Онцлох

Улсын Их Хурал 11-р сарын 14-нд түүхэн шийдвэр гаргаж, Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Хүлээлт дүүрэн байсан шинэчлэлийн хүрээнд нийт 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оржээ.

Энэ оны 6-р сард УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг 158 хоногийн турш гурван удаагийн хэлэлцүүлгийн турш хэлэлцсэний эцэст ийн баталж байгаа нь энэ. Улсын хэмжээнд олон удаагийн хэлэлцүүлгийн хүрээнд нам, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдын саналыг тогтмол тусган сайжруулсаар ирсэн уг төсөл нь 1) Парламентийн ардчиллыг төлөвшүүлэн, засаглах эрхийг хангах, 2) Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгах, 3) Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, 4) Нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх гэсэн дөрвөн үндсэн зорилготой байлаа.

Шинэчлэлийн хүрээнд Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, засгийн газрын гишүүдээ томилж, огцруулах эрхтэй болсноос гадна давхар дээлтэй гишүүдийн тоог 4-өөс ихгүй байхаар заасан байна. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцлүүдийг тодорхой заасан нь том дэвшил байв. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг 50 болгон нэмж, нэг удаа 6 жилээр сонгогддог болгон өөрчлөлт оруулжээ.

Үүнээс гадна ямар ч нөхцөлд УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар буюу 39-өөс дээш гишүүдийн саналаар хуулийг эцэслэн батлах болсон байна. Энэ нь баталсан хуулийн хүлээн зөвшөөрөгдөх байдал сайжирч, цөөн гишүүн хууль баталдаг дутагдал арилах юм. Ингэснээр хууль тогтоомж илүү чанартай, тогтвортой болох учиртай.

Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилох болсон нь шүүгч чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлж, нээлттэй ил тод ажиллах боломжийг олгох ач холбогдолтой. Мөн шүүхийн сахилгын хороог шинээр байгуулах болсон нь шүүгчийн хариуцлага, сахилгын асуудлыг тогтвортой, тодорхой болгож байгаа хэрэг юм.

Нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой орсон нэмэлтүүд нь хот, тосгон өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн олгосноор, төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, эдийн засгийн хувьд харьцангуй бие даан хөгжих боломж бүрдэх үр нөлөөг авчирна хэмээн хуульчид үзэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар хүчин төгөлдөр болох билээ.

дэлхий дахинд

Фукушимагийн Атомын Цахилгаан Станц 2024 оноос бүрэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч болж ашиглалтанд эргэн орох тухай орон нутгийн захиргаанаас мэдэгдлээ. Энд жилд нийт 600 мегаватт эрчим хүч гаргах хүчин чадалтай 11 нарны, 10 салхин эрчим хүчний үйлдвэр баригдах бөгөөд 2.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэх гэнэ. 2011 онд дэлхийг цочроосон дэлбэрэлтээсээ өмнө тус станц 4700 мегаватт эрчим хүч гаргаж байжээ.

Facebook жил бүр гаргадаг ил тод байдлын тайлангаа танилцууллаа. Тэд энэ онд улс орнуудын засгийн газраас хэрэглэгч болон байгууллагын хуудас руу нэвтрэх 128 мянган хүсэлт хүлээн авсан нь дээд амжилт болсон байна. Үүний 50,741 нь АНУ-ын засгийн газраас байсныг 88 хувьд нь нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр зөвшөөрсөн хариу өгснийг мөн онцолжээ. Монгол улсаас нийт 13 хүсэлт ирсний 22 хувь нь зөвшөөрөгдсөн гэнэ. Энэ хооронд Facebook сая сая контентийг зүй бус хэмээн үзэн устгаж, 3.2 тэрбум хуурамч аккоунтыг хаасан байна.

Италийн Венец хот түүхэн дэх хамгийн том үерт автаж, тог цахилгаангүй болсны улмаас онц байдал зарлалаа. Статистик хөтөлж эхэлсэн 1872 оноос хойш энэ долоо хоногийнх шиг усны түвшин 1.8 метрт хүрсэн үер буусан удаа зөвхөн ганц удаа буюу 1966 онд л тохиож байсан гэнэ. Засгийн газрын мэдээлж байгаагаар жуулчдын зорин очдог алдарт хотын 80 хувь усанд автжээ.

Microsoft-ийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 2 жилийн дараа дахин дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо. 110 тэрбум долларын хөрөнгөтэй тэрээр Амазоны CEO Ж.Бэйзосоос нэг тэрбум доллараар илүү гарсан нь энэ. Microsoft-ийн хувьцаа зөвхөн энэ жил 40 илүү хувь өсөж, Бэйзос гэр бүлээ цуцлуулсан нь байр солигдоход нөлөөлсөн байна. Харин гуравдугаар байрт Европын тэргүүн баян, LVMH-ийн захирал Б.Арно 103 тэрбум долларын хөрөнгөөр бичигджээ.

Бразилын нийслэл Бразилиа хотноо BRICS-ийн дээд хэмжээний уулзалт явагдлаа. 11 дэх удаагийн уулзалтад дэлхийн хамгийн үсрэнгүй хөгжиж буй орнуудын төрийн тэргүүд бүгд оролцсон бөгөөд шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар эдийн засгаа бэхжүүлэх талаар голчлон ярилцсан байна.

Гэсэн ч Венецийг зорих жуулчдын цуваа тасарсангүй

Технологи, сошиал ертөнцийн эргэн тойронд

Motorola өөрсдийн хамгийн алдартай гар утас Razr-ийг зах зээлд шинэчлэн танилцууллаа. 15 жилийн дараа гарсан шинэ хувилбар нь 6.2 инчийн эвхэгддэг OLED дэлгэцтэй гэдгээрээ онцлог бөгөөд Android үйлдлийн систем дээр ажиллана. Мөн гадна талдаа үндсэн мэдээлэл авах боломж олгох 2.7 инчийн жижиг шилэн дэлгэцтэй гэнэ. 2020 оны 1-р сард худалдаанд гарах уг утас 1499 долларын үнэтэй.

Apple 16 инчийн MacBook Pro-г худалдаанд гаргалаа. 4 жилийн дараа шинэчлэгдэн сайжирсан кэйборд, илүү дэвшилтэт дуу өсгөгчтэй гэдгээрээ уг загвар 2229 доллараас эхлэн борлуулагдана. Ташрамд дурдахад Apple хамгийн анхны AR ухаалаг төхөөрөмж гаргах хугацаагаа хойшлуулж 2022 он болгосон тухай мэдээ гарсан байна. N301 гэсэн код нэртэй хөгжүүлэгдэж буй уг төслийн хүрээнд жижиг болон том хэмжээний 2 ухаалаг шил хийгдэж байгаа аж.

Facebook өөрсдийн апп дотор гүйлгээ хийж, мөнгө шилжүүлэх боломжийг олгох Facebook Pay үйлчилгээг нэвтрүүллээ. Хэрэглэгчид Messenger, WhatsApp, Instagram дотор чөлөөтэй хөрвөх уг үйлчилгээнд өөрийн картыг холбон ашиглах боломжтой юм. Тэд энэ нэмэлтээ ихээхэн хэл ам дагуулаад буй крипто төсөл Libra-аас тусдаа гэдгийг онцолжээ.

Үүнтэй зэрэгцэн Google ч санхүүгийн салбарт нэвтэрч байгаагаа зарлалаа. Тэд Citigroup, Stanford-ийн их сургуультай хамтран Google Pay үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдэд шинэ данс үүсгэн, түүнийгээ удирдах боломж олгоно. McKinsey-ийн судалгаагаар хэрэглэгчдийн 58 хувь нь Гүүглд итгэнэ гэдгээ мэдэгдсэн нь Apple, Facebook-ээс даруй 2 дахин илүү үзүүлэлт гэнэ.

Instagram өнгөрөгч долоо хоногоос эхлэн лайкийн тоог нуух туршилтыг дэлхий даяар хийж эхлүүллээ. Хэрэглэгчдийн сайн сайхан байдлыг хангах, лайкийн төлөөх улайрах сөрөг хандлагыг халах зорилготой уг туршилт маркетер, сошиал нөлөөлөгчдөд хэрхэн тусах нь сонирхолтой хэвээр байгаа билээ. Тэд үүнээс гадна TikTok-той тун төстэй Reels нэртэй богино хэмжээний видео хийх нэмэлтээ танилцуулжээ

Hello Moto! Эргэн сонсоход таатай байна :)

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Алибаба 11-р сарын 11-нд явуулдаг "Ганц биечүүдийн өдөр"-ийн супер хямдралаараа 38 тэрбум долларын борлуулалт хийж рекорд тогтоолоо. Тэд эхний цагтаа л 12 тэрбум долларын орлого олж, 90 минутын дотор 2016 оны амжилтаа эвдсэн байна. Өнгөрсөн жилээс 26 хувиар өссөн уг үзүүлэлт нь өнгөрсөн 7 сард Amazon-ий 48 цагийн турш хийсэн Prime Day-ээс 5 дахин их, Thanksgiving, Black Friday, Cyber Monday-г нийлүүлснээс ч өндөр борлуулалт гэсэн үг юм.

Японы хамгийн их хэрэглэгчтэй сошиал платформууд болох Line, Yahoo Japan нэгдэхээр зэхэж байгаа гэнэ. 194 сая хэрэглэгчтэй Line-ийг БНСУ-ын технологийн гигант Naver эзэмшдэг бөгөөд Японы хамгийн их хэрэглэгчтэй чат апп. Харин Yahoo Japan-ийг энэ оноос Softbank бүрэн эзэмших болсон бөгөөд онлайн худалдаа, онлайн сурталчилгааны зах зээлд тэргүүлэх байр суурьтай платформ билээ.

Nike өөрсдийн пүүз болон хувцас хэрэглэлийг Amazon-оос татаж, борлуулалтаа зогсоож байгаагаа зарлалаа. 2017 оноос эхтэй хамтын ажиллагаагаа эцэс болгож буй шалтгаанаа тэд D2C буюу шууд хэрэглэгчид хүргэх стратегиа эрчимжүүлж байгаатай холбон тайлбарласан байна. Өнгөрсөн онд Nike-ийн D2C борлуулалт эрс өсөн 11 тэрбумд хүрсэн нь нийт орлогын 30 хувийг эзэлж байжээ.

Mercedes цахилгаан машины технологи хөгжүүлэлтэд 225 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ирэх 4 жилд хийнэ гэнэ. Энэ хугацаанд тэд 20 төрлийн шинэ загварыг худалдаанд гаргаж, жолоочгүй машины технологийн судалгаанд нэмэлт баг бүрдүүлэн ажиллах төлөвлөгөөгөө ил болгожээ.

GateHouse Media 113 жилийн түүхтэй Gannett-ийг 1.4 тэрбум доллараар худалдан авснаар Америкийн хамгийн том орон нутгийн медиа сүлжээг үүсгэж байна. Шинэ нэгдлийн харьяанд USA Today тэргүүтэй 250 гаруй өдөр тутмын сонин, 500 гаруй вебсайт багтах болж байгаа юм. Мөн 300 сая долларын хэмнэлт үүсэх төлөвтэй байна хэмээн талууд мэдэгджээ.

38 тэрбум долларыг нэг өдөрт!

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Disney+ өндөр хүлээлт дор нээлтээ хийж, тоон үзүүлэлтээрээ фенүүдийнхээ урмыг хугалсангүй. Тэд дөнгөж эхний өдрөө 10 сая хэрэглэгчтэй болсноо зарласан нь бусад өрсөлдөгчдөд нь "айдас" төрүүлэм мэдээ байв. Зөвхөн АНУ, Канад, Нидерландад хэрэглэж болохуйц байгаа тус стриминг ирэх жилээс Европ, Азид нэвтэрч, 90 сая хэрэглэгчтэй болох зорилготой байгаа. Сонирхуулахад, Нетфликс энэ оны гуравдугаар улиралд 60 сая хэрэглэгчтэй болсноо зарласан билээ.

Дэлхийн хамгийн алдартай телевизийн цувралуудын нэг "Friends" 25 жилийн дараа эргэн ирэх магадлалтай боллоо. Тус цувралыг дамжуулах онцгой эрхийг 425 сая доллараар өөрийн болгосон HBO Max энэ санааг дэмжин зүтгүүлж байгаа аж. Гэхдээ шинэ контент нь цуврал бус, нэг ангит-зохиолгүй ток шоуны хэлбэрээр хийгдэх бололтой. HBO Max 2020 оны 5-р сард нээлтээ хийнэ.

К.Бэйл, М.Дэмон нарын супер оддын тоглосон "Ford v Ferrari" Хойд Америкийн бокс оффисийг 29 сая долларын борлуулалтаар тэргүүллээ. 60-аад оны автоспортын ертөнцийн үйл явдлыг өгүүлэх уг киног Оскарт амжилт үзүүлэх магадалтай хэмээн экспертүүд үзэж буй. Үзэгчдийн хүлээлт дүүрэн нээлтээ хийсэн өөр нэг бүтээл "Charlie's Angel"-ийн шинэ хувилбар 8.6 сая долларын орлогоор 2-т бичигдсэн ч шинжээчдийн хүлээлтэд хүрэхүйц амжилт үзүүлж чадсангүй. Өнгөрсөн долоо хоногийн лидер "Midway" 3-р байрт жагсжээ.

Netflix хүүхдийн контент дагнан бүтээгч Nickelodeon-той хамтран ажиллах гэрээ байгуулснаа зарлалаа. 200 сая доллараар үнэлэгдэх уг гэрээний хүрээнд тэд оригинал цуврал, анимэйшн болоод кино гаргах гэнэ. Хамгийн эхэнд алдарт "Spongebob Squarepants"-ийн өөр нэг дүр Squidward-ийн түүхээр тусдаа цуврал хийхээр болсон байна.

Airbus дэлхийн хамгийн анхны цахилгаан хөдөлгүүрт уралдааны онгоцны тэмцээнийг зарлалаа. Дубайн агаарын шоуны үеэр ил болгосон Air Race E уралдаанд 482 км/цагийн хурдтай нисэх чадалтай онгоцууд 10 метрийн өндөрт 5 км-ийн тойрог замд уралдах гэнэ. Тэд 2020 онд дэлхий даяар уралдааны гараагаа зохион байгуулах бөгөөд энэ оны сүүлээр 8 багаа нэрлэх ажээ.

Бүгдийг март, найзууд чинь ирэх гэж байна...

Алдалгүй унших арван мэдээ

CNN: Багдадиг хэрхэн устгав?
ISIS-ийн тэргүүнийг баривчлах ажиллагаанд хамгийн их нэмэр болсон тал нь Ирак. Тэдний оролцоо чухам юу байсан бэ?

Vulture: Т.Свифтийн гомдлыг тайлбарлах нь
Хэн таны дуртай артистуудыг удирддаг вэ? Өнөө цагийн хамгийн алдартай дуучин Т.Свифт өөрийн дууг хүссэнээр дуулж чадахгүй байна хэмээн эсэргүүцэл эхлүүлэв

The Verge: Электрон тамхины хямралын талаар мэдвэл зохих бүх зүйлс
Америкт тархаж буй электрон тамхины асуудлын талаар энд бүгдийг дурдсан байгаа. Эргүүлээд уншихад илүүдэхгүй шүү.

Fast Company: Бясалгалын апп-ууд танд үнэхээр тус болдог гэж үү?
Буддизм судлаачид үгүй гэж үзэж байна. Ийм апп-ууд таныг улам дэлгэцэнд донтуулах сэдэл төрүүлдэг гэнэ шүү.

Bloomberg: Microsoft-ийн дэлхийг аврах төлөвлөгөө
Тэд Арктикт байрлах агуйг ашиглан зорилгодоо хүрнэ. Заавал унших сонирхолтой нийтлэл

Eater: Дэлхийн хамгийн том Starbucks-аар хийсэн аялал
Өдөрт 8000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, 5 давхар энэ төвд кофеноос гадна коктэйл, пицца зарагддаг

New Yorker: The Economist сэтгүүл хэрхэн дэлхийг өөрчилсөн бэ?
1843 онд анхны дугаараа гаргасан тус сэтгүүл одоо ч нийгмийн үзэл санааг чиглүүлэгч гол хэрэгслүүдийн нэг хэвээр байна.

NYTimes: 9 настай хүү их сургуулийн диплом гардана
Голланд хүү жилийн дотор Эйндховений их сургуулийг цахилгааны инженерийн мэргэжлээр дүүргэж байгаа нь энэ. Тэр ирээдүйд хүний насыг уртасгах технологи дээр ажиллахыг хүсэж буй.

Vox: Трампын эсрэг эхний нээлттэй сонсголын онцлох зүйлс
Украйн дахь АНУ-ын элчин сайд асан хамгийн эхний гэрчийн хувиар мэдүүлэг өгөв