Өнөө үед бидний ажиллах орон зай улам энгийн, цомхон болж, илүү зардалгүй минимал амьдралын хэв маяг хүчээ авсаар буй билээ. Энэ хүрээнд олон үйлдлийг нэг дор багтаасан шийдэл тренд болж, аль ч салбарын үйлдвэрлэгчид хүнд, нүсэр байхаас татгалзаж байна. Бидний энэ удаа онцлох Ардоур компани нь ганц ахуйн хэрэгцээнд гэлтгүй оффисийн орчинд минимал байх, түүгээр дамжуулан урсгал зардлаа бууруулах боломжийг олгохоор ажилладаг. Ухаалаг оффис, бүтээмжтэй ажиллагааг эрхэмлэдэг тус компанийн захирал С.Сайнхүүтэй ярилцсаныг хүлээн авна уу.

Нэр: АРДОУР ХОЛДИНГ ХХК
Хаяг: Вива сити, S22-2
Чиглэл: Оффисийн тавилгын худалдаа үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: С.Сайнхүү, Ү.Баярцэцэг
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд:Ardour furniture (Фэйсбүүк)

Сэдэл

Би санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд Худалдаа хөгжлийн банкинд хэдэн жил ажилласны дараа найз маань MCS компанид ажиллахыг санал болгож байсан юм. Ингээд ажил амьдралаа MCS компанитай холбож, 2019 оны эхэн хүртэл Анун компанид хүчин зүтгэсэн. MCS гэдэг энэ том компанийн тогоонд чанагдаж, олон зүйлийг сурч мэдсэн дээ. Тэр тусмаа Ж. Уранбилэг захирлаас амьдралын төдийгүй бизнесийн ухаанд суралцсан нь том завшаан гэж боддог. Анх ажилд орохдоо тоо л нүдэж суудаг байсан би тавилгын салбараас авахуулад маркетинг, борлуулалтын тухай ойлголттой болж, санхүүч, эдийн засагч, борлуулалтын менежер, төслийн гүйцэтгэгч, гүйцэтгэх захирал гээд олон төрлийн ажил хийж үзэн, өөрийгөө хөгжүүлсэн.

Харин сүүлийн жилүүдэд карьераа шинэчлэх, шинэ зүйлс турших талаар нэлээд бодох болсон ч хаанаас эхэлж, юу хийхээ мэдэхгүй байлаа. Монголын томоохон компанид удирдах албан тушаал хашиж буйн хувьд ажлаасаа гараад ижил төрлийн бизнес эрхлэх нь надад ёс зүйгүй санагдаж байсан. Тиймээс хэчнээн дуртай ч энэ чиглэлээр ажиллах бодол байсангүй. Харин ажлаасаа гарахад захирал маань надад, “Энэ төрлийн бизнес эрхлэхэд татгалзах зүйлгүй ээ” гэж хэлээд амжилт хүссэн юм. Энэ нь надад урам зориг өгсөн. Учир нь Анунд бүх зүйлээ зориулж ажилласан болохоор миний хамаг мэддэг, чаддаг зүйлс тавилгатай холбоотой болсон байсан юм. Удалгүй залгамж халаа болсон залуустаа ажлаа хүлээлгэн өгөөд, гэр бүлийн хүнтэйгээ компанийнхаа ажилд сэтгэл шулуудан орсон.

Ялгарал 

Манай компанийн бусдаас ялгарах онцлог нь бид харилцагчдадаа ажлын орчноо ухаалгаар буюу хэмнэлттэй байдлаар тохижуулахад туслан, шаардлагатай зөвлөгөө өгч, түүнд тохирсон тавилгыг нийлүүлдэг. Минимал буюу ухаалаг орчин гэдгийг зөвхөн эд зүйлсээр ойлгож болохгүй. Тухайн тавилгын ухаалаг шийдэл нь үндсэн хэрэгцээг хангахаас гадна хоёрдогч хэрэгцээг өгч, хангаж чаддаг байхыг хэлнэ.

Оффисийн дизайнд нөлөөлөх өнгөнүүдийн зохицол ч хамтаатай. Өнгөний зохилцол нь стрессийг бууруулж амар амгалан орчинг бий болгодог. Энэ бүхэн эргээд бидний байгууллагын санхүүд багагүй хэмнэлт авчирдаг юм. Бидний борлуулж буй тавилгууд олон улсын чанарын стандартуудыг бүрэн хангасан тул бүтээгдэхүүний чанарт эргэлзэх зүйлгүй. Мөн бид тавилгын төлөвлөлтийн зургуудийг маш богино хугацаанд зурж, харилцагчдадаа өгдөг нь давуу тал болов уу. Мөн тавилга борлуулсны дараах засвар үйлчилгээг ч үзүүлдэг.

Товч тодорхойлолт 

Бүтээмж, үр ашигтай ажиллагааг эрэлхийлдэг бүхий л оффисуудын хэрэгцээг шийдэх тавилгын борлуулалт, үйлчилгээ.

Нэр 

Ардоур (Ardour) гэдэг нь хүсэл эрмэлзэл, өөдөө тэмүүлэх, гал цог гэсэг утгатай үг. Би анхнаасаа гал гэдэг утга орсон нэр өгөхийг хүсэж энэ нэрийг сонгосон юм. Учир нь, галын дөл үргэлж өөдөө бадран асаж байдаг. Харин Холдинг гэдгийг ирээдүйд компани маань илүү том болж, өсөн дэвжихийг бэлгэдэн өгсөн.

Одоо 

Энэ намар бид эхний ээлжний тавилгуудаа худалдаалж эхэлсэн. Тэдгээр бүтээгдэхүүнүүдээ таниулах, сурталчлах, минимал хэв маягийн үр ашгийг оффисуудад ойлгуулах дээр төвлөрч ажиллаж байна.

Баг 

Бидний ажиллах зарчим бол харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг даах явдал. Хүний итгэлийг алдаж, хөсөрдүүлж болохгүй гэдэг зарчмаар ажлаа явуулдаг. Хүн зөв хандлагатай байвал юуг ч сурч эзэмшиж, хөгжих боломжтой гэж боддог юм. Жишээ нь, би ажилд анх орж байхдаа бизнесийн, борлуулалтын, тавилгын салбарын хүн байгаагүй шүү дээ. Хүн хүсэл эрмэлзэл дүүрэн, аливааг гүйцэд чанартай хийе гэсэн сэтгэлээр ажиллаж чадвал тэр чадвар дагаад хөгждөг юм билээ. Тэгэхээр ажилтнуудад итгэл даах, найдвартай байх, зөв хандлагатай байх шаардлагыг тавьдаг.

Ирээдүй 

Бид цаашид тавилгын бизнесээ улам өргөжүүлж, амжилттай ажиллахын төлөө зүтгэнэ. Ирээдүйд олон сонирхолтой боломж, шинэ санаа шийдлүүд гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Амьдрал баялаг шүү дээ.

Эрсдэл 

Төрөөс гаргадаг гэнэтийн том шийдвэрүүд л бизнесийнхэнд хүнд тусдаг даа. Гаалийн татвар, бодлого чиглэл, валютийн ханш, түүнд хандах бодлогууд өөрчлөгдөх нь бодит байдал дээр хийж бүтээхээр зүтгэж буй хүмүүст том бэрхшээл болдог. Улс төр, хууль эрх зүй, эдийн засгийн орчин тогтвортой байвал тус тусын ажлаа амжилттай хийх боломж бүрэн бий. Аливааг давж гарах сэтгэл зүй бизнес эхлүүлсэн хүн бүрд л байдаг байх. Өөрөөс шалтгаалахгүй өөрчлөгддөг макро орчны хүчин зүйлс л хамгийн том эрсдэл байдаг.