Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдрийн дугаартаа бид тун саяхан Lean In Power Circle болон "Оюут Паблишинг"-аас эрхлэн хэвлүүлсэн “Зоримог эмэгтэй” номыг онцлон танилцуулж байна. Энэхүү номд дэлхийн олон компанийн удирдлагын багт зөвлөгөө өгдөг, манлайлах ур чадвараар мэргэшсэн Маршалл Голдсмитт, Салли Хэлгесен нар эмэгтэйчүүдийн амжилтыг хойш чангаадаг 12 зуршлыг судалж, тэдгээрийг хэрхэн давах тухай сонирхолтойгоор өгүүлжээ.

Номын тухай 

Энэхүү номд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ажлын байранд өрсөлдөөний ялгаатай нөхцөлтэй, цалингийн зөрүүтэй, удирдлагадаа үнэлэгдэх байдал өөр өөр байдгийг олон кейсээр тайлбарласан нь эмэгтэйчүүдэд ажиллах арга барил, карьераа эргэн харах сэдэл өгөхүйц ажээ.

Амжилт гэдэг харьцангуй ойлголт тул түүнийг хэрхэн тодорхойлохоос олон зүйл шалтгаалдаг. Энэ ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай, заримдаа тэс өөр байдаг. Тухайлбал, ихэнх эрчүүд тушаал ахих, өндөр цалин горилоход ач холбогдол өгдөг бол эмэгтэйчүүд ажилдаа туршлага хуримтлуулахыг илүүд үзэж, ажлын байран дээрээ өнгөрүүлж буй цаг хугацааны үнэ цэнийг чухалчилдаг ажээ.

Мөн эрчүүд өрсөлдөгчөөсөө түрүүлэх, хувийн амжилтаа ахиулах зэрэгт хөөрч догдолдог бол эмэгтэйчүүд өөрт оноо цуглуулахаас илүү хамтын хүчин чармайлтаар бий болсон үр дүнг ялалт гэж үзэх нь түгээмэл гэнэ. Энэ хандлага нь эмэгтэйчүүдийг өөрийн боломжийг хумслан бусдын төлөө цаг зав, хүч хөдөлмөрөө шавхахад хүргэдэг. Гэвч энэ нь цааш өсөн дэвшихэд нь саад болно гэдгийг эмэгтэйчүүд төдийлөн анзаарч харалгүй өнгөрөөдөг аж.

Өөр нэг жишээ: Компанийн удирдах ажилтнууд эмэгтэй хүнийг албан тушаал ахиулах тухай хэлэлцэхдээ өдийг хүртэл оруулсан хувь нэмэр амжилтыг нь чухалчилдаг бол эрэгтэй хүнийг цаашид өсөн дэвжих чадвар, ирээдүйд гаргах амжилтын магадлалд тулгуурлан шийдвэрлэдэг аж. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийг ялгаварлах хуучинсаг ойлголтууд өнөөг хүртэл нийгэмд байгаа ч тэр бүхнийг шууд шүүмжлэхээс илүүтэй юуны түрүүнд өөрийгөө хөгжүүлэх боломж хэмээн өөр өнцгөөс харахыг зохиогчид зөвлөжээ. Учир нь, эмэгтэйчүүдийг ялгаварлах гадаад хүчин зүйлсийг үндсээр нь өөрчилнө гэдэг амаргүй тул таны зүгээс хийж чадах хамгийн эхний алхам бол хэрэггүй зуршлуудаасаа салах явдал юм.

Эмэгтэйчүүдийн ажил карьерт саад болдог 12 зуршил

Та өдийг хүртэл хүртэл баримталж ирсэн арга барилынхаа ачаар амжилтад хүрсэн байж болно. Гэвч ирээдүйд ч үр дүнгээ өгсөөр байна гэдэгт итгэлтэй байна уу? Таны анзаараагүй дадал зуршлууд ирээдүйд тань сөргөөр нөлөөлөх юм биш биз? Зохиогчид энэ асуултын мөрөөр эмэгтэйчүүдэд амжилтаа ахиулахад нь саад болдог түгээмэл 12 зуршлыг баримт, жишээнд үндэслэн тайлбарлажээ. Үүнд:

1. Амжилтаа илчлэхээс зайлсхийх

2. Таны хувь нэмрийг хэн нэгэн олж харж, сайшаахыг хүлээх

3. Мэргэшилд хэт ач холбогдол өгөх

4. Үр ашгийг үл тоох

5. Холбоотнуудтай болохоос алгуурлах

6. Ажлаа карьераас илүү чухалчлах

7. Төгс төгөлдрийн занганд орох

8. Бусдад таалагдах гэсэн өвчин

9. Жижгэрэх

10. Хэтэрхий их

11. Хэт санаашрах

12. Орчин тойрондоо сатаарах

Эмэгтэйчүүд ижил түвшний эрэгтэй ажилтантай харьцуулахад шаргуу хөдөлмөрлөж, гүйцэтгэл өндөртэй байдаг ч хийсэн ажлаа үнэлүүлэхдээ тааруу, хэзээ ч түрүүлж дуугардаггүй, бусдад ололт амжилтаа таниулахдаа маруухан болохыг “Амжилтаа илчлэхээс зайлсхийдэг” хэмээн товч тодорхойлжээ.

Хүн хийж буй зүйлийнхээ үнэ цэнийг хуваалцах учраа олохгүй байна гэдэг түүнийг чухалчлахгүй байгаагийн илрэл аж. Та л ажилдаа ач холбогдол өгөхгүй бол өөр хэн өгөх билээ? Хэрвээ та эргэлзэж байгаа бол үр дүн нь мөн л эргэлзээтэй байх болно. Тэгэхээр таныг хэн дэмжинэ гэж? Тиймээс өөрийгөө сурталчлах, хувийн тоглолт хийх нь онгироо сагсуу зан бус ахиж дэвшихэд туслах түлхүүр хэмээн онцолжээ. Урдах ажлаа чимээгүй хийж суулаа гээд хэзээ ч хүссэн газартаа очихгүй тул юу хийж байгаагаа, ямар үр дүнд хүрснээ, юу танд эрч хүч өгдөг тухай үргэлж ярих нь чухал ажээ. Түүнийгээ бүр олон дахин ярих хэрэгтэй гэнэ шүү. “Хэрвээ би үнэхээр сайн ажиллавал хүмүүс анзаарч л таарна. Сайн гүйцэтгэл өмнөөс минь ярина” хэмээн итгэх нь хамгийн том эндүүрэл юм.

Зөвлөгөө: “Цахилгаан шатны товч танилцуулга”-ыг турших нь

Лондонд төвтэй олон улсын санхүүгийн байгууллагад шинээр ажилд орсон нэгэн эрэгтэй шинжээч цахилгаан шатанд явж байхдаа том захирлуудтайгаа тааралджээ. Залуу өөртөө итгэлтэйгээр гуравхан өгүүлбэрт багтаан өөрийгөө товч, тодорхой танилцуулж, одоо юу хийж байгаагаа хэлж, Өмнөд Азийн орнуудын дахь хөрөнгө оруулалтын багийг ахлан ажиллах сонирхолтойгоо илэрхийлжээ.

Ингэхдээ Өмнөд Ази бол түүний төрөлх нутаг тул олон боломж байдгийг онцолж, энэ чиглэлээр ажиллахад нь туслах нөлөө бүхий хоёр эрхмийг таньдаг тухайгаа ч цухуйлгасан байна. Ийнхүү шинэхэн ажилд орсон залуу минут хүрэхгүй хугацаанд өөрийнхөө тухай маш хэрэгтэй мэдээллийг компанийнхаа хамгийн чухал хүмүүст дуулгажээ. Ингээд залуу захирлуудыгаа лифтнээс буухаас нь өмнө нэрийн хуудсаа өгч, тухайн бүс нутгийг хариуцсан удирдлагад энэ тухай дуулгах, холбож өгөх амлалтыг авч чаджээ.

Энэ нь хийж буй ажилдаа амбицтай байгаа, өөрийн чадамжийг үнэлж, компанидаа оруулж чадах хувь нэмрээ илэрхийлж буй үйлдэл ажээ. Цаашлаад тухайн залууг аливааг өргөн хүрээнд бодох, бусдад санаагаа ойлгуулж, итгэн үнэмшүүлэх чадвартай болохыг харуулж буй юм. Энэ “цахилгаан шатны” товч танилцуулгыг бэлдэхийг номын зохиогчид зөвлөж байна. Ингэхийн тулд та одоо хийж буй зүйл, ирээдүйн зорилго, яагаад уг ажилд тохирохоо товчоор хэлэхэд л хангалттай юм. Элдэв түүх, тайлбар, шалтаг, бэрхшээл дурдах хэрэггүй. Богино, ойлгомжтой, үгийн сонголт зөв байх учиртай.

онцлох эшлэлүүд 

Мэргэшилд хэт ач холбогдол өгөх: Ажлын гүйцэтгэл мэдээж чухал. Гэхдээ илүү том сэтгэ. Өгсөн үүргийг алдаа мадаггүй хийдэг байснаар дэвшдэггүй. Харин бусад хүн таныг мэддэг, илүү ихийг хийж чадна хэмээн итгэдэг учраас таныг дэмждэг. Түүнээс гадна ямар ч сорилтод бэлэн гэдгээ харуулсан цагт өсөх боломжууд нээгддэг юм шүү.

Үр ашгийг үл тоох: Эмэгтэйчүүд бусадтай харилцаа тогтоохдоо сайн ч түүнийгээ амжилтад хүрэх хөшүүрэг болгон ашиглахдаа тааруухан. Ашиглаж чаддаггүйдээ бус, тэгэхийг хүсдэггүйдээ асуудал байгаа юм. Эрэгтэйчүүд өөрийн зорилгыг биелүүлэхэд нь тусалж чадна хэмээн итгэсэн хүмүүстэйгээ холбоо тогтоох гэж эрмэлздэг бол эмэгтэйчүүд бүхий л харилцаагаа тогтвортой хадгалахыг эрмэлздэг.

Холбоотнуудтай болохоос алгуурлах: Шинэ ажилд орсон эмэгтэйчүүд ихэнхдээ ажлаа бүрэн гүйцэд мэддэг болтлоо биеэ хурааж, үл үзэгдэгчийн дүрд хувирдаг. Шийдвэр гаргахаасаа өмнө тухайн зүйлээ 100 хувь мэдэхийг хичээх нь энүүхэнд. Харин эрчүүдийн хувьд амжилтад хүрэх зам нь юуг эсвэл яаж хийх вэ гэдгээр бус хэнтэй хамтрах вэ гэдгээр тодорхойлогддог.

Ажлаа карьераасаа илүү чухалчлах: Эрэгтэй удирдах албан тушаалтнууд ирээдүйн карьерт нь хэрэг болох хүмүүстэйгээ харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч байхад эмэгтэй удирдлагууд идэвхтэй цагийнхаа ихэнхийг багийн менежментэд зарцуулдаг. Багийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд бүх хүч чадлаа дайчилдаг нь тийм ч тустай арга биш юм.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уг номыг эрхлэн гаргагчдын зүгээс номын бэлгийн багцыг тусгайлан бэлдсэн гоёмсог боолттой гаргажээ. Энэхүү багцыг хотын төв хэсгээр хүргэлттэй захиалах боломжтой. Харин бэлгийн боолтгүй номыг Аз хур, Интерном болон бусад номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Дэлгэрэнгүй: Зоримог эмэгтэй