Дэлхийн Банк Группийн гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC) нь BHP Сан, Unread Media-тай хамтран "Ус ба уул уурхай" сэдэвт дата хакатоныг 10-р сарын 19, 20-нд Улаанбаатар Инновацын Төвд зохион байгуулсан билээ. Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Хөгжлийн төлөөх ил тод байдал хөтөлбөрийн (D2D) хүрээнд зохион байгуулсан энэхүү дата хакатоны зорилго нь дижитал технологитой холбоотой салбар бүрийн залуу мэргэжилтнүүд байгалийн нөөцтэй холбоотой нээлттэй өгөгдөл, мэдээллийг ашиглан инновацлаг шийдлүүд боловсруулах юм. Энэ хүрээнд оролцогчид усны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас зөвлөгөө авч, хэрхэн өөрсдийн шинэ санааг хөгжүүлэн, бүтээлч шийдэл гаргасныг онцлон хүргэж байна. 

Дата хакатоны тухай 

"Ус ба Уул уурхай" дата хакатон нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, усны чиглэлийн мэргэжилтнүүд, орон нутгийн иргэд, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийсэн судалгааны үр дүнд дараах 8 асуудлыг дэвшүүлэн, оролцогчдод шинэ санаа, шийдэл боловсруулах даалгавар өгсөн юм. Үүнд:

1. Уул уурхайн салбар дахь үр ашигтай ус ашиглалт
2. Засгийн газарт төвлөрч буй уул уурхайн салбарын ус ашигласны төлбөрийн орлогын менежмент
3. Өөр өөр салбар дахь усны нөөцийн хуваарилалтыг баримтад тулгуурлан шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах нь
4. Усны нөөцийн түвшин болон чанарын мониторинг
5. Устай холбоотой харилцаанд оролцогч талуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах, инновацыг нэвтрүүлэх нь
6. Усны менежмент, хариуцлагатай байдлыг сайжруулахад уул уурхайн компани ба орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэхэд боломжит технологийн болон стратегийн шийдлүүд
7. Усны менежментийг сайжруулахад хариуцлагын шинэлэг механизмыг нэвтрүүлэх нь
8. Тогтвортой ус ашиглалт

Хакатоны эхний шатанд 480 залуус багаараа болон ганцаараа бүртгүүлснээс II шатны шалгаруулалтад үлдсэн шилдэг 12 багийн төлөөлөл 36 цагийн турш тоон өгөгдөл боловсруулан, санаагаа хөгжүүлэн ажилласан юм. Ингээд оролцогчдын ус ба уул уурхайтай холбоотой нээлттэй датаг хэрхэн боловсруулж, асуудлын шийдлийг бүтээлчээр илэрхийлэн шүүгчдэд танилцуулсныг хүргэе.

III байр: М Team

Сэдэв:
Уул уурхайн салбар дахь үр ашигтай ус ашиглалт ;
Усны менежмент, хариуцлагатай байдлыг сайжруулахад уул уурхайн компани ба орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэхэд боломжит технологийн болон стратегийн шийдлүүд

Тулгамдаж буй асуудал:
Уул уурхайн компаниудын уулын ажлын тайлан, санхүү, татвартай холбоотой бүх баримт бичгүүд цахим хэлбэрт шилжсэн боловч ус ашиглалттай холбоотой дата мэдээллийг өдийг хүртэл уламжлалт цаасан хэлбэрээр цуглуулж, тайлагнаж байгаа аж.

Шийдэл:
Энэ хүрээнд усны үр ашигтай хэрэглээг хэмжих шинэ хэмжүүр “М Индекс”-ийг боловсруулснаас гадна ус ашиглалтын дата, мэдээллийг олон нийтэд мэдээлэх тайлангийн нэгдсэн платформ бүтээжээ.

Тайлбарлах нь:
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд усны хэрэглээ, ашиглалттай холбоотой тайлан мэдээллийг эрх бүхий байгууллагууд руу цаасаар хүргүүлдэг. Ингэхдээ өөрсдийн бэлтгэсэн загварын дагуу бэлтгэдэг тул өдийг хүртэл усны тайлангийн нэгдсэн стандартгүй явжээ. Тайланг цаасаар хэвлэж холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудад хүргүүлдэг тул чирэгдэл ихтэй, олон шат дамжлагатайгаас гадна цаасан мэдээлэл дээр мэргэжлийн дата анализ хийхэд маш хүндрэлтэй аж.

Шийдэл:
Дээрх асуудлын хүрээнд "М" баг нь ус ашиглалтын тухай мэдээллийн нэгдсэн систем бий болгох нь зүйтэй хэмээн үзжээ. Шийдлээ боловсруулахдаа 36 цагийн дотор олон нийтэд нээлттэй мэдээллийн эх сурвалжуудаас уул уурхайн салбарын 2000 гаруй компанийн дөрвөн жилийн ус ашиглалтын тайлангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, уул уурхайн компаниудын усны үр ашигтай ашиглалтыг индекслэн хэмжих “М Индекс”-ийг шинээр хөгжүүлсэн байна. Тус индекс нь уул уурхайн компаниуд, нутгийн иргэд, төрийн байгууллага хоорондын усны хэрэглээний талаарх ойлголтын зөрүүг арилгах, нэгдсэн ойлголт, тогтсон стандарт, хэмжүүрийг бий болгох зорилготой ажээ.

"М" индексийг цаашид улам сайжруулахын тулд ус ашиглалтын дата, тайлан мэдээллийг ил тод, нээлттэй болгох, усны хэрэглээг тайлагнах үйл ажиллагааг хялбарчлан дижитал хэлбэрт шилжүүлэхийг санал болгосон юм. Ингэхдээ цахим гарын үсгээр баталгаажуулах боломж бүхий ухаалаг тоолуурыг ашиглан баталгаатай дата, мэдээллийг хүлээн авах, тайлагнах шийдлийг танилцуулсан.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагууд хоорондоо цаг алдалгүй мэдээлэл солилцохоос гадна усны тайланг хялбарчилж, ил тод, нээлттэй, үнэн бодитой мэдээллийг түгээхэд чухал ач холбогдолтой юм. Мөн усны үр ашигтай зарцуулалтыг төр засгаас дэмжих боломжийг илүү цогцоор шийдэх шинэлэг санаа болжээ.

II байр: Beelog Tech

Сэдэв:
Усны нөөцийн түвшин болон чанарын мониторинг

Тулгамдаж буй асуудал:
Зарим аж ахуйн нэгжүүдийн ус бохирдуулсны төлбөр төлсөн байдал, ус бохирдуулснаас хүлээх хариуцлага өнөөг хүртэл хуулийн хүрээнд хангалтгүй, сул байгаа юм.

Шийдэл:
Дээрх асуудлыг шийдэхийн тулд өртөг багатай сенсор мэдрэгч төхөөрөмж ашиглан голын усны бохирдлын төвшинг тодорхойлж, цуглуулсан дата мэдээллийг гар утасны мессэжээр дамжуулан олон нийтэд шуурхай түгээх шийдлийг боловсруулжээ.

Тайлбарлах нь:
“Beelog Tech” баг нь голын усанд усны чанарын дөрвөн үзүүлэлтийг хэмжих мэдрэгч сенсор байрлуулжээ. Энэ нь PH, умбуур бодис, булингар, температур, химийн хэрэгцээт хүчилтөрөгч гэх таван үзүүлэлтийг 7 хоногийн 24 цагийн турш хүний оролцоогүйгээр хэмжин, дата мэдээллийг цуглуулах үйлдэлтэй аж.

Шийдэл:
Тэд Төв аймагт алтны олборлолт явуулж буй уул уурхайн компаниудын усны хэрэглээ, усны бохирдлын төлбөр төлсөн байдлын тухай дата мэдээллийг цуглуулан, аж ахуйн нэгжүүдийн ус бохирдуулсны төлбөр хангалтгүй, бохирдуулсан тохиолдолд хүлээх хариуцлагагүй байгааг шийдэхийг эрэлхийлжээ. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд хариуцлагатай уул уурхай эрхлэх, төрийн байгууллагуудад усны бохирдлоос авах татварыг бодитоор хэмжиж тогтоох, нутгийн иргэдэд байгаль орчны мэдээллийг өгөх ач холбогдолтой технологийг санал болгосон юм.

Тус баг өөрсдийн бүтээсэн сенсорыг хакатоны үеэр танилцуулж, бодитоор туршилт хийн үзүүлсэн юм. Тэрхүү төхөөрөмжид цугларах дата мэдээллийг хөндлөнгийн аудитын байгууллагуудаар хянуулж, Засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй хүлээн авах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, голын урсгалд бохирдол, булингартай ус орж ирсэн тохиолдолд орон нутгийн иргэдэд мессэж хэлбэрээр автоматаар илгээн, цаг тухайд нь мэдээлэх юм. Цаашид энэхүү санааг блокчейн технологиор илүү хөгжүүлж, дата мэдээллийг хэн ч хөндлөнгөөс өөрчлөх боломжгүйгээр шийдэх боломжтой хэмээн онцолсон.

I байр: Miners

Сэдэв:
Өөр өөр салбар дахь усны нөөцийн хуваарилалтыг баримтад тулгуурлан шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах нь

Шийдэл:
Датад суурилсан усны нөөцийн хуваарилалт хийх шийдэл болон усны тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх тоглоом

Тайлбарлах нь:
Дэлхийн улс орнууд шинжлэх ухааны нарийн судалгаанд үндэслэн, төрөл бүрийн програм хангамжийн шийдлийг ашиглан усны нөөцийн хуваарилалт хийдэг бол манай улсад усны нөөцийг хэрхэн хуваарилах тодорхой бодитой ажлууд өнөөг хүртэл хэрэгжээгүй ажээ.

Өдгөө Монгол Улсад нийт усны хэрэглээний тал хувийг газар тариалан, мал аж ахуйд хэрэглэж, усан болон дулааны цахилгаан станц удаалж буй юм. Харин улс орны эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болсон уул уурхайн салбарт усны хэрэглээний 16.8 хувийг ашигладаг.

Шийдэл:
Ус нөөцийг зөв хуваарилах нь усыг зүй зохистой ашиглах үндсэн гол түлхүү учраас дээрх салбаруудын усны нөөцийн хэрэглээний зохистой хуваарилалтын төлөвлөгөөг гаргахын тулд таван хүчин зүйлсийг харгалзан үзэж, математик оновчлол ашиглажээ. Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг салбаруудын эдийн засгийн өгөөж, усны нөөц ашигласан байдал, гүний усны нөөц, ус ашиглах эрхийн эрэмбэ, хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөө зэрэг таван хүчин зүйлсийг харгалзан дүн шинжилгээ хийж, цаашид усны зөв хуваарилалт хийх боломжит төлөвлөгөөт загварыг гаргасан байна.

Усны нөөцийг ашигласан байдлыг тодорхойлохдоо нэг сая төгрөгийн орлого олоход хэчнээн шоо метр ус ашигласан тухай үнэлгээ хийсэн аж. Уул уурхайн салбарын хувьд гэхэд 9.5 шоо метр куб хэрэглэдгээрээ бусад салбартай харьцуулахад хамгийн бага ус хэрэглээтэйд тооцогдож байна. Энэхүү загварын гол хэрэглэгчийг холбогдох яамд болон сав газрын захиргаанууд хэмээн үзэж буй аж.

Энэ хүрээнд улс орны эдийн засгийг тэтгэж буй олон салбаруудын ус ашиглалтын талаар олон нийтэд ойлголт өгч, ус хуваарилалтын талаар мэдлэг өгөх зорилготой боловсролыг дэмжих цахим тоглоом зохион бүтээжээ. Тус тоглоомыг тоглож буй хэрэглэгчдээс усны хэрэглээ, хуваарилалтын талаарх байр суурь, санал хүсэлтийг авахын тулд хөнгөн, хөгжилтэй энгийн шийдлийг эрэлхийлсэн нь энэ аж.

ДАТА ХАКАТОНЫГ ДҮГНЭХ НЬ

Ийнхүү олон нийтэд хэрэгцээтэй устай холбоотой үнэн бодитой, цэгцтэй мэдээллийг түгээх зорилготой энэхүү дата хакатонд мэдээлэл технологи болон усны чиглэлээр мэргэшсэн олон залуус уул уурхайн салбарын усны менежментийн асуудлуудыг бүтээлчээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, датанд суурилсан олон шинэ, сонирхолтой санааг хөгжүүлэн ажиллалаа. Энэ хүрээнд багууд уул уурхайн салбарын оролцогч талуудын холбоо харилцааг сайжруулах, дата мэдээллийг нэгдсэн стандарт, системд оруулахад чиглэсэн олон сонирхолтой шийдэл гаргажээ.

Тухайлбал, Reflection багийнхан уул уурхайн компаниудын усны хэрэглээний дата мэдээллийг ил тод цэгцтэй болгох вэб сайтыг бүтээж, Засгийн газар, уул компаниуд, нутгийн иргэд, бусад хөндлөнгийн байгууллагуудын мэдээллээ солилцох нэгдсэн платформын шийдэл хөгжүүлжээ. Харин Vimo багийнхан ус болон уул уурхайн нэгдсэн дата мэдээллийн хайлтын системийг машин сургалтад суурилсан таамаглах алгоритмын дагуу бүтээсэн юм.

Ингээд "Water and Mining" дата хакатонд тэргүүн байр эзэлсэн баг дөрвөн сая төгрөг, Hub Innovation Center-ийн 3 сарын гишүүнчлэлийн эрхээр шагнуулсан бол II байранд орсон баг 2,5 сая төгрөгийн эзэн боллоо. Мөн Оюу Толгой ХХК энэхүү арга хэмжээг дэмжиж, III байранд орсон багт өөрсдийн нэрэмжит шагнал буюу байгалийн чулуун дурсгалын батламж болон оролцогч тус бүрд "Kindle" ном уншигч дурсгасан юм. Мөн бүх оролцогч багууд Hub Innovation Center-т суух гишүүнчлэлийн эрхээр шагнуулсан билээ.