Ээлжит дугаартаа бид MILD Cosmetics-ийн үүсгэн байгуулагч, уулын спортын мастер, зураач Ч.Ариунзулыг урилаа. Тэрбээр 10 жилийн өмнөөс Японы 100-150 жилийн түүхтэй гоо сайхан, арьс арчилгааны брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэн  үндэсний тэргүүлэгч гоо сайхны сүлжээ дэлгүүр болгон өргөжүүлээд буй. Шанхайд хувцас дизайны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн зочин маань мөн усан будгийн нойтон техникийг ашиглан байгалийн сайхныг уран зурагт амилуулдаг. Уулын спортоор 10 гаруй жил хичээллэж, дэлхийн долоон ноён оргилын дөрөвт нь гарсан гарамгай тамирчин. Түүний уулын авиралт, уран бүтээлийн анхны бие даасан тайлан үзэсгэлэн маргааш буюу 11 сарын 22-нд дэлгэгдэх юм.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Amuulai компанийн ерөнхий захирал, "Хайрхан аялагч" клубийн үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер, зураач
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Ch Zul

ТА БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ЭХЛҮҮЛЖ БАЙСАН БЭ?

Би МУБИС-ийг Урлал техник, дизайны ангийг дүүргээд нэг жил багшаар ажилласныхаа дараа Засгийн газрын тэтгэлгээр БНХАУ-ын Шанхайд тухайн үеийн Нэхмэлийн их сургуульд хувцас дизайны чиглэлээр мэргэжил дээшлүүлж байсан юм. Улмаар Монголдоо нөхөртэйгөө хамтран бизнес эхлүүлэхээр MILD Fashion Shop дэлгүүрийг анх 2002 онд нээж байлаа.

Шанхайд оюутан байхдаа дотуур байрандаа нэгэн япон охинтой цуг амьдардаг байсан юм. Надад арьс арчилгааны тухай олон зөвлөгөө өгч, өөрийнхөө хэрэглэдэг япон бүтээгдэхүүнийг харуулдаг байсан нь сэдэл өгсөн хэрэг. Ингээд 2008 оноос “MILD Cosmetics” маань Японы чанартай бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд импортолж эхэлсэн. Одоогоор тус улсын 43 брэндийн 3500 гаруй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж, үндэсний тэргүүлэгч гоо сайхны сүлжээ дэлгүүр болон өргөжөөд байна.

Бид үнийн бодлого, чанар, үйлчилгээ гэх гурван зүйлийг баримталдаг.
Япон компанийн үйлдвэрлэлийн арга барил, стандартад нийцүүлж ажиллана гэдэг амаргүй. Бүтээгдэхүүнээрээ дамжуулан япон чанар, япон соёлыг түгээдэг. Өнөөдөр энгийн, минимал хэрэглээ дэлгэрч байгаа болохоор бид хямд үнэтэй хэрнээ чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний хувьд даваа гараг бүр менежерүүдтэйгээ өмнөх гүйцэтгэлээ дүгнэн, дараагийн ажлаа төлөвлөснөөр долоо хоногоо эхлүүлдэг. Ерөнхий чиглэл өгч, хяналт тавьж ажилладаг гэж болно. Арга барилын хувьд, аль болох энгийн, минимал байхыг эрмэлздэг. Үүнд уулын спорт их нөлөөлсөн гэж боддог юм.

Ууланд авирагчид аялалд гарахдаа аль болох ачаа багатай, зайлшгүй хэрэгцээт зүйлсээ цүнхэндээ авч явах ёстой. Ууланд авирч байхад шүдний сойзны иш хүртэл илүү санагдаж тасалмаар болох үе бий.

Хүний хамгийн чухал хэрэгцээ бол хоол хүнс, дулаан хөнжил л юм байна лээ. Нөөцөлсөн талхаа идэхдээ үртсийг нь хүртэл түүж идсэн үе байлаа. Зөвхөн ууланд авирахад ч биш хүний амьдралд ер нь тийм ч олон зүйл хэрэггүй санагддаг. Бид үнэндээ маш их хэрэггүй новш цуглуулж амьдардаг хүмүүс юм шиг. Ууланд авирна гэдэг хүний амьдралд юу хамгийн үнэ цэнтэй зүйл болохыг мэдрүүлдэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Миний гар утасны хэрэглээ тун бага. Хүнтэй утсаар ярих, мөнгө шилжүүлэхэд л түлхүү ашигладаг. Бусад үйлдлийг нь бүрэн ашиглаж чадахгүй л явна. Компьютер хэрэглэх үедээ ажлын дотоод сүлжээгээ ашиглахаас гадна бусадтай харилцаа тогтоох, мэдээлэл авах зорилгоор сошиал медиа ашигладаг. Би Фэйсбүүк дээр гаднын 200 гаруй нэртэй зураачтай найзалдаг юм. Сошиал медиа орох бүрдээ тэдний зурсан зураг, гаргасан үзэсгэлэнгийн мэдээллийг унших таатай байдаг.

ТА ОДОО ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАХ ГЭЖ БАЙГАА? УРАН ЗУРАГТ ХЭРХЭН ДУРЛАСАН, ХЭРХЭН УРЛАДГАА ЯРИХГҮЙ ЮУ?

Би багаасаа л зурах дуртай, бүтээлч ажилд дурладаг хүүхэд байлаа. Бизнесээ эхлүүлснээс хойш яг бийр, усан будаг нийлүүлэх үе ховордсон ч миний ажил үргэлж уран бүтээлч хэв маягтай байж ирсэн. Гэхдээ усан будгийн төрлөөр идэвхтэй зурж эхэлсэн үе минь дөрвөн жилийн өмнөөс юм.

Уран зураг гэдэг маш их сэтгэл хөдлөл, мэдрэмжээр хөглөгддөг зүйл. Миний хувьд байгалийн зураг түлхүү зурдаг учраас өглөөний цагаар гэрэлтэйд зурах нь илүү тохиромжтой байдаг. Жилийн дөрвөн улирлаас намрын улирлыг зурах хамгийн таатай. Тиймээс намрын улиралд байгальд ойр ойрхон гарч, этюд хийдэг юм. Ажлын өдрүүдэд өглөө 5.30 цагийн үед Туулын эрэгт очвол нар мандаж, байгаль дэлхий сэргэн хамгийн сайхан үе дээрээ байгаа мэт санагдаг. Тэнд 8.30 хагас хүртэл этюд хийж байгаад, гэртээ очин хувцсаа солиод ажил руугаа явдаг юм. Ажил дээрээ ирээд 16 цаг хүртэл идэвхтэй, үр бүтээлтэй ажиллахыг хичээдэг.

Цайны цагаараа ажлынхаа доод давхарт байдаг урландаа очиж, өглөө дуусгаж амжаагүй зургаа дуусгах, эсвэл зурмаар санагдсан зүйлээ цаасан дээр бийрээр урлаж өнгөрөөнө. Би байгалийн зургийг нойтон техникээр богино хугацаанд хатахаас нь өмнө зурж дуусгадаг. Нэг зургийг ойролцоогоор 15-20 минутад зурж болно. Энэ намар их дулаахан, таатай байсан учраас 8-9 сард 30 гаруй зураг зурж, этюд хийсэн байна лээ. Hiking & Painting буюу байгальд алхангаа уран зураг зурах хэв маягийг хөгжүүлэхийг хичээж байгаа.

Үүнийхээ дагуу энэ сарын 22-нд MN17 арт галерейд өөрийн анхны бие даасан үзэсгэлэнг олон нийтэд дэлгэх гэж байна. “Өөдөө урсах өнгө” уулын авиралт, уран бүтээлийн үзэсгэлэндээ усан будгийн бүтээлүүдээ дэлгэхээс гадна дэлхийн ноён оргилууд руу хэрхэн авирснаа гэрэл зураг, дүрс бичлэгийн хамт инсталяциар үзүүлэх юм. Энэхүү үзэсгэлэн бол миний ууланд авирсан 10 жилийн тайлан гэж хэлж болно. Үзэсгэлэн маань аялагч & зураачийн амьдралын туршлага, уран бүтээлийг хослуулсан маш өвөрмөц арга хэмжээ болох болно.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ? 

Би өөрийгөө хурдан шийдвэр гаргадаг гэж боддог. Тиймээс манай компанийн үйл ажиллагаа ч хурдтай өрнөдөг. Хурдтай, зоримог шийдвэр гаргах нь амжилт дагуулдаг ч заримдаа алдаа гаргах нь бий. Гэвч алдаа гаргасан ч эрсдэлээ даах чадвартай байж, алдаа бага гаргахын төлөө зүтгээд л байх хэрэгтэй. Алдаа гаргаж байж л ажил цааш ахина. Алдаа гаргачих вий гэж айж явсан хүн л маш их алддаг шүү дээ.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр дээрээ хийх зүйлсийн жагсаалтаа өдөр өдрөөр нь хөтөлдөг. Гүйцэтгэлээ ч тэмдэглээд явдаг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Үхэх, амьдрахын хооронд тэмцэж, экстрим аялал хийдэг хүний хувьд хийж буй ажлууд минь бэрхшээл шиг санагдахаа больсон. Байсан ч түүнийг огт мэдрэхээ больдог юм билээ. Яахав бизнест валютын ханш өсөхөөс авхуулаад гадаад орчны бэрхшээлүүд мэдээж гарна. Гэхдээ дуртайдаа хийж буй зүйл учраас бүх зүйлд кайфтай ханддаг. Жинхэнэ бэрхшээл гэж цасан шуурганаар майхан нурчихсан, орох оронгүй, үхэх сэхэхийн даваан дээр байхыг л хэлнэ. Би 10 гаруй жилийн өмнөөс ууланд авирдаг болж, экстрим аялал хийж эхэлсэн. Монголын мөнх цаст, 4000 метрээс өндөр ихэнх уулан дээр гарсан.

Дэлхийн долоон оргил дээр гарах нь миний ууланд авиралтын хамгийн том зорилго, мөрөөдөл гэж хэлж болно. Одоогоор дөрвөн уулын оргил дээр гараад байна. Тухайлбал, 2014 онд Европ тивийн ноён оргил, Кавказын нурууны Эльбрусийн оргилд клубийнхээ гишүүдийн хамт гарч байсан. Мөн 2013 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро, 2015 онд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуагийн оргилд гарч байлаа.

Ууланд авирна гэдэг маш өндөр зардалтай, олон сарын бэлтгэл шаарддаг ажил учраас хүссэн хүн дуртай үедээ гарна гэж байхгүй. Би хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Гавьяат тамирчин Б.Гангаамаатай хамт Хойд Америк тивийн ноён оргил АНУ-ын Аляска мужид оршдог, 6190 метр өндөр Денали уулын оргилд гарсан юм.

Аяллын үеэр бидний майхан цасаар шуурганаар эвдэрч, орох оронгүй болж буцахын даваан дээр хамтрагчтайгаа явж байсан нэгэн польш эмэгтэй таарч бидэнд илүү майхнаа өгч байсан юм. Ингээд бид хоёр цааш мацаж, тэмцсээр байгаад оргил дээр нь гарч чадсан. Буухдаа 36 цагийн турш тасралтгүй уруудаж кемп дээрээ ирсэн. Нийт 23 хоногийн турш маш хүйтэн цаг агаартай нөхцөлд аялсан даа. Хүн хоббиндоо цаг гаргахын тулд юуны түрүүнд урдах ажлаа маш сайн хийж, хөдөлмөрлөх нь зүйтэй гэж боддог учраас аялалд мөнгө хуримтлуулна гэдэг манай гэр бүлийн зарчим гэж хэлж болно.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоогоор “ОЁО”-гийн төслүүд дээр голчлон төвлөрч байна. Бид гар урлал сонирхогч, бизнес эрхлэгч хувь хүн, бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмжийг хөгжүүлэх зорилгоор гар урлалын 30 гаруй багштай хамтран ажиллаж, контент бэлтгэж, сургалт зохион байгуулж байна. Нэг цамц хийхийн тулд даавуу, товч, бэхэлгээ, утас гээд бүрдэл материалуудыг олохын тулд эрэл хайгуул их хийх шаардлагатай. Үүнд цаг их орно. Тиймээс нэг цэгт төвлөрсөн үйлчилгээг бий болгож, цаашид үндэсний хэмжээнд DIY буюу өөрөө бүтээх урлалыг хөгжүүлэх санаа төрсөн юм.

Үндсэн ажлын хувьд MILD Cosmetics, MILD Healthy, MILD Beauty хэмээх шинэ концептийн хүрээнд сүүлийн үед эрүүл мэндийн бүтээгдэхүүн судалж, 2020 онд энэ чиглэлд төвлөрч ажиллахаар бэлтгэж байна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Зав зай багасаад ном унших боломж тааруу л байна даа. Машиндаа хааяа аудио ном сонсдог. Оюутан байхад ширээний ном минь Дейл Карнегийн цуврал байсан. Дөнгөж өсвөр насандаа авч байсан Дейл Карнегийн хуучин номууд одоо ч надад байдаг юм. Саяхан гарсан шинэчилсэн хувилбарыг охиддоо авч өгсөн. Тэр хүний “өнөөдрөөрөө амьдрах” философиор л ажил, амьдралаа авч явж байна даа.

ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ДОТОГШОО ТАЛДАА ЮУ, НЭЭЛТТЭЙ ТАЛДАА ЮУ?

Би өөрийгөө тун ч нээлттэй хүн гэж боддог. Миний царайнаас л юу бодож байгаа минь илхэн харагддаг хэлж болохоор. Бага зэрэг түргэн зантай минь ч нөлөөлдөг байх.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Зураг зурах үедээ хөгжим сонсох дуртай. Дуучин Нарангийн дуунуудыг сонсвол сэтгэл хөдөлж, таатай болдог шүү. Сонгодог хөгжмөөс Италийн дуурийн дуучин Андреа Бочеллигийн дууг байнга сонгож, зургаа зурдаг. Харин ажил, гэрийн хооронд алхах, гадуур явах зэрэг бусад үед чихэвч зүүгээд хэлээ сайжруулах, янз бүрийн подкаст сонсохыг эрмэлздэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажлын өдрүүдэд бол оффисынхоо доод давхрын урландаа сууж байна даа. Харин амралтын өдөр уул хаданд алхах, зурах гэх мэтээр өөрийн хоббиг хөөгөөд явж байх болов уу. Би дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага нь гурав, том нь 25 настай юм.

Манай гэр бүлийн хувьд амралтын өдөр гэртээ өнжих нь ховор. Бүгдээрээ дуртай юмаа хийх гээд завгүй бужигнаж явдаг. Зураг зурах гээд байгальд гарахдаа би хоёр багыгаа дагуулаад явдаг юм. Охид маань хааяа гэрээ цэвэрлэхгүй байлаа ч би загнаж үглээд байх дургүй. Үгээр биш үйлдлээрээ үр хүүхдээ төлөвшүүлэх нь зүйтэй гэж үздэг. Гэр цэвэрлэснээр охид мундаг болохгүй. Эмэгтэйчүүд тэрнээс давсан сэтгэлгээтэй л байх хэрэгтэй. Сайн ээж болох гээд хүүхдийнхээ үйлдэл болгоныг загнаж, өдөр болгон гэртээ уяж, хажуудаа байлгана гэдэг буруу байх. Эцэг эхийнхээ хажууд үргэлж хамт байснаар тэр хүүхэд юу олж авах вэ. Гэртээ өдөржингөө байдаг ээж, аав нар өөрсдөө үр бүтээлтэй байж чаддаг болов уу. Хүүхдүүдээ уруу татаад өдөржингөө гэртээ идэвхгүй, хөдөлгөөнгүй байсныгаа гэр бүлдээ цаг гаргадаг гэж ярих нь утгагүй л санагддаг юм. Тэрний оронд секц дугуйланд явуулж, өөрөө бас дуртай зүйлдээ цаг гарвал зүгээр гэж боддог доо.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Урлаг, спортын чиглэлийн олон мундаг багш нараас үлгэр жишээ авдаг даа. Ахмад уулчин, олон улсын мастер Г.Бат-Оронго ахыг их шүтэж явдаг. Биднийг Алтай Таван Богдын оройд арай гэж алхаж гарахад 60 гарсан тэр хүн цанаар гулгаад бууж байв. Ууланд авирах, алхах сонирхолтой, бизнесээ амжилттай авч явдаг олон хүн бий. Надад ажлаасаа гадна олон хоббитой хүмүүс их таалагддаг. Өөрийг тань идэвхжүүлдэг, өөрөөс тань илүү хүнтэй хамт байж л улам хөгжинө шүү дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Дейл Карнегийн “Өнөөдрөөрөө амьдар” гэдэг үгийг л бодож явдаг. Өнөөдөр та юу хийж, бүтээхийг хүсэж байна, түүнийгээ л амжуул. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгэнд итгэдэг. Хүн хүсвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй. Хийхийг хүсэж буй зүйлээ сайн төлөвлөж, хурдтай хийх л ёстой.

Непаль улсын Гималайн нуруу /2018/
Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестийн үндсэн отог руу тэрбээр 10 хоногийн турш 170 км явган алхаж, түүний дараа буцаж ирэн энэхүү зургийг зуржээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Хийх дуртай зүйлээ цаг алдалгүй хайж ол. Тэгээд төгс хийх гэж хичээ. Дургүй ажлаа төгс хийх гэж бухимдах биш, дуртай зүйлээ төгс хийх дадлыг өөртөө бий болгоорой. Зураг дарах дуртай бол яг ямар төрлөөр, хэрхэн дарах техникийг сайн судалж, мэргэш.

Миний хувьд усан будгаар зурахдаа олон техник эзэмших гэж хичээгээгүй. Би зөвхөн нойтон техникийг нарийн судалж, түүндээ төгс болох гэж хичээж явна. Хүмүүс өөр төрлөөр зурж үзэхийг зөвлөдөг ч олон техник хослуулан, холилдуулахыг хүсэхгүй байна. Нойтон техникээр төгс зурдаг болсон хойноо л өөр төрлөөр зурж үзнэ гэж боддог юм. Нэг зүйлээ сайн хийж дадаагүй байж, олон зүйл рүү хошуурна гэдэг хэцүү шүү дээ.

Би заримдаа залуустай ажлын ярилцлага хийхдээ хоббиг нь асуухаар 20 гарсан хэрнээ яг юунд дуртайгаа сайн мэддэггүй гэдэг. Өөрийнхөө хийх дуртай зүйлийг мэдэхгүй гэдэг өөрийгөө олоогүй байна гэсэн үг. Арван настайдаа өөрийнхөө хоббиг олсон хүн 20 нас хүрэхдээ түүнийгээ аль хэдийн 10 жил хөгжүүлчихсэн байна шүү дээ. Дахиад 10-20 жилийн дараа гэхэд амжилт гаргах нь тодорхой. Тиймээс юунд дуртайгаа мэдэхгүй хүн ихээхэн цаг алдаж буй хэрэг.

Эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж байна гээд гэртээ суулгах биш дуртай зүйл рүү нь чиглүүлэхэд анхаараасай. Дуртай зүйлд нь явуулан өөрийгөө олж нээхэд нь туслах хэрэгтэй. Хүүхдүүдээ материаллаг зүйлд ач холбогдол өгдөггүй, харин амьдралд юу хийж бүтээхдээ анхаарсан хувь хүн болгож өсгөж хүмүүжүүлээсэй гэж хүсдэг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Ажлаа сайн хийхийн хажуугаар өөрийн хоббиндоо бүрэн дурласан, түүндээ цаг гаргаж, хөгжүүлэхийг тэмүүлдэг хүнийг урьж оролцуулаарай гэж хүсье.