Бид бямба гараг бүр номын тойм, номтой холбоотой нийтлэл оруулсаар дөрвөн жилийг үджээ. Энэ хооронд үе үе номын буландаа зочин урьж, ямар ном уншиж буй, ямар ном санал болгохыг нь асуудаг байв. Өнөөдрөөс эхлэн энэхүү зочинтой нийтлэлээ тогтворжуулан "Номтой яриа" нэрээр сар бүр гаргахаар шийдсэнийг дуулгахад таатай байна. Ингээд өөрсдөөсөө эхлэн ерөнхий редактор Ганзогоо урилаа, цаашид олон сонирхолтой зочныг та бүхэнтэй уулзуулах болно.

1. ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Голдуу баримтат номууд. Намтар, дуртгалд их дуртай. Ажил карьер, өөрийгөө хөгжүүлэх номуудаас сайныг нь олж уншихыг хичээдэг. Хааяа уран зохиолын ном уншдаг. Хааяа бас шүлгийн ном эргүүлэх дуртай.

Одоо гэвэл Алейн дө Боттоны "The Course of Love" гэх тууж, Дэвид Эйпштейний "Range" гэх баримтат ном хоёр цүнхлээд л, дуусгаж чадахгүй яваад байна. Алдарт физикч Ричард Фейнманы "Surely, You're Joking, Mr.Feynman!" хэмээх, хүмүүсийн их санал болгодог дуртгалыг авсан. Саяхан бас өнгөрсөн сард хэвлэгдсэн, Эмос клубийн "Сурахад суралцах нь" номыг гүйцээж уншсан. Энэ номд би нэг өгүүлэл бичин хувь нэмэр оруулсан юм л даа.

2. ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ ГЭВЭЛ?

Оюутан болохын алдад Чойномын "Сүмтэй бударын чулуу" уншаад нэг хэсэг уран зохиол, яруу найраг уншсан шүү. Эмосын "Өөрийгөө хөгжүүлье" номыг хоёрдугаар курсдээ уншаад, тэндээс Бэнжамин Франклинтай танилцсан. Тэгээд бүрэн дуртгалыг нь олж аваад унштал гайхалтай санагдсан. 1920-оод оны үед Максим Горький Монголын зохиолчдод ард олноо соён гэгээрүүлэхэд тус болно хэмээн Франклин зэрэг хэд хэдэн алдартай хүмүүсийн намтрыг орчуулахыг зөвлөсөн байдаг. Ийм түүхтэй номыг их сургуулиа төгсөөд ажилд оролгүй орчуулж байлаа. Энэ орчуулга маань надад цаашид тогтвортой бичиж орчуулах итгэл өгсөн. Хүнтэй харилцах, сурч хөгжих, бусадтай хамтрах тал дээр олон зүйлд сургахын зэрэгцээ АНУ гэдэг агуу улс яаж үүсэж бий болсон талаар даамай ойлголт өгөх бүтээл.

LinkedIn-ий үүсгэн байгуулагч Рэйд Хоффман, миний дуртай блоггер Бэн Каснока хоёрын бичсэн "Та өөрөө стартап компани" (The Startup of You) ном бас гүнзгий нөлөөлсөн шүү. Энэ ном өнөө цагт залуучууд ажил карьераа хэрхэн төлөвлөж, удирдах ёстойг чиглүүлэхийн зэрэгцээ стартап компани гэж юу болох, энтрепренер хүн гэж хэн болохыг маш цэгцтэй ойлгуулдаг. Unread-ийг хамтарч байгуулахад энэ ном надад их тус болсон. Unread-ийн сэтгэлгээ, арга барилыг ойлгоход чухал гэж үздэг учраас багт маань шинэ гишүүн нэмэгдэх бүрд бид энэ номыг хамгийн түрүүнд санал болгодог юм.

3. НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?

Дагадаг авторууд ба блоггерууд, имэйлээр авдаг ньюслеттерүүд маань сонирхолтой, шинэ содон номуудыг алдалгүй мэдээлдэг. Захиж авах хүсэлтэйгээ Amazon Wishlist рүүгээ хийгээд жилдээ нэг юм уу хоёр удаа овоо хэдийг бөөндөөд каргогоор авчихдаг.

Монголд гарч буй номуудыг бас байнга л харж байдаг. Хааяа дэлгүүр орно, хавар намартаа болдог номын баяраас авна.

4. НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Би нэлээн мартамхай л даа. Харандаагаа сайн үзүүрлэж аваад л, зурж тэмдэглэж уншдаг юм. Харандаагүй бол ер нь тухгүй оргиод нэг л уншиж чаддаггүй. Хэвлэмлээр унших сонирхолтой. Гэхдээ сүүлийн үед нэг Kindle авах хэрэгтэй л санагдаад байгаа.

Хэд хэдэн ном зэрэг эхлүүлээд л явдаг. Унших тогтсон цаг гэж байхгүй. Үүргэвчиндээ мэдээж заавал нэг хоёр номтой явдаг. 00-ийн өрөөнд нэг хоёр ном, орныхоо хажууд хэдэн ном тавиатай. Энд тэнд тавьчихаар нэг л мэдэхэд аль нэгийг нь бариад авсан байдаг. Сүүлийн үед аль болох олон сэдэв, олон төрөл жанрын ном уншдаг байя гэж бодоод байгаа.

5. НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Мэдээжийн зүйл байх л даа. Гэхдээ заримдаа хүн мэдээжийн зүйлийг ч мартчихсан явж байдаг шүү дээ: Ямар нэг юм шингээж, ямар нэг өгөөж авахгүй л бол ном унших утгагүй, хайран цагаа гарзадсан хэрэг болно. Тэр нь хэрэг болох нэг санаа, дараа ашиглах нэг эшлэл гээд юу ч байж болох. Гэхдээ тухайн үедээ сэтгэл ханамж өгдөг зохиолын ном зэргийг үүнд хамаатуулах учиргүй байх. Тиймээс уншихдаа сайн тэмдэглэл хийж, түүнийгээ өөриймшүүлэх, эргэж санах системтэй болох нь чухал санагддаг.

Мөн өөрийгөө хөгжүүлэх, бизнесийн төрлийн номд дургүй, эсвэл уран зохиолын ном унших нь ач холбогдол багатай гэж хэлэх хүмүүс жаахан туйлширмал санагдаад байдаг.

6. БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ (АВТОР)?

1960-аад онд Доржийн Гомбожав гэж мундаг бичгийн хүн байсан юм билээ. Нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнд дунд сургуульд байхад нь уран зохиол зааж байсан хүн. Тэр хүний бичих найруулах эрдэм үнэхээр гоц санагддаг тул энэ чадвараа хөгжүүлэхийг хүсэгсэд "Барсан хэвнэгт баатар" хэмээх туульсын зохиолыг уншаасай гэж боддог доо.

Бас нэг ном санаанд орлоо. Энэ зун хөдөө явахдаа сэтгүүлч Ж.Гангаа агсны "Цагаан гэгээ" хэмээх аяллын тэмдэглэлүүд бүхий номыг уншлаа. Монгол ахуй, нутаг нутгийн байгаль цаг уур, зон олны тухай ёстой маягтай гоё бичдэг хүн байна лээ. Би л их хожуу олж мэдсэн болохоос уншдаг хүмүүс бол энэ эрхмийг мэдээж сайн мэддэг байх.

7. ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Хэд хэдэн ном дангаар болон хамтран орчуулсан болохоор өөрөө ном бичихийг үнэхээр хүсдэг шүү. Залуучуудад хуваалцах сан гэх санаанууд нэлээн байдаг. Яаж хооронд нь уяж зангидаж, ямар хэлбэрээр ном болгох ёстой юм бол гэж бодоод л байдаг юм.

8. ОЛДОХГҮЙ БАЙГАА БУЮУ УНШМААР БАЙГАА НОМ?

Хэдэн жилийн өмнө Б.Бадрууган агсны "Ууган" гэж ном гарсан. Тэр номыг л олж үзмээр байгаа юм даа, олдохгүй ховор юм билээ. Түүний аав Жамцын Бадраа агсны монгол хэл, найруулга үнэхээр гайхалтай. Өөрөө бас цалгисан их авьяастай хүн байсан шиг санагддаг.

9. ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

Хоёр хамтрагчаа санал болгоё. Уундаа, Зак хоёр маань тэгж байгаад нэг хариулах байх аа.