Бүхий л урлагийн төрлийг өөртөө нэгтгэж, хүн төрөлхтөнд оюун санааны их өвийг бий болгох боломжийг олгосон кино урлаг түүхэн эх үүслийг нь судлах боломжтой цорын ганц урлагийн төрөл гэж хэлэгддэг нь учиртай. АНУ-ын кино академийн дээд шагнал Оскарын шагнал гардуулах ёслол хэдхэн цагийн дараа эхлэх гэж буйтай холбоотойгоор энэ удаагийн "Номын тухай" буландаа бид кино урлагийн чиглэлийн ном сонгон хүргэхээр зорьсон юм. Урлагийн салбарт хүчин зүтгэх ирээдүйн олон мэргэжилтнүүдэд замч болж чадахуйц "Кино задлан уншихуй" номыг танилцуулж байна.

номын тухай

Номын зохиогч Б.Хуланг та бид үндсэн ажлаас нь илүүтэй Universe Best Songs, The Voice шоуны шилдэг оролцогч, дуучин Хулан гэдгээр нь мэдэх болов уу. Кино найруулагчийн мэргэжлээр АНУ-д боловсрол эзэмшсэн тэрээр СУИС-д гурван жил багшлах хугацаандаа энэхүү номоо бичиж, 2019 онд хэвлүүлжээ.

Уг ном нь кино урлагийн чиглэлээр, тэр дундаа кино найруулагчаар суралцаж буй оюутан залуус, мэргэшиж буй боловсон хүчинд зориулагдсан гэдэг нь эхний хуудаснаас эхлээд л бүрэн мэдрэгдэнэ. Мэргэжлийн онцлог, нарийвчилсан нэр томьёотойгоор задлан бичигдсэн уг ном монголын кино урлагийн хөгжлийн үндэс суурь болсон оросын кино хийцийн онцлогийг, орчин үеийн чиг хандлага болох Холливудын арга барилтай харьцуулан, үг хэллэг, утга агуулгын уялдаа холбоо, ялгарал, агуулгын зөрүүг жишээ тайлбартайгаар оруулж өгсөн нь уншиж буй хэнд ч болов ихээхэн өгөөжтэй байх болов уу.

Номын агуулга, бүтэц хэдий мэргэжлийнхэнд зориулсан боловч бичиглэлийн хувьд энгийн, хэн ч уншсан ойлгомжтой ажээ. Кино урлагт хайртай, сонирхон судалдаг нэгэн номыг уншаад дууссаны дараа кино бүтэх үйл явц, онцлогийн талаар арвин ойлголт, онолын түвшний мэдлэгтэй үлдэх нь дамжиггүй. Зохиогчийн анхааруулснаар киног санаа байхаас авхуулаад бодит биелэл болгож, амжилттай зах зээлд гарган, борлуулж дуусах хүртэл маш олон шат дамжлага, ажилбарууд хийгддэг тул бүгдийг нэг номд багтаах боломжгүй ажээ. Хэдий тийм ч уг ном кино урлагийн үүсэл хөгжил, хүртэн мэдрэх, зохиол боловсруулах, найруулгын хэв маяг, эвлүүлэг монтаж гээд кино найруулагч хүний мэдэх ёстой олон ойлголт, агуулгыг өөртөө багтааж чаджээ.

Санал болгох: Өртөөлөгчид: Бүтээх хүслэн, туурвих тэмүүлэл Б.Хулангийн замыг хөтөлнө

unread.today

Уншигчийн зүгээс харахад ном үндсэн гурван хэсэгтэй.

Эхний хэсэгт, киноны үүсэл хөгжлийг авч үзэн, киног судлагдахуун талаас нь тайлбарлаж, төрөл бүрийн аргументуудыг дэвшүүлэн, түүнд тохирсон хариулт, нотолгоонуудыг өгчээ.

Хоёрдугаар хэсэгт, зохиолын санаа олж болох 16 боломжит хувилбаруудаас эхлээд кино зохиолыг жүжгийн болон уран зохиолоос юугаараа ялгаатайг, хэрхэн хөгжүүлж болох, ямар ямар төрлүүдтэйг нарийн тайлбарласан нь сонирхолтой. Мөн найруулагч гэж хэн болох, найруулагч хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, юуг анхаарч явах ёстойг, уран бүтээлээрээ салбартаа хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийд алдартай найруулагчдын зөвлөгөөтэй хамтатган хүргэсэн нь уншууртай байлаа.

Гуравдугаар хэсэгт, найруулга зохиолоос гадна киноны чимэг болох хувцас, өнгө, тайз, эвлүүлэг, гэрэл зэргийг товч боловч илүү нуршуу бичвэргүйгээр тодотгон бичсэн нь уншигч, уран бүтээлчийг цаашид илүү бүтээлч, шинийг эрэлхийлэгч, ажлын бүх хэсэгт эхлэлээс төгсгөл хүртэл анхаардаг, нягт нямбай мэргэжилтэн болох хэрэгтэйг сануулж буй мэт.

номоос авах эшлэлүүд

- Бид энэ гурван нэр томьёог урлагт дараах ялгаануудаар зэрэгцүүлэн ашигладаг. "Movies" нь яг л попкорн шиг хэрэглээ бол "cinema" нь гоо зүй дээр суурилсан, дээд урлаг; "film" нь бараг давхар утга агуулалгүй хэлэгддэг хамгийн ерөнхий хэллэг болно.

- Кино бол дангаараа бараг л хэл гэсэн үг. Киног таалан үзэхийн тулд заавал оюун ухаантай байх шаардлагагүй.

- Кино судлалын тэнхмүүд киноны зураг дүрсний хэв маяг, бүтэц дээр судалгаа бараг хийдэггүй. Энэ нь эрдэмтэд, профессоррууд кино үйлдвэрлэгчдээс хэт их холдоод байгааг нотолж байна.

- ... Кристиан Мецийн хэлсэнчлэн: "Хялбар урлаг болох кино урлаг нь энэхүү хялбар байдлынхаа хохирогч нь болох байнгын аюулд оршдог." Киноны дэндүү ойлгомжтой чанар нь түүнд дүн шинжилгээ хийх боломжийг хүндрүүлдэг. "Киног ойлгоход хялбар учир тайлбарлахад хэцүү юм".

- Драм бол тэр чигээрээ зөрчил. Зөрчилгүй бол ямар ч үйлдэл, үйл явдал үгүй. Үйлдэлгүй бол дүр гэж үгүй. Дүргүй бол түүх гэж үгүй, харин түүхгүй бол кино зохиол байхгүй гэсэн үг.

- Ерөөс найруулагч хүн сайтар уншиж боловсорсон байх тусам өөрт ашигтай..... Хал үзсэн ахмад найруулагчдыг та зохиолоо барих байтугай уншаад сууж байхыг тэр болгон харахгүй л болов уу. Учир нь тэд кино зохиолынх нь цаана юу нуугдаж байгааг, ямар санааг илэрхийлэх гэж бүх үйлдэл нь өрнөж байгааг мэдэж байдаг. ~Элиа Казан~

- Зураг авалтанд гарахаасаа өмнө өгүүлэх гэж буй түүхээ сайн судалж толгойдоо хий. Хэр бэлтгэл хангана, төдий чинээ мөнгөө хэмнэнэ.

- Чадварлаг эвлүүлэгтэй кинонд үзэгчид бүрэн автан, эвлүүлэгчийн ажлыг анзааралгүй өнгөрөх тул кино эвлүүлгийг бид ихэвчлэн "үзэгддэггүй урлаг" хэмээн нэрлэдэг юм.

номд дурдагдсан кино урлагийн онцлох тодотголууд

Анхны кино

1895 оны 12 дугаар сарын 28-ны үдэш, Парис хотын Гранд кафед кино урлагийн түүхийг ах дүү Лумьер болох Луи ба Август нар эхлүүлжээ. Тус бүр нь 1 минут үргэлжлэх 10 киноноос бүтсэн 25 минутын хөтөлбөрт Август Лумьер эхнэртэйгээ хамт нялх үрээ хооллож буй бичлэг, хамгийн анхны богино хэмжээний хошин кино болох "Услагч усласан нь" (The Watered Water) болон далайн зураглалыг харуулсан хөдөлгөөнт дүрснүүд багтсан байдаг.

Ах дүү Lumiere

Дуугүй кино

Дуугүй киноны үеийн уран бүтээлчид зураг, дүрсэнд илүү анхаарч байсан нь дамжиггүй. Хэрэв бид анхнаасаа л дуутай кино хийж чаддаг байсансан бол Чаплин болоод бусад уран алиалагч нарын аугаа авьяасыг нээн илрүүлэх эсэх нь эргэлзээтэй. Гэвч кино нь дүрс, яриа, дуу чимээ болон хөгжмийг нэгтгэснээр уран зураг, театр, бүр радиотой ч эн зэрэгцэхээргүй нийлмэл урлагийг бий болгож чадсан юм.

Дуугүй киноны үеийн нэрт төлөөлөл Charles Chaplin

Дэлгэцийн жүжиглэлт ба Оддын тогтолцоо

Холливуд нь 1910 онд оддын тогтолцоог (star system) бий болгосноор кино урлагийг жүжиг, толилуулгын урлаг гэж хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Дэлгэцийн жүжиглэлт нь яг ч театрын жүжиглэлт биш юм гэдгийг одууд жүжиглэх явцдаа сайтар ойлгуулдаг.

Дэлгэцийн нэрт жүжигчид: John Wayne, Marilyn Monroe, Keanu Reeves

Киноны уялдаа холбоо буюу плот

"Энхрий нигүүлсэл" (Tender Mercies) киног хамгийн анх нээлтээ хийж байх үед зарим шүүмжлэгч "плотгүй" гэж үзсэн ч хожим нь учиргүй магтаж гарсан юм. Гэтэл уг кино плоттой төдийгүй бүр киноны хамгийн ярвигтай нугачаан дунд гайхамшигтай чадварлагаар хэлбэржсэн ажээ.

Tender Mercies, 1983

Кино зохиол

Кино зохиолын нэг хуудас нь дэлгэцэн дээрх ойролцоогоор нэг минут гэж хөрвүүлэгддэг... Мэдээж үүнийг зөрчдөг тохиолдлууд бий. Жишээ нь: "Бөгжний эзэн" байна. Кино зохиол нь ердөө 118 хуудас хэр нь дэлгэцэн дээр үргэлжлэх киноны хугацаа нь гурван цагаас хэтэрдэг.

The Lord of the Rings: The Fellowship of the Ring, 2001

Тун удахгүй Оскар-2020 эхлэх гэж байна. Таны хувьд кино урлагийн салбарын тодоор гялалзах бүтээл, ээлжит түүчээгээр ямар киног нэрлэх вэ?