Шинэ санаа гаргагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр айсуй! 
Бид та бүхэнтэйгээ дөрөв дэх удаагийн Unplug арга хэмжээгээрээ уулзахаар тэсэн ядан хүлээж байна. Өнөөдөр бид Unplug-ийн тайзнаа тухайн жил "тэсрэлт" хийсэн, тод амжилт гаргасан энтрепренерүүд, байгууллагуудыг тодруулдаг "Unread Awards" -д нэр дэвшигчдийг онцлон танилцуулъя. 

unread awards-ийн тухай 

Бид 2016 оноос хойш жил бүр гарааны бизнесийн орчинд амжилтаараа магнайлж буй шилдгүүдийг нэр дэвшүүлж, Unread Awards-ийн эздийг тодруулж ирсэн билээ.

Бүтээгчдийг алдаршуулах Unread Awards нь энэ жил "Шилдэг стартап", "Шилдэг үүсгэн байгуулагч", "Шилдэг гар утасны апп", "Шилдэг санаачилга" гэсэн дөрвөн төрөлтэй явагдана.

Нэр дэвшигчдээс шилдгийг тодруулахдаа бид уламжлал ёсоор бизнес, технологийн чиглэлээр дагнан ажиллаж буй хэвлэл мэдээллийн салбарын 21 сэтгүүлч, мэргэжилтний санал өгүүлэх юм. Түүнчлэн энэ жил "Шинэ санаачилга" төрөлд анх удаа уншигчдын саналыг хүлээн авах болсныг дуулгая. Нээлттэй, ил тод шалгаруулалтын үндсэн дээр бид шударга үнэлгээтэй, нэр хүндтэй шагналыг бий болгохыг эрмэлзэж буй билээ. Манай шалгаруулалтад дараах медиа байгууллагын сэтгүүлчид оролцох болно.

"шилдэг спартап"-Д НЭР ДЭВШИГЧИД

CallPro - Байгууллагын харилцааны хамгийн чухал хэсэг болох дуудлагын төвийн цогц шийдлийг 100 гаруй байгууллага, компанид нийлүүлж, хамтран ажилладаг Call Pro компани Японы хөрөнгө оруулагчтай хамтран цаашид тус улсын зах зээл рүү тэлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлохоор бэлтгэж буй.

Nomadic Bear - Nomadic Bear компани олон улсын тоглоомын зах зээлд олон сая таталттай тоглоомын апп-уудыг нийлжүүлж буй. Тэдний бүтээсэн Ball Shoot тоглоом гэхэд App Store дээр 5 сая удаа татагдаад байна.

Viral Agency - Тус компани маркетингийн салбарт бүтээлч сэтгэлгээгээрээ онцгойрч буй. Сингапурт өнгөрсөн аравдугаар сард болсон шилдэг залуу маркетеруудыг тодруулах Young Spikes Competition олон улсын тэмцээнд Viral-ийн гишүүд Монголыг төлөөлөн оролцож, тэргүүн байр эзэлсэн юм.

Jack's Coffee - Тус компани кофены монгол франчайзыг үүсгэхээр зорьж байгаа бөгөөд хээрийн кофе, шар тостой кофе зэрэг шинэлэг бүтээгдэхүүнийг гарган ажиллаж буй.

"шилдэг ЭНТРЕПРЕНЕР"-Т НЭР ДЭВШИГЧИД

Х.Эрдэнэбаяр - Түүний үүсгэсэн байгуулсан, дэлхийд алдартай Forbes, Marie Claire тэргүүтэй олон сэтгүүлийг нэгтгэсэн World Plus апп Сингапур, Япон улсад албан ёсоор нээлтээ хийгээд буй. Тус апп-ийн гол давуу тал нь дижитал сэтгүүл хийх технологи юм.

Н.Болормаа - Классик франц хоолыг орчин үеийн "nouvelle" франц хоолтой хослуулсан Route 22, байгальд ээлтэй рестораны шийдэл бүхий, эрүүл хооллолтыг дэмжсэн Zoma зэрэг ресторанаараа нээж, хоол үйлчилгээний салбарт шинэ өнгө төрх, соёлыг түгээж буй.

Б.Габит - Стэнфордийн их сургуулийг төгсөж, хиймэл оюун, финтек чиглэлд улс дамнасан хамтарсан компаниудыг байгуулсны зэрэгцээ Монголын мэдээллийн технологийн салбарыг түүчээлэн, шилдэг инженерүүдийг бэлтгэх зорилготой боловсролын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй.

Н.Өлзиймаа - "The International Woman Entrepreneurial Challenge” шагналыг өнгөрсөн онд хүртсэн “Ялгуун аксесорис” компанийн гүйцэтгэх захирал тэрээр үндэсний хэв шинжийг агуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүнийг бүтээж, Монгол брэндийг олон улсад таниулж буй.

"шилдэг апп"-Д НЭР ДЭВШИГЧИД

Ebarimt - Татварын нэгдсэн системд холбогдсон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжээс хэвлэсэн төлбөрийн баримтыг бүртгүүлж, сугалааны урамшуулалд оролцох үйлчилгээг 2016 оноос хойш үзүүлж буй цахим төлбөрийн баримтын систем. Тус апп-д энэ жил олон төрлийн татвар төлөх, лавлагаа авах гэх мэт төрийн олон үйлчилгээ нэмэгдэн орж, иргэдийн ажлыг хөнгөвчлөх болжээ.

Insur - Технологийн шийдлийг ашиглан нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах даатгалын апп. Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний багцуудыг бий болгож, тэдгээрийн төлбөрийг бонус оноо цуглуулах байдлаар төлөх боломжийг олгожээ.

Mongolchat - Энэхүү чат дээр суурилсан төлбөр тооцооны хялбар платформ нь бүх банкны төлбөрийн картыг апп-тай холбож, шимтгэлгүй төлбөр, тооцоо хийх боломжийг олгоно. Улаанбаатар хотын 7000 гаруй мерчант, борлуулагч дээр буй QR кодыг уншуулан, төлбөр, тооцоогоо хийх шийдлийг нэвтрүүлжээ.

Hippocards - Faro сургалтыны төвөөс хөгжүүлсэн, англи хэлийг илүү сонирхолтой, зугаатай байдлаар сурч, үгсийн сангаа нэмэгдүүлэх боломжийг олгох апп. Тус апп-ийг App store-оос гурван сарын дотор л гэхэд 50 мянга гаруй хүн татжээ.

"шилдэг Санаачилга"-Д НЭР ДЭВШИГЧИД 

Энэ жил бид "Шилдэг санаачилга" төрлийн шалгаруулалтад уншигчдынхаа саналыг харгалзахаар шийдсэн билээ. Бизнес, технологийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлч, мэргэжилтнүүдийн санал 50 хувь, уншигчдын санал 50 хувийг эзлэх болно. Та дараах энд дарж саналаа өгөөрэй.

Маргаашийн гэрлийг хамтдаа асаая - "Ид шидийн орон 2" төсөлд зориулагдсан хандивын аян (Khan Bank)

Яараад яахав дээ - Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөллийн аян (Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс)

Хайр түгээе - Тусгай цэнэглэгч картаар дамжуулан хэрэглэгчдийн оролцоотойгоор хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагын төсөл (Mobicom)

Ногоон зүрх - "Аав ээжээ хайрлая", "Эрүүл амьдралын төлөөх ногоон зүрх" тэргүүтэй нийгмийн маркетингийн кампанит ажил (Unitel)

Санал өгөх