Цөөн, цэвэрхэн, цэмцгэр гэх тодорхойлолтыг агуулсан "less is more", "minimalism", "natural beauty" гэх ойлголтууд өдгөө өргөн хүрээнд яригдах болж, энгийн, тогтвортой амьдралын хэв маяг эрчээ аваад байгаа билээ. "Reduce, Reuse, Recycle” буюу “Багасга, дахин ашигла, дахин боловсруул" гэх дүрмийг баримталж, өдөр тутам зөвхөн нэн шаардлагатай зүйлсийг хэрэглэдэг швед хүмүүс Лагом буюу тэнцвэртэй амьдралын хэв маяг гэсэн ойлголтыг бий болгосон юм. Аз жаргалтай амьдрах энэ швед философийг өнөө цагт улам олон хүн таашаах болсны учир шалтгааныг бид Анна Бронесийн “Live Lagom” номоос хайлаа.

Лагом гэж юу вэ? 

Скандинавын өндөр хөгжилтэй орнуудын нэг Швед нь НҮБ-аас жил бүр гаргадаг Аз жаргалтай улсуудын жагсаалтад үргэлж дээгүүр бичигдэж, нэг хүнд ногдох ДНБ, хүн амын эрүүл мэнд, наслалт, амьдрах орчин зэрэг үзүүлэлтүүдээрээ өнгөлдөг билээ.

Өдгөө тус улсын хүн амын дундаж наслалт нь 82 бөгөөд швед хүн өдрийнхөө дунджаар 63 хувийг чөлөөт цаг, өдөр, оройн хоол, тайван унтах зэрэгт зарцуулдаг байна. Тус улсын соёл, зан заншил, амьдралын хэв маягийн илэрхийлэл болсон Лагом нь хэт ихээс татгалзан эрүүл мэнд, ажил, сэтгэл зүй, гэр бүл зэрэг амьдралын бүх салаа мөчирт тэнцвэртэй, зөв байх тухай философи юм. Гэхдээ хэт хэмнэлттэй байхыг уриалдаггүй. Харин өөрийн болоод нийгмийн тав тух, таатай байдлыг нийцүүлэх тухай ойлголт юм.

Аз жаргалыг материаллаг зүйлс, тоо хэмжээ, цалин урамшууллаас бус зөв амьдралын хэв маягаас олох нь хүнийг урт хугацааны туршид эрүүл байхад тусална гэсэн санааг түгээдэг. Тэгэхээр аливааг аажуу тайван бага багаар, тогтмол, тэнцвэртэй хийх нь Лагом амьдралын үндсэн шинж юм. Лагом гэдэг үгийг швед хэлнээс орчуулбал "яг таарсан, тэнцвэртэй" гэх утга гардаг.

Швед нь Лагом философийг амьдралын бүх хэсэгтээ шингээсэн байдаг. Лагом нь Шведийн улс төр, нийгмийн бодлоготой салшгүй холбоотой. Тэд улсынхаа иргэн бүрийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн бүхий л давхаргад ижил тэгш үйлчлэх, шударга ёсыг тогтоохыг эрмэлзэж иржээ. Тухайлбал, Жантегийн хууль хэмээх 10 дүрэмд хэн ч өөрийгөө бусдаас онцгой, ухаалаг, чухал гэж бодож болохгүй, хэн ч бусдаас илүү биш, хүн бүр адил тэгш гэдэг. Эрх мэдэл, эд хөрөнгөө бусдад гайхуулахгүй, бусдын амьдралд садаа болохгүй, бусдыг дээрэлхэж, бүдүүлэг авирлахгүй байх нь Жантегийн хуулийн гол санаа ажээ. Ингээд ажил, гэр, эрүүл мэнд, байгаль орчин гэх дөрвөн сэдвийн хүрээнд Лагом амьдралын хэв маягийн задлан тайлбарласан уг номоос онцлууштай зарим санаа, зөвлөгөөг хүргэе.

Лагом хэв маягаар ажиллах нь 

Шведийн хүн амын зөвхөн нэг хувь нь долоо хоногт 50-аас дээш цаг ажилладаг нь Европын орнуудад хамгийн багад тооцогддог аж. Их ажиллахаас илүү бага хугацаанд бүтээмжтэй ажиллахыг эрхэмлэж буй шведүүд сүүлийн жилүүдэд ажлын зургаан цагтай хөдөлмөрийн хуваарийг туршиж байгаа аж.

Бид ажил амьдралаа тэнцвэртэй байлгах тухай бодоход “Хэрхэн бага ажиллах вэ” гэсэн бодол орж ирдэг шүү дээ. Бүтээмжтэй байхад илүү цагаар ажилласнаас илүү хоол унд, амралтаа тохируулан эрч хүчтэй ажиллах нь тун чухал байдаг аж. Тиймээс шведүүд өдрийн цагаар хийж буй ажлаасаа завсарлага аван компьютероосоо холдож, бусадтай ярилцангаа кофе, цай ууж, хөнгөн хооллох үйл явцыг "фика" гэж нэрлэдэг. Зарим оффист амрахад зориулсан фика өрөө хүртэл байдаг гэнэ.

Түүнээс гадна ажил дээрээ хэт олон зүйл төлөвлөж, зэрэг амжуулах гэж оролдохоос зайлсхийхийг зөвлөжээ. Хүний анхаарал 20-30 минут ажиллаж байж бүрэн төвлөрдөг гэдэг. Олон зүйлийг амжуулах гэж хичээх нь аливаа ажилд гүнзгий орж, чанартай үр дүн гаргах магадлалыг бууруулдаг. Тиймээс цөөн ажлууд дээр төвлөрч ажиллах нь зүйтэй юм. Мөн бодох, үйлдэх хоёрын тэнцвэрийг хадгалахыг онцолжээ. Аливаа шийдвэр гаргахын тулд хэт их бодох нь таныг эргэлзээгээр дүүргэнэ. Тиймээс толгойгоо хэрэггүй бодлоор дүүргэхээс зайлсхийгээрэй гэнэ.

Мөн бидний хийж буй бүхэн төгс байх албагүй. Хангалттай сайн байхад л болно. Ямар ч ажил тодорхой хэмжээний нөөц, золиос шаардах нь тодорхой гэдгийг санаарай хэмээжээ. Жишээ нь, чөлөөт уран бүтээлчээр ажиллах нь цалин бага боловч ажлын тогтсон цагт баригдахгүйгээр уян хатан ажиллах боломжийг олгодог. Харин өдрийн 8 цагтай ажил бол уян хатан биш боловч илүү тогтвортой, эрсдэл багатай. Алийг нь сонгох нь таны хэрэг. Гол нь та өөрөө хийж буй зүйлдээ дуртай, сэтгэл хангалуун байвал үр дүн нь төгс байх албагүй юм.

Лагом хэв маягаар амьдрах нь 

Шведүүд хүүхдийг цэцэрлэгт байхаас нь хог ангилан ялгах, байгальд ээлтэй амьдрахад сургадаг. Швед улс өдгөө нийт хог хаягдлынхаа 99 хувийг дахин боловсруулдгаараа дэлхийн хамгийн бага хаягдалтай орон гэгддэг. Мөн орон сууцны халаалт, цахилгаан эрчим хүчнийхээ 45 хувийг хог хаягдлаас гаргаж авдаг ажээ.

Шведээс гаралтай гэр ахуйн тавилгын алдарт IKEA компани гэхэд Скандинавын орнууд дахь салбаруудаас шинэ бараа авахдаа хуучин буйдан, өлгүүр, ор, шүүгээ зэргээ тушаавал хөнгөлөлт өгдөг. Хуучин тавилгаа засуулах буюу хандив өгч болно гэсэн үг. Тэгвэл байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг баримталдаг швед айлын гэр ямархуу байдаг бол? Лагом амьдралын хэв маягийг баримталдаг швед айлын гэр ахуйн дизайны шийдэл бүр нь хоорондоо холбоо хамааралтай аж. Скандинавынхан байгальд ээлтэй байхыг эрмэлздэг тул дотоод засал, эд хогшлоо энгийн, сонгодог байлгахад анхаардаг байна. Тиймээс байгалийн уур амьсгалыг оруулахын тулд ихэвчлэн цагаан, цайвар шар, цайвар цэнхэр өнгө давамгайлсан тавилга, эд хэрэгсэл байрлуулдаг аж.

Мөн шведүүд ширээ, сандал, шалны хавтан зэрэг модон тавилгаа энгийн боловч тав тухтай байлгахыг зорьдог. Скандинавын орнуудад бороо их ордог, бүүдгэр дүнсгэр өдрүүд түгээмэл учраас өрөөний дизайныг аль болох гэрэлтэй байлгахын тулд байгалийн гэрэлд буй мэт мэдрэмжийг төрүүлэх завсрын өнгүүдийг ашигладаг байна. Тавилгуудыг ихэвчлэн байгалийн мод, чулуу, тоосгоор хийж, арьс шир, үслэг эдлэлээр чимэглэдэг ажээ.