Манай багийнхан өнгөрөгч 11-р сарын 30-нд болсон Unplug дээр бүрэн шинэчилсэн сайтаа нээж, шинэ контентуудаа зарласан билээ. Түүнээс хойш нэг нэгээр нь уншигчдын хүртээл болгож, мөн контент бүрийн утга учрыг блогоор тайлбарлаж буй. Үүнээс өнөөдөр "Өртөөлөгчид" хөрөг-цуврал, "Номтой яриа" ярилцлагыг танилцуулж байна.

ӨРТӨӨЛӨГЧИД

"Өртөөлөгчид" бол өөрсдийн ажил үйл, амжилт бүтээлээр айсуй сайн цагийг өртөөлөн авчирч буй залуусыг "нээх" талбар юм. Өөрөөр хэлбэл, тус тусын салбартаа шинэчлэл өөрчлөлтийг авчрахаар, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр зорьж буй залуучуудыг танилцуулах цуврал юм. Зочдынхоо түүхийг хөрөг байдлаар хүүрнэн өгүүлэхэд энэ контентийн гол онцлог оршиж буй бөгөөд туйлын бүтээлч, тун өнгөлөг, содон өгүүлэмжтэй гэрэл зураг нь хөрөг нийтлэлийг гайхалтайгаар чимж өгөх болно. Тиймээс агуулга ба хэлбэрийн хувьд таны унших хамгийн сайн контентуудын нэг байна гэдэгт бид гүнээ итгэнэ.

Урам өгч, бодол төрүүлэх өртөөлөгчдийн онцгой түүхийг хамтдаа хайцгаая.

УНШИХ:

Өртөөлөгчид: Ү.Оюуномин (Улаанбаатар Хотын Банк)

Өртөөлөгчид: Бүтээх хүслэн, туурвих тэмүүлэл Б.Хулангийн замыг хөтөлнө

НОМТОЙ ЯРИА

Долоо хоног бүрийн бямба гарагт номын тойм, номтой холбоотой нийтлэл тасралтгүй оруулсаар бид дөрвөн жилийг үджээ. Энэ хугацаанд манайх гадаад дотоодод гарсан номтой холбоотой мэдээллийг хамгийн тууштай хүргэдэг сурвалж байж ирэв. Энэ удаа бид номын буландаа хэд хэдэн өөрчлөлтийг хийгээд байна. Үүний нэг нь сар тутам уншигч танд хүрэх "Номтой яриа" ярилцлага юм. Номын хорхойтнуудтай хийх энэхүү ярилцлага нь 9 асуулттай бөгөөд тэдний дуртай ном, унших арга техник, номтой холбоотой түүхүүдийг сонирхолтойгоор дамжуулах билээ. Та энэ ярилцлагаас илүү их унших сэдэл авч, олон шинэ номтой, олон шинэ зохиогчтой танилцах нь дамжиггүй.

Үүний зэрэгцээ бид дотоод гадаадад гарсан шинэ содон номуудын тойм, номын салбарт гарч буй мэдээ мэдээллүүдийг тогтмол, цаг алдалгүй хүргэхээ дуулгая.

УНШИХ:

Номтой яриа #1: Unread Media-ийн хамтран байгуулагч Д.Ганзориг

Та бүхэн эдгээр нийтлэл, булангуудыг маань уншаад санал сэтгэгдлээ хуваалцаж, сонирхолтой зочдыг санал болгодог байгаарай.