Виртуал туслахууд бидний амьдралыг хөнгөвчилж, илүү хялбар, илүү тухтай орчныг бүрдүүлэх цаг айсуй. Туслахуудын хэрэглээ зөвхөн утас, лаптопоор хязгаарлагдахаа больж, гэр ахуйн төхөөрөмжүүдтэй холбогдож, үр нөлөө нь бүр ч ихэссээр байна. Тэгвэл энэ удаад танд хамгийн өргөн хэрэглэгдэж буй ухаалаг туслахуудыг танилцуулж, тэдний гол давуу талуудыг харьцуулах боломжийг олгож байна.

Siri

Apple-ийн виртуал туслах Siri өнгөрсөн сард 8 нас хүрч, эрс сайжирсан шинэчилсэн хувилбараараа ажиллаж эхэлсэн билээ. Энэ удаад тэд таны өдөр тутам тогтмол үйлддэг үйлдлүүдийг цуглуулан суралцаж, улмаар түүн дээрээсээ үндэслэн сэрүүлэг тавих, дуудлага хийх зэрэг хийх ажлуудыг танд санал болгодог болгожээ. Мөн AirPod-той хоршиж ажиллах болсон нь гол онцлог.

Siri-ийн маш том чадваруудын нэг нь таны имэйл болон iMessage рүү нэвтрэн мэдээлэл дамжуулж улмаар дууг текст рүү шилжүүлэх нь. Мэйлээсээ зураг эсвэл өгүүлбэр хайх, нөгөө талаас заавал гараа оролцуулахгүйгээр мессеж, мэйл илгээх боломжтой гэсэн үг.

Сүүлийн үед Siri-ийн хэл болон математикийн чадвар эрс нэмэгдсэнтэй холбоотой хичээлийн танхимд ашиглах эрэлт өсөж байгаа юм билээ.

google assistant

Энэ намрын "Made By Google" эвентээрээ Google шинэчлэгдсэн ухаалаг туслахаа танилцуулсан юм. 2-р үеийн Google Assistant үндсэн хувилбараасаа 10 дахин хурдан болсон гэдэг нь л "гайхалтай" үзүүлэлт. Үүгээрээ тэд хамгийн хурдан ухаалаг туслахад тооцогдож буй нь ч санаандгүй хэрэг биш.

Google Home Mini-г хэрэглэгчийн хувьд Google-ийн програм, төхөөрөмжүүд хооронд уян хатан, маш хурдтай ажилладаг нь тэдний давуу тал. Үүнд Гүүглийн үндсэн үйлчилгээ хайлт нь ч хамаарна. Хайлтын мэдээллээ эзэмшиж буй давуу талаа тэд туслахдаа ч шингээхээ мартаагүй.

Гэхдээ хоорондоо уялдаатай буюу дараалсан асуултад хариулах байдал нь болхи хэвээр байгааг дурдах хэрэгтэй. Google Assistant удахгүй заавал "Hey Google", "Ok Google" гэж "цоллуулахгүйгээр" шууд хариулт өгч чаддаг болох нь гэсэн шүү.

Amazon alexa

Сүүлийн үед ухаалаг гэр ахуйн төхөөрөмжийн зах зээлд Амазон хүч түрэн орж ирж, лидерийн статустай болсон нь Alexa-тай шууд холбоотой. Alexa-ийн хийж чаддаг зүйлс бүгд Siri, Google Assitant-тай ижил. Гэхдээ Echo-ийн гэр бүлийн бусад төхөөрөмжүүдтэй уялдаж ажилладаг нь тэдний гол ялгарал болдог. Тэгэхээр гэрлээ асааж унтраах, шарах шүүгээний температураа тохируулах, ухаалаг шилэн дээрх мэдээллээ удирдах зэргээр ажиллана гэсэн үг.

Нөгөө талаас Amazon-ий эзэмшдэг өөр нэг стартап Audible-ийн аудио номуудыг уншиж өгдөг нь тэдний том давуу тал. Мөн шууд л "Аlexa" гэж дуудахад хариулт өгөх горимд шилждэг нь их энгийн санагдлаа.

Microsoft cortana

Ухаалаг туслахууд дундаас Microsoft-ийн хөгжүүлдэг Cortana-ийн ирээдүй хамгийн тодорхойгүй, бүрхэг байсаар байна. Windows Phone-д анх зориулж гаргасан түүнийг хэтэрхий бага хүн ашиглаж, Windows 10 дээр ч идээшиж чадаагүй туслахаа тэд бие даасан тусдаа апп болгож хөгжүүлэх болсноо зарласан.

Microsoft-ийн CEO С.Наделла Cortana-г Alexa, Google Assistant-ийн өрсөлдөгч бус харин хэрэглэгчдэд ур чадвар олгох зориулалттай апп гэж тодорхойлсон нь санамсаргүй хэрэг биш. Тэд бизнесийн байгууллагууд руу илүү анхаарлаа хандуулж, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, програм хангамжууд руу чиглэсэн байдлаар, ажил үүргүүдийг хөнгөвчлөх зорилгоор туслахаа хөгжүүлж байгаа нь магадгүй тун "ухаалаг" шийдэл ч байж мэднэ. Office-ийн програм дээрх үйлдлүүдээ Кортанагаар хийлгэж байна гээд төсөөл дөө :)

bixby

Зөвхөн Самсунг гэлтгүй өөр ихэнх андройд утсан дээр Bixby-г идэвхжүүлэх тусдаа товч байдаг нь тэдний гол давуу тал. Гэхдээ заримдаа санамсаргүй дарагдаад ядаргаа болоод ч байх шиг санагддаг.

Android үйлдлийн систем дээрх дараагийн том нэмэлт нь Bixby ч байж мэднэ. Учир нь Samsung апп, програм хангамж, төхөөрөмж үйлдвэрлэгч гуравдагч талуудад системээ нээж өгсөн нь хавсарч ажилладаг төхөөрөмжүүдийн тоог нэмэгдүүлж, илүү уян хатан болох боломжийг хангана гэж шинжээчид үзэж байгаа аж.

alica

Хойд хөршийн хамгийн том интернет компани Yandex "Алиса" нэртэй туслахаа гаргаж, түүн дээр суурилсан экосистемийг хөгжүүлж эхэлснийг төгсгөлд нь онцолъё.