Стевен Ковигийн 1989 онд хэвлүүлж, олон дахин шинэчилсэн “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал” ном бол орчин цагийн, хувь хүний хөгжлийн хамгийн гол бүтээлүүдийн нэг билээ. 40 хэлнээ орчуулагдаж, 25 сая хувь борлогдож, “20-р зууны хамгийн нөлөө бүхий бизнесийн ном” өргөмжлөлийг хүртсэн нь үүнийг илтгэнэ. Хүн амьдралдаа өөрчлөлт шинэчлэл, ахиц дэвшлийг гарган өндөр бүтээмжтэй болохын тулд хэрхэх ёстойг долоон дадал болгон томьёолжээ. Тэдгээр нь ямар дадлууд болохыг, номд ямар чухал санаанууд гардгийг өнөөдөр хураангуйлан хүргэе.

Стевен Кови энэхүү бүтээлдээ хүн өөрөө өөрийгөө хэрхэн сайжруулж хөгжүүлэх, өрөөл бусдад хэрхэн хандах, зорилготой, өндөр бүтээмжтэй амьдрахын тулд ямар чанаруудыг хэвшил болгох талаар тун системтэйгээр, өөрийн туршлагыг бусдын туршлагатай хамтатган хүүрнэсэн нь үе үеийн уншигчдын талархлыг хүлээсэн юм.

“Бодол үйл хөдлөлийг сэргээнэ, үйл хөдлөл дадлыг бий болгоно, дадал зан чанарыг төлөвшүүлнэ, зан чанар хувь заяаг тодорхойлно” гэсэн үг эл номын агуулгыг товчоор илэрхийлэх мэт.

1. САНААЧИЛГАТАЙ бай

Долоон дадлыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд бид проактив буюу идэвх санаачилгатай, өөрийн үйлдэлд бүрэн хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй аж. Тэгэхгүй бол бид зүгээр л нэг хариу үйлдэл үзүүлэгч болж хувирна. Хариу үйлдэл үзүүлэгчид ихэвчлэн орчин тойрныхоо нөлөөнд автсан байдаг. Тэгэхээр хийж буй зүйлсээ өөрийн хүсэл сонирхол, үнэт зүйлсдээ захируулах чадвартай байх нь нэн чухал чанар юм.

Заримдаа бид шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд дунд эргэлдэж, өөрийн эрхгүй бухимдангуй аашлах нь бий. Хоржоонтой нь бид өөрөө өөрсдийгөө тийм нөхцөл байдалд аваачдаг. Өөрөөр хэлбэл бидэнд тохиолдсон асуудлууд бус, түүнд үзүүлэх хариу үйлдэл, хүнд хэцүү гэж хүлээн зөвшөөрсөн сэтгэхүйгээсээ болж бид эцэст нь тийм ярвигтай нөхцөл байдалтай тулдаг. Тэгэхээр асуудлуудаа өөрийн чадахаас эхлээд бага багаар, санаачилган гарган шийдвэрлэж эхлээрэй. Ингэхдээ бодол санаа, хандлагаа эерэг байлгах хэрэгтэй. Хий дэмий санаа зовнихоос цаашгүй асуудлын тойрогтоо эргэлдээд байвал бид хямарсан, хувиа бодсон, идэвхгүй амьдралын хэв маягт баригдах болно. Өөрийгөө мэдрэх, ухамсарлах чанартай юм чинь бид сул талаа засаж чадна шүү дээ.

2. төгсгөлийг нь төсөөлж эхэл

Зорилго, эцсийн цэгээ тодорхой болгож чадвал идэвх санаачилгатай байх дадал бүр ч их үр өгөөжийг өгөх болно. Нөгөөтээгүүр зорилгоо төсөөлнө, бий болгоно гэдэг тийм ч амар биш. Нэг удаа суугаад л биччихдэг зүйл биш. Байнга хянаж, шинэчилж, сайжруулж байх нь зүйн хэрэг. Тэгэхээр төгсгөлийг нь төсөөлж эхлэх гэдэг бол хувь заяаныхаа талаар тод томруун ойлголттой байна гэсэн үг. Энэ нь бид хаашаа явж байгаагаа, одоо хаана байгаагаа илүү сайн ойлгон, хийж буй алхмуудаа үргэлж зөв зүг чигт байлгахад тустай.

Хааяа бид найз нөхөдтэйгөө ярилцах, карьер, ур чадвараа ахиулах, үр хүүхэд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх зэрэг нэн чухал зүйлсэд зав гаргаж чаддаггүй. Хүрэх төгсгөлөө төсөөлөхгүйгээр ийм завгүй ажиллан, ихийг амжуулаад байгаа мэт мэдрэмжийг авах нь үнэндээ өндөр бүтээмжтэйн шинж биш юм.

Эцсийн эцэст хүмүүс хаа ч, хэнд ч сайнаар дурсагдан үлдэхийг чин сэтгэлээсээ хүсдэг. Гэвч бусдад таалагдахаас илүүтэй амьдралынхаа утга учир, нандин зүйлс, эцсийн цэгийг өөрөөсөө эхлээд асуух хэрэгтэй аж.

3. хамгийн чухлыг ХАМГИЙН эхэнд

Энэ хэсэгт цаг ашиглалттай холбоотой олон асуудлыг хөнддөг. Бид үр ашигтай, өндөр бүтээмжтэй ажиллаж, амьдрахын тулд хийх гэж буй зүйлсээ ач холбогдлын дарааллаар нь ангилж сурах ёстой.

Жишээлбэл олон хүн чухал биш боловч яаралтай аар саар ажлуудыг хамгийн түрүүнд хийдэг. Утасны дуудлага, имэйл, бусдын гуйлт, уулзалт гэх мэт. Гэвч энэ бүхний үр дүн тийм ч чухал биш байдаг. Харин өөрсдөдөө цаг зав гаргах, амрах, төлөвлөх, шинэ боломжийг шүүрэх, харилцаа холбоо тогтоох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэх мэт ирээдүйд үр дүн нь гарах, өндөр ач холбогдолтой ажлуудаа хойш тавьсаар л байдаг. Мэдээж хэрэг, энэ бүхэн санасны зоргоор амархан биелдэггүй учраас бид нийтээрээ ийм дутагдалтай болов уу. Гэхдээ Стевен Р.Ковигийн өгүүлснээр “Амжилттай яваа нэгэн амжилтгүй нэгний хийх дургүй зүйлсийг хийдэг. Гэвч дуртайдаа хийдэг юм биш. Харин дургүйгээ зорилгоороо дарж чаддаг” хэмээжээ.

Ийм сахилга баттай болохын тулд бидэнд туйлын зорилго, тэмүүлэл, тодорхой үнэт зүйлс болоод зарчимч чанар хэрэгтэй. Эдгээрийг мэдэж байвал та хамгийн чухал зүйлсдээ “за” гэж, бусад зүйлсэд “үгүй” гэж хэлж чаддаг болно. Түүгээр ч зогсохгүй байнга төлөвлөж, урьдчилан сэргийлж байх учраас гэнэтийн асуудлуудын цар хүрээ хумигдаж, тоо хэмжээ багасах нь дамжиггүй. Үүнтэй холбоотойггор 20 хувийн үйл хөдлөлөөс 80 хувийн үр дүн бий болдог Паретогийн зарчмыг танд сануулъя.

Эцсийн дүндээ өндөр бүтээмжтэй хүмүүс бэрхшээл төвтэй бус боломж төвтэй байдаг аж.

4. хамтдаа хож

Хамтдаа хожих (win-win) дадал нь хүмүүс хоорондын харилцаа, хамтын суралцах үйл явц, бүгдэд ашигтай байдлыг агуулдгаараа онцлог. Үүнийг хэрэгжүүлэхэд ухамсар, төсөөлөл, мөс чанар, итгэлцэл, чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл, уужуу сэтгэлгээ зэрэг хүний мөн чанарууд шаардлагатай. Тэгэхээр энэ бол ямар нэгэн аргачлал биш, хүн хоорондын харилцаа гэж хэлж болох юм.

Ихэнх хүмүүс аливаа зүйлд хүчтэй буюу хүчгүй, хожил буюу хожигдол гэсэн туйлширсан байдлаар ханддаг нь үндсээрээ буруу аж. Хэн нэгний хожил өөр нэгний бүтэлгүйтэл дээр үндэслэж бий болдоггүй гэсэн санаа. Үүнээс гадна хамтын ажиллагаанд минийхээр, эсвэл таныхаар гэсэн сонголт байхгүй. Зөвхөн хамтдаа илүү сайжрах гэсэн гурав дахь сонголт л бий гэнэ. Цаашид биелэхгүй хүлээлт, хүрэхгүй зорилготой байснаас эхнээсээ энэ маягаар сайтар ойлголцох нь чухал. Нэг ёсондоо энэ дадал нь амьдралыг өрсөлдөөний дэвжээ бус хамтын ажиллагааны талбар болгон хувиргана.

Хэн нэгнийг ялах нь таныг хүссэндээ хүргэж болох ч явцын дунд бусдыг таны эсрэг эргүүлэх учраас жинхэнэ хожил байж чадахгүй. Амьдралд хүн бүрд хүрэлцэхүйц баялаг байдаг гэдгийн нотолгоо нь хамтдаа хожих дадал юм.

5. эхлээд ойлго, дараа нь ойлгОГД

Хүмүүс хоорондоо ярилцаж байхдаа бусдын яриаг огт сонсохгүй байх, сонсож буй дүр эсгэх, хэрэгтэй зүйлээ л сонсох, анхаарч сонсох, чин сэтгэлээсээ сонсох зэрэг янз бүрээр мэдээллийг хүлээн авдаг гэнэ. Хэрвээ та цаад хүнтэйгээ нөхөрлөж, хамтарч ажиллахаар төлөвлөж буй бол чин сэтгэлээсээ сонсож, итгэлцлээ арвижуулах учиртай. Нөгөө хүнээс авах зүйлээ түрүүлж бодолгүй санаа зорилго, үзэл хандлагыг нь ойлгохыг хичээвэл харилцаа, ойлголцол хурдан сайжирна. Үүний дүнд та зорилгоо биелүүлэхээс гадна хайрлах, энэрэх, хүндлэх зэрэг хүний төрөлх шинжээ илүү сайн мэдрэх болно.

Заримдаа бидэнд бусдын дэмжлэг, өөр өнцөг зайлшгүй шаардлагатай болдог шүү дээ. Бэрхшээлтэй тулж яваа хүмүүсийг чин сэтгэлээсээ сонсох үед тэд ямар хурдан сэтгэлээ нээдгийг бид мэднэ. Тэр үед л хүмүүс бие биеийнхээ харах өнцгийг ямар их ялгаатай болохыг ойлгож эхэлдэг гэнэ. Энэ нь хамтдаа хожихын эхний алхам юм.

Хайртай дотнын хүмүүсээ ойлгосноор гэр бүл, хосын харилцааг бусниулдаг олон саад бэрхшээлийг даван туулж чадна. Харин бизнесийн хүрээнд удирдах ажилтан нь бүх түвшний ажилтнуудтайгаа аминчлан уулзаж, ойлголцсоноор тэдний урам зоригийг сэргээж, сайн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх билээ.

6. хүчээ нэгтгэ

Энэ бол нийлбэр нь нэмэгдэхүүнээсээ их гэсэн санаатай агаар нэг юм. Хүмүүс нэг нэгнээ үнэн сэтгэлээсээ сонсохын зэрэгцээ өөрсдийн санаа бодлыг зоригтой илэрхийлснээр хүндлэл, ойлголцол бүхий хүчээ нэгтгэх үйл явцыг хэрэгжүүлж эхэлдэг байна. Үүнээс гадна оюун бодол, зүрх сэтгэлээ нээж, шинэ боломж бололцоог найр тавин угтаж, шинэ сонголт, шинэ хувилбарыг бий болгоно гэсэн үг. Үзэл бодол, сэтгэл зүй, бие бялдрын ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөх нь хүчээ нэгтгэх үйл явцын амин сүнс гэж ойлгож болно. Нөгөөтээгүүр, оролцоо хэдий чинээ чин сэтгэлийн байна, төдий чинээ хүн хоорондын харилцаа бэхжиж, бүтээлч сэтгэлгээний шавхагдашгүй ундарга оргилно. Үүнд өмнөх бүх дадлууд туслах нь гарцаагүй.

Харин үл итгэлцлээс бий болдог хамтын ажиллагааны хамгийн доод хэлбэр бол болгоомжилсон, хардсан хандлага юм. Ийм үед хүмүүс нэг нэгнийхээ үзэл бодлыг сонсож, хүндэтгэлтэй харилцдаг боловч сэтгэлийн гүнд нь нэвтэрч, харах өнцөг, дотоод ертөнцийг нь ойлгодоггүй. Энэ байдал нь хэзээ ч хүчээ нэгтгэж бүтээлч байж чадахгүйн үндэс болдог байна.

7. өөрийгөө хурцал

Хүний мөн чанарыг бүрдүүлэгч дөрвөн хэмжээс байдаг гэнэ. Энэ нь оюун ухаан, сэтгэл санаа, бие махбод, нийгмийн харилцаа юм.

Бидний байнга хэрэгжүүлэхийг хичээдэг эрүүл хооллолт, амралт, дасгал хөдөлгөөн зэрэг нь бие махбодын хэмжээст багтдаг бөгөөд яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай биш гэж үзээд хойшлуулах нь их. Харин мөн чанар, үнэт зүйл зэрэг нь итгэл үнэмшлийн хэмжээст хамаарна. Унших, төсөөлөн бодох, төлөвлөх зэрэг нь оюун санааны хэмжээс бол, бусадтай харилцах, ойлголцох, хамтрах зэрэг нь нийгмийн хэмжээст багтана.

Хувь хүний төдийгүй байгууллагын өндөр бүтээмжийг бий болгохын тулд дээрх дөрвөн хэмжээсийг ухаалгаар, бас тэнцвэртэйгээр хурцалж байх нь чухал. Нэг л хэмжээсийг орхигдуулах аваас бусдадаа сөргөөр нөлөөлж, хөгжил дэвшлийг хойш татах хүч болон хувирна.

Тиймээс бид эдгээр хэмжээсүүдээ тэнцвэртэйгээр сэргээн хөгжүүлж, ухаалгаар ашиглахад суралцах шаардлагатай. Үүнд амьдралынхаа туйлын зорилго буюу утга учрыг тодорхойлсон байх нь ихээхэн тус болно.

Хөөрөх явц асар их хүчин зүтгэл шаардах ч таталцлын хүчнээс нэгэнт гарчихвал бид бүхний эрх чөлөө бүхэл бүтэн шинэ орон зайгаар хэмжигдэнэ

Стефен Р.Кови