Хүн төрөлхтний оюуны санааны охь, дэлхийн сонгодог уран зохиолын анхдагчдын нэг, эртний Грекийн домог туульсын нэг Одиссэйн түүх монгол хэлнээ хөрвүүлэгдээд тун удаагүй байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ахмад дипломатч Д.Цахилгаан гуайн орчуулгаар уншигчдын гарт очиж буй энэ алдарт бүтээлийг өрнийн соёл, сэтгэлгээг ойлгох нэг суурь гэж үздэг билээ. Энэ бэсрэг тоймоороо та бүхнийг эртний Грекийн онц сонирхолт домгийн ертөнцөөр аялуулах Одиссэйн түүхийг уншаарай хэмээн урья.

Зохиогчийн тухай

Нийтийн тооллын өмнөх VI зуун буюу ойролцоогоор 2600 жилийн тэртээ Грект амьдарч асан Хомэр хэмээх сохор туульчийг өдгөө хүн төрөлхтний оюун санааны үнэт өв болсон цаг хугацаа, үйл явдлын оршил түүхээр холбогдсон "Илиада" (Трой хотыг эзлэн авах их дайны үеийн түүхийг өгүүлнэ), "Одиссэй" (Трой хотын дайнаас хойших) хэмээх хоёр туульсыг хоёуланг нь зохиосон зохиолч хэмээн үзсээр иржээ. Гэхдээ судлаачдын дунд Хомэр гэх нэг хүн энэ зохиолуудыг бичсэн үү, үгүй юү гэдэг эргэлзээ байдаг бөгөөд энэ асуудлыг нэг талд нь гаргаж мухарлах нь өнөө цагт туйлын төвөгтэй юм.

2600 гаруй жилийн турш үнэ цэнээ алдаагүй уг туульсыг СГЗ, Түүхийн ухааны доктор, Олон улс судлалын профессор Д.Цахилгаан гуай орос хэлнээс хөрвүүлжээ.

Хомэр


номын тухай

Unread-ийн 2019 оны "Атаархлын жагсаалт"-д М.Саруул-Эрдэнэ багшийн бичсэн "Стиви Уондер: Хайртай гэдгээ хэлэх гэж л залгалаа" хэмээх орчуулга нийтлэл орсон буй. Уг нийтлэлийн нэгэн хэсэгт:

...Грек Ромын энэ олон бурхдын хэн нь хэн болох, аль нь ямар учиртайг мэдэхгүй бол Барууны соёл түүх, гүн ухаан байтугай Стиви Уондэрын энгийн нэг дууны үгийг ч ойлгож чадахгүйд хүрэх нь байна шүү...

гэж бичсэн байдаг нь ямар учиртай үг болохыг гагцхүү эдгээр домог, туульсыг бага сага уншиж, сонирхож эхэлсний дараа л ойлгогдоно. Онгон дагшин Олимп уулын Оройн дээд Зевс бурхан, Тэнгис далайн эзэн савдаг Атлант, Гэрэлт нарны Гелиос бурхан, Тэнгис далайн эзэн Посейдон... Хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт сонсож байсан, магадгүй чихэнд хэдийн дасал болсон эдгээр нэрсийн утга учрыг, сэргэн мандалтын үеийн хөшөө баримлуудыг бүрэн ойлгож таашаахад эртний домог түүхийн мэдлэг үнэхээр хэрэгтэй байдаг ажээ.

Трой хотын түүх, Трой хотыг эзлэх 10 жил үргэлжилсэн урт дайны үеийн түүхийг өгүүлэх "Илиада" туульсаас ялгаатай нь "Одиссэй" илүү орчин үеийн хэв шинжид дөхсөн, хурц үйл явдлуудтай, үг хэллэг, хүүрнэл бичлэгийнхээ хувьд уран нарийн уялдаа холбоо сайтай гэгддэг.

Хүн төрөлхтний хувь заяа, зовлон бэрхшээл, түүнээс гэтлэх арга замын тухай хуралдах олон бурхдын ярианаас зохиолын үйл явдал эхлэх бөгөөд хийсвэрлэлтэй хэдий ч хүчтэй утга санаа бүхий "Царцаа Намжил", "Болдоггүй бор өвгөн" гэх мэт үлгэр домгуудыг бага наснаас уншиж, үзэж өссөн бидний хувьд тун зугаатай, сонирхолтой байх ажээ. Бичиглэлийн хувьд туульс хекзаметр буюу урт үе бүхий шүлэгчилсэн хэлбэртэй. Иймд уншигчдад номоо уншихад хялбар, зугаатай хийгээд ойлгомжтой байна гэдэгт эргэлзэхгүй байна.



НОМД ӨГҮҮЛЭХ ТҮҮХИЙН ТУХАЙ

Эр зориг, хүч чадалдаа бахдан эрдсэн Одиссэй баатар болоод түүний хүүгийн талаарх түүх 24 дуулал буюу 24 хайлаанаас бүрдэнэ. Цаг хугацаа, газар зүйн хувьд одоогийн Газар дундын тэнгис, Балканы хойг орчимд, боолын нийгмийн үечлэлд үйл явдлууд өрнөдөг.

Эхний хайлаануудад Одиссэйн ганц хүү Телемах хэрхэн балчир хүүхдээс нас бие гүйцсэн эр хүн болж, эзэнгүй хоцорсон улс орон, ар гэр, ганцаар үлдсэн эхийгээ хамгаалах арга ухаан хайж байгаа тухай болон арваад жил сураггүй болсон эцгийгээ хайн их аянд гарч байгаа тухай өгүүлнэ.

Дунд хайлаануудад Одиссэйн туулсан зам, адал явдлыг тун сонирхолтойгоор гаргадаг. Үйл явдлын уялдаа холбоосыг бурхан, дархи (лусын дагина, уулын савдаг гэдэгтэй утга дүйнэ), мангас, тийрэн, шуламс, бурхдын орон, там зэргээр тун сонирхолтой холбож өгсөн нь нэг талаас хийсвэрлэл, халил мэт боловч нөгөө талаас хүний амьдрал, үйлийн үр, эргэх холбоог гаргууд сайн дүрсэлж өгсөн мэт. Магадгүй тийм ч учраас уг туульс одоог хүртэлх урт хугацаанд оюун санааны охь хэмээн өргөмжлөгдөн ирсэн байх.

Төгсгөлийн хайлаануудад Одиссэй гэртээ ирж, Телемах хүүгийнхээ хамтаар орон гэрт нь санаархсан зальхай эрчүүд, өшөөтөн дайснуудыг дарж буй тухай өгүүлнэ. Мөн Одиссэй юуны учир Далайн эзэн Посейдоныг хилгэнүүлж нөхдийн хамт гэртээ харьж чадалгүй арваад жил тэнгис далай, уул усаар тэнүүчилсэн тухай тайлал нэн сонирхолтой.

Одиссэй ба түүний нөхдийн аюултай адал явдал... Эр нөхрөө хүлээх эхнэр, эцгээ харуулдах хүү, хаан эзнээ хүлээх Итака арлын ард иргэд... Одиссэйд хайр сэтгэлээ өгсөн Паллада дархи... Эзгүй үлдсэн өв хөрөнгө, үзэсгэлэнт эхнэрт шүлс дуслуулсан зальхай залуус... Үйл явдалд амт нэмэх шуламс, тийрэнгүүд гээд бурхад тэнгэр, хүн ардтайгаа уусан нэгдсэн баялаг түүх ажээ.

СОНИРХОЛТОЙ:

Номд Ментор хэмээх нэгэн түшмэлийн нэр хэд хэдэн удаа гарах бөгөөд энэ нь одоогийн бидний зөвлөх, чиглүүлэгч хэмээн ойлгодог "Ментор" гэх үгийн үндэс ажээ.

Менторинг гэдэг нь Одиссэйн итгэлт анд Менторын нэр буюу “Мэргэн зөвлөх” гэсэн үгнээс гаралтай. Трой хотын дайнд явахдаа Итака арал улсын хаан Одиссэй итгэлт анд Ментортоо өөрийн хүү Телемахыг халамжлан хүмүүжүүлж, зөвлөж сургаж байхыг хүссэнийг Ментор маш сайн биелүүлсэн тул Телемах баатарлаг сайн хөвүүн болон өсжээ. Цаг хугацааны явцад энэхүү Ментор хэмээх сайн түшмэлийн нэр нь “зөвлөгч”, “чиглүүлэгч”, “дэмжигч”, “сурган хүмүүжүүлэгч”, “ухаалаг хүн” гэх мэт утгаар илэрхийлэгдэх болсон байна.

Жич: Одиссэй туульсад гарч байгаагаар Одиссэйд сэтгэлтэй Паллада дархи нэг бус удаа түшмэл Менторын биед орж, хүү Телемахд нь тусалж, чиглүүлж өгдөг.



номЫН ЗАРИМ ЭШЛЭЛҮҮД

- Газрын хүмүүс хачин юм
Гай барцад бүхнээ
Тэнгэрийн биднээс боллоо гэх юм.
Хэрцгий мунхаг үйлийн үр
Хэзээд эргээд өөрт нь тусдагийг
Үйлдсэн аллагын өр төлөөс
Үхлийн барьцаатай толгойд буудгийг
Өөрсдөө тэд мэдмээр л юм даа.

- Замбуулинд олон юмыг өөрийн ухаанаар хийдэг юм
Заяа тавилан таалбал зам чинь тодроод ирдэг юм.

- Энүүхэндээ гэхэд, эрхэм шударга ноёд бол
Энгийн харц, зарц, боол, албатаа
Илүү дотночлон харж үзэх нь зүй ёс юм шүү.
Хамар Бурхад шударга үйлсийг дээдэлдэг болохоор
Хаад ноёд үнэнч албатаа адилхан дээдэлж
Хайр хишгээ хүртээж, шударга байвал үйлс нь бүтнэ

- Угаас мөнх юм гэж огт байхгүй
Ургамал, амьтан, хүн ч ялгаагүй
Тийм атал хүн гээч амьтан
Мөн ч мөчидхөн бодолтой байх юм даа.

- Эрт урьд би ч гэсэн их баян явлаа
Эд хөрөнгө, эр чадалдаа эрэмшээд
Эцэг эх, ах дүүсдээ бүхнээ даатгаад
Их л хамжааргагүй явж дээ, би тэр цагт
Буян, нүглийг ялгахгүй буруу явсан хүний толгойд
Бууж ирдэг барцдаас бултаж яаж чадах вэ?!
Бусчир муугаас зайцаж, бурхдын ивээлд багтаж
Номхон түвшин явахаас илүү зөв
Ном гэж байхгүй ээ, хүний хорвоод