Энэ намар технологийн хорхойтнуудын хувьд шинэ содон мэдээ, анхаарал татсан зарлалуудаар дүүрэн байж, дараагийн төхөөрөмжүүд, утас, лаптопоо төлөвлөхөөс өөр аргагүйд хүргэсэн онцгой улирал байлаа. Технологийн салбарын гигантууд бүгд удтал хүлээлгэсэн шинэ технологи, шинэ хөгжүүлэлтүүдээ ил болгосон нь, мөн Фэйсбүүк, Майкрософт зэрэг компаниуд хүч түрэн орж ирсэн нь зах зээлийн өрсөлдөөнийг улам ширүүн, улам сонирхолтой болгож орхив. Unread та бүхэнд энэ намар топ компаниудын танилцуулсан хамгийн онцлох бүтээгдэхүүнүүдийг тоймлон хүргэж байна. 

apple iphone 11 pro

Apple жил бүр л iPhone-ий шинэ загваруудаар дэвшил дагуулж, өрсөлдөгчдийнхөө хүрэх ёстой цэгийг нэмсээр байдаг. Энэ жилийн хувьд тэд гурван камертай анхны утсыг гаргасан нь сошиалаар ихээхэн "шуугиан" дагуулсан ч борлуулалтын үзүүлэлтийг нь ажих аваас ихэд зөв шийдвэр байсан нь батлагдана.

Энэ удаад тэд олонхийн таамаглаж байсанчлан гурван төрлийн шинэ iPhone-ийг танилцуулсан юм. iPhone 11 харьцангуй хямд үнээр буюу 699 доллараас эхлэн борлуулагдах болсон нь тэдний хувьд ихэд бага үнэд тооцогдоно. Харин гурван камертай гэдгээрээ онцлогтой iPhone Pro, iPhone Pro Max загварууд нь 5,8 болон 6,5 инчийн дэлгэцтэй, 999-1099 долларын үнэтэйгээр борлуулагдана.

Мөн зургаан өнгөний сонголттой гарсан нь дизайндаа ихэд "хязгаар" тогтоодог компанийн хувьд сонирхолтой шийдвэр байв. Эдгээр загваруудын баттерейн багтаамж өмнөх хувилбаруудаас эрс нэмэгдсэн гэдгийг Apple онцлов.

microsoft surface duo

Энэ жилийн хамгийн онцлох, магадгүй олныг гайхшируулсан төхөөрөмж нь давхар дэлгэцтэй ухаалаг гар утас болох Surface Duo байлаа. С.Наделлагийн эринд огт өөр өнгө төрхтэйгөөр "тулалдах" болсон Microsoft Samsung, Huawei-н дараах давхар дэлгэцэнд бооцоо тавьж буй үйлдвэрлэгч болсон нь энэ. Гэхдээ тэд нумардаг бус хос дэлгэцтэй төхөөрөмжүүдээрээ хэрэглэгчдэд нэгэн зэрэг олон үйлдэл хийх, улмаар хийж буй үйлдлүүдээ хянах бололцоог нэмэгдүүлж байгаа гэдгээрээ ялгарч буй.

Ирэх жилийн эцэст худалдаанд гарах энэ утас нь өмнөх "бүтэлгүй" оролдлогуудын адил Windows дээр бус Андройд үйлдлийн систем дээр ажиллана. Surface Duo бүрэн нумарсан үедээ 8.3 инчийн дэлгэцтэй болно гэнэ. Үүнээс гадна тэд Surface Neo нэртэй мөн хос дэлгэцтэй таблетийг энэ үеэр ил болгосон. Хос дэлгэцтэй төхөөрөмжүүдэд зориулан хөгжүүлж буй Windows 10X үйлдлийн систем дээр ажиллах уг таблет бүрэн дэлгэгдсэн үедээ 13 инчийн хэмжээтэй болох аж.

amazon echo frames

Ухаалаг туслах Аlexa-ийнхаа "ачаар" ухаалаг гэр ахуйн төхөөрөмжийн зах зээлд хүчтэй байр суурийг нэгэнт эзэлсэн Amazon бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах тал дээр сүүлийн жилд ихээхэн анхаарч буй. Энэ намар зарласан ухаалаг шарах шүүгээ, ухаалаг зуух зэрэг 17 шинэ бүтээгдэхүүнээс нь бид Echo Frames нэртэй ухаалаг шилийг нь онцолж байна.

179 долларын үнэтэй Echo Frames энгийн нэг шил биш. Бас бидний төсөөлөлд буусан шиг ухаалаг шилнээс ч өөр. Ямар нэгэн камер эсвэл дэлгэцгүй учраас Echo Frames таны харах өнцөгт саад учруулахгүй. Гэхдээ микрофон болон спикерийн тусламжтайгаар та гар утсандаа холбогдсон ухаалаг туслахтайгаа харилцаа үүсгэж улмаар мессеж, дуудлага хүлээн авах, календар, имэйл, мессежээ хянах, хөгжим, подкаст тоглуулах, асуулт асуух, мэдээлэл авах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой аж.

facebook portal tv 

Facebook таны телевизийг "ухаалаг" болгох Portal TV төхөөрөмжөө танилцуулаад удаагүй байна. 149 долларын үнэтэй уг төхөөрөмж нь 12 мп-ийн камертай бөгөөд Messenger, Whatsapp-аар видео дуудлага хийн, тоглоом тоглож, видео үзэх боломжийг олгоно. Тэд үүгээрээ Fire TV, Roku зэрэг стримингэд төвлөрсөн бусад төстэй төхөөрөмжүүдтэй өрсөлдөх бус харилцаа холбооны шинэ сувгийг бүтээх зорилготой байгааг онцолжээ.

Facebook одоог хүртэл Portal төхөөрөмжүүдээ хэрхэн зах зээлд байршуулах учраа олоогүй байгаа гэж хэлж болно. Гэхдээ тэд өөрсдийн харьцангуй давуу тал болох сошиал платформуудаа ашиглан харилцаа холбооны хэрэгслийн зориулалтаар ялгарал үүсгэх стратегидаа одоо хүртэл үнэнч байгааг нь онцлох хэрэгтэй. Мөн тэд хамгийн дэвшилтэт VR технологийг хөгжүүлэгч Oculus-ийг эзэмшиж буйг, саяхан цоо шинэ сошиал ертөнц Horizon-ийг танилцуулсныг мартаж болохгүй.

Google Pixel 4

Google энэ жил удтал хүлээлгэсний эцэст Pixel-ийн шинэ загвараа танилцууллаа. Pixel 4, Pixel 4 XL гэсэн 2 хувилбараар гарах уг ухаалаг утас хар, цагаан, улбар шар гэсэн өнгөний сонголттой байх бөгөөд 799 доллараас эхлэн борлуулагдана. Орчноо мэдэрч дасан зохицдог, чанарыг хамгийн өндөр түвшинд хадгалахад зориулсан хиймэл оюун бүхий програмыг агуулсан камераа тэд ихэд онцлов. Qualcomm-ийн Snapdragon чип шинэ загварыг өмнөхөөс илүү хүчирхэг, хурдтай болгосон бол дэлгэцэнд байршуулсан шинэ мэдрэгчүүд нь гараараа утсаа удирдах боломжийг олгожээ. Google шинэ утсаа өөрсдийн бусад үйлчилгээнүүдтэй төгс хослох, хэрэглэгчдэд хамгийн ээлтэй бүтээгдэхүүн болсон хэмээн онцолжээ.

Pixel-ийг онцгой болгох 2 нэмэлт нь Google Assistant болон Audio Recorder байлаа. Ухаалаг туслах нь өмнөх хувилбараасаа 10 дахин хурдтай болсон нь демон дээрээс илт мэдэгдэж, олныг гайхуулав. Мөн Audio Recorder нь хийсэн бичлэгийн текстийг автоматаар буулгаж, улмаар тэндээсээ хайлт хийх боломжийг олгосон нь үнэхээр үсрэнгүй дэвшил байв. Одоо тэмдэглэл хөтлөх, аудио бичих гэдэг ойлголт огт өөр түвшинд хүрэх цаг ирсэн мэт санагдлаа.

apple watch series 5



Энэ үеэр тэд 18 цаг цэнэгээ барьдаг, хөдөлгөөнөөрөө удирдах боломжтой Apple Watch Series 5-ийг танилцууллаа.

microsoft surface earbuds + Amazon Echo buds

Утасгүй чихэвчийн зах зээлд Microsoft, Amazon хүч түрэн орж ирэв. Ухаалаг туслахуудын хүчин чадал илт сайжирч, мөн хоорондоо хоршин ажиллах чадвартай ухаалаг төхөөрөмжүүд олширсонтой зэрэгцэн утасгүй чихэвчийн үүрэг зөвхөн хөгжим сонсохоос илүү болсон нь өрсөлдөөн нэмэгдсэнтэй шууд холбоотой. Одоо чихэвч хэрэглэгчдийг илүү хялбар бөгөөд хурдан байдлаар үйлдэл гүйцэтгэх боломж олгох нэгэн хэрэгсэл болжээ.


Microsoft-ийн энэ намрын гол бүтээгдэхүүнүүдийн нэг нь Surface Earbuds байсан юм. 24 цагийн турш цэнэгээ барих чадалтай, шууд орчуулга хийх чадвартай, слайдуудаа гүйлгэх зэргээр Office-ийн програмуудтай шууд хоршин ажилладаг зэрэг давуу талуудтай уг чихэвч 249 долларын үнэтэй. Харин Аmazon-ий Echo Buds нь Alexa-тай хоршин ажилладаг нь гол давуу тал бөгөөд дуу тусгаарлагчийн технологиороо ялгарлаа үүсгэж байгаа гэнэ. Хэрвээ та уг чихэвчийг авахыг хүсвэл 129 доллар төлөх шаардлагатай.

БОНУС: Yandex.Station mini smart Speaker

Хойд Хөршийн Гүүгл гэгдэх Yandex-ийн сүүлд гаргасан Station-ийг төгсгөлд нь онцолъё. Ухаалаг туслахынх нь нэрийг Алиса гэдэг гэсэн шүү :)

Танд хамгийн их таалагдсан төхөөрөмж нь аль байв? Алийг нь хамгийн ихээр хүлээж, өөрийн болгохыг хүсэж байна вэ? Бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлээрэй.