Ээлжит ярилцлагадаа бид Английн Премьер Лиг, NBA зэрэг дэлхийд алдартай, том лигүүдийн тоглолтыг Монголд албан ёсны эрхтэй гаргадаг, Монголын анхны спортын төрөлжсөн сүлжээ суваг, спортын контент үйлдвэрлэлээр тэргүүлэгч SPS телевизийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргалыг (Пүшки) урилаа. Түүний хувьд багаасаа спортод дурлан, төрөл бүрийн спортоор хичээллэдэг байсан нь энэ чиглэлийн телевизийг удирдах гол хөшүүрэг болжээ. Зочин маань АНУ-ын Сан Францискогийн их сургуулийг улс төрч, хятад судлалын чиглэлээр төгсөж, Монгол дахь НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байсан бөгөөд үндсэн ажлынхаа хажуугаар хүүхэд, залуусыг дэмжих зорилгоор "Том мөрөөдөл" ТББ-ыг байгуулан, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг.

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: SPS телевизийн гүйцэтгэх захирал, “Гарди менежмент” компанийн ТУЗ-ийн дарга, “Том Мөрөөдөл” ТББ-ын үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 11
Хэрэглэдэг компьютер: iPad Pro
Сошиал хуудсууд: Pushki Tserenpuntsag (Facebook), Pushkii (Instagram)

ТА ТЕЛЕВИЗИЙН САЛБАРТ ЯАГААД АЖИЛЛАХ БОЛСОН БЭ? ХИЙДЭГ АЖЛУУДЫН ТУХАЙ ТОВЧ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Би багаасаа л спортод сонирхолтой, сургуулийнхаа сагсны лигт тоглож, спортын тэмцээнүүдэд гүйж явдаг хүүхэд байлаа. Бүх спорт өрсөлдөөнтэй, эрч хүч өгдөг учраас миний хамгийн гол хобби гэж хэлж болно. АНУ-д их сургуулиа төгсөж ирснийхээ дараа би Монгол дахь НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгууллагад ажиллаж эхэлсэн юм. Олон улсын байгууллагад ороод их зүйл сурсан ч өөрийгөө шинэлэг зүйлд ихэд дурлаж, адал явдал, сорилт дунд байх дуртайгаа ойлгож мэдэрсэн. Мөн юуны түрүүнд улс орныхоо эдийн засаг, бизнесийн орчныг маш сайн мэддэг, ойлгодог болсны дараа улс төр, нийгмийн чиглэлээр ажиллах нь зүйтэй юм байна гэж үзээд туршлага хуримтлуулахаар шийдэн телевизийн салбарт орсон юм.

Манай SPS телевиз 2013 оноос эхлэн таван сувгаар Английн Премьер Лиг, NBA, Аваргуудын лиг болон жудо, WWE, ONE FC, ITF тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж, спортын контентуудыг тасралтгүй бэлтгэн хүргэж байна. "Гарди менежмент" компанийн хувьд спортын контентын гэрээ, хэлэлцээр байгуулах, маркетинг, гадаад харилцаанд төвлөрдөг бол SPS телевиз нь зөвхөн контент үйлдвэрлэлдээ төвлөрөн нэвтрүүлгээ цацдаг. Энэ хүрээнд бид өнгөрсөн хугацаанд гаднын компаниудтай олон шинэ гэрээ байгуулан, борлуулалтаа 40 хувь өсгөснөөс гадна чадварлаг тамирчдаа олон улсын тавцанд гарахад нь ивээн тэтгэж ажилласан. Мөн ажилтнуудаа улам мэргэшүүлэх зорилгоор АНУ-д “NBA”-гийн тоглолт руу явуулж, найруулагч, продюсероо Английн Премьер Лигийн сургалтад хамруулах гэх мэтээр олон ажлыг хийж байна.

Түүнээс гадна ажлынхаа хажуугаар хүүхэд залуус болон хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилготой “Том мөрөөдөл” ТТБ-ыг байгуулан, нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би долоо хоногийн сүүлийн өдөр дараагийн долоо хоногийнхоо бүх ажлаа төлөвлөөд цэгцэлчихдэг. 15 минутын дотор л чухал ажлуудаа тэмдэглэн, түүнийгээ задлаад явчихна. Олон ажил хийх гэж зүтгээд аль ч үгүй хоцрохыг бодолгүй нэг өдөрт нэг л чухал ажлын ард гарахыг эрмэлздэг юм.

Амьдралын хэмнэлийн хувьд өглөө бүр 6.40 цагт босоод, хоёр охиноо хувцаслан, цайг нь уулгаад 9 цаг гэхэд гэрээсээ гардаг. Ажил дээрээ ирээд хурал, уулзалтууд хийнэ, багийнхантайгаа шинэ санаа, шийдлүүд гарган ярилцана. Ажлаа голдуу 19 цагт тарж, 22 цаг гэхэд орондоо ордог.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Ажил дээрээ iPad түлхүү хэрэглэдэг. Whatsapp, Viber, Outlook гурав бол миний хамгийн сайн найзууд гэж хэлж болно. Түүнээс гадна M+ апп дээрх подкастуудаас сонсдог шүү. Өдрийн хоолны цагаар амсхийх үедээ заримдаа Instagram гүйлгэж, эсвэл Netflix үзэн тархиа амраах нь бий.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хэмнэх хамгийн сайн арга бол миний хувьд имэйл, гар утас, төлөвлөгөө гурав гэж хэлж болно. Гэрээс гарах боломжгүй үедээ хамаг ажлаа гар утсаараа амжуулдаг. Өнөө үед хүмүүс заавал оффис дээр суулгүй орон зайнаас үл хамааран үр дүнтэй ажиллах боломжтой болсон.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Том бичдэг болохоор ч тэр үү хийх ажлын жагсаалтаа А4 цаасан дээр бичиж тэмдэглээд, хэрэггүй болмогц нь хаяад явдаг. Урт хугацааны төлөвлөлтийн хувьд, жилийн төлөвлөгөө гаргаад тухайн жил хийх хамгийн том, чухал гэсэн гурван ажлыг тэмдэглэдэг. Тэгээд түүнийгээ задлаад хийдэг.

Төлөвлөгөөгөө сайн гаргаж чадвал тухайн ажлын бараг хагас нь биелчихлээ гэж боддог. Өмнөх өдөр нь маргааш хэнтэй уулзах, юу хийх, хаашаа явахаа тодорхой болгосноор өнөөдрийн ажлаа хоёр дахин хурдан хийх боломжтой. Төлөвлөж чадаж л байвал цаас, тэмдэглэлийн дэвтэр, апп гээд юун дээр ч бичих ялгаагүй санагддаг даа.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Цэгцтэй, төлөвлөгөөтэй ажиллахдаа гэж хэлж болох байх. Би оюутан байхаасаа л хийх зүйлсээ цэгцтэй төлөвлөж, түүндээ хүрэх гэж улайран хичээдэг байсан. Олон жилийн турш нарийн төлөвлөж явсан болохоор сүүлдээ бичих шаардлагагүйгээр шууд толгой дотроо хийх зүйлсээ жагсааж, боловсруулдаг болчихдог юм билээ.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Баг хамт олныхоо хамтаар Монголд контент гэх чухал зүйлийг шинэ шатанд гаргаж, үзэгчдэд цаг заваа чанартай зүйл үзэж өнгөрүүлэх боломжоороо хангаж байдагтаа талархаж, өөрсдөөрөө бахархдаг. Тавьсан зорилгоо давуулан биелүүлэхийн тулд хамтдаа тэмүүлж ажиллах нь яг л спорт шиг сорилт байдаг. Ингэж ажиллаад ажилдаа бараг донтоно шүү дээ (инээв).

Салбарын онцлогийн хувьд манай улсад контентын бизнес дөнгөж хөгжиж эхэлж буй гэж болно. Өнөөдөр айл өрх болгон SPS телевизийн бүтээлүүдийг үзэх боломжтой. Бидний хувьд гадаадын алдартай, том лигүүдийг дамжуулах эрхийг өндөр үнээр авдаг учраас контентоо үнэлэхээс өөр аргагүй. Гэвч хүмүүс сайн контентын ард хэчнээн их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулагддагийг тэр болгон сайн мэддэггүй нь жаахан харамсалтай. Олон хүн үнэгүй юм хэрэглэх гэдэг бэлэнчлэх сэтгэлгээнээс салж чадаагүй байгаагийн л илрэл юм даа. Гаднын орнуудад бол контент, оюуны өмчийг хүндэлж, хөдөлмөрийг нь үнэлэх тогтолцоо хэдийн бий болсон байдаг. Жишээ нь, АНУ-д NBA-гийн тоглолт үзэхийн тулд дунджаар сарын 30-40 ам.доллар төлөх шаардлагатай. Тийм болохоор үзэгчид, хэрэглэгчдээ чанартай контент гэдэг заавал үнэ цэнтэй байдгийг ойлгоосой гэж л хүсдэг дээ.

Мөн компани удирдаж яваа залуу эмэгтэй хүнийг нийгмээрээ хөнгөн хүлээж аваад байх шиг санагддаг. Хүмүүс хэн ярьж байгаад нь гол анхаарал хандуулаад байдаг. Уг нь хэн ярьж буйд биш, юу ярьж байгаад нь ач холбогдол өгөх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ энэ бол том асуудал биш ээ. Амархан юм гэж байхгүйг би ойлгодог.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Манай телевиз Монголд анх удаа техник, технологийн давуу байдал, чадварлаг хамт олны хүчээр бөхийн барилдааныг удаашруулах систем, дуу, дүрсний өндөр нягтралтайгаар нэвтрүүлж, элдэв маргаан үүсэхээс сэргийлж чадсан. Цаашид бид шууд дамжуулалтыг бүр илүү дэвшилтэт болгон график, статистикийг сайжруулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд гадаад контент худалдаж авахаас илүүтэй дотоодын контент үйлдвэрлэлдээ анхаарал хандуулах болно. Саяхны жишээ гэвэл, спортын бизнес, хөрөнгө оруулалтын тухай олны танил эрхмүүдтэй ярилцдаг “Insider” хэмээх шинэ нэвтрүүлэг гаргалаа. Одоогоор бид өөрсдийн 10 гаруй контентыг хөгжүүлэн, орон даяар таван сувгаар нэвтрүүлж байна.

Манай контентуудаас одоогоор “NBA” болон үндэсний бөх хандалтаараа тэргүүлж, хөл бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүд удаалдаг. Бусад олон улсын зах зээлтэй харьцуулахад манай улсын спортын контентын бизнесийн зах зээл жижигхэн, хүн ам цөөн тул энэ чиглэлийн хүний нөөц, боловсон хүчин дутмаг байдаг. Техник, технологийн хувьд асуудалгүй. Гол нь түүнийг ажиллуулж чадах мэргэжлийн хамт олон шаардлагатай. Тиймээс бид мэргэжлийн багийг бүрдүүлж, дэлхийн хэмжээний томоохон спортын тэмцээнүүдийг Улаанбаатар хотод албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар зорин ажиллаж байна.

Спортын контентын зах зээлийн ирээдүй цаашид е-спорттой уялдан хөгжиж, спортын виртуал орчин тренд болох чиг хандлагатай байгаа. Хүссэн хүн бүр нүдэндээ шил зүүгээд сагс, хөл бөмбөг тоглож болдог болно. Гэхдээ мэдээж, технологи хэчнээн хөгжлөө ч гэсэн хүмүүс сагс, хөл бөмбөгийг талбай дээр тоглож, үзэгчид нь хажуунаас нь үзэж, бодит мэдрэмж авсаар л байх болно. Харин контент үзэх нь дэлхийн хаанаас ч хялбар болсонтой холбоотойгоор аль ч спортын тоглолтын хугацаа богино, дүрэм нь энгийн болж, илүү энтертэйнмент хэлбэртэй болсоор байгаа. Сүүлийн үед хүчээ аваад байгаа FIBA 3 х 3 сагсан бөмбөгийн нэг тоглолт л гэхэд 10 минут үргэлжилж, хажууд нь DJ хөгжим тоглож, түүнийг нь онлайнаар шууд дамжуулж байх жишээтэй.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Уран зохиолын бус ном түлхүү уншдаг. Тэдгээрээс философийн номууд их сонирхолтой санагддаг. Их сургуульд байхдаа философийн хичээлдээ ч их дуртай байлаа. Одоо бол ажлын шаардлагаар бизнес, маркетинг, менежментийн номууд унших нь ихсээд байна. Бидэнд сурч мэдэх зүйл мэдээж маш их.

Унших арга барилын хувьд олон номыг зэрэгцүүлэн унших дуртай. Ажил, хоолны ширээ, том өрөөний буйдан, унтлагын өрөө гэх мэтээр нүдэнд харагдах газрууд номуудаа тавиад сэлгэж уншдаг.

Одоогоор Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын бичсэн “Art of Happiness”, сошиал медиаг хэрхэн үр дүнтэй ашиглах тухай “The Dragonfly Effect: Quick, Effective, and Powerful Ways to Use Social Media to Drive Social Change”, Бразилын “3G Capital” компанийн гурван үүсгэн байгуулагчийн тухай “Big dream”, Harvard Business Review-ээс гаргасан Manager’s Handbook зэрэг номыг эхлүүлсэн уншиж байна. Энэ далимд, XIV Далай ламын дэргэд шавилан сууж байсан Америкийн иргэн Робэрт Төрмэний өөрийн туршлагад тулгуурлан, зөв амьдралын дадлыг хэвшүүлэх тухай өгүүлсэн “Хязгааргүй амьдрал” номыг санал болгоё.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Чимээгүй орчинд ажиллах дуртай. Гэхдээ сүүлийн үед бас шуугиантай орчинд анхаарлаа төвлөрүүлж сурахыг хичээдэг болоод байгаа.

Гэртээ хүүхдүүдтэйгээ байхдаа сонгодог хөгжим сонсох таатай байдаг. Машинд бол харин хааяа хип хоп, рэп, трап хөгжим сонсох дуртай. Монгол рэп хамтлагуудын бараг л бүх дууг сонсож өссөн дөө. Татар, Gee, Vanquish, Opozit-ээс авхуулаад сүүлд гарч ирсэн Vandebo хамтлагийн дуунууд ч таалагддаг. Рэп уран бүтээлчид дуугаараа дамжуулан мэдрэмжээ илэрхийлж, нийгмийн асуудал, бэрхшээлийг нууж хаалгүй дуулдаг нь таалагддаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би их гэр амьтай хүн. Амралтын өдрүүдэд хүүхдүүдээ гадуур дагуулж явна. Эмэгтэй хүн болохоор мэдээж бас цаг зав гарган гоо сайхны газар орохыг бодно. Заримдаа боксын клубд очдог. Багаасаа л бокс сонирхдог байсан юм. Гэхдээ сүүлийн үед арай өөр спортоор хичээллэж үзэхээр шийдээд байгаа. Уг нь сагс тоглох дуртай ч хамт тоглох баг тэр бүр олдохгүй учраас тэр болгон тоглож чадахгүй л явна.

Манайд ер нь саяхныг болтол багийн спортын хөгжил харьцангуй тааруу байсан. Сүүлийн үед зарим багийн спортоор манайхан амжилтаа ахиулж байгаа нь сайхан хэрэг. Багийн спортод ганцаарчилсан тоглолтоор амжилтад хүрэхэд бэрх санагддаг. Тиймээс бид багийн тоглолт сайн хийдэг болоход, багийн спортуудаа сайн хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй санагддаг юм.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би сошиал медиа дээр хөдөлмөрч, амжилтад хүрсэн хүмүүсийн тухай пэйж хуудаснуудыг дагаж, үлгэр жишээ, урам зориг авах дуртай. Стив Жобсын “Stay Hungry, Stay foolish” гэх үгийг байнга бодож явдаг. Тэр хүний инновацлаг, хөдөлмөрч, тууштай чанар үнэхээр бишрэм санагддаг. Мөн аав, ээж минь асар хөдөлмөрч, хичээнгүй хүмүүс учраас би өөрийгөө залхуу байх эрхгүй гэж боддог юм.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Надад нэг хүн “Өөрийнхөө хүссэн, зорьсноор яваарай. Тэртээ тэргүй чамайг хэн ч хорилоо гэсэн, чи хийх зүйлээ хийгээд л явах хүн” гэж хэлж байсан нь мартагддаггүй. Тэр үг надад зорьсноо биелүүлж чадах юм байна гэсэн итгэлийг өгсөн шүү.

ҮЕИЙНХЭН, ДҮҮ НАРТАА ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Аливаад ёс зүйтэй, хүмүүст хүндэтгэлтэй байж, бусадтай баг болж ажилладаг байгаарай гэж хэлэхийг хүсдэг дээ. Бид шинэ залуу үеийнхэн гэдгээ мартаж болохгүй. Шинэ үеийнхэн хэзээ ч нэг нэгийнхээ урдуур ордоггүй, хөл дээр гишгэдэггүй. Харин бие биедээ зам тавьж өгч, хамтран ажиллаж, нэгийгээ дэмждэг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Спортын салбарыг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж буй М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав ахыг санал болгоё. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны FIBA 3x3 тэмцээнийг Монголд нэвтрүүлж, энэ спортод дуртай олон чадварлаг, авьяастай залуусыг нэгтгэн, тэднийг бүх талаар дэмждэг энэ хүнтэй ярилцаасай гэж хүсэж байна.