Хүний хэрэгцээ гэдэг хязгааргүй. Нэгийн дараа нөгөөг эзэмших гэсэн хүн төрөлхтний тасралтгүй хүсэл, хэрэгцээгээр удирдуулсан зах зээлийн энэ эрин үед байгалийн нөөц шавхагдах аюул нүүрлээд буй. Өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулагдсан 74 дэх удаагийн НҮБ-ын Ерөнхий ассемблэйн үеэр 16 настай, Шведийн активист Грета Тюнбергийн хэлсэн үг энэ талаар далайцтай хэлэлцүүлэг өрнүүлж байгааг та бид мэднэ. Дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны асуудалд төвлөрүүлэхээр оролдож буй шинэ үеийнхний энэ мэт дохиог хүрээлэн буй орчин, эдийн засагт эрх баригчдаас дутуугүй нөлөөлдөг орон орны томоохон байгууллагууд хэрхэн хүлээн авсан бол. Хурцадмал байдал, цаг үеийн чиг хандлага, залуу үеийнхний дуу хоолой, хүсэл эрмэлзлийг хүлээн авч, алсын хараатай үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, тийш шилжиж яваа сайн жишээг энэ удаагийн нийтлэлээр онцолж байна.

Инноваци: Calsberg

Carlsberg шар айрагны савлагааг тэр чигт нь өөрчлөхийг зорьж байна

Шингэн хүнсний салбарын гол тоглогчдын нэг болох Carlsberg групп модноос гаргаж авсан, байгаль орчинд ээлтэй, 100 хувь органик шар айрагны цаасан савлагааг бүтээх төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж, одоогоор 2 төрлийн савлагаан дээр амжилттай ажиллаж байгаа аж. Савлагааны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйн тулд хийгдэж буй нэмэлт доторлогоо нь полимер агуулаагүй, эко гэдгээрээ онцлог. Хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа уг технологи шийдэгдээгүй хэд хэдэн асуудалтай байгаа ч группийн зүгээс одоогийн амжилтандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Дахин боловсруулалт: Unilever

Ахуйн хэрэглээ ба хүнсний зах зээлд тэргүүлэгчдийн нэг Unilever нь 400 гаруй брэнд бүтээгдэхүүнийг, 190 орчим оронд борлуулдаг. Тэд 2025 он гэхэд үйлдвэрлэл дэх хуванцрын хэрэглээгээ 2 дахин багасгах төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа юм. Үйлдвэрлэлд жилдээ 700 мянган тонн хуванцар ашиглаж байгаа явдлаа шат дараатайгаар шинэчилж, дахин боловсруулах технологид хөрөнгө оруулж, хог хаягдлаа багасгах тал дээр онцгой анхаарч ажиллахаа мэдэгджээ.

Unilever-ийн хамгийн алдартай бүтээгдэхүүн OMO сурталчилгаандаа үргэлж гадаа тоглож буй хүүхдийн дүрээр байгальд ойрхон амьдралын хэв маягийг түгээдэг гэнэ.

Уриалга, олон нийтийн оролцоот ажил: Unitel

Манай улсын хувьд жилдээ 10 мянган тонн орчим аюултай хог хаягдал ялгадаг ч ердөө 10-20 хувийг нь л дахин боловсруулдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Хог хаягдлаа ангилж ялгах, түүнийг дахин боловсруулах тогтолцоо хараахан төлөвшиж амжаагүй тулодоогийн байдлаарх хамгийн үр дүнтэй шийдэл нь иргэд бид аль болох хог хаягдал багатай амьдрах гэдэгтэй та санал нэгдэх болов уу. Үүнтэй холбоотойгоор Юнител Групп өнгөрөгч сараас “Хаягдалгүй амьдаръя” аяныг санаачлан, хэрэгжүүлж эхэлжээ. Аяны хүрээнд аж ахуй нэгж, байгууллагуудын ажилтнуудад нэг удаагийн савлагаанаас татгалзах тухай, харин хувь хүмүүст хандан хогоо хэрхэн ангилж хаях, ангилсан хогоо хэрхэн дахин ашиглах, хаягдал багатай амьдрах зэрэг зөвлөмж, мэдээллийг хүргэж байгаа юм. Өмнө нь Юнител групп “Ногоон байгаасай” эко хогийн савыг улс орон даяар болдог томоохон арга хэмжээнүүдэд үнэгүй өгч, хог хаягдлыг бууруулах ажлуудыг хийж байсан бөгөөд одоогийн байдлаар 700 гаруй эко хогийн савыг хандивлаад байгаа гэсэн тооцоо гарчээ.

Хүн бүр нэг удаагийн савлагаанаас татгалзаж (Соруулаас татгалзах, даавуун тор хэрэглэх, хоолны болон усны сав авч явах, модон халбага, сэрээ ашиглах, нэг удаагийн болон нийлэг материалтай эд зүйлс хэрэглэхгүй байх гэх мэт), ойр орчны хүмүүсээ хаягдалгүй амьдрахыг уриалж, хэрэглээгээ өөрчилж чадвал байгаль дэлхийгээ хайрлаж байгаа хамгийн том, бодит ажил болж чадах юм. Энэ мэт цаг үе, чиг хандлагатайгаа уялдсан уриалгын ажлыг хийж, хэрэгжүүлэх нь албан байгууллагуудын нийгмийн хариуцлага, нийгэмд оруулж буй том хөрөнгө оруулалт билээ.

Unitel олон нийтийн оролцоотойгоор хаягдалгүй амьдралыг сурталчилж байна

Сэргээгдэх эрчим хүч, хүлэмжийн хий: Google, Samsung, Amazon

Google сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 18 шинэ төсөл эхлүүлснээ зарлаж, нийт 2 тэрбум долларыг 1,600 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай төслүүдийн хөрөнгө оруулалтанд зарцуулахаа мэдэгджээ. Үүгээр ч зогсохгүй тэд үйл ажиллагаан дахь нүүрстөрөгчийн ялгаруулалтаа багасгахаар ажиллаж байгаа юм. Мөн Samsung корпорац энэ оны эхээр савлагаандаа дахин боловсруулсан материал ашиглана гэдгээ, Amazon компани 2030 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашигладаг компани болно гэдгээ тус тус амлаад байгаа билээ.

Нийтлэлийнхээ төгсгөлд хэрэглэгчдийг хувийн хэрэглээндээ, бизнесийнхэн, үйлдвэрлэгчдийг үйлдвэр, үйлчилгээндээ байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй арга барил, хэв маягийг нэвтрүүлэхийг уриалж байна.