"Утга учрын төлөөх хүмүүний эрэл хайгуул" хэмээн хөрвүүлж болох энэ ном бол сая сая хүний амьдралыг өөрчилсөн, хамгийн нөлөө бүхий номуудын нэг билээ. Дэлхий даяар 12 сая хувь борлуулагдсан энэ алдарт бүтээлийг дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын хорих лагерьт 3 жил хоригдож, гэр бүлийнхнээ алдсан, мэдрэлийн эмч Виктор Фрэнкл бичсэн юм. Хүний туулж болох сэтгэл зүйн хамгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг өөрийн биеэр туулж, өөр олон мянган хүний хэрхэхийг ойроос харж анзаарсан тэрээр хожим нь 30 гаруй ном бичиж, логотерапи хэмээх сэтгэл зүйн эмчилгээний шинэ аргыг нээсэн гэдэг. 

Зохиолчийн тухай

Виктор Фрэнкл 1939 онд гэр бүлийн хамт нацистуудын хорих лагерьт гурван жил хоригдож, хүнд хүчир, хар бор ажилд дарагдан, өдөр бүрийг үхэх, сэхэхийн заагт өнгөрүүлсэн гэдэг. Хорих лагериас амьд гарсан ч ээж нь хорт хийн тасалгаанд амиа алдаж, дөнгөж 24 настай байсан эхнэр нь хорих лагерьт очсон даруйдаа цаазаар авахуулсныг мэджээ.

Тэрээр хоригдохоосоо өмнө Еврейчүүдэд зориулсан Рофчайлд эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан бол суллагдсаныхаа дараахан Вена дахь нейрологийн поликлиникт захирлаар томилогдон 25 жилийн турш ажиллажээ. Энэхүү номоо суллагдсаныхаа дараа ес хоногийн дотор бичиж хэвлүүлсэн байна.

Номын тухай 

Номын “Хорих лагерийн дурсамж” хэсэгт Терезиенштадт болон Аушвиц хорих лагерьт ирсэн өдрөөс хойш юу тохиолдсон тухайгаа дэлгэрэнгүй өгүүлдэг. Ингэхдээ өдөр бүрийг бие махбод, сэтгэл санаа, мэдрэмж, итгэл үнэмшлийн хувьд хямралтай өнгөрүүлэх нь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг эрэлхийлжээ. Хүйтэн, чийгтэй, бохир орчинд өлсөж, даарч, харгалзагч нарт зандруулан хүнд хөдөлмөр эрхлэх үед хоригдлуудын зан төлөв өөрчлөгдөж, эрүүл бус ааш авир гаргаж эхэлдэг байна. Эхний шатанд тэд зовлон шаналлаас зайлсхийхийг хичээж, гэр бүлээ дурсан санаж, түүгээр өөрийгөө тэжээдэг. Эргэн тойронд болж буй муу муухайг зүйлсийг жигшиж, эмзгээр хүлээж авна.

Харин хоёрдугаар шатнаас дуу шуу багатай болж, гөлрөнгө болж эхэлдэг аж. Цаашлаад харц дальдчихаа болж, царай нь дүйнгэ, хөшүүн болно. Эцэстээ хэн нэгэн биед нь хүрсэн ч тоохоо больж, мэдрэмжгүй болдог. Ингээд зарим нь хашааны цахилгаан гүйдэлтэй төмөр утсанд зүүгдэж амиа хорлох алхам хийдэг бол өөр нэг нь амьдралын төлөө юу ч хийхэд бэлэн болдог байна.

Дэлхийн II дайны үед сэтгэл зүйн хямрал, эмгэгтэй хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, гэр бүл, хайртай бүхнээ алдсанаас болж өнчрөх, хагацах, гашуудах зэрэг сэтгэцийн асуудал хүн бүрд тулгарах болжээ. Улмаар Дэлхийн II дайны үед цэргүүдийг сэтгэл зүйн хувьд бэлтгэх, иргэдийг дайны дараах хямралыг даван туулахад нь туслах зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө мэргэжлийн түвшинд хөгжиж эхэлжээ. Энэ үеэр сэтгэл заслын төрөл бүрийн аргууд бий болж, сэтгэл судлаач, засалчид бүтээлүүдээ туурвих болсон юм.

Логотерапи гэж юу вэ? 

Хүн эр зориг, итгэл найдвараа зэрэг алдвал амиа алдах ч үр дагавартай болохыг олон жишээгээр тайлбарлаж болох аж. Тухайлбал, Аушвиц хорих лагерьт 1944-1945 оны Зул сарын баяр, Шинэ жилийн баярын үеэр хоригдлуудын амиа хорлох, нас баралтын тоо өмнөх жилүүдийнхээс өндөр гарчээ. Хөдөлмөрийн хүнд нөхцөл, хүнсний тааруу хангамж, цаг агаарын байдал, өвчин тахал зэргийг хоригдлуудын амиа алдах үндсэн шалтгаан гэж үзсэнгүй. Харин ихэнх нь зул сарын баяраар гэртээ гэр бүлтэйгээ байх болно гэх итгэл найдвар нь унтарсанд урам хугарч сэтгэл зүйгээрээ үхсэн гэж Виктор Фрэнкл үзжээ.

Тиймээс тэр өөрийн гол бүтээлүүдээ “хүний амьдралын гол хөдөлгөгч хүч нь утга учрын эрэлд оршдог” гэх үзэлд тулгуурлаж бичжээ. Хэрвээ бид амьдралын утга учраа олж чадахгүй төөрөлдсөөр байвал эцэстээ юуг ч тоохоо больж, сэтгэл гутралд автан психологийн асуудалд ордог ажээ.

Тиймээс логотерапи нь амьдралыг утга учрыг хайх хүслийг үндсэн зарчим болгожээ. Өөрийн амьдралын утга учрыг олох гэсэн хүсэл эрмэлзэл хүний анхдагч өдөөгч хүч болдог байна. Номд “Зовлонтойгоо эвлэрэхгүй байх нь амьдралыг утга учиртай, зоригтой болгодог оюун санааны эрх чөлөө юм” хэмээн онцолсон байдаг.

Хорих лагерьт очсон хүнд сонголтгүй мэт санагдаж болно. Тэнд хүний бардам зам, баатарлаг шинжүүд үгүй болдог ч оюун санааны бие даасан байдал, сэтгэл зүйн эрх чөлөө байсаар л байдаг аж. Хэрвээ сэтгэл зүйн эрх чөлөө байгаа л бол хорих лагерьт хэчнээн өлсөж, ядарсан ч хамгийн сүүлийн зүсэм талхаа бусдад өгөх сэтгэлтэй байдаг гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хүн ямар ч нөхцөлд байсан сэтгэл зүйн дархлаагаараа өөрийгөө аварч болох аж.

Тэрээр амьдралын утга учрыг тулд дараах гурван зүйлсээс олж болохыг онцолжээ:
-Бүтээлч, хариуцлагатай ажил хийх
-Бусдыг хайрлах
-Зовлон бэрхшээлийг давж гарах

Өдөр бүр хийн, аз жаргалтай байх тэр зүйлсээ олж, зорилгоо тодорхойлон, түүнийхээ төлөө тууштай зүтгэх нь хүний бүтээмжийг сайжруулж, амьдралыг харах өнцгийг ч өөрчилдөг ажээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас гэр бүл, дотнын хүмүүсээ хайрлаж, хайрлуулах нь ч хамгийн чухал хэрэгцээ юм. Эцэст нь, зовлон бэрхшээл бүрийг үгүйсгэхийн оронд амьдралын нэг хэсэг гэж хүлээн авч, хандлагаа өөрчлөх нь зүйтэй гэжээ.