Агуулга:
Марафон маэстро: Кени гүйгч 42 км замыг 2 цагийн дотор дуусгаж түүх бүтээв
Шоо эвлүүлэгч: Хиймэл оюун рубикийн шоог нэг гараараа эвлүүлж сурчээ
Гүүглийн утас: Технологийн гигантууд шинэ утас, шинэ төхөөрөмжүүдээ танилцууллаа

онцлох

Google энэ намрын шинэ төхөөрөмж, бүтээгдэхүүнээ танилцуулах "Made By Google" эвентээ зохион байгууллаа. Amazon, Microsoft, Apple-ийн хүлээлт давсан эвентүүдийн дараа Google-ийг хэрхэн тэднээс илүү гарах бол гэсэн асуулт олон хүнд байсан билээ.

Энэ жилийн гол анхаарал татаж байсан бүтээгдэхүүн нь маргаангүй Google Pixel-ийн шинэ загвар байлаа. Pixel 4, Pixel 4 XL гэсэн 2 хувилбараар гарах уг ухаалаг утас хар, цагаан, улбар шар гэсэн өнгөний сонголттой байх бөгөөд 799 доллараас эхлэн борлуулагдана. Орчноо мэдэрч дасан зохицдог, чанарыг хамгийн өндөр түвшинд хадгалахад зориулсан хиймэл оюун бүхий технологийг агуулсан камераа тэд ихэд онцлов. Qualcomm-ийн Snapdragon чип шинэ загварыг өмнөхөөс илүү хүчирхэг, хурдтай болгосон бол дэлгэцэнд байршуулсан шинэ мэдрэгчүүд нь гараараа утсаа удирдах боломжийг олгожээ. Google шинэ утсаа өөрсдийн бусад үйлчилгээнүүдтэй төгс хослох, хэрэглэгчдэд хамгийн ээлтэй бүтээгдэхүүн болсон хэмээн онцолжээ.

Google ухаалаг гэрийн төхөөрөмжүүдийн брэндингээ шинэчилж, Nest нэрийн дор хөгжүүлэх болсон. Тэгвэл Google Home Mini-ийн шинэ загвар Nest Mini нэртэйгээр танилцуулагдлаа. 49 доллараар борлуулагдах энэ загвар нь гаднаасаа өмнөхтэйгөө тун төстэй ч илүү найдвартай, орчинд мэдрэг болсон гэнэ. Үүнээс гадна тэд утасгүй интернет цацах Nest WiFi, камерын бичлэгээ клоуд руу шууд хуулах боломж олгох Nest Aware үйлчилгээнүүдээ танилцуулжээ.

Энэ жил тэд Pixelbook лаптопын шинэ загвар Go-ийг танилцуулсан нь мөн сонирхол татав. 13.3 инчийн тоуч дэлгэцтэй, хар болон ягаан өнгөний сонголттой гарах уг лаптоп 649 доллараас эхлэн борлуулагдах нь Google-ийн бусад төхөөрөмжүүдтэй харьцуулахад харьцангуй "боломжийн" үнэ гэж хэлж болно.

Утасгүй чихэвч Pixel Bud 2020 онд худалдаанд гарах болсон байна. Тасралтгүй 5 цаг ажиллуулахад цэнэгээ хадгалах чадвартай уг чихэвч дуу тусгаарлагчтай.

Google-ийн тоглоомын стриминг үйлчилгээ Stadia 11-р сарын 19-нд нээлтээ хийнэ гэдэг нь мөн онцлууштай мэдээ байв. Тоглоомыг заавал консол, төхөөрөмжгүйгээр клоуд ашиглан өөрийн броузер дээрээс тоглох боломжийг олгосноороо хувьсгал хийх боломжтой гэгдэж буй уг үйлчилгээний төлбөр сарын 10 доллар байх юм.

дэлхий дахинд

10-р сарын 31-нд товлогдсон Брексит хойшлох төлөвтэй байна. Хэдий Их Британи болон Европын Холбооны хэлэлцээр удтал дуншсаны эцэст амжилттай болж, хэлэлцээрт хүрсэн ч Борис Жонсон парламентын дэмжлэг авч чадаагүй учир хойшлуулах хүсэлтээ албан ёсоор илгээсэн нь энэ. Шинжээчдийн таамаглаж буйгаар уг үйл явц 2020 оны 1-р сар хүртэл хойшлох боломжтой гэнэ.

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын ялагчид зарлагдлаа. 2019 оны ялагчдаар MIT-ийн судлаач, Энэтхэг гаралтай А.Банержи, мөн сургуулийн Франц эдийн засагч Э.Дюфло, Харвардын их сургуулийн эрдэмтэн М.Кремер нар тодорсон байна. Тэдэнд уг шагналыг "дэлхийн ядуурлыг бууруулах үр дүнтэй арга замыг тодорхойлсны төлөө" хүртээсэн гэдгээ хорооноос онцлов. Сонирхуулахад Э.Дюфло, А.Банержи нар гэр бүлийн хоёр бөгөөд 46 настай Дюфло эдийн засгийн салбарт Нобель хүртсэн хамгийн залуу, мөн түүхэн дэх 2 дахь эмэгтэй болжээ.

Олимп, дэлхийн аварга, 34 настай Кенийн гүйгч Элиуд Кипчоге марафоны замыг 2 цагийн дотор дуусгасан түүхэн дэх анхны тамирчин боллоо. Тэрээр Венад явагдсан тусгай эвентийн үеэр дэлхийн хэмжээний өөр 42 тамирчны тусламжтайгаар 42 км замыг 1 цаг 59 минут 40 секундэд туулсан юм. Марафоны албан ёсны дэлхийн дээд амжилтыг Э.Кипчоге өөрөө 2 цаг 01 минут 39 секундын амжилтаар эзэмшдэг билээ.

QZ: Тэр хэрхэн 2 цагийн босгыг давав?

Cансрын аялал жуулчлалын компани Virgin Galactic алдарт Under Armour-тай хамтран хөгжүүлсэн шинэ өмсгөлөө танилцууллаа. Орчин цагийн тамирчдын хувцастай төстэй энэ өмсгөл жуулчин бүрд тусгайлан бүтээгдэх бөгөөд нэр, улсыг нь бичсэн байх гэнэ. Тэрбумтан Р.Брэнсоны мэдэгдснээр тэд ирэх жил эхний нислэгээ хийх бөгөөд 250 мянган долларын үнэтэй тасалбарыг нь аль хэдийн 609 хүн худалдан аваад байгаа аж.

Кипчоге - Супер хүн!

Технологийн ертөнцийн эргэн тойронд

OpenAI-ийн эрдэмтэд хиймэл оюунд рубикийн шоо эвлүүлэхийг сургаснаа зарлалаа. Тэд хиймэл оюуныг нэг гараараа, элдэв саад бэрхшээлтэй орчинд ч шоо эвлүүлэхийг заасан нь энэ төслийн онцлог аж. Ингэснээр тэд машин хэцүү, бэрхшээлтэй нөхцөлд хүний үйлдлийг хийж, шийдвэр гаргах боломжтойг батлан харууллаа. Сонирхуулахад өнгөрсөн жил зөвхөн шоо эвлүүлэхэд зориулан хөгжүүлсэн хиймэл оюун рубикийн шоог 0.38 секундэд эвлүүлж дээд амжилт тогтоож байсан юм.

Сансар судлалын түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг задгай сансарт ажиллалаа. NASA-ийн сансрын нисгэгчид болох К.Кок, Ж.Мэйр нар 5 цагийн турш Олон Улсын Сансрын Станцын гадна талын гэмтлийг засварласан байна. Өнгөрсөн 3-р сард уг төсөл төлөвлөгдөж байсан ч тохирох өмсгөл байгаагүйн улмаас хойшилж байсан удаатай. Одоогоор нийт 228 хүн задгай сансарт ажиллаж үзсэн бөгөөд эдгээрээс 15 нь эмэгтэй юм.

Apple өөрсдийн эзэмшдэг Beats брэндийн шинэ хувилбар Solo Pro-г танилцууллаа. Загвар, дизайны шийдлийн хувьд өмнөх хувилбаруудтай төстэй уг загвар нь дуу бүрэн тусгаарлах технологийг шингээсэн гэдгээрээ онцлогтой гэнэ. Шинэ загвар нь 10-р сарын 30-аас эхлэн 299 долларын үнэтэйгээр борлуулагдана.

БНСУ-ын хамгийн том автомашин үйлдвэрлэгч Hyundai 2025 он хүртэл 35 тэрбум долларыг цахилгаан болон жолоочгүй машины технологид зарцуулна гэдгээ мэдэгдлээ. Тэд энэ хугацаанд 23 загварын шинэ автомашиныг худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Хамгийн сүүлд Volkswagen дараагийн 5 жилд 30 тэрбум еврог шинэ технологид зарцуулахаа мэдэгдээд байсан билээ.

Австралийн Qantas Airlines түүхэн дэх хамгийн урт нислэгийг амжилттай туршлаа. Тэд Нью Йоркоос Сидней хүртэлх 19 цаг 16 минутын шууд нислэг хийсэн нь зорчигчид болон нислэгийн багийн бие, сэтгэл зүйн байдал ямар түвшинд байхыг олж мэдэх судалгааны зорилготой байлаа. Qantas 2022 оноос эхлэн 20 цагийн урт нислэгийг хийхээр төлөвлөж байгаа юм.

Шоо эвлүүлэгч робот

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Анжелина Жолигийн тоглосон "Maleficent: Mistress of Evil" 36 сая долларын орлого цуглуулж, Хойд Америкийн бокс оффисыг тэргүүллээ. 185 сая долларын төсвөөр бүтээгдсэн уг кино Диснейн энэ жилийн хамгийн "муу" дебют болсон ч олон улсын зах зээлээс аль хэдийн 117 сая долларыг олоод байгаа гэнэ. 5 жилийн өмнө цацагдсан эхний анги нь нийт 750 сая долларыг цуглуулж байсан түүхтэй. 2-р байрт 14 хоногийн турш чартыг тэргүүлсэн "Joker", 3-р байрт 2009 онд анх цацагдсан түүхийн үргэлжлэл "Zombieland: Double Tap" бичигджээ.

Утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгт тооцогддог Booker Prize-ийн 2019 оны ялагч тодорлоо. Олонхын таамаглаж байсанчлан Нобел хүртэх магадлалтай зохиолчид тооцогдсоор чамгүй удаж буй Маргарет Атвүүд алдарт "The Handmaid's Tale"-ийн үргэлжлэл болон бичигдсэн "The Testament" бүтээлээрээ 2 дахь удаагаа ялагч болов. Түүнээс гадна шүүгчдийн зөвлөлөөс Нигери гаралтай англи зохиолч Бернардине Эваристод давхар шагнал гардуулах болсон нь онцгой тохиол байлаа. Үүнээс өмнө уг шагналын 50 жилийн түүхэнд ердөө 2 удаа л 2 хүнд нэг жил шагнал өгч байсан аж. Сонирхуулахад, "Girl, Woman, Other" зохиолоороо энэ шагналыг хүртсэн Б.Эваристо анхны өнгөт арьстан эмэгтэй ялагч болжээ.

11-р сарын 12-нд АНУ-д нээлтээ хийх Disney+ сошиал сувгууд ашиглан платформ дээрээ байрлах контентуудаа албан ёсоор зарлалаа. Классик Диснейн бүтээлүүдээс гадна Marvel, Pixar, National Geographic, Star Wars-ийн контентуудыг багтаасан танилцуулга нь бусад өрсөлдөгчдөд цочроо өгөхүйц байсныг онцолъё. Disney+ Азийн бүсэд 2020 оны сүүлээр нээлттэй болох төлөвтэй байгаа юм.

The Verge: Disney+-ийн бүх контентуудын жагсаалт

"Stranger Things"-ийн 3-р бүлэг Нетфликсийн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй цуврал болсон байна. Тэдний тайланд дурдснаар цуврал гарснаас нэг сарын дотор нийт 64 сая хэрэглэгч Хаукинсын залуусын түүхийг үзжээ. Энэхүү мэдээний дараагаар өнгөрөгч улиралд 6.7 сая шинэ хэрэглэгчтэй болсон Netflix-ийн хувьцааны үнэлгээ 11 хувиар өсжээ.

Парисын амьтны хүрээлэн "Blob" нэртэй хачирхалтай организмыг олон нийтэд дэлгэн үзүүлэв. Тархигүй, гаргүй, амгүй, нүдгүй атлаа хоолоо илрүүлж, идэж чаддаг уг биет замагтай төстэй ч амьтан шиг үйлдэл гаргадаг онцлогтой. Дундуур нь тасалбал хоёр минутын дотор өөрийгөө "анагаадаг", хоёр тусдаа организмыг нийлүүлэхэд хоромхон хугацаанд мэдээллээ солилцож чаддаг гэх блоб 720 хүйстэй гэнэ.

Залхуурахгүй бол 300 жиргээг нь бүгдийг нь үзээрэй :)

Алдалгүй унших арван мэдээ

iKon: Монгол улс саарал жагсаалтад багтлаа
Бөөн хүлээлт, баахан цуурхлын эцэст Монгол улс саарал жагсаалтад "эргэн" орсныг Монгол Банк баталлаа.

Revolver: The Hu гэрэл зургийн дуранд
Сакраментогийн Aftershock фестивалд оролцсон The Hu хамтлагийнхны эрч хүч дүүрэн гэрэл зургийн цомгийг үзээрэй.

Bloomberg: Тэрбум долларын луйвар
Хойд Мөсөн Далай доогуур интернетийн шугам татаж, Аляскаас эхлээд Япон, Исландыг хямд интернетээр холбох төсөл "луйвар" байсан нь илрэв. 15 минут зарцуулсандаа хэзээ ч харамсахгүй гэдгийг баталъя.

CNET: Fortnite өөрийгөө устгав
2 өдөр, 48 цаг тоглох боломжгүй байсан нь Fortnite-ийн түүхэн дэх хамгийн их хэрэглэгчийг татсан нь сонирхолтой. Гэхдээ тэд моментумаа хадгалж чадах болов уу?

Al Jazeera: Монголд "гацсан" Нигери хөлбөмбөгчнийг аварсан түүх
Монголд тоглохоор ирсэн мэргэжлийн хөлбөмбөгчний тун сонирхолтой, бас сургамжтай түүх дэлхийн хамгийн олон уншигчтай медиа дээр гарчээ.

Youtube: А.Пол "Breaking Bad"-ийг 2.5 минутанд тайлбарлав
Түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй цувралуудын нэг Breaking Bad-ийг үзэж амжаагүй юу? Тэгвэл үүнийг үз. Тэгээд Нетфликсээ нээгээд El Camino-г эхлүүл.

CNBC: Трамп 2020 оны сонгуульд "амархан" ялалт байгуулна
Энэ үгийг Moody's тун ч итгэлтэйгээр хэлж байна. Гэхдээ 1980 оноос хойш сонгууль болгонд зөв таамаг дэвшүүлж байсан уг модель ганцхан 2016 онд л "алдаа" гаргасан билээ.

SB Nation: NBA-ийн 2019-2020 оны улирлыг шинжихүй
Гэнэтийн шийдвэрүүд, огцом шилжилт хөдөлгөөн дүүрэн зуны дараагаар NBA-ийн шинэ улирал эхлэх гэж байна. Энд таны мэдэх ёстой бүх зүйлс бий.

The Verge: Эболагийн тархалтыг таамаглах алгоритм
2070 онд Эбола дахин гамшиг дагуулах магадлал 60 хувьтай гэнэ.

National Geographic: Зэрлэг ан амьтдын шилдэг зураг тодорлоо
Торгон мөч, сэтгэл хөдөлгөм дүрслэл, гайхалтай зураглал. Заавал үзэх цомог.