Ковер зургийн тайлбар: Шинэ Жокер шагналын хур буулгах уу?

Дэлхий дахинд

Зимбабвегийн экс ерөнхийлөгч Роберт Мугабе 95 насандаа таалал төгслөө. 1980 онд улсаа Их Британиас салан тусгаарлах хөдөлгөөнийг тэргүүлэн ардчиллын бэлгэ тэмдэг хэмээн тахигдаж байсан тэрээр 30 жилийн дараа нийгмийг хямралд хөтөлсөн, хүнд суртал-авлигын загалмайлсан эцэг, дарангуйлагч хэмээн цоллуулсаар албан тушаалаа хүлээлгэн өгсөн билээ. Зимбабвед 2 жилийн өмнө цэргийн эрэлт гарч, Мугабег суудлаас нь буулгаад байсан юм.

The Atlantic: Мугабегийн хожимдсон үхэл

Хонгконгийн засаг захиргааны тэргүүн Карри Лам "сэжигтэн шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөл"-ийг эргүүлэн татах болсноо мэдэгдлээ. 14 долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарах шинжтэй болсны дараагаар тэрээр ийм шийдвэр гаргасан нь энэ.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон 10-р сарын 31-нд товлогдсон өдөр улсаа Европын Холбооноос ямар нэгэн хэлцэлгүйгээр гаргах эрхгүй боллоо. Түүний намын 20 гаруй парламентийн гишүүд эсрэг саналыг өгснөөр санал хураалтад тэрээр ялагдал хүлээсэн нь энэ. Б.Жонсон Брекситийг ямар ч байсан хойшлуулахгүй хэмээн амлаж, шаардлагатай бол ээлжит бус сонгууль явуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн ч парламент хүлээн авахгүй байгаа юм.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий сонгон шалгаруулалтын 2-р шатанд Мьянмарын шигшээ багийг талбайдаа буулган авч түүхэн амжилт үзүүллээ. Энэ бол манай шигшээ багийн хувьд энэ шатан дахь анхны тоглолт, анхны гоол, анхны хожил нь байсан юм. Дэрэн клубын тоглогч А.Дөлгөөн цорын ганц гоолыг оруулж, Монголчууд 1:0-ээр хожсон. Манай баг Япон, Тажикстан, Киргизстан, Мьянмарын багтай нэг хэсэгт багтаад байгаа билээ.

Forbes сэтгүүл "Америкийн 100 инновацлаг лидер"-ийн жагсаалтаа танилцууллаа. Уг жагсаалтыг тэд зах зээлийн үнэлгээ нь 10 тэрбум доллараас дээш компанийг удирдаж буй, эсвэл үүсгэн байгуулсан эрхмүүдээс тодруулсан байна. Жагсаалтыг Амазоны Жефф Бэйзос, Теслагийн Элон Маск нар тэргүүлсэн байна. Сонирхолтой нь, уг 100 лидер дунд ганцхан эмэгтэй багтсан нь 75-д бичигдсэн Ross Stores-ийн Барбара Рентлер байв.

Технологийн салбарын лидерүүд жагсаалтыг тэргүүлэв

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Энэтхэгийн саран дээр газардсан дөрөв дэх гүрэн болох оролдлого тун харамсалтайгаар бүтэлгүйтлээ. 140 сая долларын өртөгтэй "Chandrayaan-2" сансрын хөлөг өмнө нь судлагдаж байгаагүй сарны өмнөд туйлд газардахаас ердөө 3.2 км-ийн өмнө холбоо тасарчээ. Тус улс 2022 он гэхэд сансрын нисгэгчтэй хөлөг бүтээх, мөн өөрсдийн сансрын станцтай болох зорилго тавин, 1.5 тэрбум долларыг зарцуулахаар зэхэж байгаа юм.

"Шинжлэх ухааны салбарын Оскар" хэмээн нэрлэгддэг "Breakthrough Prize Awards"-ийн ялагчид тодорлоо. Физикийн суурь судалгаа, амьдралын шинжлэх ухаан, математикийн салбарт онцгой нөлөө үзүүлсэн эрдэмтдэд олгодог уг шагналын сан 21.1 сая доллар байдаг нь Нобелоос хавьгүй давсан үзүүлэлт юм. Энэ жилийн физикийн салбарын ялагчаар супер хар нүхний зургийг авсан "The Event Horizon Telescope"-ийн баг тодорч, уг судалгаанд оролцсон 20 орны 347 эрдэмтэн бүгд шагналаа хуваан хүртэх болсон байна.

National Geographic: 2019 оны ялагчидтай танилц!

Европт явагддаг технологийн ертөнцийн хамгийн том цугларалт "IFA 2019" Берлин хотноо нээгдлээ. Asus 0.9 кг жинтэй 14 инчийн лаптоп танилцуулж, "хамгийн хөнгөн" хэмээн онцолсон бол Аmazon анхны OLED дэлгэцтэй, Аlexa суурилуулсан Fire TV-ээ зарласан нь ухаалаг төхөөрөмж дэх тэдний амбицыг бүрэн илтгэв. Puma-ийн анхны ухаалаг цаг 275 доллараар зарагдах бол Lenovo Google Assistant-ийн хэрэглээг шинэ түвшинд ахиулж, шинэ төрлийн ухаалаг дэлгэцүүдийг зарлажээ.

The Verge: IFA-ийн онцлох бүтээгдэхүүнүүд

Алдарт боксчин Мэнни Пакьяо өөрийн нэрийн криптовалютыг танилцууллаа. Манилад 2000 үзэгчийн өмнө болсон арга хэмжээний үеэр тэрээр "Pac"-ийг ашиглан өөрийн нэрийн бүтээгдэхүүн, дагалдах хэрэгслүүдийг авахаас гадна уулзалт товлох, эвентэд урих боломжтой гэдгийг онцолсон байна. Сингапурт бүртгэлтэй уг койны хөрөнгө оруулагчаар экс Ливерпүүлийн довтлогч Майкл Оуэн мөн бүртгэгдсэн нь сонирхолтой.

Н.Моди эрдэмтдээрээ бахархаж байгаагаа илэрхийлж, ахин урагшлах ёстойг сануулав.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Slack нээлттэй компани болсноос хойших анхны тайлангаа зарлалаа. Тэдний өнгөрсөн улирлын борлуулалтын орлого 58 хувиар өсөж, 146 сая долларт хүрсэн ч хувьцааны үнэлгээ нь 16 хувиар буурсан байна. Энэ нь тэд ирэх улирлын таамгаа бууруулж, гол өрсөлдөгч Microsoft-ийн Teams-тэй өрсөлдөх стратегиа бүрэн тодорхойлж чадахгүй байгаатай холбоотой юм.

Тэгвэл энэ оны хамгийн сүүлийн топ технологийн IPO-д тооцогдож буй WeWork-ийн эргэн тойронд маргаантай асуудал их байсаар байна. Компанийн засаглал, зах зээлийн эрэлттэй холбоотойгоор тус компани үнэлгээгээ 20 тэрбум доллар орчим болгон бууруулан тогтоох магадлалтай байгаа нь эргэлзээг бүр нэмэгдүүлэв. Учир нь хамгийн сүүлд SoftBank хөрөнгө оруулахдаа тэднийг 47 тэрбумаар үнэлээд байсан билээ.

Facebook хүлээлт ихтэй байгаа болзооны нэмэлтээ АНУ-д нэвтрүүллээ. Facebook Dating нэртэй уг нэмэлт нь Instagram хуудсаа холбох боломжийг мөн олгож байгаа бөгөөд оны эцэс гэхэд өөрийн сториг оруулах сонголттой болох аж.

Үүнээс гадна тэд үндсэн фэйсбүүкийн платформ дээрх лайкийн тоог нуудаг болох туршилтыг хийж байгаа гэнэ. Instagram ижил туршилтыг хийж, олон нийтийн талархлыг хүлээсэн нь тэднийг ийм алхам хийхэд хүргэж байгаа бололтой.

Porsche Tesla-тай өрсөлдөхүйц хэмээн тодорхойлсон анхны цахилгаан машинаа гаргалаа. Нэг цэнэглэлтээр 450 км зайг туулах, 100 км/цагийн хурдыг 2.6 секундэд авах боломжтой Taycan загвар 90 мянган доллараар зарагдана. Үүнээс гадна Lamborghini 819 морины хүчин чадалтай, 3.6 сая долларын үнэтэй анхны супер хайбрид машинаа зарласан бол Bugatti 482 км/цагийн босгыг давсан анхны супер машиныг бүтээжээ.

Фэйсбүүкт итгэх үү?

энтертейнмент ертөнцийн эргэн тойронд

76 дахь удаагийн Венецийн кино фестивалийн шилдэг бүтээлийн "Алтан Арслан" шагналыг Ж.Финиксийн гол дүрд нь тоглосон "Joker" хүртлээ. Нэрт найруулагч Р.Поланскигийн "An Officer and A Spy" шүүгчдийн нэрэмжит шагналын эзэн болсон байна. Үүнтэй залгуулаад Канадад өөр нэг нэр хүндтэй наадам болох Торонтогийн кино фестивал эхлээд байгаа билээ.

"It: Chapter Two" зөвхөн Хойд Америкийн зах зээлээс 91 сая, дэлхий даяар 184 сая долларын орлого цуглуулж бокс оффисыг итгэл төгс тэргүүллээ. Алдарт С.Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус киноны эхний анги дэлхий даяар 700 сая долларын орлого олж, түүхэн дэх хамгийн амжилттай аймшгийн төрлийн кино болсон удаатай. Хэдий 2-р анги нь өмнөх амжилтдаа хүрээгүй ч эхний долоо хоногийн амжилт нь түүхэнд 2-т бичигдэхэд хангалттай байлаа. Өмнөх долоо хоногуудын лидерүүд болох "Angel Has Fallen", "Good Boys" дараагийн байруудад бичигджээ.

Хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөөтэй эмэгтэй рэппэрүүдийн нэг Ники Минаж уран бүтээлээсээ хөндийрч байгаагаа зарлав. 36 настай бүсгүй гэр бүлдээ илүү цаг гаргах хүсэлтэй байгаагаа жиргээгээр илэрхийлэн зодог тайлахаа мэдэгдсэн нь фенүүдийг нь шоконд оруулав. Тэрээр саяхан гэр бүлээ батлуулаад байсан юм.

Hulu алдарт зохиолч Маргарет Атвүүдийн "The Testaments"-ийг цуврал болгох болсноо зарлалаа. Уг зохиол нь Hulu-д үлэмж их амжилтыг дагуулсан "The Handmaid's Tale"-ийн үргэлжлэл болон хэвлэгдэж байсан юм. "The Handmaid's Tale" Эмми хүртсэн анхны стриминг кино болж, улмаар дөрөв дэх бүлэг нь хийгдэхээр болоод байгаа юм.

Катар улсад явагдах 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ шинэ логогоо танилцууллаа. Уг логонд нутгийн иргэдийн өвөл зүүдэг алчуурыг тоглолт явагдах 8 цэнгэлдэх болон хязгааргүйн бэлгэ тэмдгээр илэрхийлсэн байна.

алдалгүй унших арван мэдээ

The Verge: Apple-ийн эвентээс хүлээх зүйлс
Шинэ утас. Шинэ лаптоп. Шинэ таблет. Шинэ үйлчилгээ. Өөр тэд юуг бэлдэж байна вэ?

CNBC: Volkswagen яагаад домогт Beetle-ийн үйлдвэрлэлийг зогсоосон бэ?
22.5 сая ширхэг борлуулагдсан, нэгэн үеийн бэлгэ тэмдэг болсон Beetle-ийн уналтын шалтгаан юу байсан талаар маш сонирхолтой нийтлэл

Engadget: Wunderlist аврагдах уу?
Хэрэглэгчдийн хамгийн хайртай хийх ажлын жагсаалтын апп-ийг үүсгэн байгуулагч нь буцаан авахыг хүсэж байна. Microsoft харин зөвшөөрөх болов уу?

Yahoo: NFL сошиал медиад тэсрэлт хийнэ
100 жилийн ойгоо тэмдэглэж буй тэд TikTok, Reddit-тэй албан ёсны гэрээ байгуулжээ

Techcrunch: Youtube хүүхдийн контент хөгжүүлнэ
Тохиромжгүй контент санал болгосноос үүдэн торгууль хүлээсэн Youtube энэ чиглэлээр дагнасан баг бүрдүүлэн, 100 сая долларыг зарцуулна

NYTIMES: Рафаэл Надаль 19 дэх их дуулгын түрүүгээ хүртэв
Испани маэстро Америкийн нээлттэй тэмцээнд босоо байв. Чухал түрүү, чухал ялалт!

BBC: Малариаг хэрхэн ялах вэ?
Шумуулаар дамждаг хамгийн их хохирол дагуулсан өвчнөөс хэрхэн сэргийлж, бүр мөсөн устгаж чадах вэ?

QZ: Байгалийн чиглэлийн шилдэг гэрэл зургууд
Энэ жилийн хамгийн шилдэг бүтээлүүд таныг алмайруулж, байгаль эхийн сүр жавхланг мэдрүүлэх болно

Vox: Дориан хар салхины дараа
Атлантын далайд дэгдсэн хамгийн том хар салхи Багамын арлыг дайран өнгөрсний дараа ямар дүр зураг үлдсэнийг үзээрэй

CNN: Робот фермерүүдийн эринд тавтай морил
Робот жимс түүнэ гэж сонсож, төсөөлж байсан уу?