дэлхий дахинд

OECD буюу Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллагаас 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж, 2.9 хувьтай байна хэмээн мэдээллээ. Энэ нь санхүүгийн хямралаас хойших 10 жилийн хамгийн сул өсөлттэй жил болно гэсэн үг юм. БНХАУ, АНУ-ын худалдааны дайн, Их Британи Европын холбооноос гарах явц, тэдгээртэй холбоотой зохицуулалтууд удаашралтын гол шалтгаан болно хэмээн тэд үзжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Техасын Остинд байрлах Apple-ийн үйлдвэрт зочлон, компанийн гүйцэтгэх захирал Тим Күүктэй уулзалт хийсэн байна. Энэ үеэр Трамп Apple-ийг 5G технологид зориулсан дэд бүтцийг бий болгоход хамтран ажиллахыг санал болгосон гэнэ.

Өвөрмонголд 4000 жилийн настай эртний хотын балгас олдсон гэнэ. 1.38 мянган хавтгай дөрвөлжин км талбай бүхий эртний суурин Циншуйхэ суурингийн нутаг дэвсгэрт олдсон бөгөөд хаалга, хана, шуудуу, бэхлэлт зэрэг нь хадгалагдан үлджээ. Шар мөрний сав газрын соёл иргэншлийн судалгаанд өндөр ач холбогдолтой уг нээлтийн үеэр судлаачид хүн амьдардаг байсан байшин, зоорь зэргийг мөн олсон байна.

Amnesty International технологийн гигантууд болох Facebook, Google-ийг хүний эрхийг зөрчигчид хэмээн тодорхойллоо. Тэд хэрэглэгчдийн датаг цуглуулж, түүнийг борлуулах замаар ашиг олдог нь хүний эрх зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа бөгөөд хувь хүний мэдээллийг хамгаалах, нууцлах асуудалд дорвитой анхаарал хандуулахыг уриалжээ.

Америкт үйлдвэрлэв

технологийн ертөнцийн эргэн тойронд

Google-ийн толгой компани Alphabet эргэн тойрноо ажиглан суралцаж, өөрийгөө хөгжүүлэх чадвартай робот бүтээх Everyday Robot төслөө танилцууллаа. Одоогоор тэдний робот хог ангилж хаяж сурч байгаа бөгөөд нийт хаягдлын ердөө 5 хувийг л буруу хуваарилж байгаа нь хүнээс 4 дахин илүү үр ашигтай үзүүлэлт гэдгийг онцолж байна. Тэд дараагийн жилүүдэд роботоо улам сайн хөгжүүлж, ахмад настнуудыг асарч сувилах чадвартай болгохоор төлөвлөж байгаа аж.

Калифорнид төвтэй "Heliogen" нэртэй стартап сэргээгдэх эрчим хүч ашиглан хүнд үйлдвэрлэлд шаардлагатай энергийг ялгаруулах технологи хөгжүүлснээ зарлалаа. Өмнө нь нарны эрчим хүч ашиглан хамгийн ихдээ 575 градусын дулаан ялгаруулж байсан нь ган, цемент зэргийг бүтээхэд шаардлагатай 950 градусын хэмд хүрэхэд хангалтгүй байсан юм. Тэгвэл толь болон компьютер вишн технологийн тусламжтайгаар уг стартап 1000 градусын дулааныг бүртгэж авчээ. Сонирхуулахад уг компанид Билл Гэйтс хөрөнгө оруулаад удаагүй байгаа бөгөөд гурван жилийн дотор арилжааны зориулалттай төхөөрөмжүүдээ худалдаанд гаргахаар ажиллаж байгаа аж.

Техасын Их Сургуулийн эрдэмтэд Америк тивд бүртгэгдсэн бүх 845 төрөл зүйлийн эрвээхийн генийн дарааллыг тодорхойлсноо зарлалаа. Ингэснээр эрдэмтэд эрвээхий яагаад олон төрлийн өнгө, төрөлтэй байдаг, хэрхэн хувьсаж, генээ солилцон шинэ төрөл зүйл үүсгэж буй талаар тодорхой ойлголттой болох боломжтой болж байгаа юм. Энэ нь хувьслын онолыг шинэ түвшинд гаргаж, өмнө мэдэхгүй байсан олон асуултад хариулт өгөх ач холбогдолтой хэмээн экспертүүд үзэж байна.

Бархасбадь гарагийн дөрөв дэх том дагуул Европагаас усны уур илрүүлснээ одон орончид зарлалаа. Эх гарагийнхаа татах хүчний нөлөөгөөр халдаг цөмийн нөлөөгөөр уг гараг дээр ус хөлддөггүй байх магадлалтай хэмээх таамгийг тэд дэвшүүлээд байгаа юм.

Sony хиймэл оюун хөгжүүлэлт дээр төвлөрөх шинэ салбар байгуулснаа зарлалаа. Sony AI нэртэй уг салбар нь эхэн үедээ тоглоом, дүрс таних, хүнс, мэдрэгчийн чиглэлээр төвлөрөн ажиллах бөгөөд Япон, АНУ, Европт оффисоо нээх гэнэ.

Илрүүлээд, бариад, ангилна

бизнес ертөнцийн эргэн тойронд

Америкийн хамгийн том брокерийн компани "Charles Schwab" цахим брокерийн үйлчилгээний тэргүүлэгчдийн нэг "TD Amitrade"-ийг өөртөө нэгтгэж байна. 25 тэрбум долларын үнэтэй уг хэлцлийн дараагаар 2 компани нийт 5 триллион долларын хөрөнгийг удирдах аварга нэгдлийг үүсгэж байгаа нь энэ. Цахиурын хөндийн хэд хэдэн стартап онлайн, шимтгэлгүй үйлчилгээг хэрэглэгчдэд олгож үсрэлт хийж эхэлсэн нь уламжлалт тоглогчдыг цахим шилжилтийг яаралтай хийхэд хүргэж буйн нэг илрэл нь энэ болж байна.

Тансаг зэрэглэлийн цогц брэндүүдийг эзэмшигч "LVMH" гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Tiffany & Co"-г 16.3 тэрбум доллараар худалдан авах боллоо. Өнгөрсөн сараас эхэлсэн хэлцэл амжилттай болсон нь "LVMH"-д хамгийн өндөр өсөлттэй салбарт том байр суурь эзэлж, улмаар Хятад зэрэг эрэлт ихтэй зах зээлд нэвтрэх боломжийг олгож байна.

Элон Маск болон Тесла компани анхны цахилгаан хөдөлгүүрт пикап машинаа танилцууллаа. Cybertruck нэртэй футуристик загвартай уг машин нь сум нэвтэрдэггүй материалаар хуяглагдсан, 1.5 тонн ачаа тээвэрлэж, 6 тонн ачаа чирэх хүчин чадалтай гэнэ. Нэг цэнэглэлтээр хамгийн ихдээ 800 км зам туулах хүчин чадалтай уг машины суурь үнэ 40 мянган доллар бөгөөд аль хэдийн 146 мянган захиалга хүлээн авсан тухай мэдээлжээ. Шинэ загвар 2022 оноос худалдаанд гарах юм.

Wired: Теслагийн хагарсан цонхны шалтгааныг тайлбарлах нь

Дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтнаар нэрлэгдсэн Кайли Женнерийн үүсгэн байгуулсан "Кylie Cosmetics" 1.2 тэрбумын үнэлгээтэйгээр шинэ хувь эзэмшигчтэй боллоо. 3 жилийн өмнө "Procter & Gamble"-ийн гоо сайхны брэндүүдийг 12 тэрбумаар өөртөө нэгтгэж байсан "Coty" 600 сая доллараар "Kylie Cosmetics"-ийн 51 хувийг эзэмших болжээ. Кардашианы гэр бүлийн 22 настай залуу гишүүн К.Женнер үлдсэн хувийг эзэмшсэн хэвээр байх гэнэ.

Үүнтэй зэрэгцэн энэ салбарын өөр нэг топ тоглогч "Estee Lauder" Солонгосын зах зээлд нэвтрэх томоохон алхам хийж, "Dr.Jart+" брэндийг бүтээгч "Have & Be"-г 1.1 тэрбум доллараар худалдан авлаа. Энэ нь тэдний Азийн брэндийг нэгтгэж буй анхны тохиолдол нь болсон байна. 69 тэрбум долларын үнэлгээтэй "Estee Lauder"-ийн хувьцааны үнэлгээ энэ он гарснаас хойш 47 хувиар өсөөд байгаа юм.

"Хагардаггүй" цонх Теслагийн шоуг нураах дөхөв

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Диснейн энэ жилийн сүүлийн хит "Frozen 2" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 350 сая долларын орлого цуглуулж, анимэйшн бүтээлүүдийн рекордыг тогтоолоо. Хойд Америкийн зах зээлд 127 сая долларын борлуулалтаар бокс оффисийг тэргүүлсэн уг киноны эхний анги 2013 онд 93 сая долларын ашиг болж байсан гэнэ. Зөвхөн энэ жил тэрбумаас дээш орлоготой 5 кино гаргасан Диснейн амжилт ахин нэгээр нэмэгдэх нь цаг хугацааны асуудал болж байх шиг. Өнгөрсөн долоо хоногийн лидер "Ford v Ferrari" 16 саяын ашигтайгаар 2-р байрт бичигдсэн бол Оскарт хүчтэй өрсөлдөхүйц хэмээн үнэлэгдэж буй Т.Хэнксийн "A Beautiful Day In The Neighborhood" 3-т жагсжээ.

Airbnb Олон Улсын Олимпийн Хороотой 500 сая долларын үнэ цэнтэй 9 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Удахгүй нээлттэй компани болохоор зэхэж буй тэд дараагийн таван Олимпийн наадмыг хүлээн авах Токио, Бээжин, Парис, Милан, Лос Анжелес хотуудад 200 мянга хүртэлх өрөөг онцгой эрхтэйгээр жуулчид, үзэгчдэд санал болгох эрхтэй болж байна.

Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Грэммид нэр дэвшигчид тодорлоо. R&B дуучин Lizzo хамгийн олон буюу 8 шагналд нэр дэвших болсон бол 18 настай залуу од Билли Айлиш 6 шагналд өрсөлдөх болжээ. Биллбордыг 2019 оны турш эзэгнэсэн Lil Nas X мөн 6 төрөлд өрсөлдөнө. 2020 оны Грэмми наадам 1-р сарын 26-нд явагдах бөгөөд Алишиа Киз хөтлөхөөр болжээ. Сонирхуулахад, АНУ-ын тэргүүн хатагтай асан М.Обама "Шилдэг аудио ном"-ын төрөлд "Becoming" номоороо нэр дэвшжээ.

Variety: Грэммигийн нэр дэвшигчдийн жагсаалт

Загварын ертөнцийн хамгийн их хүлээлт дагуулдаг эвентээ зохион байгуулахгүй гэдгээ Victoria's Secret зарлалаа. Үүнийгээ тэд маркетингийн стратегиа шинээр тодорхойлж байгаатай холбон тайлбарласан юм. Өнгөрсөн жил уг шоуг телевизээр 3,3 сая хүн үзсэн нь 2013 оны үзүүлэлтээс 3 дахин бага үзүүлэлт болсон билээ.

алдалгүй унших арван мэдээ

Newyorker: Итгэл үзүүлэх эсэх явцын тухай "гашуун" үнэн
Трампын "эсрэг" гэрчүүд мэдүүлэг өгсөөр. Дэлхий нийт ч түүнийг буруутгасаар. Гэхдээ л тэр ажлаа өгөхгүй нь "тодорхой"

Guardians: Идэх үү, эс идэх үү?
Авокадо, наймаалж, сүү. Биед сайн уу, байгальд орчинд ээлгүй юу? Сонголтоо хийхээс өмнө заавал эргэлзэх 10 хүнсний бүтээгдэхүүн

Esquire: Баатар...ингэж хэлж чадах уу?
Америкийн хамгийн хайртай дүрийг илүү тодоор, илүү гүн мэдэхийг хүсвэл заавал уншаарай

WSJ: Спорт биш концерт эвент зах зээлийг чирж байна
Энтертэйнмент салбарын тэсрэлт том танхимуудыг сэргээж, шинэ түвшинд авчирч байна

IKon: Танилц, 2020 онд таны цалин хэрхэн буурах вэ?
Нийгмийн даатгалын шимтгэл таны цалинд хэдэн төгрөгөөр нөлөөлөх вэ?

Scientific America: 2019 оны онцлох 10 технологи
Биопластик, ДНХ хадгалалт, сошиал робот. Дэлхийн Эдийн Засгийн Форумтай хамтран гаргасан уг тайлан танд ирээдүйн талаарх тодорхой төсөөлөл өгөх болно

Hollywood Reporter: Spotify хэрхэн подкастын зах зээлийг эзэгнэх вэ?
Дэлхийг байлдан дагуулж буй швед стартап аудио зах зээлийг тэр чигт нь давамгайлахыг зорьж байна

Slate: Сүүлийн 25 жилд хэвлэгдсэн хамгийн шилдэг 50 ном
Уран зохиолын бус эдгээр номуудаас хэдийг нь уншсанаа бидэнтэй хуваалцаарай

The Verge: Paypal вебийн нэмэлтийг 4 тэрбум доллараар худалдан авав
Хар Баасан Гарагийн өмнө үнийн харьцуулалт илгээдэг нэмэлт Honey шинэ эзэнтэй болов

Vulture: Everyday Life-ийн тоймлох нь
Британийн хамгийн алдартай хамтлаг Coldplay шинэ цомгоороо эргэн ирлээ. Гэхдээ тэд хүлээлтэд хүрэх болов уу?