Ковер зургийн тайлбар:
Microsoft Hololens 2-ийг борлуулж эхэллээ

Агуулгын тайлбар:
7 дахь олимп: О.Гүндэгмаа Токио 2020-ийг зорих эрхээ авлаа
6-р үеийн сүлжээ: Хятад улс 6G технологи хөгжүүлэлтээ эхэллээ
108 мегапикселийн камер: Xiaomi хамгийн хүчирхэг камертай утсаа танилцуулав

Дэлхий дахинд

Америкийн тэрбумтан Майкл Блүүмберг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа гэнэ. Бизнес, санхүүгийн мэдээ, датаны эзэнт гүрэн Bloomberg-ийг үүсгэн байгуулж, 57 тэрбум долларын хөрөнгөтэй болсон тэрээр өмнө нь Нью Йорк хотын захирагчаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө 77 настай Блүүмберг Ардчилсан намаас Алабамагийн сунгаанд өрсөлдөх хүсэлтээ гаргасан ч албан ёсоор кампанит ажлаа эхлүүлээгүй байна. Одоогоор Ардчилсан намын сунгаанд 17 нэр дэвшигч бүртгүүлээд байгаа юм.

NYTimes: Өрсөлд, Майк, өрсөлд!
CNN: Блүүмберг хэрхэн медиагийн хамгийн баян эрхэм болсон бэ?

Хятад улс өсвөр насны хүүхэд багачууд видео тоглоомд донтох үзэгдэл ихэссэнтэй холбогдуулан шинэ журам гаргасан байна. Үүний хүрээнд 18-аас доош насны хүүхэд 22-08 цагийн хооронд тоглоом тоглохгүй бөгөөд өдөрт хамгийн ихдээ 90 минут тоглох боломжтой болсон гэнэ. Мөн бүх хүн жинхэнэ нэрээрээ бүртгүүлж тоглох ёстой бөгөөд сард хамгийн ихдээ 79 доллар зарцуулна хэмээн тусгажээ.

Шинэ Дели хот дахь агаарын бохирдлын хэмжээ онцгой түвшинд хүрсний улмаас хотын удирдлага автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна. Өдрийн цагаар бүх машиныг дугаарын тэгш сондгойгоор харгалзуулан хөдөлгөөнд оролцуулах тухай уг шийдвэрт дурдсан байна. Хамгийн сүүлд Делигийн агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 50 дахин илүү гарсан гэнэ. Засгийн газраас үүнээс өмнө сургуулиудыг хааж, зарим онгоцны нислэгийг цуцлан, 5 сая ширхэг маскийг хүүхдүүдэд тараасан байна.

5 сарын турш үргэлжилж буй Хонгконгийн тэмцэлд оролцогч амь насаа алдсан нь эсэргүүцлийг улам нэмэгдүүлэх шалтаг боллоо. 22 настай оюутан толгойндоо авсан гэмтлийн улмаас таалал төгссөн нь нөхцөл байдлыг улам дордуулав. Хэдий цагдаагийн газраас уг үхэлтэй холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа ч үл итгэгчид улам бүр нэмэгдсээр байна. Сүүлийн үед хүчний байгууллага болон тэмцэгчдийн хооронд өрнөж буй мөргөлдөөн ширүүссээр, нулимс асгаруулагч, утаа зэргийг ашиглах болоод байгаа билээ.

Жагсагчид гудамжинд гаран лаа асааж амиа алдсан оюутны дурсгалыг хүндэтгэжээ

технологийн ертөнцийн эргэн тойронд

Xiaomi 108 мегапикселийн камертай шинэ загварын гар утас худалдаанд гаргалаа. Mi Note 10 нэртэй уг утас ардаа нийт 5 камертай бөгөөд гурван өнгөний сонголт, 550 еврогийн эхлэл үнэтэйгээр борлуулагдана гэнэ.

Microsoft энэ оны эхээр албан ёсоор зарласанчлан HoloLens 2 төхөөрөмжөө борлуулж эхэллээ. 3500 долларын үнэтэй уг AR төхөөрөмж нь эмч, инженер, зохион бүтээгчид зэрэг нарийн мэргэжлийнхэнд зориулсан бөгөөд хүчин чадал болон технологийн боломжоороо зах зээл дээр хамгийн хүчирхэгт тооцогдож байгаа билээ.

Энэтхэг улс 2023 онд Сугар гарагийг судлах хөлгийг сансарт илгээх зорилгоо танилцууллаа. Тэд нэг жилийн дотор уг гарагийн уур амьсгал, бүтэц, гадаргын бүрэн зураглалыг гаргаж, цаашдын судалгаа хөгжүүлэлтэд шаардагдах мэдээллийг цуглуулах боломжтой гэж үзэж байна. Саран дээр газардах оролдлого нь бүтэлгүйтсэн ч Энэтхэгийн сансрын агентлаг шинэ технологи хөгжүүлэлтээ улам эрчимжүүлсээр байгаа нь энэ юм.

Хятад улс 6G технологи хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлснээ мэдэгдлээ. Тус улсын шинжлэх ухааны байгууллагууд, их, дээд сургууль, корпорациудын төлөөлөл болсон эрдэмтэд төслийн баг бүрдүүлэн төрийн дэмжлэгтэйгээр судалгааны ажилдаа орсон гэнэ. Өнгөрсөн 6-р сард Хятадын засгийн газар 5G технологи нэвтрүүлэх лицензийг олгож эхэлсэн бөгөөд одоогоор 50 хотод нэвтрээд байгаа юм. Одоогоор 6G-ийн техникийн үзүүлэлтүүдийг тодорхой болгоогүй байгаа ч 4G-ээс 10 дахин хурдтай 5G-ээс хавьгүй илүү байх учиртай юм.

Dropbox 100 мб хүртэлх файлыг үнэгүйгээр илгээх боломж олгох Transfer нэмэлтээ зарлалаа. WeTransfer-тай төстэй уг үйлчилгээг ашигласнаар хэрэглэгчид өөрийн аккоунт руугаа файлаа хуулах, мөн устах хугацааг тохируулах боломжтой гэнэ. Хэрвээ та төлбөр төлдөг хэрэглэгч бол файлын хэмжээг 100 гб хүртэл нэмэх сонголт эдлэх болно.

108 мегапикселийн камер та сонирхох уу?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Facebook компанийн брэндингтээ шинэчлэл хийж байгаагаа зарлалаа. Тэд өөрсдийн эзэмшдэг Whatsapp, Instagram, Oculus зэрэг үйлчилгээнүүддээ шинэ өнгө төрхөө шингээх бөгөөд бүх апп-уудын дор "from Facebook" гэсэн шошго хадагдана. Гэхдээ үүнтэй холбоотойгоор Facebook-ийн үндсэн үйлчилгээнд ямар нэгэн дизайны өөрчлөлт орохгүй гэнэ.

Принтер, дижитал төхөөрөмжийн зах зээлийн топ тоглогчдын нэг Xerox гол өрсөлдөгчдийн нэг HP-г хувьцаа оролцуулан худалдан авах санал тавьсан байна. Саяхан Fujifilm-д эзэмшиж байсан 25 хувиа 2,3 тэрбум доллараар зарсан Xerox шинэ нэгдлийн 52 хувийг эзэмших тухай саналд тусгажээ. Гэхдээ эсрэг талаасаа бараг гурав дахин илүү буюу 27 тэрбум долларын үнэлгээтэй HP энэ саналыг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Inc: Xerox бус HP худалдан авах санал тавих ёстой биш гэж үү

Coca Cola 2020 оны 3-р сард "AHA" нэртэй шинэ брэндийн хийжүүлсэн усыг худалдаанд гаргах болсноо зарлалаа. 8 төрлийн амттайгаар гарах уг усны хоёр загвар нь каффейний агууламжтай байх бөгөөд ямар ч чихэр агуулаагүй гэдгээрээ онцлогтой. "Сүүлийн арван жилийн хамгийн онцлох шинэ бүтээгдэхүүн" хэмээн тодорхойлсон уг брэнд усны зах зээлд ноёрхох болсон Pepsi-ийн LIFEWTR, Propel-тэй өрсөлдөх учиртай юм.

Саудын Арабын төрийн мэдлийн газрын тос үйлдвэрлэгч Aramco удтал хүлээлгэсний эцэст дэлхийн хамгийн том IPO-г албан ёсоор зарлалаа. 2 триллион доллараар үнэлэгдэж буй тус компани хувьцааныхаа 1-2 хувийг арилжаалах төлөвлөгөөтэй байгаа юм. Сонирхуулахад, тэд өнгөрсөн жил 111 тэрбум долларын ашигтай ажилласан нь Apple, Google, Exxon-ийг нийлүүлснээс ч их гэсэн үг билээ.

Италийн автомашин үйлдвэрлэгч Ferrari тансаг зэрэглэлийн хувцас хэрэглэлийн зах зээлд нэвтэрч, Giorgio Armani-тай хамтран ажиллах болсноо зарлалаа. Тус бүр нь 1 саяас үнэтэй борлуулагддаг машинаа дэмжих учиртай хувцас, цүнх, түрийвч зэргийг хамгийн өндөр чанартай, загварлаг байдлаар гаргахын тулд ийм шийдвэр гаргаж буйгаа тэд онцолжээ.

Өнгөлөг бас дан том үсгээс бүрдсэн шинэ брэндинг апп бус компанид хамаарна

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Lionsgate-ийн энэ жилийн гол найдвар "Midway" дебют долоо хоногтоо 21 сая доллар цуглуулж, бокс оффисийг тэргүүллээ. Алдарт Р.Эмэрикийн найруулсан уг кинонд Сувдан эргийн дайралтын дараах түүхийг өгүүлдэг. Харин С.Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Doctor Sleep" 18 сая долларын орлогоор 2-р байрт бичигдсэн байна. Э.Мкгрегорын гол дүрд нь тоглосон уг кино 1980 онд гарсан "The Shining "-ийн үргэлжлэл болон хийгджээ.

БНСУ-ын найруулагч Бон Жүн Хогийн "Parasite" энэ жил Хойд Америкийн зах зээлээс хамгийн өндөр орлого олсон гадаад бүтээл боллоо. 10-р сарын 11-нд нээлтээ хийснээс хойш 10 сая долларын босгыг даваад буй уг кино дэлхий даяар 102 сая долларын орлого хуримтлуулжээ. Тус кино энэ жилийн Оскарын наадмаас шагнал хүртэх магадлалтайд тооцогдож байгаа билээ.

Хөдөлмөрийн Баатар, МУГТ О.Гүндэгмаа 7 дахь удаагаа олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авлаа. Тэрээр Дохад явагдаж буй Азийн АШТ-д 25 метрийн спорт гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн нь энэ. 1992 оноос хойш тасралтгүй Олимпийн наадамд оролцож буй тэрээр 2008 онд мөнгөн медалийг эх орондоо авчирч байв. 36 орны 1500 гаруй буучид өрсөлдөж буй уг тэмцээнээс 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн мөн эрхээ авсан юм. Өмнө нь дэлхийн цомын тэмцээнээс Э.Даваахүү, Ц.Анударь нар олимпийн эрхээ "халааслаад" байсан билээ.

Их Британийн нисгэгч Льюис Хэмилтон Ф1-ийн дэлхийн аваргаар 6 дахь удаагаа тодорлоо. Тэрээр АНУ-ын гран прид 2-р байрт орох нь хангалттай байсан нь энэ. Сүүлийн гурван жилд дараалж түрүүлж буй Хэмилтоны урд одоо 7 удаа аваргалсан домогт М.Шумахерын амжилт л үлдэж байна. Түүний Мерседес баг зохион бүтээгчдийн цомд 6 дахь удаагаа дараалан түрүүлэх нь тодорхой болж, ийм амжилт үзүүлсэн анхны баг болжээ.

2020 оны 4-р сард нээлтээ хийх Жэймс Бондын шинэ кино цувралын түүхэнд хамгийн өндөр буюу 250 сая долларын төсвөөр бүтээгдэнэ гэнэ. Д.Крэйг 007-ын дүрд хамгийн сүүлийн удаа тоглох уг киноны найруулагчаар True Detective-ийн К.Фукунага ажиллаж байгаа юм.

О.Гүндэгмаа 7 Олимпод өрсөлдөх анхны Монгол тамирчин болно

алдалгүй унших арван мэдээ

The Verge: Death Stranding-ийн тойм
Metal Gear цувралыг бүтээгч Х.Кожимагийн шинэ тоглоом тоглоом сонирхогчдын анхаарлыг шууд татав

Techcrunch: Microsoft Ignite-аас онцлох 7 зүйл
Microsoft бизнес түншүүд, харилцагчдадаа зориулсан ээлжит эвентээ зохион байгууллаа

PCMag: Adobe Max 2019-ийн онцлох мэдээнүүд
Illustration, Photoshop, Creative Cloud удаан хүлээсэн нэмэлтүүдээ энэ үеэр ил болгов


NYTimes: Танзани улс малариатай дрон ашиглаж тэмцэнэ
Тэд хэрэгцээтэй эм тариа, хэрэгслүүдийг тээвэрлэхдээ дрон ашигласнаар уг өвчнөөс 2023 он гэхэд бүрэн сална гэж үзэж байна

HuffPost: Интровертүүдийг илэрхийлэх 20 жиргээ
Товч бөгөөд тодорхой. Интровертүүдийг ойлгох бас мэдрэхэд тань тусална

CNN: Дэлхийн хамгийн аюулгүй 20 авиа компани
Qantas жагсаалтыг ахин тэргүүллээ. Топ 20 компани бүгд хамгийн өндөр буюу 7 оноог авсан байна

QZ: Цахилгаан тамхины гол хордуулагчийг олов уу?
39 хүний аминд хүрч, зуу зуун хүний эрүүл мэндэд хүрсэн буруутан нь витамин E байсан байж магад гэнэ

The Ringer: Mandalorian гэж хэн бэ?
Disney+-ийн гол найдварыг та хэр сайн мэдэх вэ? Гэхдээ эхлээд тэр хэн биш вэ гэдгээс эхэлцгээе

Billboard: MTV EMA-ийн эргэн тойронд
Т.Свифт, Б.Айлиш, BTS-ийн гялалзсан EMA-ийн тайзыг ахин нэг тольдоцгооё

Vox: Итгэл үзүүлэх эсэх үйл явцыг тайлбарлах нь
Д.Трамп огцрох уу? Хэнд тийм эрх мэдэл байгаа вэ?