Хүн төрөлхтний түүхийн хуудсыг эргүүлсэн хүчтэй хувьсгал, тэмцлийг оюутан залуус удирдан, өөрчлөлтийн салхийг хагалсан сэтгэл хөдөлгөм түүх, баримтууд олон бий. Бид энэ сарын 17-нд тохиох Олон улсын оюутны өдрийг тохиолдуулан тоглоомыг дүрмийг өөрчилж, өөрчлөлтийг буухиалсан оюутнуудын бахдам түүхүүдийг онцлон хуваалцаж байна.

 1. Грийнсборогийн суулт-1960

Үндэслэл: АНУ-ын Хойд Каролина муж дахь Техник, хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд болох 17-19 насны, дөрвөн өнгөт арьст хөвгүүн 1960 оны хоёрдугаар сарын 1-нд нэгэн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ цагаан арьстнуудын хэсэгт суусан байна. Дэлгүүрийн менежер тэднийг зохих хэсэгт суухыг анхааруулсан ч залуус татгалзсанаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг олон мянган оюутныг нэгтгэсэн хөдөлгөөн өрнүүлэх эхлэл тавигджээ.

Үйл явдал: Тэд хөдөлгөөнийг дөрвүүлээ эхлүүлсэн ч маргааш нь 20, гурван өдрийн дараа 300 болоод зогсохгүй өөр хотын оюутнууд нэгдсэнээр нийтдээ 70 мянга болж, шударга бус системийн эсрэг тэмцэж эхэлжээ. Нийгмийн хүчтэй эсэргүүцэл, цагаан арьст оюутнуудын хэд хэдэн удаагийн дайралттай тулгарсан ч асуудалд тайван хандаж, суултаа үргэлжлүүлсээр байж. Тэмцлээ үр дүнтэй болгохдоо, эсэргүүцэгчдийн өөдөөс босолгүй зүгээр л нийтээрээ арьс өнгөөр ялган үйлчилдэг газруудаас худалдан авалт хийхээ зогсоожээ. Ингэснээр дэлгүүрүүд тухайн оны долоодугаар сарын 25-ны байдлаар орлогынхоо гуравны нэгийг буюу 200 мянган ам.долларын алдагдал (2018 оны ханшаар 1.7 сая доллар) хүлээснээр, арга буюу оюутнуудын тавьсан шаардлагыг хүлээн авсан байдаг.

Үр дүн: Суулт эхэлсэн тэр дэлгүүр өдгөө Хүний эрхийн төлөөх үйл ажиллагааны нэгэн бэлгэ тэмдэг болж, музей болон олон нийтэд үйлчилж буй. Мөн суултыг эхлүүлсэн оюутнуудын зоригт үйлдлийг хүндэтгэн, Хойд Каролинагийн Техник, хөдөө аж ахуйн их сургуулийн талбайд дурсгалын хөшөөг нь байрлуулжээ.

2. Хамба хилэн хувьсгал-1989: Түлхүүрийн чимээ

Үндэслэл: Нацистууд 1939 онд Чехословакийн төрт улс байгуулагдсан баярт өдрийг хүндэтгэхээр цугласан оюутнуудыг хүч хэрэглэн тараах үеэр нэгэн оюутны аминд хүрчээ. Уг үйл явдал нь оюутнуудын уур хилэнг хөдөлгөж, эсэргүүцлийн жагсаал хүртлээ томорсон боловч энэ үеэр 1200 оюутан баривчлагдан, есөн оюутан амь үрэгджээ. Энэхүү эмгэнэлт өдөр хожмоо “Олон улсын оюутны өдөр” буюу оюутан залуусын дуу хоолой, үзэл бодлыг сонсох эрхийн өдөр болсон юм.

Үйл явдал: Дээрх явдлаас 50 жилийн дараа буюу 1989 оны 11 сарын 17-нд энэ өдрийг дурсахаар оюутан залуус Праг хотноо дахин цугласан нь Хамба хилэн хувьсгалын эхлэл болсон ажээ. Түүхэн өдрийг дурсахаар тайван жагсаалаар эхэлсэн ч яваандаа коммунист системийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн цуврал жагсаал болж хувирсан гэдэг. Жагсаал эхэлснээс хэдхэн өдрийн дараа жагсагчдын тоо 500 мянгад хүрч, тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга Милош Жакеш 11 сарын 24-нд огцрон, Чехословакт нэг намын тогтолцоо унажээ. Ийнхүү 12 сарын 29-нд албан ёсоор Ваклав Хавел, Чехословакийн ерөнхийлөгчөөр томилогдсон юм.

Үр дүн: Тайван замаар зорьсондоо хүрсэн тул уг хувьсгалыг хамба хилэнтэй зүйрлэсэн гэдэг. Маш амжилттайгаар буюу эхэлснээсээ хойш ердөө 11 хоногийн дараа хуучин засаглалыг халж чадсан энэ үйл явдлыг зохиолч Тимоти Гартэн Аш “Тайван замаар, богинохон хугацаанд зорилгодоо хүрсэн, эв нэгдэлтэй, хүсэл эрмэлзэл, урам зоригоор дүүрэн хувьсгал” хэмээн тодорхойлжээ. Хувьсгалын 20 жилийн ойд зориулан Праг хотын, Кафкагийн талбайд түлхүүрээр хийсэн 6 метр өндөртэй “Revoluce” буюу “Revolution” гэх үг бүхий дурсгалыг байрлуулсан байдаг. Ваклав Хавелын түлхүүрээ сэгсрэн харжигнуулах чимээ нь Хамба хилэн хувьсгалын бэлгэ тэмдэг болсон байдаг тул уг дурсгалыг түлхүүрээр хийжээ.

3. Ардчилсан хувьсгал-1989: Биднийг дэмжиж байгаа нь суугаарай!

Үндэслэл: Анх Эрдэнэт, Ховд аймагт Монгол Улсын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан оюутан, залуусын цуглаан болжээ. Үүний дараа Улаанбаатар хотод 1989 оны 12 сарын 10-ны өдөр С.Зоригоор удирдуулсан Монголын Ардчилсан Холбоо Хүүхэд залуучуудын соёлын төвийн гадаа анхны цуглаанаа хийж, ардчиллын гол зарчмууд болох 13 зүйл заалт бүхий шаардлагыг Ардын Их Хурал, МАХН-д тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан байдаг.

Үйл явдал: Хувьсгалд нийт 100 мянга гаруй хүн оролцсоны 80 хувь нь оюутан залуус байсан тул 1990 оны хувьсгалыг оюутнуудын тэмцэл байсан гэж үздэг. Хувьсгалын үйл явц дөрвөн сар орчим хугацаанд үргэлжилсний эцэст буюу 1990 оны 3 сарын 9-нд нам төрийн тэргүүн Ж.Батмөнх МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцрох болсныг мэдэгдсэн юм. Харин 1990 оны 4 сарын 27-нд тавьсан шаардлагуудын хэрэгжилтийн явц удаан байгааг эсэргүүцэж, ахин жагсах үеэр цэргүүд Засгийн газрын ордныг хамгаалахаар гарч ирсэн нь байдлыг хурцатгажээ. Энэ үеэр С.Зориг "Биднийг дэмжиж байгаа нь суугаарай" хэмээн хэлж, жагсаалын уур амьсгалыг нааштайгаар өөрчилж байсан юм. Эв найрамдалтайгаар ардчилалд хүрсэн энэ түүх бол хувьсгалыг толгойлсон залуусаас гадна тухайн үеийн дэлхийн чиг хандлага, хүнлэг ёс зүйтэй төрийн өндөрлөгүүд, идэвх зүтгэлтэй оролцсон олон нийт гээд олон хүчин зүйлийн нэгдэл билээ.

Үр дүн: Ийнхүү 1990 оны 7 дугаар сард анхны чөлөөт ардчилсан сонгууль болж, есдүгээр сард Монгол Улс түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчтэй болсноор 1992 оны нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулиа баталж, албан ёсоор нэрээ “Монгол Улс” болгосон билээ. Ардчиллыг бий болгохын төлөө уйгагүй тэмцэж олсон ардчиллаа, босгож чадалгүй зуурдаар таалал төгссөн С.Зориг нарын удирдсан оюутан залуусын уг тэмцлийн дүнд бид өнөөдөр оюун санаа, улс төр, эдийн засаг, шашин шүтэх эрх чөлөөгөө эдэлж яваа билээ.

4. Оюутны хөдөлгөөн-2016: Сая, сая залуус, Hэг дуу хоолой

Үндэслэл: БНСУ-ын “Инхва” их сургуулийн нэгэн оюутан их сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр элссэнээр барахгүй, хичээлдээ суугаагүй ч дүн нь гарах явдал илэрчээ. Уг шударга бус явдлыг эгдүүцэж, эсэргүүцсэн оюутнууд нэгдэн тайван жагсаал хийснээр явцдаа улс төрийн олон асуудлуудыг хөндөж, нийгмийг донсолгосон их хөдөлгөөний эхлэл болжээ.

Үйл явц: Хууль бус элсэлт, тэгш бус боловсролын системийн мөрөөр эхэлсэн уг хэрэгт тус улсын Ерөнхийлөгчийн нэр хүртэл холбогдсонд ард түмэн ихэд дургүйцжээ. Учир нь, Жон Юра хэмээх тус оюутан, тухайн үеийн ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн сайн найз Чой Сүн Шил-ийн охин байсан бөгөөд энэ мэдээний дараа 50 мянган хүн оролцож байсан жагсаал 16 сая хүн болтлоо өргөжсөн байна. Хэн нэгний удирдлага дор биш зөвхөн өөрсдийн үзэл бодлоор нэгдэж, эмх цэгцтэйгээр тэмцсэн уг хөдөлгөөн нь олон улсын анхаарлыг эрхгүй татжээ. Авилгал, хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашиглах, тэгш бус хуваарилалт зэрэг БНСУ-д нуугдаж байсан нийгэм, бизнес, улс төр, хувийн хэвшлийн олон шударга бус хэргүүд энэ хөдөлгөөний үеэр ил болсон юм.

Үр дүн: Эрх мэдлээ урвуулан ашигласан ерөнхийлөгч Пак Гын Хе суудлаасаа огцорч, найз Чой Сүн Шил болон бусад хэрэгт холбогдогчдын хамт олон жилийн ял сонсон, их хэмжээний торгууль төлөхөөр болжээ. 2016 оны 11 сараас эхлэн таван сарын хугацаанд үргэлжилсэн уг эсэргүүцэл нь Өмнөд Солонгосчууд тэгш хуваарилалт, шударга зарчмыг эрхэмлэж, түүнийхээ төлөө хэрхэн тэмцэж чаддагийг дэлхий дахинд харуулж, эрх баригчдадаа ч ард түмний зүгээс томоохон анхааруулга өгсөн явдал болсон юм.

5. Шүхэрт хувьсгал-2014 ба Оюутны бослого-2019: Хоёр сая иргэнийг дагуулсан оюутан

Үндэслэл: БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонг Конг нь гэрээ ёсоор 2047 он хүртэл тус улсын үндсэн захиргаанд байх ёстой билээ. Үүнээс өмнө Нэгдсэн Вант улсын (Их Британи) захиргаанд байсан 100 гаруй жилийн хугацаанд бие даасан улсын хэмжээнд хүртэл үсрэнгүй хөгжсөн уг тусгай бүс Хятад улсын мэдэлд шилжсэнээр ихээхэн зөрчил, тэмцэлтэй тулгараад буй. Энэ бүхэн тэдний сонгох эрхээ бие даан эдлэх болон асуудлаа дотооддоо шийдэх хүслээс эхлэлтэй.

Үйл явдал: Засаг захиргааны удирдагчаа сонгох явдалд БНХАУ-ын оролцоо хэт их байгааг эсэргүүцсэн 2014 оны “Шүхэрт хувьсгал” нь нийт 79 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд гол удирдагч нь 17 настай Жошуа Вонг хэмээх хүү байжээ. Өөдөөс нь гал нээсэн хүчний байгууллагынхнаас хамгаалахын тулд жагсагчид шүхэр хэрэглэсэн нь хувьсгалыг ийн нэрийдэхэд хүргэжээ. Харамсалтай нь, уг хөдөлгөөнийг Засгийн газар авч хэлэлцээгүйгээс гадна нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн Жошуад хоёр жилийн хорих ял оноосон байна. Энэ явдлаас таван жилийн дараа буюу 2019 онд гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлж, хэргийг нь шүүх хуулийн төсөл боловсруулж эхэлсэн нь Хонг Конг иргэдийн түр намжаад байсан уур хилэнг ахин өдөөжээ. Энэхүү бослого сүүлийн хагас жил гаруй үргэлжлэн, Жошуа Вон болон түүний багийнхан удирдаж байгаа юм.

Үр дүн: Хувьсгалыг удирдсан залуу хүүгийн энэхүү шийдэмгий, зоримог, далайцтай үйлдэл нь дэлхий дахины анхаарлыг татаж, улмаар АНУ-ын алдарт Time сэтгүүл жил бүр гаргадаг “Оны хамгийн нөлөө бүхий хүмүүс”-ийн жагсаалтдаа багтааж байв. Яг одоогийн байдлаар Жошуагийн энэ хичээл зүтгэл Хонг Конгийн ирээдүйд ямар өөрчлөлт авчрах нь тодорхойгүй байгаа ч залуус өөрсдийнхөө дуу хоолойг дэлхийд сонсгож чадахаар хүчтэй, нийгмийнхээ сайн сайхны төлөө зоригтой тэмцсэнээр өөрчлөлт авчрах боломжтой гэдгийг бидэнд харуулсаар байгаа юм.