Сар бүр номын хорхойтон зочныг урьж сонирхолтой яриа өрнүүлдэг “Номын тухай” булангийн ээлжит дугаартаа бид саяхан тун шинэлэг төлөвлөлтийн дэвтэр бүтээсэн, олон улсын мэргэшсэн карьер коуч Ж.Номинг урьж ярилцлаа. Тэрээр жил бүр 100 ном уншдаг бөгөөд энэ зорилтоо хэрэгжүүлээд даруй долоон жил өнгөрчээ. Ингээд түүний номын ертөнцөөр аялцгаая.

1. та ямар төрлийн ном уншдаг вэ? одоо уншиж буй ном?

Янз бүр. Сайн бичигдсэн намтар, уран зохиол, бизнесийн номуудад дуртай. Хааяа сэтгэл тавгүй үед шүлгийн түүвэр унших ч сайхан. Ажлын шаардлагаар өдөр тутамдаа коучинг, сэтгэл зүйтэй холбоотой ном уншдаг.

Харин сүүлийн үед шинжлэх ухаан, хиймэл оюуны чиглэлээр мэдлэгээ сайжруулах үүднээс энэ төрлийн номууд уншиж байна. Яг одоо дөрвийг эхлүүлчихсэн байгаа. Саманта Поверийн өөрийн амьдралын талаар бичсэн "The Education Of An Idealist" , Жорж Орвеллийн "Burmese Days", Ханна Фрайн "Being Human in the Age of Algorithms", мөн Хироко Оямадагийн "The Factory".

танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Би багадаа Замын-Үүдэд хэсэг амьдарсан юм. Тухайн үед нэг найз маань надад Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” номыг өгч, анх номд дурлуулж байлаа. Тэр номыг уншсан мэдрэмжээ би одоо хүртэл тодхон санадаг. Түүнээс хойш 3-р ангидаа “Морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий” хоёрыг уншиж, уран зохиолд тэр чигтээ орчихсон.

Үүнээс гадна17-тойдоо гэрээсээ хол нэлээн ганцаардаж, дээр нь бага зэрэг өвдөж байсан үеэ мартдаггүй юм. Тэгэхэд “Дайн ба энх” номыг уншиж, амьдралын үнэ цэн, шударга ёс, хайр сэтгэл зэрэг олон зүйлийн талаар уншиж, ойлгож ухаарсан.

Томоохон өөрчлөлт авчирсан номын тухайд гэвэл Виктор Е.Франклийн "Man’s Search For Meaning". Энэ номыг уншаад ямар ч хэцүү бэрх зүйлийг даваад гарах сэтгэлийн хат суусан гэж болно. Ер нь хүний бодол санаа ямар их хүчтэй байдгийг эндээс ойлгосон доо.

номоо хэрхэн сонгодог вэ?

Нэгэнт цаг заваа зориулж унших тул номыг аль болох сайн судалж, чанартай сайныг нь сонгохыг хичээдэг. Ихэвчлэн The Economist, Financial Times, The New Yorker зэргийн номын жагсаалтыг гүйлгэж хардаг. Үүнээс гадна салбар салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн санал болгосон номуудыг ч унших урамтай. Мөн найз нөхдийнхөө зөвлөсөн, санал болгосон номуудыг уншихыг хичээдэг. Ингэхдээ номын зохиогчийн талаар судлах нь зүйтэй. Тухайн хүн өөрөө амьдралдаа ихийг үзэж туулсан байвал илүү амттай сайн бичдэг юм шиг санагддаг.

САНАЛ БОЛГОХ: БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? Ж.НОМИН

Unread

номыг ямар байдлаар, яаж уншдаг вэ?

7 жилийн өмнөөс би жилд 100 ном унших зорилго тавиад, түүнийгээ биелүүлээд явж байна. Тэгэхээр долоо хоногт бараг хоёр ном унших болдог. Зарим хүмүүс “Ном унших гэдэг уралдаан биш шүү дээ. Ийм олон номыг тийм хурдан уншдаг юм уу? Эсвэл нимгэн ном сонгодог юм уу? Тайван уншиж чаддаг уу?” гэх мэтийн асуулт тавьдаг. Мэдээж хэрэг, ном унших бол уралдаан биш. Харин өөртөө зориулж байгаа томоохон хөрөнгө оруулалт.

Тийм ч учраас энэ насандаа дэлхий дээрх хэдэн зуун мянган гайхалтай номуудын ядаж нэг хувийг нь ч болтугай унших юм сан гэж бодож, өөрийгөө сэдэлжүүлдэг. Харин ямар орчин нөхцөлд байгаагаасаа шалтгаалж янз бүрийн аргаар уншина. Хэрвээ аялж зугаалж байгаа бол Kindle-ээрээ, гэрээ цэвэрлэж байвал аудиобүүкээр сонсож, эсвэл бүр сайтар нягталж уншмаар байвал номын санд гэх мэтээр төрөл бүрийн арга хэлбэрээр уншдаг. Ном дээр тэмдэглэл хийж, өөрийн бодлыг бичиж, ер нь их л эрээчиж уншдаг даа.

бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном (автор)?

Залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд Монголын алтан үеийн зохиолчдын номыг уншаарай гэж уриалах байна. Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Ч.Лодойдамба, Д.Намдаг зэрэг гайхалтай зохиолчдын бичсэн номыг хүн бүхэн уншаасай гэж хүсдэг. Ингэвэл өөрсдийн түүх, соёлтой танилцахын зэрэгцээ монгол хэлээр бичиж найруулах чадвар ч сайжрах болно.

хэрвээ та ном бичих ёстой гэвэл тэр нь юуны тухай, ямар төрлийн ном байх бол?

Ажил мэргэжилтэй холбоотойгоор коучинг, карьер, хувь хүний хөгжлийн талаар номууд бичээд эхэлсэн шүү. Харин хоббигоо дагах юм бол өөрийн амьдралаар намтарчилсан, эсээ маягийн ном бичихийг зорих байх.

номтой холбоотой хэлмээр санагддаг зүйл?

Олонхын уншиж байгаа буюу бестселлер номуудад өндөр ач холбогдол өгч, заавал түүнийг унших гээд байх шаардлагагүй. Хамгийн гол нь өөрөө юу мэдмээр сурмаар байгаагаа бодон сайн судалсны үндсэн дээр номоо сонгох хэрэгтэй.

Мөн хайрцгаасаа гарч унших нь зүйтэй. Жишээлбэл, байнга уран зохиолын ном уншдаг хүн байлаа гэвэл бизнесийн нэг сайн ном олоод уншчих хэрэгтэй. Эсвэл бичлэгийн хувьд амархан уншигддаг номууд сонгодог бол нэг удаа шууд ойлгоход хэцүү, шинжлэх ухааны ном сонгодог ч юм уу. Нэг ёсондоо өөрийн тухтай байдалд тааруулах биш, мэдлэгээ тэлэхүйц номуудыг сонгоосой гэж боддог.

Үүнээс гадна номын дэлгүүрүүд худалдагч ажилд авахдаа номын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хүн сонгоосой гэж хүсдэг юм. Ном сонирхож буй хүмүүст буюу худалдан авагчдад зөвлөж чадах, өөрсдөө уншдаг хүмүүс байвал мөн гоё оо!

эдгээр асуултад хэнийг хариулаасай гэж хүсэж байна?

Саяхан Харвардын хуулийн сургууль төгссөн, их ч уншдаг Мандуул гээд найз маань бий. Мөн Лондонд Рио Тинто компанид алба хашдаг Болд ахыг санал болгомоор байна.