Энэ удаа бид дэлхийн таван тивийн 28 улсын хөгжлийн түүхийг залуу мэргэжилтнүүдийн хамт нэгэн загвараар судалж, нэгтгэн дүгнэсэн Б.Найдалаа, Д.Гантулга, Т.Доржханд нарын "Монгол хүний товчоон" номыг онцлон хүргэж байна. Энэхүү ном нь өнгөрсөн 2000 жилийн түүхээсээ орхиж болшгүй үнэт зүйлсийг түүвэрлэж, өвөг дээдээсээ үлгэрлэн өвлөх үйл хэрэг, давтаж боломгүй алдаа, сургамжийг шигтгэсэн баялаг оюуны бүтээл хэмээж болно.

номын тухай

“Түүхээ сөхөн үзэхийн зорилго нь болсон үйл явдлыг сануулан нурших, бахархан дурсах, эсвэл шүүмжлэн үнэлэх огт биш бөгөөд ирээдүйн хөгжилд хэрэгтэй үнэт зүйлсээ түүж авах, мөн орчин цагт хэрэггүй зүйлсийг ялгаж салган нэг мөр түүхэнд нь түүх болгон үлдээх юм” хэмээн зохиогчдын бичсэн дээрх үгээс энэ номын зорилго, агуулгын талаар ихийг ойлгох биз ээ. Үнэхээр ч уг номонд Хүннү өвгөөс 21 дүгээр зуун хүртэлх түүхийг сөхөж, алдаа оноо, сургамжтай бүхнийг тэмдэглэхийг зорьсон байна.


Иймд “Монголын түүх ба сургамж” гэх эхний бүлэгт түүхээ задлан бичиж, “Дэлхийн улсууд ба хөгжлийн томьёо” буюу хоёрдугаар бүлэгт бусад орнуудтай жишин, “Үндэстэн ба төрийг цогцлох” бүлгээр үндэстнээ таньж, эцэст нь эдгээрийг нэгтгэн дүгнэж дөрөвдүгээр бүлэгт Монголын хөгжлийн загварыг боловсруулан санал болгосон байсан нь уншигчдад цэгцтэй, уншууртай бүтцийг бий болгожээ.

"Улс орныхоо хөгжлийн зөв загварыг хүн бүр дор бүрнээ хайн эрэлхийлж буй өнөө цагт нэн чухал сэдэл санаа өгсөн эл ном гарч байгаад туйлын их талархаж байна. Үндэстэн юуны өмнө өөрийгөө таньж, өмнө нь хэн байсан, одоо хэн байгаагаа олж мэдэх нь түүхийн сургамж дээр суурилсан ухаарал юм. Дутагдлаа олж харж, түүнийгээ даван туулах шийдэл олно гэдэг нь хөгжлийн гарц юм. Энэ номд энэ тухай өгүүлнэ."

Төрийн соёрхолт, Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар

Бүлэг 1. Монголын түүх ба сургамж

Энэ бүлгийг түүхэд сонирхолгүй хүн ч шимтэн уншина гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэд жирийн нэг он цагийн дарааллаар үйл явдлыг тоочоод өнгөрөөгүй чухал үйл явдлуудыг тайлбарлан бичиж, амжилт ба сургамж хийгээд сөрөг нөлөөг нь ч орхигдуулалгүй тэмдэглэсэн байв. Ингэхдээ гарчгийн дарааллаас хүртэл тодорхой ойлголт авахуйц маш нарийн оновчтой ангилан бичжээ. Жишээлбэл “Их Монгол ба Юань улсын үе: 1206-1368” дэд бүлгийн “Монгол үндэстэнг нэгтгэн бүрдүүлэв” хэсэгт үнэхээр л Монгол үндэстэн бүрэлдэхийн тулд яг юу юу нөлөөлснийг харуулахуйц дараах дэд гарчгууд дагалдана. Үүнд:

  • Олон овог аймаг биш нэг үндэстэн болов
  • Монгол нэг бичгийн хэлтэй болов
  • Монгол нутаг Монголынх болов
  • Аман зарлиг биш баталсан бичмэл хууль үйлчлэв
  • Монгол ёс суртахуун зарчмийг тогтоов
  • Монгол үндэстний зорилгыг тодорхойлов

Миний хувьд дэд бүлэг бүрийн төгсгөлд байрлах тухайн цаг үеийн ололт амжилт, эерэг сөрөг нөлөөг нэгтгэн дүгнэж бичсэн нь ихэд таалагдлаа. “Бага хаадын үе: 1368-1636” дэд бүлэгт л гэхэд төгсгөлд нь монголчуудын бутралын шалтгааныг тайлбарлаж, өнөө үеийн бид ямар сургамж авах ёстойг тун оновчтой бичсэн байв. Бутралын шалтгаанд: нүүдэлчин нийгмийн “төргүй оршдог” шинж чанар, эд барааны хомсдол, угсаатан ноёдын давхарга томорсон, ужгирсан өсийг давах үзэл санаа үгүй, эзэмшил бэлчээрийн хомсдол, гадаад гүрний яс хаях бодлого гэж тоймлон тодорхойлжээ.

Бүлэг 2. Дэлхийн улсууд ба хөгжлийн томьёо

Энэ бүлэгт тив тивийн 28 улсын хөгжлийн түүхийг судлан бичсэн билээ. Эдгээрийг тухайн улс оронд сурч, ажиллаж, амьдарч, наад зах нь аяллаар очиж байсан туршлагатай мэргэжилтнүүд, судлаачид тус бүрчлэн бичсэн онцлууштай. Зохиогчид уг бүлгийн тухай “Хөгжил бол шинэ зүйл биш бөгөөд дэлхийн 200 гаруй улсаас 30 гаруй нь хөгжингүй орны тоонд орж, өөртөө итгэлтэй сайхан амьдралыг цогцлоосон байхад талаас илүү нь хөгжлийн гарцаа олохгүй, угжирсан асуудал дундаа бэдэрч байна. Бусад улсууд хэрхэн хөгжив, тэдний амжилтын хүчин зүйлс юу байв, хөгжиж чадахгүй байгаа нь ямар асуудлаас болон гацаж байгааг бид сонирхлоо.” хэмээн өгүүлжээ. Тэд улс орнуудыг Монголын индекстэй харьцуулан тэднээс авч болох ямар сургамж буйг тайлбарлан бичсэн. Манайхтай хамгийн ойролцоо гэгддэг Гүрж улсын талаар эдийн засагч М.Пүрэвдорж бичсэн байх бөгөөд тэрээр авилгатай хийсэн тэмцэл, либералчлал хувьчлал, нээлттэй байдал, төрийн албаны шинэчлэл, улс төр сонгуулийн тогтвортой тогтолцоо зэргийг онцлон бичжээ. Тэд энэ мэтчилэн улсуудын нөхцөл байдал, туршлагыг нэгтгэн дүгнэж эцэст нь улс гүрний хөгжлийн томьёог боловсруулжээ.

Улс гүрний хөгжлийн томьёо

Улсуудын хөгжлийг гацааж буй гол дутагдлууд:

  • Авилга, авилгыг өөгшүүлсэн бүтэц, авилгажсан сэтгэлгээ
  • Төрийн институт бэхжээгүй, улс төрчдөд, авилгад идэгдсэн сул төр
  • Төрийн оновчгүй оролцоо
  • Төрийн үр ашиггүй өмч, шаардлагагүй төрийн өмчит компаниуд
  • Хөгжлийн мэдлэг, алсын хараагүй улс төрчдийн богино тоглолт, популизм, хоосон амлалт, хууран мэхлэлт
  • Хөрөнгө оруулалтын тогтворгүй, хувирамтгай, хуурамч орчин, хөрөнгө оруулагчид руу дайрах хандлага
  • Хоцрогдсон, үр ашиг муутай боловсролын тогтолцоо
  • Үндэсний ижилсэл, үнэт зүйл сул, бүрхэг үндэстэн өөрийгөө таниагүй
  • Хөгжлийн төлөвлөлт, асуудлаа эрэмбэлсэн ямар нэг стратеги байхгүй
  • Бүтээгч, экспортлогч биш хэрэглээний эдийн засаг бий болгох
  • Баялгийн үр шимийг нийтэд шууд, хялбар хувиарлах гэж оролдох
  • Дотоод улс төрийн талцал, тэмцэл, улс төрийн тогтворгүй байдал
  • Дотоод хагарал, үндэстэн хоорондын зөрчил, хямрал
  • Гадаад аюулгүй байдал, шахалт дарамт, хутган үймүүлэлт, эрсдэлт орчин

Бүлэг 3. Үндэстэн ба төрийг цогцлох

“Монгол хүн гэж хэн бэ?” “Монгол хүн гэж хэн байсан бэ?” “Монгол хүн гэж хэн байх ёстой вэ?” зэрэг асуултуудад энэ бүлэг хариулна. Тэд түүхэн цаг үеийн явцад тохиолдсон үйл явдлын үр дүнд монгол хүнийг хэрхэн хувирсныг эрхэмлэдэг зүйл, давуу болон сул тал, сайн чаддаг зүйлс гэх мэт олон шалгуур үзүүлэлтээр ангилан тодорхойлжээ. Дайнч нүүдэлчин монгол хүнээс өдгөө хүртэл ажилгүй нүүдэлчин монгол хүн, социалист хагас суурин монгол хүн, төөрсөн либериал монгол хүн хэмээн дөрөв ангилжээ. Үүнээс үндэслэн хэрхэн монгол хүний онцлогт таарсан үндэстнийг цогцлоох, төрийг цогцлоох талаар хөндөн бичжээ.

Бүлэг 4. Монголын хөгжлийн загвар

Хүннү гүрнээс өдгөө хүртэл, эх орноосоо харь орон хүртэл судалсан аяллыг энэ бүлэгт зангидна. Та энэ бүлгээс итгэл үнэмшилтэй улс төр ба дүр эсгэсэн улс төрийн ялгаа ямар байдаг, үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн зөв урсгал ямар байх ёстой, монгол үндэсний хүсэл хийгээд үзлийн талаар олж мэдэх болно. Энэ тус бүрийг ойлгомжтой тайлбарлахаас гадна инфографикууд ашигласан нь их оновчтой санагдсан. Эцэст нь та энэ бүлгээс зохиогчдын боловсруулсан Монголын хөгжлийн загвартай танилцаарай.

Монгол улсын хөгжлийн арван тулгуур бодлого:

  • Монгол төрөө цогцлоох
  • Мэдлэг итгэл үнэмшилтэй төрийн манлайлал
  • Зоригтой, амбицтай хөгжлийн стратеги, төлөвлөлт
  • Эдийн засгаа хурдацтай өсгөх
  • Гадаадын хөрөнгө оруулалт татах
  • Боловсролыг онц эрхэмлэх
  • Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоо
  • Үндэсний ижилсэл - Иргэн хүнээ бүтээх
  • Авилгатай бодитой шургуу тэмцэх
  • Диаспора - Дэлхийн монголчуудын хүчийг авах

"Залуу судлаачид манай хөгжлийн загварыг эрэлхийлэн чармайж буйд олзуурхаж байна. Ялангуяа, популистууд газар авсан энэ цаг үед үүх түүх, судалгаа, шинжлэх ухааны загварчлалд тулгуурлан оюун дүгнэлт хийж, хөгжлийн тодорхой гаргалгаа санал болгож буй нь гэрэлт од мэт санагдах юм."

СЭЗИС-ийн УЗ дарга, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал

Номын хэсгээс

"Хөгжил гэсэн өнөөгийн тодорхойлолт өнөөдрийн агуулгаар эртний улсуудад байсангүй. Учир нь хөгжингүй соёл иргэншилт улс гүрнүүд цөөнгүй байсан боловч амжилт өрсөлдөөнийг шийдвэрлэдэг зүйл нь эцсийн дүндээ цэрэг зэвсгийн хүч байв. Эртний Ром цэцэглэн хөгжиж, бүр ардчиллын зарчмууд хэрэгжиж байсан нь тухайн үед бүс нутагт нь өөр өрсөлдөх, дайтах хүчтэй улс гүрэн аз таарч гарч ирээгүй, амар амгалан байсантай нь холбоотой гэж үздэг. Үүнийг нотлох мэт Атиллагийн Хүн нар хүчирхэгжиж Ромд халдах болсноор Ромын эзэнт гүрнийг мөхөхөд хүргэжээ."

(164 дүгээр талаас эшлэв)

"Хаана, аль тивд орших, ямар үндэс угсаатай, газар нутаг том эсэх, байгалийн баялагтай эсэх нь улс орны хөгжлийг огт тодорхойлдоггүй байна. Эдгээр бол зөвхөн тухайн улс үндэстэнд заяагдмал, онолын хувьд хөгжлийн суурь өгөгдлүүд төдий л юм. Хөгжлийг гагцхүү эзэн хүн, иргэд нь төрийн манлайлал дор өөрсдөө бүтээн байгуулдаг хатуу зүй тогтолтой. Энэ зүй тогтол дэлхийн улсуудын амжилттай хөгжлийн түүхээс ч, доройтон сүйрч буй улсуудын жишээнээс ч, Монголын мандан бууралтын ээдрээтэй замналаас ч, бүр өнөөдрийн бидний мухардаж буй асуудлаас ч тодхон харагдаж байна. Хүний хөгжилд хөрөнгө оруулан, хөгжлийн бодлого, үндэсний зорилго, хэрэгцээндээ нийцүүлэн иргэн хүнээ бүтээн хөгжүүлж чадсан улс л түүхийн нугачааг даван туулж, дэлхийн өрсөлдөөнд тэсэж үлдэн, хөгжлийн манлайд хүрдэг ажээ."

(504 дүгээр талаас эшлэв)

ЗОХИОГЧДЫН ТУХАЙ

Бадрахын Найдалаа нь хөгжлийн эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. 1997 онд СЭЗДС-ийг бизнес судлаач, санхүүч, 2004 онд Япон улсын Кобэ их сургуулийг эдийн засгийн мастер зэрэгтэй төгссөн. Тэрээр СЭЗДС-д эдийн засгийн онолын багш, Хаан банк, Анод банк, MCS групп, Монголын эдийн засгийн форум, Монголын банкны холбоо зэрэгт мэргэжлийн дагуу удирдах албан тушаал эрхэлж байжээ.

Тогмидын Доржханд нь төрийн бодлого, эдийн засагч мэргэжилтэй. 1999 онд МУИС, ЭЗС-ийг Төрийн санхүүч, эдийн засагч, 2004 онд Япон улсын Хитоцубаши их сургуулийг Төрийн бодлого, эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй төгссөн. Мөн төслийн санхүүжилтийн чиглэлээр Оксфорд, Харвардын их сургуульд мэргэшсэн. Тэрээр Монгол улсын сангийн яаманд газрын дарга, Японы сангийн яаманд дадлагажигч мэргэжилтэн, АХБ болон НҮБ-ын Бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч, ОУВС-ийн Ази номхон далайн орнуудыг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв.

Доноровын Гантулга нь Актуарч, санхүүгийн эрсдэлийн тооцооллын мэргэжилтэй. 1995, 1997 онд МУИС-ийн математикийн бакалавр, магистр зэрэгтэй, 2004 онд Их Британи улсын Манчестер метрополитаны их сургуулийг MBA зэрэгтэй төгссөн. Тэрээр МУИС-д багш, Лондонгийн Грант Торонтон компанид актуарын шинжээч, Гэрэгэ Партнерс ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн зэрэг ажлыг хийж ирсэн.