Apple, Google зэрэг технологийн салбарын гол тоглогчид тоглоомын зах зээлд хүч түрэн орж, дуу, дүрсний өндөр чанар бүхий олон үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулаад буй. Тиймээс бид энэ удаа Apple компани өнгөрсөн есдүгээр сарын тусгай арга хэмжээний үеэр шинээр танилцуулсан Apple Arcade-ийг онцлон танилцуулж байна. “Play extraordinary” уриатай Apple Arcade тоглоомын үйлчилгээ нь өнгөрсөн есдүгээр сарын 19-нөөс олон нийтэд нээлттэй ашиглах боломжтой болсон юм. Хэрэглэгчид ердөө 4.99 ам.доллар төлөөд, тоглоомын сангаа тогтмол арвижуулж буй Apple Arcade-ийг ашиглах боломжтой.

Одоогоор 100 гаруй тоглоомыг нэгэн дор төвлөрүүлсэн Apple Arcade нь бусад тоглоомоос ялгарах олон онцлогтой. Тухайлбал, хэрэглэгч сарын хураамжаа төлөөд гэр бүлийн зургаа хүртэлх гишүүнтэй хуваалцан, график, дуу дүрсний өндөр чанар бүхий тоглоомуудаас хүссэнээ сонгон, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Энэ хүрээнд iOS үйлдлийн систем дэх ‘Screen Time’ функцийг ашиглан хүүхдийнхээ тоглох цагийг хянаж болно.

Тоглоомуудад түгээмэл байршдаг ad буюу сурталчилгаа, бусад нэмэлт төлбөрийг байршуулаагүй учраас таны тоглох орон зайд саад учруулахгүй. Тоглоомуудын чанар, нягтаршил өндөр, багтаамж ихтэй тул татаж авахын тулд бага зэрэг өндөр хурдны интернет, Wi-Fi шаардлагатай болж магадгүй. Харин нэг татсан бол онлайн, оффлайн бүх орчинд ажиллуулж болно. Зөвхөн iPhone гэлтгүй iPad, Mac, Apple TV ашиглан тоглох боломжтой.

Apple компани нь энэхүү платформыг хөгжүүлэхийн тулд дэлхийн хамгийн шилдэг хөгжүүлэгчидтэй хамтран тоглоомуудад сар бүр шинэ үйл явдал, дүр бүрийг бүтээн, хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Мөн эхний сар ямар ч хураамж төлөхгүйгээр “trial” хувилбарыг ашиглах боломжтой ажээ.

1. what the golf?

Насны ангилал: 9+
Төрөл: Сasual
Тоглох боломжтой тоглогчид: 1
Багтаамж: 396MB
Хөгжүүлэгч: Triband

Гольфыг зөвхөн гольфын бөмбөг, цохиураар төсөөлж болохгүй. Та уг тоглоом дотор байшин, тэжээвэр амьтад, бүр өөрөөрөө цохиур хийн, гольфын бөмбөгийг нүх рүү оруулах даалгаврыг гүйцэтгэнэ. Даалгаврын хамгийн сүүлийн мөч буюу нүхэнд бөмбөгөө оруулах хүртэл сонирхолтой сорилтууд таныг угтаж байх болно.

Энэхүү тоглоом нь физикийн зарим хуулиуд дээр суурилсан тул үйлдэл нь хялбархан боловч зарим үед эсрэгээрээ эргэх нь тун сонирхолтой. Зарим үе дээр эцсийн боломжоо шавхтал, юу хийхээ мэдэхгүй гацах тохиолдол гарна. Тоглоомыг бүтээгчид таныг гайхшруулах олон сонирхолтой, толгой "ажиллуулах" шатуудыг бэлтгэжээ.

2. Sayonara Wild Hearts

Насны ангилал: 9+
Төрөл: Action
Тоглох боломжтой тоглогчид: 1
Багтаамж: 1.1GB
Хөгжүүлэгч: Simogo

“Sayonara Wild Hearts” нь зүрхний маш хүчтэй цохилтыг мэдэрч буй эмэгтэйн үйл явдлаар өрнөнө. Зүрхний хүчтэй цохилтыг тогтворжуулахын тулд тоглолтын туршид олон сонирхолтой саад бэрхшээлийг даван гарч, оноо цуглуулан дараагийн үе рүү шилждэг. Сонирхуулахад, тус тоглоомын хөгжим, дүрүүд, өнгө төрх нь үйл явдлаасаа илүү онцгой санагдуулам болжээ. Гэвч уг тоглоомыг ганцхан товчоор удирддаг нь бага зэрэг төвөгтэй санагдлаа.

3. Pilgrims

Насны ангилал: 12+
Төрөл: Adventure
Тоглох боломжтой тоглогчид: 1
Багтаамж: 344.8MB
Хөгжүүлэгч: Amanita Design

Тус тоглоом нь эзгүй тал хээрт майхандаа ганцаараа сэрж буй залуу идэх юмны эрэлд гарснаар эхэлдэг. Гол дүрийн баатар олон саад бэрхшээл, бусдын тусламжтай учрах бөгөөд энэ бүгдийг давах аргуудыг эрэлхийлэн нийт 45 ширхэг картыг цуглуулснаар тоглоомыг дуусгана. Адал явдлыг ганцаар эхлүүлсэн баатар үйл явдлын явцад картууд цуглуулах тусам олон дагуултай болж хамтрагчтай болох боломжтой. Хэрэв та адал явдалд дуртай, олон сонирхолтой даалгаврыг биелүүлэхийг хүсвэл Pilgrims-ийг сонгоорой.

4. Speed Demons

Насны ангилал: 12+
Төрөл: Racing
Багтаамж: 184.1MB
Хөгжүүлэгч: Radiangames

Авто машины уралдааныг өөр нэгэн гайхалтай хувилбараар мэдрэх боломжийг Apple Arcade өгч байна. Speed Demons нь замын хөдөлгөөний өндөр ачаалалтай хэсэгт түгжрэл, дүрмийг үл хайхран уралдахыг санал болгоно. Уралдаантай тоглоомууд ихэвчлэн олон товч ашиглан уралддаг бол тус тоглоомыг зөвхөн нэг хуруугаа гулсуулах байдлаар хурдаа нэмж, хасан жолооддог. Мөн зөвхөн нэг зам дээр уралдах биш шат ахих тусам шинэ, сонирхолтой адал явдалтай учрах нь танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

5. Monomals

Насны ангилал: 9+
Төрөл: Music
Тоглох боломжтой тоглогчид: 1
Багтаамж: 793.1MB

Тус тоглоом нь хөгжимтэй хослон, хүний сонсголын чадварыг хөгжүүлэх зорилготой хэлж болно. Туулай, мэлхий, бар зэрэг амьтад DJ дүр хувиран, усан доогуур шумбаснаар адал явдал эхэлнэ. Ингээд усан доор олон төрлийн хөгжим эгшиглүүлэн, усны амьтдыг барьж авах зорилготой. Усан доорх амьтдыг барихдаа өөрсдийн дуртай ая, хөгжмийг зохиож, түүнийгээ сонсонгоо адал явдлаа үргэлжлүүлэх нь тун таатай. Замын турш учрах олон саад, тотгорыг туулахад таны зохиосон хөгжмүүд л "хань" болно.

6. RAYMAN MINI

Насны ангилал: 4+
Төрөл: Action
Тоглох боломжтой тоглогчид: 1
Багтаамж: 285.8MB
Хөгжүүлэгч: Ubisoft

"Rayman Mini" нь Super Mario тоглоомтой олон талаараа төстэй. Гэхдээ энэхүү тоглоомын ялгарах гол онцлог нь гол дүрийн баатар Rayman зогсолтгүй гүйсээр байдаг. Усан доор сонирхолтой олон адал явдалтай учрах явцдаа оноог цуглуулан, гурван хайрцгийг онгойлгох нь тоглоомын гол зорилго нь юм.

7. Pac-Man party royale

Насны ангилал: 4+
Төрөл: Сasual
Тоглох боломжтой тоглогчид: 1-4
Багтаамж: 83.9MB
Хөгжүүлэгч: BANDAI NAMCO

Олон хүний хүүхэд насных нь дуртай тоглоомын нэг Pac-Man тоглоомын нэгэн шинэ хувилбарыг Apple Arcade ашиглан тоглох боломжтой болжээ. Battle Mode буюу 1-4 тоглогч тулалдааныг эхлүүлэх эсвэл бусдын тулалдааны кодыг ашиглан тоглож болно. Тоглоомын дүрэм нь Pac-Man-ий дүрэмтэй яг ижил бөгөөд график дүрслэл, сүнснүүд, тоглогчдын хөдөлгөөн зэргийг шинэчилжээ.

Найзуудаа уруу татан нэг өрсөлдөөд үзээрэй!

8. Dear Reader

Насны ангилал: 12+
Төрөл: Puzzle
Тоглох боломжтой тоглогчид: 1
Багтаамж: 149.2MB
Хөгжүүлэгч: Local No.12

Хэрэглэгчдийн англи хэлний дүрэм, унших чадварыг ахиулах боломжийг уг тоглоом олгоно. Ингэхдээ тоглоом доторх номуудыг хурдан уншлагын аргаар уншиж, унших явцдаа үгсийг зөв байрлалд нь оруулах даалгаврыг гүйцэтгэнэ. Унших номууд нь шинжлэх ухаан, шашин, утга зохиол, яруу найраг, богино өгүүллэг зэрэг олон төрөлд багтах тул таны мэдлэгийн хүрээг тэлэх боломжтой. Тиймээс зөвхөн тоглоом тоглож зугаацахаас гадна шинэ мэдээллийг олж авах давуу талтай юм. Тоглоомын таавруудыг өгөгдсөн үгийг зөв байрлалд оруулах, буруу бичигдсэн үгийг олж засах, хэллэгийг засах, бурууг нь сонгох зэргээр шийджээ.

Танд дээрх тоглоомуудаас аль нь хамгийн их таалагдсан вэ? Энэхүү шинэ тоглоомуудаас гадна өөрийн тоглох дуртай Apple Arcade-ийн бусад тоглоомыг хуваалцаарай. Тоглоомын үйлчилгээ, технологийн шийдлийн тухай бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлээрэй.