Оффисын тоног төхөөрөмжийн борлуулалт, нийлүүлэлтийн дотоодын зах зээл дээрх гол тоглогчдын нэг болох Sankou Marketing Mongolia компанийн түүх 2006 оноос эхэлсэн юм. Салбар газраас бие даасан компани болтлоо өргөжин тэлсэн энэ байгууллагыг та бүхэн Konica Minolta, Bizhub, Dell, Optoma, BXB зэрэг олон улсад танигдсан брэндүүдийн албан ёсны борлуулагч гэдгээр нь илүүтэй мэдэх болов уу. Энэ удаагийн дугаартаа бид тэдний бүтээгдэхүүн, борлуулалтаас илүүтэй япон менежмент, арга барилыг нутагшуулсан, нэг тоглогч ноёлж байсан зах зээлд амжилттай нэвтэрсэн ноу-хаугаас хуваалцаж байна.

Бизнесийн нэр: Sankou Marketing Mongolia Co.,ltd
Байршил: Дашчойлин хийдээс хойш явах замд, “Санко Маркетинг”-ийн байр
Үйл ажиллагааны чиглэл: Оффисийн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан он: 2006 он
Үүсгэн байгуулагч: Г.Нямдэлгэр, Масуда Тадаёоши
Сошиал хуудас: Sankou Marketing Mongolia (фэйсбүүк)
Веб: www.sankoumarketing.mn

Зүүн гараас: Инновац, судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга Г.Пүрэвбат, Хүний нөөцийн менежер Л.Шижир

ТА БҮХЭН КОМПАНИА ТОВЧ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Компанийн үүсгэн байгуулагч маань 2000 оны эхээр Япон улс руу суралцахаар явсан монгол оюутнуудын нэг л дээ. Их Наран улсад сурч, ажиллаж байх хугацаандаа тэндхийн соёл, ажлын арга барил, үйлчилгээний онцлогоос суралцаад, авууштай сайн жишээг эх орондоо нутагшуулж, бодит болгохоор зорин ажилласны үр дүн нь манай компани юм. Байгуулагдсан цагаасаа хойш тухайн үеийнхээ борлуулалт, үйлчилгээний хэв маягийг нэг шатаар ахиулж, одоо ч салбартаа түүчээлж яваадаа бид сэтгэл хангалуун байдаг шүү. Sankou Marketing Mongolia компани маань одоогоор оффисын дижитал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч олон улсын 20 орчим брэндтэй хамтран ажиллаж, Монгол дахь албан ёсны борлуулалтыг нь хийж, дагалдах бүхий л үйлчилгээг стандартын дагуу үзүүлж байна.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ/ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Бидний хийдэг хамгийн гол ажил бол борлуулалт гэхээс илүү борлуулалтын өмнөх зөвлөх ба дараах засвар үйлчилгээ гэж боддог. Тухайн хэрэглэгч манай байгууллагаас худалдан авалт хийхгүй байсан ч бид оффисын бүтээмжийг дээшлүүлэх боломж, зардлыг бууруулах гаргалгааг мэргэжлийн зүгээс тайлбарлаж, зөвлөж өгөхийг хичээдгээрээ ижил төрлийн компаниудаасаа ялгардаг байх. Ихэнх хэрэглэгчид худалдан авалт хийхдээ үнийн дүн дээрээ илүү анхаараад, бусад чухал зүйлсийг, тэр дундаа ашиглалтын дараах зардал, засвар үйлчилгээ зэргийг орхигдуулдаг тал бий. Улмаар хэсэг хугацааны дараа авсан бүтээгдэхүүнд нь тооцоолоогүй олон асуудал, их хэмжээний зардал гарч эхэлдэг. Үүнийг бид борлуулалтын өмнөх зөвлөх үйлчилгээгээрээ бүрэн шийдэж өгөхөөр хичээн ажиллаж байна.

Мөн япон үйлчилгээний хамгийн гол философи нь үнэнч, итгэл даахуйц, тууштай байдал байдаг. Бид энэ зарчмаар ажилладгийн хувьд, тухайн хэрэглэгчийнхээ итгэлийг олж, түүнийгээ дааж явахын тулд асар их хөдөлмөр, цаг хугацааг зарцуулдаг. Тэгэхээр үйлчлүүлэгч бүрээ хүндэтгэж, сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг. Байнгын эргэх холбоотой ажиллах энэ хэв маяг нь манай үйлчилгээний гол онцлог, давуу тал. Санал болгож байгаа бүтээгдэхүүнүүд маань ч олон улсад чанар, шинэлэг байдлаараа хэдийн танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн байдгийг онцлох нь зүйтэй байх.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Ойрын зорилго гэвэл нээлттэй, чөлөөтэй ажлын орчинг бий болгож, төлөвшүүлэх. Энэ зорилгынхоо хүрээнд бид саяхан ажлын байрандаа томоохон засвар хийж, ажилтнуудад илүү тухтай, орчин үеийн, гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц тохижилттой болоод байна. Мөн тохижилтоо ажлын онцлогтойгоо уялдуулаад технологийн дэвшлийг ашиглах талаас нь тун сайн шийдэж өгсөн. Одоо ажилтнуудынхаа ажиллах арга барил, гүйцэтгэл, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын орчинтой нь уялдуулж өгөх ажлууд бий.

Хэтийн зорилгын хувьд бид үйлчилгээ, борлуулалтын салбарт багагүй хугацаанд ажиллаж, туршлага хуримтлууллаа. Энэ туршлагаа ашиглаад бусад үйлчилгээний салбарт хүч үзэх, Монголдоо үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх хүсэл, төлөвлөгөөтэй байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

SANKOU (賛光) гэдэг нь Монголоор “Гэрэл гэгээний зүг нэгэн үзэл санаагаар урагшаа” гэсэн утгатай япон үг л дээ. Энэ утгаараа манай үнэт зүйл бол нэгт “Санкосог итгэл зүтгэлтэй ажилтан”. Нөгөө нэг салшгүй үнэт зүйл бол “Хэрэглэгч, үйлчлүүлэгчид”.

Үйлчилгээний бизнес өөрөө хүний ёс зүй, ур чадвар, харилцаан дээр тогтдог онцлогтой. Тиймдээ ч бид ажилтнуудаа байнга сургаж, хөгжүүлж, гадаад дотоодын мэргэжлийн сургалтанд хамруулж, туршлага судлуулж, амжилттай ажиллах нөхцлөөр бүрэн дүүрэн хангаж өгөхийг эрмэлздэг. Ажилдаа дуртай ажилтантай байх, тийм ажилтныг бий болгох гэдэг аливаа ажлын гол суурь нь. Ингэснээр бид түрүүн ярьсан үнэнч, итгэл даахуйц үйлчилгээг хэрэглэгчдэдээ үзүүлж чаддаг.

Захирал маань “Итгэлцлээр гагнагдсан бизнес, насан туршийн хамтрагчид” гэж хэлдэг юм. Үнэхээр ч энэ зарчмаар ажилласны үр дүн нь 2008 онд анх худалдан авалт хийж байсан байгууллагатайгаа бид одоо ч холбоотой ажилладгаас, 12 жилийн өмнө авсан тоног төхөөрөмж нь одоо ч бүрэн ажиллагаатай байгаагаас шууд харагдана. Үндсэндээ техник, тоног төхөөрөмжийн асуудлаа бидэнд даатгаад, зөвхөн өсөлтөндөө анхаарах боломжийг бид байгууллагуудад олгодог.

Харин борлуулах бүтээгдэхүүндээ үндсэн 3 шалгуурыг тавьдаг. Нэгт, тухайн бүтээгдэхүүн байгальд ээлтэй юу?, хоёрт, тухайн бүтээгдэхүүн хэрэглэж буй хэрэглэгчийнхээ бүтээмжийг өсгөж чадах уу?, гуравт, зардлыг бууруулж чадах уу? гэдэг шалгуур. Манай борлуулж буй бүтээгдэхүүнүүд эхлээд энэ шалгуураар орж байж, дараа нь хэрэглэгчдийн гар дээр очдог юм.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, АЖИЛЛАХ АРГА БАРИЛАА ХУВААЛЦВАЛ?

Бид үйлчилгээндээ 3S зарчмыг авч хэрэгжүүлдэг. Үүнд: Smile буюу инээмсэглэх, Speed буюу түргэн шуурхай, Sincerity буюу чин сэтгэлээсээ ажиллах. Харин дотоод үйл ажиллагаанд бүтээмжийн гол арга болох 5S аргыг ашиглаж гол ажлуудаа, эмх цэгцтэй, цэвэрхэн, сахилга баттай хийж хэвшихийг ажилтнууддаа уриалдаг.

Мөн өглөө бүр Эрчилгээ буюу Чоорэй (Японоор 朝礼) хурлын арга барилаар мэдээллээ солилцоно. Заавал хурлын өрөө гэлгүйгээр, бүх ажилтнууд тойрч зогсоод ажлын явц, нөхцөл байдал, асуудлуудаа ярилцдаг нь тун амар, хурдан хэрнээ үр дүнтэй байдаг. Бусад байгууллагыг ч энэ арга барилыг үйл ажиллагаандаа хэвшүүлээсэй гэж боддог.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид байгуулагдсан цагаасаа хойш 2017 он хүртэл зөвхөн Konica Minolta корпорацийн BizHub брэндтэй хамтарч ажилладаг байлаа. Нэг л брэндийн бүтээгдэхүүнээр дамжуулан 10 жилийн хугацаанд 1750 орчим байнгын харилцагчтай болсон байдаг. Харин сүүлийн 2 жилийн хугацаанд дараагийн өсөлтөө хийх цаг болсныг мэдэрч үйл ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсын түншүүдтэй болж, ажлын орчноо ч шинэчилсэн.

Тиймдээ ч шинэ бүтээгдэхүүнүүдээ таниулах, зах зээлд нэвтрүүлэх, түүгээрээ дамжуулж байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх зорилгыг урдаа тавин ажиллаж байна.
Өмнө нь бид оруулж ирсэн бүтээгдэхүүнээ байгууллагуудад санал болгож, танилцуулдаг байсан бол одоо эсэргээрээ хэрэглэгчид манайд санал хүсэлт ирүүлэх болоод байна. Хэрэглэгчдийнхээ ирүүлж буй тэдгээр хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд “Инновац, судалгаа хөгжлүүлэлтийн алба"-ыг шинээр байгуулаад ажиллаж байгаа. Энэ албаараа дамжуулаад санал хүсэлтээр ирж буй бүтээгдэхүүнийг судлах, турших, өрсөлдөгч бараа бүтээгдэхүүнүүдтэй харьцуулах гээд хурдтай хөгжиж буй дижитал бүтээгдэхүүний зах зээлийн хөгжлөөс хоцролгүй, цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллахыг хичээж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Давуу тал нь бид техник технологийн дэвшилтэт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй зах зээлд нийлүүлэн, хэрэглэгч үйлчлүүлэгчийнхээ хамт тасралтгүй хурдтай өсөж, хөгжих боломжтой байдаг.

Энэ ч утгаараа олон байгууллага, олон ажилтанд бодит өсөлт, бүтээмжийг бүтээгдэхүүнээрээ дамжуулан бодитоор мэдрүүлж яваа. Харилцагчдын маань сэтгэгдэл, санал хүсэлтүүд ч үүнийг мэдрүүлдэг. Харин бэрхшээлийг бол боломж гэж хардаг даа.

БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛДЭГ АЖЛУУДААСАА ДУРДАХГҮЙ ЮУ?

Хамгийн том ажил бол бид хэрэглэж буй тог, цахилгаанаа сэргээгдэх эрчим хүчээр шийдэж чадсан явдал. Бидний ажиллаж буй 3 давхар барилгын бүх тогийг дээвэр дээр байгаа нарны панелиуд хангаж байдаг. Энэ нь бидний байгаль орчиндоо ээлтэй ажиллах зарчмын том илрэл юм. Цаашдаа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нөөцөлсөн эрчим хүчээрээ ойр орчмын оффис, байгууллагуудыг ч хангах боломжтой хэмээн үзэж байгаа.

Үүнээс гадна техник технологи, мэдээллийн систем, програм хангамжийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудад жил бүр сургалтын тэтгэлэг олгож, ирээдүйн салбарын өсөлт хөгжилдөө хөрөнгө оруулдаг. Мөн "Монголын Талбайн Теннисний холбоо"-той хамтраад өсвөрийн газрын теннисчдийн тэмцээнүүдэд хамтран зохион байгуулагчаар орж, шинэ үеийнхнээ дэмждэг дээ.

 ЗАРИМ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНүүдээ ТАНИЛЦУУЛБАЛ?

Олон байгаа шүү. Жишээ нь: Optoma брэндийн (UST serial) хэт богино зайн тусгалтай проектор байна. Энэ нь холын тусгалтай проекторыг бодвол хурлын танхимыг зай талбайтай байхыг шаардахгүй, илтгэгчийн нүд рүү гялбахгүй, сүүдэр нь илтгэлд тусахгүй, утасгүйгээр шууд гар утас болон компьютертэй холбогддог. Мөн (Full HD) өндөр нягтралтай дуу дүрсийг гаргах тул зурагтын оронд ч ашиглаж болохоор тун дэвшилтэт технологи.

Бас хурлын өрөөний IQ Touch ухаалаг дэлгэц байна. Android & Windows хосолсон үйлдлийн системтэй, компьютер болон гар утастай шууд, утасгүй холбогддог, дуу дүрсийг өндөр чанартайгаар гаргах 4К нягтрал болон спикертэй, 10 цэгийн мэдрэгчийн тусламжтайгаар нэгэн зэрэг дэлгэц дээр ажилладаг, хүссэн үедээ тэмдэглэл хийх туслах цэстэй, мөн бусад оффисын бүх төхөөрөмжүүдтэй хоршин ажилладаг.

Мөн зөөврийн компьютер хэрэглэдэг, тэр дундаа олон програм дээр ажилладаг хүмүүсийн ажлын бүтээмжийг 50 хувь өсгөх боломжтой Vinpok split мэдрэгчтэй нэмэлт дэлгэц гээд оффисын ажилд юу бэрхшээлтэй байна, тэр бүгдийг шийдэж чадах олон хувилбар, боломж манайд бий.