Бид энэ удаа Монголын номын зах зээлд хүргэлтийн үйлчилгээгээр дагнасан анхны онлайн платформ болох Booklo.mn-ийг онцолж байна. Зохиогч, орчуулагч, хэвлэлийн газрууд олшрон номын зах зээл тэлж буй өнөө үед номыг хурдан шуурхай авч унших боломжийг тэд санал болгож буй. Ингээд ном хүргэлтийн энгийн мэт мөртлөө тун чухал бизнесийг тууштай, үр дүнтэй хийж буй Booklo.mn-ийн үүсгэн байгуулагч Ц.Батцэцэгтэй ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Booklo.mn
Хаяг: Замын Цагдаагийн Газрын хажууд, United Apartment, 1 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Онлайн номын худалдаа
Үүсгэн байгуулагдсан: 2016
Үүсгэн байгуулагч: Ц.Батцэцэг
Цахим хуудас: BookLo (фэйсбүүк)
Веб хуудас: booklo.mn

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Бизнесээ эхлүүлдэг жил би Удирдлагын Академид бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалж байсан юм. Тухайн үедээ бас гадаад хэлний хэд хэдэн ном орчуулж гаргаад байсан тул өөрөөсөө "Номынхоо борлуулалтыг хэрхэн өсгөх вэ?" гэж асуусан. Тэгээд фэйсбүүк хуудас нээгээд номоо зарж эхэлсэн дээ. Боломжийн сайн үр дүн харагдаж байсан учир үйл ажиллагаагаа бага багаар өргөжүүлэн, улмаар зохиолч нар болон паблишинг компаниудтай хамтарч ажилладаг болсон.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Өөрийн хөрөнгөөр шийдсэн.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манайх Монголын номын зах зээлд хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсэн анхны онлайн платформ. Бид хэрэглэгчдийнхээ цаг, мөнгийг хэмнэх үүднээс нэг ширхэг номыг ч үнэ төлбөргүй хүргэж өгдөг. Мөн номууддаа тодорхой хэмжээний чанарын болон ёс зүйн шаардлага тавьж байж борлуулдаг. Жишээлбэл, янз бүрийн шашин мухар сүсэгтэй холбоотой номууд борлуулахгүй. Цаашдаа энэ шалгуураа улам нарийсгах төлөвлөгөөтэй байна. Энэ нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид, салбарын хөгжилд ч тодорхой хувь нэмэр оруулах болов уу гэж найдаж байна. Номын бизнес нь өөрөө их онцлогтой. Бидний борлуулж буй бараа хэрэглэгчдийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маяг, түүнчлэн оюун санааг өөрчлөх боломжтой байдаг. Иймд маш өндөр хариуцлагатай ажил юм. Бид юу санал болгож байгаадаа үргэлж анхаарч, шүүлтүүртэй хандах хэрэгтэй.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Ойрын зорилго бол програм, техник хангамжаа сайжруулах. Бид энэ тал дээр ажиллаж байгаа. Харин хэтийн зорилго бол салбартаа тодорхой хувь нэмэр оруулж, тулгамдаад байгаа олон асуудлаас аль чадахыгаа шийдэх. Бидний хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол уншигчдад чанартай, өгөөжтэй номыг санал болгох. Ингэснээр хүмүүсийн ном унших сонирхол нэмэгдэж, цаашлаад уншигчдын тоо олширч, энэ зах зээл тэлэх боломжтой болно. Үүний тулд бид салбарынхаа мэргэжилтнүүд, ялангуяа утга зохиол судлаач шүүмжлэгч нартай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Манай компанийн үнэт зүйл бол компанийн ажилтнууд. Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, ажилдаа гаршсан, ёс зүйтэй, үйлчилгээний соёлтой ажилтнууд бол манай компанийн хөдөлгөгч хүч юм.

Харин баримталдаг зарчмын хувьд бол үйл ажиллагааныхаа бүхий л хэсэгт ёс зүйг нэгдүгээрт тавьдаг. Бид өөрсдөө соён гэгээрүүлэх салбарт ажиллаж байгаагийн хувьд ёс зүйтэй байх ёстой.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Бизнес эрхэлж байгаа хүмүүст мэдээж хэрэг бэрхшээл гардаг. Гэхдээ манай үйлчлүүлэгчид оюунлаг хүмүүс байдаг учраас янз бүрийн стресс, уур бухимдалд өртөөд байхааргүй тайван орчинд ажилладаг нь манай давуу тал байдаг. Хүргэлтээр бараагаа өгдөг учир замын түгжрэл нь нэг талаас асуудал ч, тэр нь эргээд үйлчлүүлэгчид манайхыг сонгох шалтгаан болдог. Хүмүүс замын түгжрэлээс болж л номын дэлгүүр оролгүй хүргэлтээр бараа захиалах нь элбэг байдаг шүү дээ.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Програм, техник хангамж сайжруулах, мөн маркетингийн сувгаа тэлэхэд анхаарч ажиллаж байгаа.

МАНАЙ УНШИГЧДАД, унших номоо зөв сонгох ТАЛ ДЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХГҮЙ ЮУ?

Унших ном олон, унших цаг бага байна. Тиймээс зах зээл дээрх олон номоос чанартайг нь сонгож унших нь мэдээж хамгийн чухал. Нэгдүгээрт, тухайн номыг гаргасан паблишинг компани болон орчуулагчийг нь харах.
Хоёрдугаарт, ном худалдаж авахаасаа өмнө номын талаарх мэргэжлийн хүмүүсийн бичсэн шүүмж, сэтгэгдлийг олж унших хэрэгтэй.
Гуравдугаарт, номыг нээгээд хамгийн түрүүнд редактортой байна уу үгүй юу гэдгийг хараарай. Одоо үед ямар ч редакторгүй ном их гарах болсон.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЗАРИМ СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

Ихэвчлэн "түргэн шуурхай үйлчилсэнд баярлалаа", "найдвартай газар шүү" гэх сэтгэгдлүүд ирдэг. Манай хуудас руу ороод харах юм бол үйлчлүүлэгчдийн бүгд нээлттэй харагдаж байгаа. Сошиал орчны нэг давуу тал нь үйлчлүүлэгчид санал сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлдэг. Бид аль болох үйлчлүүлэгчдийнхээ гаргасан санал, сэтгэгдэлд анхаарч үйл ажиллагаандаа тусгахыг хичээдэг. BookLo-д баярласан, талархсан сэтгэгдлээ харамгүй хуваалцаж байдаг үйлчлүүлэгч нартаа баярлалаа.