Хийж бүтээх эрч хүчээр дүүрэн залуусын цуглах орон зай, бизнесийн санаагаа хөгжүүлэх бүрэн дэмжлэг бүхий инкубаторын тоог нэгээр нэмсэн шинэхэн дундын оффис саяхан үүд хаалгаа нээсэн билээ. Энд гарааны бизнес, залуу мэргэжилтнүүдэд зориулсан тусгай сургалт, арга хэмжээнүүд, менторын уулзалтууд байнга болох бөгөөд технологийн шийдэл бүхий компаниудад зориулсан серверийн өрөө хүртэл байх аж. Хаа сайгүй байх том, жижиг хурал уулзалтын хэсгүүд, биеийн чилээгээ гаргах хадан авиралтын хана, түр дугхийх зөөлөн буйдан зэргээр залуусын ажиллах, хөгжих орчныг гайхалтайгаар бүрдүүлж өгчээ. Алсдаа дэлхийд өрсөлдөх технологийн гарааны бизнесийг төрүүлэх зорилготой энэхүү төвийг Монголын үүрэн холбооны анхдагч оператор Мобиком Корпораци гарааны бизнесүүдийг дэмжих, мөн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд санаачлан бий болгосон юм. Бид уг ажлыг хариуцсан төслийн менежер А.Азжаргалтай ярилцсанаа өнөөдөр хүргэе.

Бизнесийн нэр: MOffice Coworking
Байршил: Tedy төвийн баруун талд
Үйл ажиллагааны чиглэл: Дундын оффис, бизнес инкубатор
Үүсгэн байгуулагдсан он: 2019
Төслийг хэрэгжүүлэгч: Мобиком Корпораци
Сошиал хуудас: Facebook, Instagram

ТӨСЛИЙН САНАА АНХ ХЭРХЭН ТӨРӨВ?

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүд, боловсролд хөрөнгө оруулах, ховордсон ан амьтдыг хамгаалах зэрэг дандаа нийгэмд тулгамдсан асуудлуудад чиглэсэн төслүүд хэрэгжүүлдэг байсан. Харин өнгөрсөн жилийн наймдугаар сараас гарааны бизнесүүдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх санааг манай ерөнхий захирал Хамада Сан гаргасан юм. Бид үйл ажиллагаа нь нэгэнт тогтворжсон томоохон корпораци учраас хурдтай шинэчлэгдэж буй сүүлийн үеийн трендүүдтэй ойр байх, дөнгөж бий болж буй инновацыг дээрээс биш дэргэдээс нь харж, хамт хөгжүүлэх нь чухал.

Нөгөө талаас нийгмийн хариуцлагын хүрээнд гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудыг дэмжих, томоохон корпорацийн ноу-хау, мэдлэг туршлагаасаа хуваалцаж байх үүднээс энэ санааг хэрэгжүүлсэн. Түүнээс гадна манай толгой компани болох KDDI корпорацид гарааны бизнесүүдэд зориулсан инкубатор төвтэй, ашгийнхаа тодорхой хувиас 10 орчим гарааны бизнест хөрөнгө оруулдаг жишиг байдаг.

ДУНДЫН ОФФИСЫН ОНЦЛОГ ТАЛУУД нь юу вэ?

MOffice нь Монголдоо анх удаа томоохон корпорацийн санхүүжилтээр бий болсон гарааны бизнесийг дэмжих дундын оффис болж байна. Бид одоохондоо энэ төслөөс ашиг олно гэсэн хүлээлтгүй байгаа учраас тун боломжийн үнэ санал болгож байгаа. Бүх гишүүнчлэлд Мобикомын зүгээс гаргаж буй менторуудын үйлчилгээ, Старт компаниас зохион байгуулж буй сургалт, арга хэмжээнүүдэд үнэгүй оролцох эрх зэрэг багтсан байгаа. Түүнчлэн манай оффис гишүүддээ 24 цагийн турш нээлттэй ажилладгаас гадна Мобинетийн 100mbps хурдны интернеттэй.

Дотоод тохижилтын хувьд бид аль болох орон зай томтой, бас тухтай байхаар төлөвлөсөн. Дундын оффис нийт 800 мкв талбайтай. Багаараа brainstorming хийх самбар бүхий булангууд хаа сайгүй байхаас гадна номын сан, утасны бүхээг, түр дугхийх буйдангууд, ширээний хөл бөмбөг, хадан авиралтын хана, кофе шоп, дууны систем, проектор бүхий тайз зэрэг нэг дор ажлаа хийх, амрах, арга хэмжээ, сургалт зохион байгуулах боломжуудаар хангасан.

Интерьерийн зураг төсөл болон гүйцэтгэл дээр СаяСанаа-ийн залуустай түлхүүр гардуулах нөхцлөөр хамтарч ажилласан. Бид оффисын тохижилт гүйцэтгэл, мөн зарим үйлчилгээний ажил дээр аль болох өндөр ур чадвар бүхий гарааны бизнесүүдийг дэмжин ажиллахыг хичээж байгаа. Энэ жишгийн дагуу Старт компани манай гарааны бизнесийн бойжуулах хөтөлбөр дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, оффисын кофе шопыг монгол улсын хоёр удаагийн аварга, мастер бариста залуугийн бизнес хариуцан ажиллахаар тохиролцсон байгаа.

Бидний зорилтот бүлэг бол технологийн салбарынхан. Харин нэмэлтээр цөөн тооны бусдадаа үнэ цэн түгээхүйц бүтээлч салбарын чадварлаг залуусыг байлгахаар төлөвлөж байна. Оффисын урьдчилсан захиалга өгсөн маш олон хүсэлттэй танилцан, эхнээс нь дуудаж уулзаад, үйл ажиллагаа, дараагийн таван жилийн төлөвлөгөөтэй нь танилцаж, зорилго нь манай компанийн алсын хараатай уялдаж байгаа эсэхийг харгалзаж үзсэний үндсэн дээр авч байгаа. Шалгарсан компаниудыг бойжуулахаар Мобиком болон Старт компаниудын зүгээс багагүй хүчин чармайлт гарч байгаа учраас аль болох өсөж хөгжих ирээдүйтэй, потенциалтай газруудыг сонгохыг хичээж байна. Ингээд эхнээсээ шалгарсан газрууд маань 12 сарын 1-ээс оффистоо орж ирэхээр төлөвлөөд явж байна. Түүнчлэн үнэхээр гоё санаатай, потенциалтай бизнес байвал бид шаардлагатай тохиолдолд эхний 3 сарын оффисын түрээсээс чөлөөлөх зэргээр дэмжин ажиллах боломжтой.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА, ХЭТИЙН ЗОРИЛГО?

Манай байгууллагын хувьд энэ төслийг хэрэгжүүлэх дотоод, гадаад хоёр төрлийн зорилго бий. Гадагшаа чиглэсэн зорилго нь шинэлэг санаа бүхий гарааны бизнесүүдийг бойжуулах, мөн нийгмийн хариуцлагаа биелүүлэх. Мөн цаашлаад Монголын хамгийн анхны unicorn гарааны бизнесийг эндээс төрүүлэх зорилготой. Энэ маань ирээдүйд томоохон бизнес инкубатор төв болж хөгжихийг үгүйсгэхгүй.

“Мобиком Корпорацийг том модтой зүйрлэвэл манай хамт олон тэр модны орой дээр зогсож байгаа мэт гэж хэлж болно. Орой дээрээс модны доор байх амтат жимс, цэцэгнүүдийг бид харж чадахгүй. Харин бид тэр модыг харах өнцгөө өөрчлөөд, газарт буун дээш харвал тэр модны сүүдэрт буй жимснүүд буюу боломжуудыг олж харах боломжтой. Яг үүнтэй адил энэ дундын оффисоор дамжуулан бид жижиг гарааны бизнесүүдтэй нэг түвшинд ирж, тэр модонд байх үр жимсийг боломж болгон ашиглах хамтын ажиллагааг бий болгож чадах юм.”
- Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Хамада Тацуяа

Мобиком дахь дотоод зорилго бол бид энэ орон зайг ашиглан компанийнхаа ажилтнуудыг илүү эрчтэй ажлын арга барил руу шилжихэд тусална. Долоо хоног бүр компанийн ажилтнууд энд суун ажиллаж, шинэ орчинд орж, энд бий болж буй коммюнитигийн нэг хэсэг болсноор ажилдаа хандах хандлага, ажлын арга барил зэрэг нь огт өөр болно гэж бид харж байгаа. Хоёрдугаарт бид интрапренер буюу корпораци дотор байдаг энтрепренер залуучуудыг нээж илрүүлэх, тэднийг хөгжүүлэхийг зорьж байна.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид энэ оныг дуустал цэвэр коммюнити бүрдүүлэлт дээр төвлөрч ажиллаж байгаа. Тэр дундаа шинэ гишүүддээ зориулсан чиглүүлэх өдөрлөгүүд, стартап академи, Mentors’ Week зэргийг зохион байгуулж туршиж үзнэ. Харин ирэх оны нэгдүгээр сараас эхлэн үндсэн төлөвлөгөөт ажлууддаа орохоор бэлтгэж байна.

Түүнчлэн дундын оффист байрлах гарааны бизнесүүдийн бүртгэл нээлттэй үргэлжилсээр байгаа. Өмнө дурдсанчлан бид оффисынхоо 70 хувьд нь технологи суурьтай компаниуд, харин үлдсэн хувьд нь бусдадаа үнэ цэн нэмэхүйц бүтээлч салбарын залуусыг авах юм.

Технологи суурьтай гэхээр заавал дан хөгжүүлэгчдээс бүтсэн байх ёстой гэсэн үг биш. Гол шийдэл нь уламжлалт арга барилыг шинэчилсэн, технологи дээр суурилсан ямар ч төрлийн бизнесийг хүлээн авахад нээлттэй. Технологи дээр суурилсан бизнесүүдийг дэмжих нь харилцаа холбооны компанийн хувьд бидэнд ойр дөхөм, хамтран ажиллах бололцоотой, нөгөө талаас энэ салбарт дэлхий дахинаа технологийн шийдэл бүхий гарааны бизнесүүд амжилттайгаар хөрөнгө оруулалт татсан, өсөж хөгжсөн жишээнүүд олон байдаг тул үүнд хувь нэмрээ түлхүү оруулах сонирхолтой байгаа.

Дундын оффист бүртгүүлэх