Энэ удаагийн дугаартаа бид 3х3 сагсан бөмбөгийн төрөлд олон залуу тамирчдыг дасгалжуулан дэлхийн тавцанд гаргаж буй Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ЕНБ-ийн дарга С.Тулгыг урилаа. Тэрээр 15 жилийн өмнө сагсан бөмбөгийн "TLG 13" багийг байгуулж, шинэ лиг, тэмцээнүүдийг зохион байгуулах болсон бөгөөд спортын салбарт үлгэр жишээ менежмент, системийг нэвтрүүлэн тун үр дүнтэй ажиллаж буй. Үүнийг нь илтгэн тун саяхан Монголын 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг 2020 онд болох Токиогийн олимпод оролцох эрх авч, бид түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр олимпод оролцох болоод байгаа билээ. Ингээд С.Тулга менежерийн хэрхэн ажилладагтай танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ЕНБ-ийн дарга, 3×3 сагсан бөмбөгийн холбооны Хөгжил хариуцсан захирал, шигшээ багийн албаны дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 11
Сошиал хуудсууд: Tulga Sukhbaatar (Facebook)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний хувьд өглөө босоод бэлтгэлдээ гарч, өдөр нь хүмүүстэй уулзах, харилцах зэрэг санхүү, менежменттэй холбоотой ажлуудаа амжуулдаг. Өглөө гэрээсээ 8 цагт гарч шөнө 12 цагт харих өдрүүд ч бий. Ийм амьдралын хэв маягаар сүүлийн 11-12 жилийн турш явж байна. Гэхдээ сүүлийн үед Монголд тогтвортой байх нь ховор болчихоод байгаа. Гадагш тэмцээнд явах шаардлага байнга гарна. Манай шигшээ найман багийн 1 баг гэхэд нэг жилийн хугацаанд нийт 300 цагийг нислэг хийсэн байна лээ. Ингээд бодоход би бусад багтайгаа нийлээд жилд 2000-аас дээш цагийг зөвхөн улс хооронд нисэхэд өнгөрөөсөн болж байгаа юм.

Ажиллах арга барилын хувьд бид Монголд төдийгүй олон улсад байхгүй арга барилаар ажилладаг гэж боддог юм. Цаашид сайжруулах зүйлс олон бий. Монгол сагсчид барууны орнуудыг бодвол нурууны өндрөөс эхлээд санхүү, хангамжаараа дутмаг боловч олон улсын тэмцээнүүдэд чансаагаараа илүү байдгийн шалтгаан нь бид монгол хүний онцлогтой уялдуулсан зөв систем боловсруулж, түүний дагуу бэлтгэл базаадагтай холбоотой байх.

сагсан бөмбөгийн шигшээ баг бүрдүүлсэн түүхээ хуваалцана уу?

15 жилийн өмнө сагсан бөмбөгт хайртай, сэтгэл зүрхээрээ нийлсэн цөөн залуус нэгдэж байлаа. “TLG 13” багаа байгуулж байх үед манай улсын лиг гарын таван хуруунд багтах багтай, 80-90 хүн л өрсөлддөг байлаа. Харин одоо нэг л лиг гэхэд 40-50 багтай, 900 гаруй тамирчинтай болоод байна. Ийм лиг 10 гаруй байгаа шүү дээ. Судалгаагаар Монгол Улсын хүн амын 60 хувь нь буюу 1.6 сая хүн сагс тоглодог гэсэн тооцоо бий.

Тиймээс бид энэ спортод бүр олон хүүхэд залуусыг дурлуулж, тив, дэлхийн олон улсын тэмцээнд оролцоход бүх талаар дэмжин, бэлтгэлийг нь хангаж байна. Шигшээ багт орж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж буй найман настай хүүхдүүд 2040 онд гэхэд 29 настай болно. Бид тэднийг 2040 олимпод 5x5 төрлөөр оролцуулахаар бэлтгэж байгаа. Ямар ч хүн спортоор хичээллэснээр зөв замд ордог. Хөгжил гэдгийг брэндийн хувцас өмсөх, үнэтэй машин унахаар, эсвэл зөвхөн эрдэм ном, боловсролтой болсноор үнэлж боломгүй. Ард иргэд хэр аз жаргалтай байгаа, сэтгэл зүй хэр сайтай гэдгийг бас тооцох хэрэгтэй. Спортоор хичээллэсэн хүн ялагдал, бэрхшээлийг давж гарахад бэлэн, сэтгэлийн хаттай болдог. Аз жаргалын индексээр тэргүүлж, хөгжлөөрөө манлайлдаг улс орнуудын иргэд спортдоо ихэд анхаарч, тогтмол хичээллэдэг шүү дээ.

Гэхдээ манай улсад спортын салбарт системийн өөрчлөлт хийхгүй бол ардчилал гараад 30 гаруй жил болсон ч социализмын үеийнх шигээ хуучинсаг хэвээр байна. Бид спортыг бизнесийн зарчимд оруулахгүй бол хэн нэгэн даргын цүнх барьсан хүмүүс спортын салбарыг удирдаж, тамирчдад зарцуулах мөнгөнөөс хулгайлах байдал зогсохгүй. Зарим хүмүүс сагсан бөмбөгийг салбарыг тэтгэврийн зогсоол мэт хардаг болжээ. Гэхдээ хэн нэгнийг буруутгахаас илүүтэй системийн гажуудлыг засах хэрэгтэй байна. Улс орны ирээдүй болсон олон тамирчин залуусаа харлуулахын оронд тэднийг урмаар тэтгэж, дэмжээд өгөөсэй л гэж хүсдэг юм.

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, АПП ТАНЬ ЮУ ВЭ?

Гар утасныхаа Notes-ийг хамгийн түгээмэл ашигладаг даа. Мөн Facebook, Messenger-ээр дамжуулан бусадтай ярьж хэлэлцэх ажлаа амжуулна. Имэйл ашиглах нь зүйтэй гэж боддог ч тогтмол хэрэглэж дадаагүй.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг бол бүх зүйлсийн хэмжүүр. Юу ч хийлээ гэсэн эцсийн дүнд цаг хугацаа бүхнийг шийддэг. Бид жилд сагсны 20-30 гаруй тэмцээн зохион байгуулдаг. Анхандаа бүх ажилд гар бие оролцдог байлаа. Сүүлдээ бүх зүйлд өөрөө гар дүрэхээс илүү хэн илүү хийж чадна, түүнд даатгах ёстойг ойлгосон. С.Тулга гэх хүнээс бүрэн хамаарсан ажил байж болохгүй. Тулга байхгүй ч бусад ажлууд хэвийн үргэлжлэх тийм систем бий болгох хэрэгтэй. Монголчуудад "Би л байхгүй бол энэ ажил явахгүй" гэсэн сэтгэхүй байдаг. Та байхгүй байсан ч цааш ажил хэвийн үргэлжлэх учиртай. Тэгэхээр юм хийж чаддаг, сэтгэлтэй залуусыг хөглөж чадвал өмнүүр нь ороод байх шаардлагагүй.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ухаалаг хар утсан дээрээ ажлын жагсаалтаа гаргадаг даа. Дээр үед хүмүүс дэвтэр өвөртлөн, элдэв тэмдэглэл хөтөлдөг байсан даа. Тэрэн шиг орчин үед гар утсан дээрээ хамаг тэмдэглэл, уулзалт, цагийн хуваариа хөтөлдөг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би багадаа сахилгагүй, хөдөлгөөнтэй, сагс их тоглодог хүүхэд байлаа. Хүүхэд байхаасаа л Монголын сагсан бөмбөгийн бүх тэмцээнд оролцож, хамаг шагналуудыг нь түүсэн. Ингээд 2004 оноос санаа нийлдэг үеийн тамирчидтайгаа нийлээд, баг байгуулан, цаашид улам өргөжүүлэхээр олон зорилт тавьсан юм. Уг нь би МУИС-ийн Эдийн засгийн ангийг дүүргэсэн.

Гэтэл сагсан бөмбөгийг спортыг хөгжүүлэх гэж яваа биднийг төр засгаас дэмжих нь бүү хэл олон жил саад хийж, гудамжинд гаргах гэж үзсэн. Бид тэр бүхэнд нугараагүй, цааш зүтгэсээр ирсэн. Хүн ер нь хийж буй ажилдаа дуртай, сэтгэлтэй, зүрхтэй бол ямар ч бэрхшээлийг даваад гарч чадна. Би бол өөрийн хийж буй ажилд галзуу юм шиг дурласан хүн. Хийж буй ажлыг минь гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд минь тусалж дэмжсээр ирсэн. Тулга гэдэг хүн ганцаараа өдийг хүртэл явж чадахгүй нь ойлгомжтой.

Хамгийн гол нь, хийж буй ажилдаа дуртай бол нүднээс далд ч зөв байх хэрэгтэй. Би 15 жилийн турш бусдын нүднээс далд зөв байх гэж хичээсэн. Энэ бүхний үр дүн нь одоо л ил харагдаж байгаа болов уу. Хүн хэзээ ч бусад бүх хүнд таалагдана гэж байхгүй. Зөв л байх ёстой.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олон багийг олон улсын тавцанд бэлтгэн гаргаж, амжилтад хүргэж буй болохоор өөрийгөө боломжийн дасгалжуулагч гэж боддог. Авьяас чадалтай, амжилт гаргах боломжтой залуусыг нээж, зөв тийш нь чиглүүлэн багийг спортын төдийгүй Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргахад өөрийн хувь нэмрийг оруулж явна. Монголчуудад би өөрөө чадна гэх сэтгэхүй байдаг. Харин бид нийгмийн ийм сэтгэхүйг өөрчилж, хамтын ажиллагаа, багийн амжилт гэж юу болохыг харуулах гэж хичээж яваа.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Би саяхан аав болсон. Олимпод оролцох эрх авахын тулд тэмцээнээс тэмцээний хооронд явж, сүүлийн 100 хоногт гурван удаа Монголд ирэхдээ долоохон хоног гэртээ байсан. Ингээд баг маань ч олимпод орох эрх авч, манай гэр бүл ч шинэ хүнтэй болж, сэтгэл санаа тэнэгэр байна.

Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд эмэгтэй шигшээ баг маань зорьсон амжилтдаа хүрэхэд нэг шат ахилаа. Эрэгтэй багийн хувьд олимпийн эрх авах хангалттай оноотой байсан ч Япон улс Токиогийн олимпыг эх орондоо зохион байгуулах давуу эрхээ эдлэн цагаан хуудсаа эрэгтэй багтаа өгсөн. Манай шигшээ баг дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг, АНУ-ын өмнө ордог тамирчидтай. Бид өдийг хүртэл зүтгэж хичээсэн болохоор олимпийн эрх авна гэсэн итгэл үнэмшил дүүрэн дараагийн тэмцээндээ бэлтгэж, бэлтгэл, сургуулилалтаа тултал хийж байна. Тухайлбал, удахгүй “Ulaanbaatar MMC Energy” болон “Архангай Алтан дорнод Тайхар” шигшээ баг ирэх оны гуравдугаар сарын 18-22-ны хооронд Энэтхэг улсад болох дэлхийн шилдэг 20 багийн олимпийн гурван эрхийн төлөө өрсөлдөх тэмцээнд оролцоно. Уг тэмцээнээс олимпийн эрх авч чадахгүй бол ирэх оны дөрөвдүгээр сард Унгарт болох тэмцээнд очиж тоглоно.

Манай 3x3 төрлийн хувьд U18 болон насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй, нийт найман багтай. Нэг баг дунджаар 5 хүнтэй гэхээр 40 тамирчин шигшээ багийн гэр бүлд багтдаг. Дасгалжуулагчдын хувьд 5-8 хүний бүрэлдэхүүнтэй. Тамирчдыг бэлтгэх, тэмцээн зохиоход багагүй бэрхшээл, асуудалтай байдаг. Хатуухан хэлэхэд “гудамжинд” байгаа гэж хэлж болно.

Гэхдээ хаана байх нь хамаагүй. Хийж байгаа зүйлс нь сайн байх хэрэгтэй. Сайхан оффис, том талбайд суулаа гээд амжилт гаргана гэсэн үг биш. Тиймээс боломжоороо бэлтгэл, сургуулилалтаа хийгээд явж байгаа. Манай шигшээ багийнхан багийн спортын төрлөөр Монголоос анх удаа Азийн аварга болсон. Дэлхийн аваргын шилдэг наймд багтаж, Дэлхийн гран-при шалгаруулах тэмцээний аварга болж, World Beach Game 3x3 буюу дэлхийн элсний наадамд хүрэл медаль хүртээд байна. "Архангай Алтан дорнод Тайхар" баг гэхэд дэлхийн бүх насны ангилалд Азийн шилдэг клубуудын аварга болж, эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн. Манай багууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд л дэлхийн болон Азийн тэмцээнүүдээс дөрвөн алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна.

Мөн дэлхийн 205 улс дөрвөн жилд нэг удаа хуралддаг Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIFA) тайланд Монголын сагсан бөмбөгийн 3x3 төрлийн 2017-2019 оны үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж буйг зарласан. Монголын араас ОХУ, Хятад жагссан байна лээ.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Ном их уншина. Уншихдаа менежментийн чиглэлийн ном түлхүү уншдаг. Оюутан байхдаа менежментийн чиглэлийн ном их уншдаг байсан нь нөлөөлсөн байх. Номын талаар бусадтай ярихад хэзээд нээлттэй байдаг.

Ричард Карлсоны “Ялихгүй зүйлсээс болж бүү бухимд” гэх ном сүүлийн үед миний ширээний ном болоод байна. Дейл Карнеги, Наполеон Хилл, Михайл Попов нарын бичсэн алдарт номуудаас авхуулаад Билл Гейтс, Стив Жоб зэрэг дэлхийд алдартай эрхмүүдийн намтар номыг уншиж, барууны болон дорнын менежментийн янз бүрийн арга барилыг сонирхдог. БНСУ-ын нэрт бизнесмен Ким Ү Жүний “Хорвоо дэлхий уужим хийх ажил их” ном таалагддаг юм.

Би номд дургүй хүүхэд байсан. Ном харахаар л нойрмоглож эхэлдэг байлаа. Гэвч ном бол үнэхээр л ертөнцийг харах цонх юм билээ. Ном сайн уншвал хүссэн бүх зүйлдээ хүрч болно гэж итгэлтэй хэлье. Спорт л намайг зөв замд оруулж, ном уншдаг болгож, олон мундаг хүмүүстэй танилцах боломжийг нээж өгсөн. Ер нь хүн юу ч хийлээ гэсэн цэгцтэй, шүүлтүүртэй, ёс зүйтэй байх ёстой гэж боддог юм. Туг ч барьсан, тугал ч хариулсан, тухайн ажлаа сайн л хийх хэрэгтэй.

ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ДОТОГШОО ТАЛДАА ЮУ, НЭЭЛТТЭЙ ТАЛДАА ЮУ?

Өмнө нь зан чанарын хувьд маш хахир, ёстой л "хаврын тэнгэр" шиг хүн байсан даа. Одоо бол хүн болгонтой нээлттэй харилцахыг хичээж, харилцаандаа анхаардаг болсон. Багийн спортын дасгалжуулагч байна гэдэг өндөр зэрэглэлийн сэтгэл зүйч байхыг шаарддаг. Бүх зүйлд уусаж, хатууд зөөлөн, зөөлөнд хатуу байх хэрэгтэй болдог.

Бид энэ жилээс спортын мэргэжлийн сэтгэл зүйчтэй болж, тамирчдынхаа сэтгэл зүйг тогтвортой байлгахад анхаарч байгаа. Өмнө нь тоглогчид олон жил тоглосон туршлага, практикаар сэтгэл зүйгээ бэлддэг байсан бол одоо мэргэжлийн хүний туслалцааг онолын түвшинд авах болсон тул эерэг өөрчлөлтүүд гарах байх. 3х3 спортын төрлийн тамирчид сэтгэл хөдлөл өндөртэй байх нь бий. Гэхдээ багийн тамирчид багшийнхаа үйл хөдлөл, хандлагыг яг даган дууриадаг. Миний хувьд нэлээн дайчин учраас тамирчид маань үлгэр дууриал авдаг байх гэж найддаг. “Өөрийгөө толинд хармаар байвал шавь нарыгаа харахад болно” гэсэн үг байдаг даа.

ТА хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ? 

Нар хаана мандаж байна, тэндээс амьдрал эхэлж, сар хэзээ харагдана, тэр үед унтаж амарч байна даа. Тамирчид, дасгалжуулагчдын хувьд байнга ийш тийш тэмцээнд явж, цагийн зөрүүтэй бүсэд ажилладаг учраас босъё гэвэл хэдэн цагт ч хамаагүй босож, унтъя гэвэл хэдэн цагт ч унтах нөхцөлд байдаг. Шаардлагатай үед өглөө эрт босоод, шөнөжингөө ажиллах ч үе байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжим тийм ч их сонсдоггүй. Харин ном их уншдаг юм. Гэхдээ сүүлийн үед онгоцонд явж байхдаа зөөлөн сонгодог ая сонсох дуртай болоод байгаа. Бас The HU хамтлагийн дууг их сонирхдог болоод байгаа шүү. Урлагийн салбараас олон улсын тавцанд амжилттай явж буй хамтлаг өдийг хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн байж таараа. Хөдөлмөрлөсөн хүнийг бурхан шагнадаг шүү дээ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Юу ч тохиолдлоо гэсэн ажлын үр дүн гарах хамгийн сайхан. Улам эрч хүчтэй ажиллах хүслийг бадраадаг. Заримдаа онгоцонд дуртай номоо уншин, гэрэл гэгээтэй зүйлсийг бодож явахад урам зориг, эрч хүч ундраад л ирдэг юм. Анх над дээр туранхай, жижигхэн биетэй ирсэн хүүхдүүд одоо нас биед хүрцгээж, тив дамнан тэмцээн уралдаанд явж, эх орныхоо нэрийг гаргаж явахыг харах сайхан байдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Амжилттай яваа мундаг эрхмүүдтэй ойрхон байж, зөвлөгөө авсаар ирсэн. Өөр өөрийн гэсэн онцлог, үзэл бодол, хандлагатай тэр хүмүүс аливааг олон талаас харах боломжийг олгож, надад зөвлөж, шүүмжилж, хурцалж ирсэнд баярладаг. Үнэн үг хэлдэг хүн ховордсон цаг шүү дээ. Тиймээс тэр хүмүүсийг үгс санхүүгийн дэмжлэгээс ч илүү үнэ цэнтэй санагддаг юм. Залуу хүнд хоосон магтаалаас илүү үнэн үг хэрэгтэй. Тэртээ тэргүй хожим хойно өөрөөрөө бахархах үе ирнэ шүү дээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛж ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Зовлон, бэрхшээл, хүнд хэцүү бүхнийг боломж гэж хараарай, амжилт гэж бодоорой. Хүссэний зоргоор, тийм амархан амжилтанд хүрнэ гэж байхгүй шүү дээ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

“Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийг санал болгоё.