Хүн төрөлхтөн анх 1886 онд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашиныг зах зээлд гаргаснаас хойш 133 жил өнгөрчээ. Өдгөө дэлхий дээр нэг тэрбум гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.

Автомашинаас ялгарах хорт утаа нь дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын 20 хувийг дангаар эзэлж, агаарын бохирдлын 40 хувийг үүсгэж буйг та мэдэх үү? Түүнээс гадна зөвхөн автомашины ослоос болж жилд дэлхий дээр 1.2 сая хүн амь насаа алдаж буй нь харамсалтай.

Дэлхийн нийт хотуудын  хүн амын тоо 2050 он гэхэд одоо байгаагаасаа 70 хувиар өсөх тооцоо бий. Энэ хэрээр орчны дуу чимээ, бохирдол, төвлөрөл бий болж, байгаль орчинд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд олон сөрөг үр дагавар бий болсоор байна. Тиймээс дэлхийн томоохон хотууд автомашинаас татгалзах хөдөлгөөнд нэгдэн, хууль эрх зүйн хүрээнд эрчимтэй арга хэмжээ авч эхлээд байгаа юм.

Энэ хүрээнд бид ээлжит дугаартаа тогтвортой тээврийн асуудлын хөндөж, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд халгүй тээврийн хэрэглээг бий болгох боломж, шийдлүүдийг түгээхээр бэлтгэлээ.

Тайлбарлах нь

Манай улсад анх 1913 онд суудлын автомашин нэвтэрснээр орчин үеийн тээврийн салбарын эхлэл тавигдсан гэдэг. Энэ хүрээнд 1936 онд Улаанбаатар хотын жолооч нарын анхдугаар хурал болж, авто тээврийн жолооч нарын сахилга бат, замын хөдөлгөөний дүрмийн мөрдөлтийг хэлэлцжээ. Энэ үед Улаанбаатар хотод алба болон амины ердөө 400 гаруй автомашин байсан аж.

Түүнээс хойш 1938 онд анх Улаанбаатар-Налайхын чиглэлд нарийн төмөр зам, 1945 оноос Москва-Улаанбаатарын хооронд онгоцоор зорчигч тээвэрлэх болж, аймгуудад эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхэд онгоц хэрэглэх болсноор Монголын төмөр замын болон иргэний агаарын тээврийн салбарын эх үүсвэр тавигджээ.

Ийнхүү манай улсын тээврийн салбарыг дөрвөн төрлийн тээвэр бүрдүүлж байгаа юм. Гэхдээ манай улсад бүртгэгдсэн нийт тээврийн хэрэгслийн 65 хувийг суудлын автомашин эзэлж буй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал жилээс жилд автомашины хэрэглээ тогтмол нэмэгдэж, 2018 онд манай улс 87.8 мянган суудлын автомашин импортолсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Тээврийн хэрэгсэл бол аливаа улсын эдийн засгийг урагшлуулах гол хүрд болж, хүн төрөлхтний бүх ажлыг хөнгөвчлөх хамгийн чухал хэрэглээ болоод байна. Гэвч тээврээс ялгарах хорт утаа, осол аваар зэрэг нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулсаар байна. Тухайлбал, автомашинаас ялгарч буй утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлэн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.

Учир нь, тээврийн хэрэгслээс ялгарч буй утаанд 260 гаруй төрлийн хорт бодис агуулдаг учраас амьсгалын замын төрөл бүрийн өвчнөөс авахуулаад хорт хавдарт үүсгэх өндөр эрсдэлтэй нөхцөл бий болсон. Тэрхүү хорт бодисууд дотор нүүрстөрөгчийн давхар исэл нь зонхилдог аж. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тус бодис нь хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлөөрөө цацраг идэвхт бодисын дараа хоёрдугаарт ордог байна. Тиймээс бид автомашины хэрэглээгээ бууруулахын тулд түүний хор уршгийн эсрэг тэмцэж, байгальд ээлтэй хандлагыг бий болгохын тулд унадаг дугуй унах, явган алхахыг дэмжин, нийтийн тээврийг түлхүү ашиглах хэрэгтэй байна.

"Beeco" компанийн үүсгэн байгуулагч Б.Очирбат

ЧИГ хандлага

Өдгөө АНУ болон Европын холбооны орнууд байгаль орчин, хүний эрүүл мэндэд хөнөөлтэй тээврийн хэрэгслийн тоог бууруулах чиглэлд эрчимтэй арга хэмжээ авч буйгаараа үлгэр жишээ болсоор байна. Тэд 2050 он гэхэд хүлэмжийн хийг 60 хувь бууруулахын тулд юуны түрүүнд хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслийг цөөлөх шаардлагатайг онцолж, шат дараалсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тухайлбал, автомашин үйлдвэрлэгч “Ford” компани Big Data ашиглан автомашины түлшний зарцуулалт, агаарт ялгаруулж буй бодисын хэмжээ зэргийг нарийн тооцоолж, зохистой түлшний хэрэглээ бий болгохоор зорьж байна.

Тэгвэл улс орнууд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ? Германы Хамбург хотын хувьд 2030 он гэхэд нийт газар нутгийн 40 хувийг явган хүн болон дугуй унагчдад зориулан өөрчилж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн зэргийг барихаа мэдэгдсэн билээ. Мөн насжилт өндөртэй дизель хөдөлгүүрт автомашиныг зарим гудамжинд зорчихыг хориглож, Евро-6 стандартын шаардлага хангасан автомашиныг хөдөлгөөнд оруулна хэмээсэн юм. Энэ хүрээнд 2020 он гэхэд ХБНГУ-д нэг сая гаруй цахилгаан хөдөлгүүрт автомашин хэрэглэх ёстой ажээ.

Мөн Францын нийслэл Парис хот Европ тивдээ агаарын бохирдлоороо хамгийн өндөрт тооцогддог. Хотын захиргаанаас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 1997 оноос өмнө үйлдвэрлэгдсэн машиныг хотын төвөөр ажлын өдрүүдэд зорчихыг 2016 оноос хориглосон юм. Хэрэв явсан тохиолдолд торгууль төлөх шаардлагатай. Мөн сар бүрийн эхний ням гарагийг автомашингүй өдөр болгон, 10.00 - 18.00 цаг хүртэл автомашин явахыг хязгаарлажээ.

Тэгвэл Лондон хот XX зуунд агаарын бохирдлын улмаас олон мянган иргэнээ алдсан гашуун түүхтэй. Парис хотын нэгэн адил 2020 он гэхэд хотын төвөөр дизель хөдөлгүүртэй автомашин зорчихыг бүрэн хориглохоор болсон бөгөөд үүнийг зөрчсөн автомашин ба жижиг таксинуудаас өндөр татвар авч эхэлснээр замын хөдөлгөөний ачааллаа 30 хувиар бууруулжээ. Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрт автомашинаас татгалзах хөдөлгөөн давалгаалсаар байна.

зөвлөгөө

НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрээс ялгарах утаа багтдаг. Таны унаж буй автомашин гэр бүл, найз нөхөд төдийгүй хүрээлэн буй орчинд шууд сөргөөр нөлөөлж буй учраас дэлхийн дулаарал, хүлэмжийн хийг бууруулахын төлөө дараах зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

  • Хэрэв та автомашин унахын оронд өдөрт багадаа 30 минутдугуй унавал 3.5-аас 14 литр бензин хэмнэх боломжтой. Ингэснээр АНУ-д гэхэд сард 16-64 ам.доллар хэмнэдэг гэнэ.
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт 10 мянган алхам алхах хэрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс зуны улиралд аль болох алхахыг хичээгээрэй.
  • Цахилгаан автомашинд бензиний насос, олон төрлийн шүүлтүүр, дамжуулах эд анги байдаггүй учраас агаарт хорт утаа ялгаруулдаггүй. Тиймээс гэр, ажил хоёрын хооронд зорчих хэрэглээгээ цахилгаан автомашинаар шийдээрэй.
  • Хэт хурдтай автомашин жолоодох нь шатахууны хэрэглээг 30 хувь хүртэл нэмэгдүүлэхээс гадна зам тээврийн ослын гол шалтгаан болдог. Тиймээс аль болох хурдаа тохируулж, жигд хурдтай явах нь зүйтэй.

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn/