Манай баг 2015 оны 9-р сараас хойш үндсэн 7 булангаараа дамжуулан өдөрт нэг контентийг хэрэглэгчдэдээ хүргэсээр ирсэн билээ. Бизнес, технологи, хувь хүний хөгжлийн чиглэлээр дагнасан, карьерын өсөлт дэвшлийг эрэлхийлж буй залуу мэргэжилтнүүдэд зориулсан эдгээр контентуудаа бид тууштай, тогтвортойгоор уншигчдад хүргэхдээ үргэлж бүтээлч байхыг, аливаа мэдээлэлд байнга нэмүү үнэ цэн шингээж байхыг эрмэлзсээр ирсэн билээ.

"Өдөр бүр алдалгүй унших" нийтлэлүүдээ хүргэхдээ бид олон талт эх сурвалж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, өөр хэлбэр агуулгыг шингээж, контентийнхоо үнэ цэнийг хамгийн өндөрт байлгах чин зорилгоор ажилладаг юм. Тийм ч учраас та бүхэнд бид 4 жилийн турш тасралтгүй хүргэсэн үндсэн долоон контентоо шинэчилсэн хэлбэрээр бэлтгэх болсноо танилцуулж байгаадаа таатай байна.

Салбарын манлайлагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчид, үлгэр жишээ эрхмүүдийн ажлын арга барилыг хуваалцдаг "Би хэрхэн ажилладаг вэ?" цуврал маань зөвхөн манай сайтын төдийгүй Монголын хамгийн олон уншигчтай ярилцлагын цувралын нэг болсонд бид бахдалтай байдаг юм. Өнгөрсөн хугацаанд уншигчид маань шинэ зочин санал болгох, нийтлэгдсэн контентуудын талаар санал бодлоо солилцох зэргээр бидэнтэй тогтмол харилцаж ирсэнд бид талархдаг.

Энэ удаагийн шинэчлэлийн хүрээнд ярилцлагын гол асуултууд бүрэн шинэчлэгдэж, нийт 14 асуулттай болоод буй. Шинэ асуултууд маань тухайн зочныг хувь хүн болоод мэргэжилтэн талаас нь илүү өргөн хүрээнд таниулж, шинэ өнгө-шинэ өнцгийг нээнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн онцлох ярилцлагууд маань видео контенттойгоор цацагдах юм.

ШИНЭЧЛЭГДСЭН: Би хэрхэн ажилладаг вэ? - Конгрессын Номын Сангийн монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ

Unread

Шинээр төрөн гарч буй гарааны бизнес, төсөл, санаачилгуудыг хамгийн түрүүнд уншигчдад хүргэдэг "Онцлох бизнес" булан маань мөн агуулгын хувьд бүрэн шинэчлэгдсэн. Бид онцлууштай бизнесүүдийг эхлэл цэгээс алсын хараа хүртэл нь танин мэдэж, тэдгээрийг бүрдүүлэгч хамгийн чухал зүйлсийг хураангуйлан уншигчдадаа таниулахыг эрмэлзэх болно. Олон олон шинэ бизнес, стартапыг та бүхэнд танилцуулах болно.

Долоо хоног бүрийн мягмар гарагт хамгийн эрэлттэй онцлох апп-уудыг тоймлон хүргэдэг "Апп тойм" булангаа бид "Techworm" хэмээн нэрийдсэн нь санамсаргүй хэрэг биш. Бид зөвхөн апп-аар хязгаарлагдахгүй технологийн ертөнцийн чиг хандлага, шинэ төхөөрөмжүүд, шинэлэг програмуудыг багцлан хүргэх юм. Хэрэглэгчидтэйгээ илүү ойртон, тэдний санаа ба хэрэглээг мэдэх үүднээс "Технологийн хорхойтнууд/Techworm" группийг мөн үүсгээд байгааг та бүхэнд дуулгая. "Techworm" бол жинхэнэ технологийн хорхойтнуудын цуглах талбар/булан байх болно.

ШИНЭЧЛЭГДСЭН: Онцлох бизнес: Hi-Pay: Монголын анхны Payment Gateway

Unread

Үүнээс гадна "Номын тойм", "Мэдүүштэй, "7 хоногийн тойм" булангууд маань ч агуулга ба хэлбэрийн хувьд шинэчлэгдээд буй. Эдгээр өөрчлөлтүүд уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж, илүү мэдлэг-мэдээлэл өгч чадна гэдэгт итгэж байна. Шинэчлэгдсэн контентуудын талаар санал хүсэлт, сэтгэгдлээ бидэнтэй чөлөөтэй хуваалцахыг мөн энэ ташрамд хүсье.

Өдөр тутам алдалгүй унш.

ХОЛБООТОЙ: UNREAD.TODAY ВЕБСАЙТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Unread