Шинжлэх ухаан, технологийн хурдтай хөгжил нь өнөөдөр биднээс илүү олон зүйл сурах, шинэ зүйлсэд хурдан дөртэй болох, асар их мэдээллээс хэрэгтэйгээ шүүрдэн авч, шингээн боловсруулж сурахыг шаардах болжээ. Өөрөөр хэлбэл сурахад суралцах нь цаг үеийн шаардлага болсон гэлтэй. Тэгвэл яг энэ сэдвийг хөндсөн нэгэн шинэ ном саяхан гарсан нь "Эмос" клубээс эрхлэн хэвлүүлсэн "Сурахад суралцах нь" юм. Өнөөдөр бид сурахуйн тухай сурах юм ихтэй энэ номыг тоймлон танилцуулъя.

ЭМОС КЛУБИЙН ТУХАЙ

"Эмос" нь 15 жилийн тэртээ гадаадад суралцаж байсан монгол залуус цахимаар холбогдон, эх нутагтаа байгаа оюутан залуус, дүү нартаа зориулж "Өөрийгөө хөгжүүлье" номыг хамтран гаргаснаар байгуулагдсан түүхтэй юм. Түүнээс хойш тус клубийнхэн "Мэргэжлээ зөв сонгоход тань", "Япон хөтөч", Инамори Казуогийн "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" (орчуулга), Мортимер Адлер нарын "Ном унших ном" (орчуулга) зэрэг номыг уншигчдын хүртээл болгожээ. Эдгээрийн заримыг бид урьд тоймлож байсныг та бүхэн санаж буй биз ээ.

НОМЫН ТУХАЙ

Энэ ном бол хүний насан туршдаа хийдэг хамгийн гол, хамгийн чухал үйл болох сурахуйн тухай олон талаас нь хөндөн бичсэн хамтын бүтээл юм. Тус номд 20 орчим хүн сурахуйтай холбоотой өгүүлэл бичин хувь нэмэр оруулжээ. Тэдний зарим нь боловсролын чиглэлээр боловсрол эзэмшсэн, энэ салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд бол зарим нь өөр салбарт ажилладаг хэдий ч байнга суралцаж өөрийгөө хөгжүүлж байдаг хүмүүс юм. Түүнчлэн Эмос клубтэй ойр байдаг Монголын нэрт эрдэмтэн мэргэд, гаднын судлаачид ч энэ номд гар бие оролцсоныг дурдалтай. Тухайлбал, Төрийн соёрхолт зохиолч Дарма Батбаяр гуайн "Эрдэмд нүд нээхүй" хэмээх өгүүллээр ном эхэлж байна. Төрийн соёрхолт, ардын багш Шаравын Чоймаа гуай мөн "Сурахад суралцахуйн тухай монголоороороо ухаж ухаарахад тус" гэсэн өгүүлэлдээ монголчууд эрдэм сурах үйлд хэрхэн хандаж ирснийг түүхийн улбаатай бичсэн нь тун ч мэдүүштэй хэрэг болжээ. Мөн шог зураач С.Цогтбаяр гуай Эмосын номд хамтардаг уламжлалаа дагасан байна.

Сурахуйн талаар багш, сургуулийн захирал, судлаач, бие даан суралцагчийн нүдээр буюу олон өнцгөөс харж бичсэн өгүүллүүд энэ номд хуралдсан нь нэн сонирхолтой. Жишээ нь "Сургуулийн соёл төлөвшүүлэх менежмент" сэдвээр Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах багш мэдлэг туршлагаа хуваалцсан байхад Trends.mn-ийн үүсгэн байгуулагч, нийтлэлч Болушка "Шинэ оюутанд: Хэзээ өөртөө 100 оноо өгөх вэ?" сэдвээр залуучуудад зөвлөгөө нийтлэл бичсэн байх.

Онол, түүхийн үүднээс таниулахаас эхлээд сурах арга барилаа олох тухай, анхаарлаа төвлөрүүлэх тухай, тархины онцлогоо танин мэдэх тухай олон сэдвээр цаг хэмнэж, зам дөтлөх санаануудыг энэ номоос олж үзэж болно. Цаашлаад математикт суралцах, гадаад хэл сурах, мэдээллийн технологийн мэдлэгээ ахиулах тухай гээд зарим салбарт хэрхэн суралцах тухай бодит зөвлөгөөнүүдийг хуваалцжээ.

Энэ номд сурахуйн тухай бүх л санаа, бүх л мэдээллийг тусгах боломж байгаагүй нь мэдээж боловч сурахад суралцахаар эрэл хайгуул хийж яваа хэн боловч уг бүтээлээс өөрт хэрэг ямар нэг санаа сэдлийг гарцаагүй олж авах буй заа.

НОМЫН АГУУЛГА