Ойрын үед хотын түүхэн дурсгалт газар, барилга байгууламжтай холбоотой асуудлуудаар мэргэжилтнүүдийн дунд багагүй үл ойлголцол, маргаан дэгдээд байгаа билээ.  Тухайлбал, Нийслэл хотын минь өнгө төрх гэгддэг УДЭТ, УДБЭТ, Төв номын сан, Байгалийн түүхийн музейг нурааж, шинэчлэн барих шүүхийн шийдвэр гарсан. Мөн Хэлмэгдэгсдийн музейг буулгаж, Төв шуудангийн урд байрлалтай 40 мянгатын нэг хэсэг болсон орон сууцыг нураах ажил эхэлж, Нийслэлийн Засаг захиргааны IV байрыг (бидний нэрлэж заншсанаар шилэн Улаанбаатар банк) дуудлага худалдаанд оруулан, хувьчлах шийдвэр гараад буй. Энэ хүрээнд уншигч танд эх сурвалжтай, бодит мэдээлэл өгөхийн сацуу салбар бүрийн төлөөллийн байр суурийг тандаж, тэнцвэртэй мэдээлэл бэлтгэхийг зорьлоо. 

Иргэд, олон нийтийн төлөөлөл:

1. Улаанбаатар иргэний форумын хамтран байгуулагч Ц.Уянга

Хуучны барилгуудыг нурааж, илүү том, ашиглалт сайтай болгох нь зөв гэх хүн олон бий. Харамсалтай нь, хот бол барилга дээр биш, оюуны соёл дээр бүрэлддэг. Хотын амин сүнслэг чанар өөрөө санах ойн дээр оршдог. Тухайн хотын иргэд түүхэнд ямар шилжилт хийж, хуучин үнэ цэн, соёлоо өдийг хүртэл хэрхэн хадгалж ирснийг илтгэх хамгийн том эх сурвалж бол хотын өнгө төрх, төлөвлөлт юм. Ингээд бодохоор хотын өнгө төрх, түүхэн барилга, дурсгалт газрууд гэдэг түүх, соёлын өндөр ач холбогдолтой.

Гэвч Улаанбаатар хотод өдгөө “Нийслэл хүрээний үед ийм л байж дээ” гэдэг төсөөлөл өгөх тухайн үеийн хэлбэр, хийцээрээ үлдсэн байгууламж маш цөөн, бараг л байхгүй гэхэд хилсдэхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, бидэнд Хүрээ хот байсан үеийн санамж, үр хүүхдүүддээ харуулах, ярих зүйл үлдсэнгүй. Тиймээс энэ алдааг дахин давтахгүйн тулд бид хотын II үеийн буюу Социализмын үеийн бүтээн байгуулалтын төлөөлөл болсон барилгуудаа авч үлдэхээр хичээж байна. Соёлын шинэчлэлийг эсэргүүцсэн юм биш шүү. Зөвхөн хуучин барилгуудаа нураалгүйгээр сэргээн засварлаж, хүчитгэхэд чиглэж байгаа юм.

2. ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D) Ю.Болдбаатар

Түүхийн багш хүний хувьд оюутнуудыгаа олон музейгээр дагуулан явж, Монголын түүхийн хичээлээр олж авсан мэдлэгийг нь илүү баталгаажуулахыг хичээдэг. Сүхбаатарын хөшөөний өмнө зогсож байгаад "Аливаа улс орны нийслэл гэдэг тухайн улс, үндэстний түүх, соёл, тусгаар тогтносон улс болохыг илэрхийлсэн бэлгэдлийн цогцолбор дурсгалуудтай байдаг. Манай нийслэл хотын төв дэх эдгээр барилгууд бол..." гээд зүүн хойноос нь эхлээд нар зөв тойруулан хотын барилга, байгууламжуудын тухай түүхийн хичээл ордог. Уг хичээлд оюутнууд маань ч дуртай, миний хувьд ч хамгийн сэтгэл хөдөлгөм хичээлийн нэг. Гэтэл Драмын театр, Дуурийн театр, Байгалийн түүхийн музейгээр зогсохгүй Үндэсний номын санг нураах гэж буй нь түүх, соёлоо уландаа гишгэсэн үйлдэл юм. Асуудал ид өрнөж, учрыг нь тунгааж амжаагүй байгаа энэ цаг үеийг ашиглан зарим нөхөд нь зоосны нүхээр харж, Хэлмэгдэгсдийн музейг амжаад нураачихлаа. Энэ бүдүүлэг үзэгдэл үүгээр дуусаасай.

Монголын түүхийн нэгэн цаг үеийн илэрхийлэл болсон дурсгалт барилга, байгууламжуудаа авч үлдэхийг л хүсэж байна. Ингэхдээ шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан үндсэн өнгө, төрхийг нь алдагдуулахгүйгээр, сэргээн засварлах нь чухал. Нураагаад өмнөх өнгө төрхтэй ижил шинийг дуурайлган барих амар байж болно. Гэхдээ нураавал нүүдэлчин хэв маягаас суурин иргэншилд шилжсэн тэрхүү модернизацийн түүхийг гэрчлэх дурсгалууд, хот байгуулалтын соёлын хөгжлийн илэрхийлэл үл хөдлөх барилга, байгууламжийн жинхэнэ үнэ цэн, сүнслэг чанар нь хамтдаа устчихна шүү дээ.

Адаглаад тэдгээр барилгын архитектурын үндэсний шинжийг шингээсэн сэтгэлгээг хүндэтгэх хэрэгтэй. Гэвч МХЕГ-аас "Үйл ажиллагаа явуулах боломжгүй, нурах гэж байгаа" хэмээн бичиг авч битүүмжлээд, удалгүй далдуур үнэгүйдүүлж байгаад худалддаг бурангуй үзэгдэл бараг уламжлал болоод байна. Иргэд үүнд маш их бухимдалтай, бүр жигшиж байгаа. Ханан дээр нь "Дамдины Сүхбаатар энд 1919 онд үсэг өрөгчөөр ажиллаж байлаа" хэмээн бичсэн маш зузаан тоосгон ханатай Хэвлэх үйлдвэрийн барилга үүнийг гэрчлэх гашуун түүх шүү.

3. Дэлхийгээр Аялагчид World Wanderers фэйсбүүк группийн админ С.Отгонбат

Аялагч бүр очсон газрынхаа түүхэн дурсгалт газруудыг зорьж, тухайн үндэстэн юу туулж ирснийг ойлгож мэдрэхийг хүсдэг. Тиймээс тухайн орны түүх, соёлыг хадгалсан бүхэн нутгийн иргэд төдийгүй харь орны аялагчдад ч чухал үнэ цэнтэй.

Орчин үеийн барилга байгууламжууд өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд байгаа. Миний хувьд тийм бүтээн байгуулалтуудаас хамгийн агууг нь үзчихэд бусад нь анхаарал татахаа больдог. Тухайлбал, Дубайн Burj Khalifa-г үзсэн хүнд бусад орны өндөр барилгууд тийм ч сонин санагдахгүй л болов уу.
Харин түүхэн барилга байгууламж, дурсгал гэдэг бол өөр асуудал. Том, жижиг, муухай сайхнаас үл хамааран сэтгэлд хоногшсон мэдрэмж, дурсамжийг үлдээж чаддаг зүйл бол аливаа улсын түүх юм. Аялал жуулчлал бол нэг талаар хүний мэдрэмж дээр тоглодог бизнес. Тэрхүү мэдрэмж, таашаалыг өгдөг зүйлсийн нэг нь яах аргагүй түүхэн барилга байгууламж, дурсгалт газар юм шүү.

Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл:

1. Улсын Дуурь бүжгийн Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар

Театртай амьдралаа холбоод 40 жил болжээ. Миний хувьд гэр оронтой минь адил чухал газар. Ямар ч тохиолдолд театрт ашигтай, сайн сайханд хүргэх талд зогсоно.

Театрын удирдлага, ажилчдын хүсэл бол төрийн шийдвэр, бодлогоос үл хамааран ердөө театрынхаа барилгын архитектур, загвар шийдлийг хөндөлгүйгээр хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна барилгыг аливаа эрсдэлд бэлэн байлгаж, ажилчид, уран бүтээлчдийн эрүүл, аюулгүй ажиллах нөхцлийг хангаж өгөх юм. Манай театр 1950 онд ашиглалтад орсон. Тухайн үед байгалийн гамшигт эрсдлийг тооцож баригдаагүй ч ойр орчимд барилгын насжилтанд нөлөөлөх байгууламжууд баригдаагүй, барих зөвшөөрлийг нь өгдөггүй байсан тул асуудал хурц байсангүй. Харин одоо манай ойр орчинд өндөр шилэн барилгууд харагдана. Тэдгээр барилгын суурийг цутгахаар хэдэн сараар үргэлжилсэн газар шороо, өрөмдлөгийн ажил нь манай театрын ханыг цуулж, барилгыг бүхэлд нь доргиосон шүү дээ.

Анх 40 уран бүтээлчтэй, арын албаныхныг оруулаад 70-80 хүн ажиллахад зориулан баригдсан “Хөгжимт драмын театр” одоо дуурь, балетийг хосолсон үйлчилгээтэй, 280 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Барилгынх нь нөхцөл байдлаас гадна хүний ачаалал хүчин чадлаасаа 4 дахин их гэсэн үг. Иймд бидний хувьд театрын үүднээс тайз хүртэлх хэсэг буюу архитектурынхаа үнэт хэсэгт хүрэлгүй, зөвхөн аюулгүй байдлыг хангах, үзэмжийг сэргээх засвар хийж, тайзнаас хойшхи буюу оффис хэсгийг засварлан, зүүн талын хэсгийн багахан газартаа өргөтгөл барьж, хүчин чадлаа нэмэх төлөвлөгөөтэй, хүсэлтэй байгаа юм. Хоёр уран бүтээлчийн өрөөнд найман хүн ажилладаг энэ нөхцөлд бид хэрхэн хөгжиж дэвших билээ дээ. Мэдээж хэрэг, дотор нь ажиллаж яваа бид яавч гэр орноо саналаараа нураалгая гэхгүй шүү дээ. Иймд ард нийтийг бидэнтэй сэтгэлээ нэгтгэж, хамтран ажиллаасай гэж хүсэж байна.

2. Үндэсний төв номын сангийн Уншлага, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Баярлах

Үндэсний төв номын сангийн барилга өдгөө 68 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд дөрвөн удаагийн урсгал засвар хийсэн ч нэг ч удаа их засвар оруулж байгаагүй. 1950-аад оны үед ашиглалтанд орсон тул газар хөдлөлт, галын эрсдлээс хамгаалах системгүй. Анх 500 мянган номын даацтай баригдсан ч одоо 3 сая гаруй номтой болж, ачаалал стандартаас 6 дахин хэтрээд байна. Уг нь, аливаа улс орон үндэсний номын сангаа “оюуны өв” хэмээн үзэж, таазыг нь хүртэл чулуугаар бүтээн, ном судраа элдэв эрсдлээс хамгаалдаг. Гэтэл номын сангийн дээврийг модоор хийсэн байдаг. Бид өнөөг хүртэл байгаа нөөц бололцоондоо тааруулан, шийдэх арга зам эрэлхийлсээр ирсэн. Харин одоо галыг унтраасан дорвитой ажил хийх цаг үнэхээр ирээд байна.

Бидний төлөвлөгөөгөөр 2020 онд ашиглалтад орох шинэ номын сангаар дамжуулан нийтэд нээлттэй, оюутан, залууст голлон чиглэсэн үйлчилгээ үзүүлж, цахим номын санг хөгжүүлэх юм. Харин энэ үндсэн барилгаа сэргээн засварлаж, дээвэр, цахилгаан, сантехник, даацын асуудлуудаа шийдэн, болж өгвөл хойд талбайдаа шинэ өргөтгөл барих зорилготой. Ингэхдээ архитектурын онцгой шийдэлт хэсгүүд буюу дугуй шат, гантиган шал, өргөн багана, барилгын хийцийг алдалдуулахгүй байх шаардлагыг зураг төслийн компанид үргэлж илэрхийлсээр ирсэн. Барилгынх одоогийн нөхцөл байдлыг сайжруулан, хүчин чадлаа нэмэгдүүлснээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилтнуудын номын сан болгож, цаашдаа монгол судлал, хэл шинжлэлийн лаборатори болгон хөгжүүлэх зорилготой байгаа. Одоогийн эрдэм шинжилгээний уншлагын танхим 20-хон суудалтай шүү дээ. Шинжлэх ухааныг хүндэлдэг орнуудын хувьд санаа зовмоор л тоо.

Энэ асуудалтай холбоотой олон маргаан дэгдэж, өдийг хүртэл олон бэрхшээл туулж ирсэн түүхэн барилгууд, дотор нь олон жил ажиллагсдыг баярлуулаад байсан санхүүжилтийн асуудал тодорхойгүй болсон ч түүх соёлынхоо төлөө дуу хоолойгоо илэрхийлж буй хүмүүст талархаж байгаа. Олон нийтийн хүсэл зориг, санал хүсэлтийг харгалзан үзээд нийтийн эрх ашигт нийцсэн зөв шийдвэр гараасай гэж хүсэж байна. Цаашид түүхэн соёлын ач холбогдолтой барилгуудаа авч үлдъе гэвэл барилгын суурь, насжилт, аюулгүй байдлыг тооцон, ойр хавьд нь баригдах шинэ барилгын төлөвлөлт, зөвшөөрлийг бодолцож олгож байх хэрэгтэй болов уу.

Уг нийтлэлд орсон материал, ярилцлагыг цуглуулах явцад мэргэжлийн байгууллагууд, олон нийт нэг хүсэл зорилготой байгаа ч мэдээлэл, ойлголт, байр суурийн зөрүүнээс үүдэн нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа нь ажиглагдлаа. Иймд хамтран ажиллаж чадвал, бидэнд түүхэн дурсгалт газруудаа авч үлдэн, сэргээн засварлаж, одоогийн нөхцөлийг сайжруулах боломж байгааг онцолмоор байна.

Холбоотой нийтлэл:
Соёлын биет өвийн талаар мэдвэр зохих зүйлс