Өлсгөлөн гэдэг бол хоол хүнсний хомсдолоос гадна хэрэгцээт шим тэжээлийг хоол хүнсээр дамжуулан хангалттай авч чадахгүй байгаа тухай асуудал юм.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа

Хоол хүнс бол хүний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүчийг тэтгэдэг хамгийн чухал эх сурвалж билээ. Гэвч өдгөө дэлхий дээр 820 сая хүн хоолоо хаанаас олж идэх вэ гэх асуулттай өдөр бүр тулгарч бaйна. Энэ байдлаараа 2050 он гэхэд шим тэжээлийн дутагдалтай хүний тоо хоёр тэрбумаар өсөх эрсдэл бий. Амин дэм, шим тэжээлийн дутагдал нь хүний бие, сэтгэл зүйд олон янзаар нөлөөлдөг. Хамгийн түгээмэл хэлбэр болох таргалалтад өдгөө хоёр тэрбум гаруй хүн өртөөд байна.

Хэдийгээр дэлхийн нийгэм, эдийн засаг зогсолтгүй тэлж, хоол хүнсний хязгааргүй их нөөц, үйлдвэрлэлийг бий болгож буй ч өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалтай хүмүүсийн тоо буурахгүй байгаагийн шалтгаан юу вэ? Энэхүү асуултын хүрээнд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран бэлтгэдэг “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлын энэ удаагийн дугаарт өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын тухай асуудлыг хөндлөө.

Тоогоор тайлбарлах нь 

400,000: Манай улсад 400 мянга орчим хүн хоол тэжээлийн дутагдалтай.

54 хувь: Монгол Улсын насанд хүрсэн хүн амын талаас илүү буюу 54.4 хувь нь таргалалттай.

90 хувь: Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн 70 хувь нь А аминдэм, 90 хувь нь Д аминдэмийн дутагдалтай.

1988: Монголчуудын жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээ 1988 оны түвшнээс багассан, зохистой хооллолтын талаарх зөвлөмжид заасан хэмжээнд хүрдэггүй.

45: “Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаагаар ЕБС-ийн сурагчдын 45 хувь нь өглөөний цайгаа тогтмол уудаггүй гэх дүн гарсан.

Үгээр илэрхийлэх нь 

Бид өөрийн биед хангалттай хэрэгцээт шим тэжээлийг хоол хүнсээр дамжуулан авахдаа байгалийн нөөцөө доройтуулахгүйгээр, нөхөн сэргээж, хадгалж үлдэх учиртай. Энэ хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын нэгд 2030 он гэхэд ядуурлыг эцэс болгож, ядуу болон эмзэг бүлгийн хүмүүс, түүний дотор нялхсыг эрүүл, шим тэжээллэг, хүрэлцэхүйц хоол хүнс авах боломжоор хангах, Өлсгөлөнг зогсоох зорилтыг дэвшүүлсэн билээ.

Бичил тэжээлийн дутагдал нь "бичил" асуудал биш
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудаас хамгийн өндөр ахиц дэвшил гаргаж буй нь Өлсгөлөнг зогсоох зорилго юм. Тухайлбал, 2007 онд хоол тэжээлийн дутагдалтай тав хүртэлх насны хүүхдийн тоог 27.5 хувиас 2016 он гэхэд 10 хувьд болгон бууруулжээ. Хэдийгээр өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо жил ирэх тусам цөөрч байгаа ч бичил тэжээл буюу амин дэм, эрдэс бодисын дутагдал нь 5 хүртэлх насны хүүхдийн дунд хамгийн өндөр тархалттай байна.

Тэдний талаас ч бага хувь нь хоногт хэрэглэвэл зохих дөрөв ба түүнээс олон нэр төрлийн хүнс хэрэглэж буй юм. Түүнээс гадна бичил тэжээлийн дутагдалд хамгийн өртөмтгий, эмзэг бүлгийн хүн амд жирэмсэн эмэгтэйчүүд багтаж байна. Тухайлбал, "Хоол тэжээлийн үндэсний V судалгаа"-нд Жирэмсэн эмэгтэйчүүдийн 96 хувь нь Д аминдэмийн дутагдалтай, йодын хэрэглээ хангалтгүй байгаа нь ургийн тархины хөгжил удаашрах эрсдэлийг нэмэгдүүлж байна" хэмээн онцолжээ.

Хоол тэжээлийг хангах хамгийн наад захын хэрэгцээ бол цэвэр ус
Хоол тэжээлийн дутагдал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бус ядуурал, хүнс, цэвэр усны хүртээмж, ариун цэврийн аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлтэй уялддаг. Тухайлбал, өдгөө нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 85 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлонг ашиглаж байгаа нь иргэдийн амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж буй юм. Тиймээс юун түрүүнд бид хоол тэжээлийн дутагдлыг бууруулахын тулд ундны усны сайжруулсан эх үүсвэр, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Мөн хөгжиж буй орнууд хөдөө аж ахуйн салбарынхаа хүнсний жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь чухал үр дүнтэй гэдгийг НҮБ-аас онцолсон байдаг. Ингэхдээ хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой байлгах, иргэдийг ажлын байраар хангах нь хүн амын өлсгөлөнг бууруулахад чухал нөлөөтэй ажээ.

Зөвлөгөө 

Махны хэрэглээ өндөр манай орны хувьд жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээ хангалтгүй байгаагийн улмаас хавдар, зүрх судас, чихрийн шижин өвчний тархалт ихэссээр байна. Тиймээс бид хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү, цагаан идээ зэрэг уураг, тос, эслэг, амин дэм, эрдсээр баялаг тэжээллэг хоол хүнс түлхүү хэрэглэх нь зүйтэй юм.


Онцлох мэдээ 

1. Эдийн засгийн гүн хямралд өртсөн Венесуэл улсын гурван хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдээд байна. Дэлгэрэнгүй

2. Хямд, чанаргүй хоол хүнс түлхүү хэрэглэдэг Сингапурын ядуу иргэдийн дүр төрх, өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөж байна вэ? Дэлгэрэнгүй

3. "Covid 19" вирусийн үед халуун ногоо, үйлдвэрлэснээс хойш удсан тараг, шорвог хоол болон чихэрлэг идээ, ундаа хэрэглэхгүй байх нь зүйтэй гэв. Дэлгэрэнгүй

Санал болгох 

СУДАЛГАА: Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдалтай холбоотой хамгийн сүүлд хийсэн судалгаатай танилцаарай.

"МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ" ҮНДЭСНИЙ СУДАЛГААНЫ ТАЙЛАН

ВИДЕО: Бидний идэж буй хоол, хүнс тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? Ямар хүнс идсэнээс шалтгаалан бидний тархины үйл ажиллагаанд ямар өөрчлөлт, бодисын солилцоо явагддаг тухай TED-ээс бэлтгэсэн сонирхолтой анимэйшн үзээрэй.

HOW THE FOOD YOU EAT AFFECTS YOUR BRAIN

НОМ: Хоол боловсруулах хамгийн чухал ажлыг нугалдаг ходоод, гэдэсний үйл ажиллагааг тун хөгжилтэйгөөр бичсэн Жулиа Эндерсийн “Гэдэс” номыг уншихыг санал болгож байна.

ЖУЛИА ЭНДЕРСИЙН "ГЭДЭС" НОМЫН ТУХАЙ

КИНО: Хүмүүсийн хоолны дэглэм барих, жингээ барихдаа гаргадаг алдаанууд, буруу хооллолтын хор уршгийн тухай хоол судлаачдын байр суурийг шигтгэсэн Австралийн "Food Matters" кино компанийн маш сонирхолтой баримтат бүтээлийг үзээрэй.

HUNGRY FOR CHANGE

Цахим товхимолд бүртгүүлэх: www.2030.mn

2030