21-р зуун гарснаас хойш Монголын амьд хөгжмийн салбарт тодорсон хамгийн том төлөөлөгч нь, хамгийн онцгой үзэгдэл нь The Lemons байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн үргэлж хөгжиж, шинэ дуугаралт, шинэ өнгийг санал болгож байдаг тэдний ямар ч дууг, хаанаас ч сонссон Лемонсын хөгжим, Одноогийн хоолой мөн байна гэж танигддаг. Тэдэнд хөнгөн гуниг төрүүлэм хайрын түүхээс эхлээд аль хэдийнэ залуусын рок сүлд дуулал болсон сэтгэл огшоож, зүрх савлуулам хөгжим бүгд бий. Сэтгэлд дотно хийгээд аялгуулаг хөгжим, дэндүү шударга боловч уран яруу үгс. Unread “Бид хэрхэн ажилладаг вэ?” булангаараа The Lemons-ийг танилцуулж байна. Тэд ингэж ажилладаг.

Байршил: Улаанбаатар, Монгол
Байгуулагдсан он: 2004
Бүрэлдэхүүн: Дуучин - Ц.Одбаяр (Одноо), соло гитарчин - А.Энхтулга (Тулгаа), басс гитарчин - Д.Анар, бөмбөрчин - М.Өнөрбаяр (Өөжгий), даралтат хөгжимчин - Н.Батнасан (Батнаа)
Та бүхний ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Баригдмал биш, сэтгэл хөдлөлд суурилсан
Ашигладаг хөгжмүүд: Бөмбөр – DW, гитар – Fender, (Curt Kobain Edition), микрофон – Shure, төгөлдөр хуур - Roland Gaia, Novation, эффект – Босс
Сошиал хуудсууд: The Lemons (фэйсбүүк хуудас)

The Lemons: зүүн гар талаас -Д.Анар, О.Энхтулга, М.Өнөрбаяр, Д.Батнасан, Ц.Одбаяр

Та бүхний ажлын хамгийн онцлох арга барил? Хамтлагийн хувьд бас гишүүн тус бүрийн хувьд?

Анар: Хамтлагийн хувьд гэвэл бид хөгжимдөө их анхаарал тавьдаг. Бидний уран бүтээлүүд ихэнхдээ хөгжим дээр тулгуурлаж бичигдсэн байдаг. Эхлээд хөгжмөө зохиож, үүний дараа үггүй аялсны эцэст шүлгээ бичдэг гэсэн үг. Анзаарвал манай дуунуудад хөгжим илүү ноёлсон байдаг нь үүнтэй холбоотой. Миний хувьд хувийн бэлтгэлдээ их анхаардаг. Өглөөгүүр хувийн бэлтгэлээ базаачихаад үдээс хойш, бүрэнхий үед илүү уран бүтээл рүүгээ ордог. Уур амьсгал нь ч тэр үеэр бүрддэг юм болов уу гэж боддог.

Одноо: Өрөөндөө ганцаараа, ширээний чийдэн дороо суух. Анхаарал маш сайн төвлөрч, олон янзын өвөрмөц санаа орж ирэх нь элбэг байдаг.

Тулгаа: Дуунууддаа аль болох хүнд үлдэхүйц нэг ая оруулахыг хичээдэг. Миний хувьд аль болох амархан, ямар ч хүн тоглочихож болохоор, тэгэхдээ бас л хүнд үлдчихээр соло ая гаргахыг хүсдэг.

Өөжгий: Миний хувьд гэртээ home studio-той учраас гэртээ сууж, янз бүрийн санаанууд дээр ажиллах дуртай. Тэр үеэр гарч ирсэн санаануудаа хамтлагийнхандаа авчирч ярилцан, бүтээл болгодог.

Батнаа: Би бол бөөнөөрөө цуглаж, уран бүтээлийн хэлэлцүүлэг үүсэх үед илүү бүтээлч байдаг юм шиг санагддаг.

Уран бүтээлдээ баримталдаг гол зарчим?

Өөжгий: Чанар гэж хэлж болно. Бид өөрсдийн стил, үзэл баримтлалаа хадгалж үлдэхийг эрхэмлэдэг ч цаг үеийн хандлагатай дасан зохицож, чанартай уран бүтээлүүд гаргахыг эрмэлздэг. Тиймдээ ч хамгийн анхны цомог маань инди рок урсгалд илүү хамаарах байсан бол сүүлийн цомог маань илүү электроник рок тал руу болж байна. Хүн нас ахихын эрхээр илүү нарийн ширийн зүйлийг ойлгож, ухаардагтай яг адил бидний уран бүтээл ч чанаржиж, сайжирч байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Тоог биш чанарыг эрхэмлэдэг учир цомог маань их удаж гардаг байх.

Тулгаа: Монголд өмнө нь тоглогдож байгаагүй урсгалыг гаргаж ирж, түүгээрээ дамжуулан хүмүүсийн амьдрал, үзэл бодолд, тэр байтугай хувцасны стильд нь хүртэл нөлөөлөхийг зорьдог.

Өөжгий: Уран бүтээл хамтран туурвиж байгаа хүмүүст хоорондын харилцаа хамгийн чухал болчихдог юм байна лээ. Тоглож байгаа хөгжмийн дуугаралт хүртэл тухайн үеийн хүмүүсийн сэтгэл хөдлөлөөс шууд хамааралтай байдаг юм шиг санагддаг. Бид хамтдаа 11 жил болж байгаа учир одоо бол ярих нь багасаад шууд харцаараа л ойлголцдог болчихсон. Тайзан дээр бол шууд л нүдээрээ ярилцчихдаг. Тийм учир бидний ажилд сэтгэл хөдлөл, уур амьсгал их чухал.

Ажлын нэг өдрийн буюу цагийн хуваарь?

Бидний ажлын нэг онцлог бол тоглолтууд дандаа оройн цагаар буюу 20:00-аас хойш болдог явдал. Хэдийгээр гадуур тоглох нь илүү улирлын шинж чанартай гэж хэлж болох ч тогтмол дуулдаг хэд хэдэн газар бий. Бид бэлтгэлээ 12:00-оос эхэлж, шинэ санаанууд дээр ажиллах, шинэ дуу гаргах, давтах зэргээр ажилласаар оройн тоглолтууддаа очдог.

Гишүүн тус бүр хөгжмийн үүрэг ролиос гадна ямар ажлуудыг хариуцдаг вэ?

Анар: Бидэнд тусдаа менежер гэж байхгүй учраас Тулгаа бид 2 менежментийн ажлыг хариуцан ажилладаг. Олон нийттэй харилцах, ивээн тэтгэгчидтэй харилцах гэх мэт.

Өөжгий: Дууны хөгжим дээр бүгд ажилладаг бол үгэн дээр Одноо, Тулгаа 2 түлхүү ажилладаг. Зарим үед өөр уран бүтээлчдээс шүлэг авах нь бий. Нарангэрэл гэж яруу найрагч залууг жишээ болгож дурдаж болно. Түүнтэй “Хайртай”-аас эхлээд тогтмол хамтарч ажиллаж байгаа шүү.

Уран бүтээлийн санаагаа хэрхэн олдог вэ? Дуу төрсөн хамгийн сонирхолтой түүхээсээ хуваалцана уу?

Одноо: Дууны санаа бол бидний өдөр тутмын амьдралаас л ургаж гарч ирдэг. Уран бүтээлийн эрэл хайгуулыг аль болох их сайн хийж байхыг бид хичээдэг. Тиймдээ ч шинээр гарч буй бүх л урсгалыг дуу, хөгжим, цомгуудыг сонсож, төрөл бүрийн урлагийн номер, тоглолтуудыг үзэхийг зорьдог.

Анар: Зарим дуун дээр хэдэн өдөр, хэдэн сар дараалж ажиллах тохиолдол байхад заримдаа хэдхэн минутын дотор бүтчих ч үе бий. Манай дуучин Одноо их дэлгүүрт нэг охинтой зөрөөд өнгөрөхдөө л дууны үг, ая толгойд нь орж ирж, дуу болгон бичсэнийхээ дараа бүр сүүлд нь танилуудаасаа сурагласаар нэрийг нь олоод, “Будыг анх хараад төрсөн сэтгэгдэл” гэдэг нэр өгсөн байх жишээтэй.

Шүлэг өөрөө аяа дагуулаад ирэх тохиолдол бас гардаг. Жишээ нь Л.Өлзийтөгсийн “Шөнө дунд цас орж байна” бол яг тийм шүлэг. Бид уул нь энэ дуугаа “Хайртай”-гаа зохиосны дараахан бичсэн юм. Манай хамтлагийн хамгийн анхны дуунуудын нэг гэсэн үг л дээ. Гэхдээ зохиогчоос нь зөвшөөрөл авах гэж их хөөцөлдсөн. Залуу хамтлаг, хүмүүст сайн танигдаагүй байсан болохоор Л.Өлзийтөгс эгч зөвшөөрөхгүй их удсан байх. Тэгээд арай гэж уулзах зөвшөөрөл авч, mp3 тоглуулагчаараа дуугаа сонсгосон тэр мөчийг их тод санаж байна. Л.Өлзийтөгс эгч нэг сонсоод л шүлгээ өгөхийг зөвшөөрсөн. Нэг л том ажил бүтээчихсэн мэт санагдаж байж билээ.

Ямар програм, аппликэйшнүүдийг хамгийн их ашигладаг вэ?

Одноо: Инстаграм их идэвхтэй ашигладаг. Бараг 1000 гаруй зурагтай. Дан зурагнууд болохоор их аятайхан, маш цэгцтэй санагддаг. Ер нь зургаар маш өргөн утга санаа, үйл явдлыг илэрхийлж болдог шүү дээ. Garageband-ийг уран бүтээлийн санаа, дууны хөгжмөө маш хялбараар тэмдэглэх, хадгалах боломжтой болохоор их хэрэглэж байгаа.

Өөжгий: Ажилтай маань шууд холбогдох хөгжмийн програмуудыг маш сайн ашигладаг. Хөгжмийн програмууд жил ирэх тусам хэрэглэхэд хялбар болж байгааг бас дурдах хэрэгтэй. Бидний хувьд хэрэглэхэд хялбар, түвэг багатай учир Fruity Loops-ийг их хэрэглэнэ. Эхний санаануудаа маш хурдтай тэмдэглэж авахад их амар. Үүнээс гадна Cubase, Studio 1, Nexus гээд бичлэгийн шат шатанд тусдаа програмууд ашигладаг. Ямар ч байсан бид 2 дахь CD-ээ өөрсдөө бие даан бичээд гаргачихсан шүү.

Тулгаа: Өдөр тутмын ажилтай маань шууд холбогддог болохоор Gmail, Most Money-ийг их ашигладаг. Гэхдээ сүүлийн үед Инстаграм хааяа хааяа ордог болчихоод байгаа.

Анар: Онлайн радионуудыг бол нэлээн сонсдог. 8track, IndieShuffle, Last.fm-ийн аппликэйшнүүдийг байнга нээлттэй байлгадаг гэж хэлж болно.

Ажлын өрөө, бэлтгэлийн байраа дүрсэлнэ үү? 

Бэлтгэлийн байр олдоход их хэцүү, цөөн хэдэн урлагийн байгууллагуудын ихэнх нь оффис, албан газруудтай холилдчихсон учир сонголтыг нь их хязгаарладаг хэмээн ярих тэд тоглолтын өмнөх бэлтгэлээ базаахаар МҮЭСТО-д өдөр шөнөгүй ажиллаж байна.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Шинэ жил гэх мэт зарим ачаалалтай үеэр өдөрт 5 газар тоглох шаардлага гардаг. Ийм үед цагийн хуваариа маш сайн тооцоолж, бэлтгэлтэй байх нь цаг хэмнэх маш сайн арга болдог. Тоглолт эхлэхээс бүр өмнө манай техникч тоглох газар очоод бүх утас, холболтуудаа хийгээд бэлдчихдэг юм. Бид ч гэсэн өдөр нь заавал очиж, хөгжмөө шалгаж, дуугаралтаа үздэг. Ингэснээр орой яарч ирчихээд холболтоо хийн дахиж цаг алдахын оронд зүгээр л хөгжмөө залгаад л дуулахад бэлэн болдог давуу талтай. Ер нь ямар ч ажил хийхэд урьдчилан бэлтгэх нь хамгийн үр дүнтэй байдаг гэж боддог.

Хийх ажлын жагсаалтаа хэн нь, юун дээр, яаж хөтлөдөг вэ?

Тулгаагийн дэвтрийг л ашигладаг даа. (инээв) Бидэн дундаас илүү зохион байгуулалттай, бас мэргэжлийн хүн гэдэг утгаараа аливааг төлөвлөх, зохион байгуулах ажлыг хийдэг юм. Харин бичлэгийн үеэр тусдаа хуанли гаргаж, түүн дээрээ дуунуудынхаа санаа, тоглох хөгжмүүдээ тэмдэглэж, жагсааж бичдэг.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Одноо: Бидний дуулсан дуу, хийсэн хөгжим өөр хэн нэгний дурсамжийг сэдрээж, баяр баясал, гуниг ухаарлын сэдэл өгч байгааг мэдрэх их сайхан. Энэ л бидний ажлын онцлог байх.

Анар: Бид өөрсдийн бодож санаж байгаа, хэлэх юм сан гэсэн зүйлсээ дуугаар илэрхийлэх боломжтой ажил хийж байгаа гэдэг утгаараа гоё санагддаг. 90-ээд онд Oasis залууст сэдэл өгч, шинэ хэв маяг авчирсаар Тони Блэйрийг ерөнхий сайд болоход гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг шүү дээ. Ийм боломж тийм олон хүнд олддоггүй байх.

Нөгөө талаар хэцүү бэрхшээлтэй талууд бас бий. Ядаж л нийгмийн даатгал байхгүй. Бас гэр бүлтэйгээ өнгөрүүлэх учиртай хамгийн чухал цагийг тэдэндээ биш хамтлагтаа зарцуулахаас өөр аргагүй болдог. Баяр ёслолын үеэр дандаа л бусдыг хөгжөөж, шөнө дөлөөр ажилладаг. Шинэ оныг гэртээ биш гадуур дуугаа дуулж байгаад гаргах нь олон.

Та бүхэн яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Бид 11-р сарын 13-ны өдөр “Хүсэл” нэртэй бие даасан тоглолтоо хийх гэж байна. Цомог гарах бүртээ тоглолт хийж байгаа учир энэ маань цомгийн баяр, мөн бидний 11 жилийн ойн тоглолт болох учиртай юм. Хамгийн сүүлд хийсэн 2009 оны тоглолттой харьцуулахад техникийн чадамж, заал, гэрэл, тоног төхөөрөмжүүд бүгд сайжирсан учир маш сайн тоглолт болно байх. Тоглолтыг маань Жет сургалтын төв ивээн тэтгэж байгаа.

3 дахь цомог маань 3 жилийн турш бичигдсэний эцэст сонсогчдын гарт хүрээд удаагүй байна. 2012 оноос хойш энэ цомог дээрээ ажилласан. Бид их хичээж, их хөдөлмөрлөсний эцэст удаан бичсэн цомгоо гаргасан. Энэ цомог маань synth pop-ийн нөлөөтэй, шинэ дуугаралтуудтай гэдгээрээ онцлог.

Тоглолтоо дуусгаад амралгүй, шууд дараагийн тоглолтын ажилдаа орно. Бид ирэх онд unplugged тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм. Амьд хөгжмийн хамтлагуудын хувьд ийм тоглолт хийх нь өөрсдийгөө ямар түвшинд хүрснийг илтгэх, өөрсдийгөө мэдрэх том шалгуур болдог. Бид уг тоглолтоороо DVD гаргахаар төлөвлөж байна.

Та бүхэн ямар хөгжим сонсдог вэ? Таны хамгийн дуртай The Lemons-ийн дуу юу вэ?

Батнаа: Сонгодог хөгжим илүү сонсдог. Сүүлийн үед электрон хөгжим их сонсож байгаа. Ninja Tunes лэйбэлийн уран бүтээлчид их таалагддаг. Хамтлагаасаа гэвэл шинэ цомгийн “Өөр ертөнц”, “Monad” гэсэн дуунуудыг нэрлэе. Хөгжмийн дуугаралт, жанр нь миний сонсох дуртай төрлийнх.

Анар: Сонгодгоос эхлээд бүх хөгжмийг сонсоно. Францын Ed Bangers рекорсдынхныг их сонсдог. Гэхдээ Oasis-ийг бүр эхнээс нь одоо хүртэл сонссоор л байна. Жинхэнэ эрч хүч өгдөг. Хамтлагийнхаа басс давамгайлсан дуунууддаа их дуртай. Тэд нар нь Hoofa, Sex & Rock гээд балбасан дуунууд болж таардаг юм. Гэхдээ “Өөр ертөнц” гэж дуундаа их хайртай. Тайзан дээр дуулахад ч их өөр уур амьсгал үүсэж байгаа юм шиг санагддаг.

Одноо: Бүх төрлийн хөгжим сонсдог. Ямар үед, ямар орчинд байгаагаас хамаарна. Гэхдээ онцолбол Radiohead бол хамгийн шилдэг нь, надад маш их нөлөөлсөн. Wolf at the Door-ийг хэд ч дараалж сонсоод уйдахгүй. Өөрсдийн дуунуудаас гэвэл “Шөнө дунд цас орж байна” дууг онцолмоор байна.

Өөжгий: Би өөрөө хөгжмийн гэр бүлд өссөн учир хөгжмийн бүх жанрыг л сонссон. Анх метал хөгжим их сонсдог байсан. Гэхдээ одоо бол Coldplay, Radiohead, Kings of Leon-ийг их сонсдог. Лемонс намайг их өөрчилсөн шүү. Лемонсоос гэвэл “Зүүд нойрондоо”, “Гурван улирал”, “Хүсэл” дуунууддаа их дуртай.

Тулгаа: Сүүлийн үед ер нь хөгжим бага сонсох болсон. Эргэн тойронд байнга рок сонсдог хүмүүс байдаг болохоор ихэнхдээ хуучны хип-хоп сонсдог. Сүүлийн үед Монголоос Mrs M-ийн шинэ цомгийг хүлээж байна, реппер Мэх Захгүйгийн “Жингүйдэл” зэрэг дуунуудыг их сонсож байгаа . Монголд англи хип хопыг хэн нэгэн нь бас хийгээсэй гэж хүсэж байна. Бас шинэ цомгоосоо “Өөр ертөнц” дууг онцолъё.

Та бүхэн хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Ажлын онцлогоос болоод хамгийн эртдээ шөнө 12 цаг өнгөрч байхад л гэртээ ордог. Ер нь бол дуучин Одноог эс тооцвол манайхан их эртэч шүү. (инээлдэв)

Та бүхнийг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Анар: Хамтлагаараа нийлж ширээний хөлбөмбөг их тоглодог. Дотроо баг болоод хуваагдчихсан, их өрсөлдөнө шүү. Сүүлийн үед харин нийлж кино үздэг болсон. Удах тусмаа улам нялхраад, найзлаад нөхөрлөөд байх бололтой дог шүү. Миний хувьд ууланд гарах их дуртай. Их өөр мэдрэмж авдаг.

Тулгаа: Peaberry кофе шоп-д суух их дуртай.

Одноо: Би ер нь их гэр амьтай. Ялангуяа өвлийн хүйтэнд дулаан гэртээ суух шиг сайхан зүйл үгүй. Ном уншиж, хөгжим сонсонгоо хуучин хог новшоо ухаад сууж байх нь их. Бас хоол хийх дуртай шүү.

Батнаа: Би ч гэсэн ууланд их гардаг. Утаа униар, дуу шуугиан, стресс байхгүй гоё орчин. Гэхдээ Анартай нийлж гардаггүй л дээ (инээв).

Өөжгий: Гэртээ, хоум студио дээрээ л сууж байдаг даа.

Та бүхэн хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Одноо: Хөгжим өөрөө надад маш их эрч хүч өгдөг. Өглөөг ямар дуугаар эхлүүлсэн, ямар CD сонгосноос тэр өдөр хэрхэн өрнөх нь тодорхойлогдоод байгаа ч юм шиг санагддаг. Бидний хийж буй уран бүтээл сонсогчдод хэрхэн хүрч байгаа нь, сонсогчдоос өгч байгаа урам, сэтгэл хөдлөл бүхэн тэр чигтээ эрч хүч өгдөг. Ямар ч тайз байсан, жижиг пабаас эхлээд Плэйтайм хүртэл, бэлтгэлээ сайн хангаад, сэтгэлдээ хүртэл хөгжмөө тоглож чадвал асар их эрч хүчийг авдаг. Тоглож байгаа хөгжим маань сонсож буй хүмүүсийг догдлуулж, доргиож байгааг мэдрэх тэр мэдрэмж ямар гайхамшигтай гээч? Үстэй толгой арзайм, үнэн гоё.

Батнаа: Би бол төрөл бүрийн ном уншиж, урам зориг авдаг. Хамгийн сүүлд Муракамигийн 1984-ыг уншиж дуусгасан юм байна. Мэдээж зохиож байгаа хөгжим хүмүүст хүрч байгааг харах их дуртай. Жишээ дурдахад, сүүлд бидний дуу алдарт FTV-ээр явж байхыг санаандгүй олж сонсоод их баярласан. Дизайнер Ариунаа Сури Мерседес Бенц загварын шоунд оролцох үедээ бидний хөгжмийг ашигласан юм. Санаандгүй суваг сольж байгаад өөрсдийн дууг алдартай шоун дээр, алдартай сувгаар дэлхий даяар цацагдаж байхыг сонсоод бүр их хөдөлмөрлөх эрч хүч олж авсан.

Тулгаа: Хааяа найзуудтайгаа дэмий юм ярьж суухаар их эрч хүч аваад байдаг юм шиг санагддаг (инээв).

Анар: Англи хөгжим надад их нөлөөлсөн. Янз бүрийн шинэ хөгжим, гоё дуунуудаас их урам зориг авдаг. Энэ залуус ийм гоё дуугаралт гаргачихаж, ийм гоё дуу хийчихсэн байна, бид яагаад чаддаггүй билээ гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг юм.

Өөжгий: Аавтайгаа хамт гитар тоглоод суухаар их эерэг эрч хүч авдаг. Зөндөө олон шинэ санаа тэр үеэр орж ирдэг шүү.

Танай хамтлагт өгч байсан хамгийн сайн зөвлөгөө?

2005 онд байрны подвальд бэлтгэлээ хийж, түрээсийнхээ төлбөрийг ч цагтаа амжиж төлж чаддаггүй, тогтмол орлогогүй шинэ хамтлаг байхдаа Плэйтайм наадамд оролцсон юм. Энэ үеэр “Мэлхий гүнж” дуу маань уг наадмыг зохион байгуулагч, Hi-Fi Label-ийн захирал Нацагдорж ахад их таалагдаж, энэ дууны бичлэгийн бүх зардлыг хариуцъя гэж амласан. Олон студид бичүүлэх гэж оролдоод нэг л болохгүй, сэтгэлд хүрэхгүй байсан ч Нацгаа ах уйгагүй гүйсээр эцэст нь 440 hertz студид бичүүлж өгсөн. Тэгээд машиндаа бидний шинэхэн бичүүлсэн дууг сонсмогцоо цомгийг маань нэгмөсөн хариуцаж бүтээхээр шийдсэн юм. Үүнээс хойш бид ч өөрсдөдөө улам итгэлтэй болж, улам их зүтгэх болсон. Тэр шийдвэр нь өдгөө Hi Fi лэйблийн үндэс суурь болж, манайхаар эхлээд A-Sound, Pips, Recon гээд үргэлжлээд явж байна.

Энэ булангийн дараа дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна вэ?

Hi-Fi-ийн Нацгаа ахыгаа оруулмаар байна. Монголын хөгжмийн урлагийн төлөө амьдралаа зориулж байгаа энэ хүний ажлын арга барил, нөр их туршлага ялангуяа залууст их хүртээмжтэй, бас олон хүний сонирхлыг татах байх.

Гэрэл зургийг Д.Ганзул