг бусдадаа үлгэрлэж, ажилтнуудынхаа дунд "Ногоон оффис" аян хэрэгжүүлсэн бөгөөд энэ хүрээнд гаргасан зөвлөмжийг танд сонирхуулъя. Үүнд:

-Уулзалт дууссаны дараа болон ажил тараад өрөөний гэрлийг заавал унтрааж хэвших

-Өдрийн цагаар байгалийн гэрэл түлхүү ашиглан, тасалгааны гэрлийг унтраах

-Хүнгүй өрөөний гэрлийг унтрааж хэвших

-Орой сууж ажиллахдаа тасалгааг бүхэлд нь хамарсан биш зөвхөн шаардлагатай хэсгийн гэрлийг асаах

-Ажил тараад явахдаа компьютерээ бүрэн унтрааж, залгуураа салгах

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn/

2030