Энэ удаа танилцуулах ном маань нэрт эрдэмтэн Б.Ринчений 1956 онд бичсэн "Баруун этгээд зорчсон тэмдэглэл". Тэрээр уг тэмдэглэлдээ докторын зэргээ хамгаалахаар Мажар улс буюу бидний хэлж заншсанаар Унгар улсыг зорихдоо үзэж харсан зүйлс, уулзаж танилцсан хүмүүсээ өөрийн бодрол дүгнэлтийн хамт бичиж үлдээсэн нь одоогийн залуус уншихад нэн сонирхолтой, мэдвэл зохих олон зүйлтэй, бодож тунгаах олон санаатай ажээ.

Зохиогчийн тухай

Билгүүн номч Б.Ринчен 1905 оны 11 сарын 21-нд өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр Бямбын хэмээн овоглох болсон аж. Түүний эцэг Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн гадаад хэл мэддэг хүн байжээ. Б.Ринчен ч мөн англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшиж, бүхий л амьдралаа хэл бичиг, эрдэм шинжилгээ, орчуулга, ном зохиолын ажилд зориулсан юм. Эрдэм шинжилгээ, уран бүтээлийн асар баялаг өв үлдээсний нэг нь л гэхэд та бидний сайн мэдэх “Цогт тайж” киноны зохиол билээ. Б.Ринчен 1977 онд 72 насандаа мөнх бусыг үзүүлжээ.

Номын тухай

1956 оны намар хоёр сар хагасын хугацаанд бичсэн энэ тэмдэглэл номд тухайн үеийн Орос, Турк, Мажар (Унгар) зэрэг улсын аж байдал, хөгжил дэвшлийг тодорхой дүрсэлсэн бөгөөд тухай бүрийг өөрийн өмнө үзсэн, уншсан олон зүйлстэйгээ харьцуулан бичсэн нь сонирхолтой. Замд таарсан олон газрын уул ус, хот тосгод, үндэс угсаатны үүх түүхийг тайлбарласан нь танин мэдэхүйн таашаал өгнө.

Түүнчлэн тив дамнасан урт замдаа танилцсан олон хүнтэй богинохон ч гэлээ хөөрөлдөн суухдаа асуусан асуултуудынх нь оновчтой байдал, түүнээс ирэх хариултуудыг хэрхэн хүлээн авч, боловсруулж, дүгнэж байгаа нь тун сонирхолтой байсан юм. Хойч болсон бидэнд өвөг дээдэс, ахмад үеийнхнээсээ суралцаж, дагах ямар их зүйлс байгааг мэдрүүлсэн. Аливаа юмсын сайн сайхан тал, жинхэнэ гоо үзэсгэлэнг мэдэрч бахдахад хувь хүний хүмүүжил, онцлог чухал ч гэлээ, үүний сацуу боловсрол хэчнээн чухал болохыг энэ тэмдэглэлээс харж болох мэт.

Мөн хуудас ахих тусам зохиогчийн эх орноо гэсэн сэтгэл ямархан хүчтэй болохыг эрхгүй ойлгоно. Очсон газар бүрийнхээ агаараас, тэнгэрээс, дуунаас, Мажар улсад байсан Монголын элчин сайдын яамнаас, бүр музейд таарсан хээ угалзнаас хүртэл төрсөн нутгаа харж, улс үндэстнээрээ бахархаж, хайрлах нь сайхан.

Хэл бичиг, соёл шинжлэлийн хүн тул хаанаас ч хэл бичгийн давуу ба онцлог талуудыг гарамгай ажихын дээр тэр бүрд тайлбар, мэдээлэл өгсөн нь өгөөжтэй. Эх хэлээ бүрэн гүйцэд сурах нь цаашид олон гадаад хэлийг сурахад бат бөх суурь болж өгдгийг дурдсан байх аж. Мөн орчуулгын салбарт ажиллаж байгаа олон хүмүүст санаж сэрвэл зохилтой санаануудыг бичиж үлдээжээ. Киног - сүүдэр зураг, машиныг - цахилгаан тэрэг, градусыг - хувь гэх мэтээр харь хэлний үгсийг орчуулан хэрэглэж байгааг эхлээд уншваас нэг л хачин ч ухаад бодоход үнэхээр үндэслэл сайтай. Энэ мэтээр аялгуу сайхан монгол хэлээрээ зөв сайхан ярих, бичгийн биш гэхэд ярианы соёлтой болох их хүслийг энэ ном өдөөж өглөө.

Бичиглэлийн хувьд Ринчен гуай нэлээд урт өгүүлбэрээр бичих бөгөөд хэдий урт ч уншихад ойлгомжтой, утга нь амттай байв. Сонирхолтой сайхан бичдэг болоод тэр үү, эсвэл юмс тийм хурдан болсных ч юм уу яах ийхийн зуургүй л тухайн сэдэв дуусаж байсан нь нэг талаараа урамтай боловч нөгөө талаар харамсалтай. Үгийн сонголтууд, уламжлалт үгийн хэрэглээ нь шинэ үеийн бидэнд ихэд соньхон бөгөөд зарим тохиолдолд үгийн сангийн баялаг ахархны улмаас дутуу дулимаг ойлгож өнгөрснийг нуух юун.

Эцэст нь энэхүү номоос та аль хэдийн өнгөрч, үгүй болсон цаг үеийн тухай гэхээс илүүтэй эх орноо хайрлах сэтгэлийг, монгол хэлний баялаг хийгээд тансгийг, олон орны үүх түүх, соёлын ялгааг, эрдэм номыг сурахын эгэл бөгөөд хосгүй сайхныг мэдрэх болно.

НомЫН ЗАРИМ эшлэл

Энэхүү ном нь тэртээ 60 жилийн өмнө хэвлэгдсэн учир одоо олж уншихад бэрхтэй болов уу хэмээн “Номын тухай” булангийн бусад нийтлэлүүдтэй харьцуулахад харьцангуй олон хэсэг, эшлэлийг онцлохыг хичээлээ. Ингэхдээ номон дээр бичигдсэн хэлбэрийг өөрчлөлгүй оруулав.

1. Удалгүй Байгаль далай гэж бидний монголчууд эртнээс нэрлэдэг их нуур үзэгдэж, орчин тойрон сүрлэг үүл хүрээлсэн индранила өнгөтэй, цэнхэр ногоон их ус салхинд артан, жижиг завь, онгоц, энд тэнд эрэг дагуу харагдлаа. Манай Хөвсгөл далай буюу нутгийн ардын Далай эжий гэдэг цэнхэр ногоон сайхан нууртай өнгө үзэсгэлэн адил санагдлаа. Манай одоо Хөвсгөл гэдэг маань, Тэнгэрийн тэтгэсэн хааны үеийн монгол бичигт Көксүкүл гэж, тэр үеийн орос жуулчин, нутгийн ардын дуудлагыг Косогол гэж баахан хазгайвтар сонсон тэмдэглэсэн нь эртний Туркийн Көксукол буюу монголчилбол Хөх уст нуур гэсэн үг.

2. Байгал гэдэг ч, бас эртний Турк үг байж болзолгүй. Тэр хавийн буриад аялгуунд байгул гэж нэрлэдэг нь Туркийн байкол буюу Баяннуур гэсэн үг сунжирсаар Байгул, Байгал болсон болж болох юм. Байгалын индранила өнгөт усан мандал дээгүүр нисэж явахдаа, буриадын эртний домогт Байгал далайн тухай сонин сайхан юм маш олныг хэлэлцдэг гэж ардын аман зохиол тэмдэглэдэг эрдэмтний зохиолд уншсанаа саналаа.

3. Гадаадын тойрон явагсдын тэргэнд суугаад Эрхүү орж явахдаа орчин тойрныг сонирхон харж явахад, тоосгоны үйлдвэрээс сайхан гэгчийн улаан тоосго, морин тэргэнд ачаад явж байгаа нь ёстой сайхан шатаасан тоосго үзэгдэж, манай тоосго арай л ийм ястай болж чадаагүй юм байна даа гэж харж явлаа.

4. Шингэх нарны туяа, зузаан хар үүлний завсраар онгоцонд тусаж, доошоо харахад, үүлний цоорхойгоор хааяа хааяа бараан их ой мод, уул нуруу маш сүртэй харлан харагдаж, Сибирь нутаг яасан ч уудам юм билээ гэж гайхмаар.
Орос хэлэнд Сибирь гэдэг энэ нэр бол монгол гаралтай үг. Манай монгол бичгийн хэлэнд сибер гэж бичдэг байсан. Тэгээд Европын олон улсын хэлэнд латин үсгээр Сибериа, Сиберне гэдэг нь монголоор сибер гэдэгт нилээд ойртуулжээ. Аман аялгуунд монгол бичгийн хэлний Си нь ши болж шивэр гэж дууддаг нь зузаан их ой модтой газар гэсэн үг ажээ. Одоо ч гэсэн хар Шивэр, мухар Шивэр гэж маш их модтой газрын нэр байдаг болой.

5. (Оросод таарсан оюутан:) Манай Новосибирскийн тэр сургуульд онол их заагаад, туршлага хайгуул бага хийлгэсэн нь, нэгэн жил ажил хийж үзээд туршил нимгэнээ сая мэдлээ. Хашир ажилчин хүн, сургууль төгсгөсөн газар судлагч надаас илүү юм мэддэг байлаа. Тэр эгэл жирийн ажилчны дэргэд дээд мэргэжилтэн гэж цоллуулж явахаасаа зовж ичиж явлаа. Тэднээс туршлын талаар их ч юм сурч авлаа. Одоо Москва орж албан ажлын далимаар зохих дээд газар саналаа илэрхийлэн, манай газар судлалын сургуулийн зарим хичээлийн цагийн хуваарийг өөрчилж, туршлагын зүйлийг ихэсгэж өгвөл, залуу мэргэжилтний сурлаганд ч хэрэгтэй, улсад ч хэрэгтэй юм байна гэж, биедээ тулгарч байсан бэрхийг илтгэнэ.

6. Өглөөний нарны гэрэлд Буянт Василийн сүмийн олон орой, Кремлийн хэрмийн ногоон дээвэртэй өндөр өндөр цамхаг маш үзэмжтэй. Боловсон улс гэж, түүх дурсгалт сүм хийд, хэрэм цамхгийг ийм сайхнаар хамгаалан хайрлаж, уламжлалт соёлынхоо эрдэнэ болсон эртний уран барилгаар хотын чимэг, ардын соёлын бахархал болгодог нь сайхнаа гэж улаан талбайн мартагдашгүй өвөрмөц сонин бөгөөд орос үндэсний уран барилгын онцлог шинж бүрдсэн байдлыг харж зогсохдоо, манай Амар Баясгалант хийд, Эрдэнэ зуу мэт түүхт уран сайхан бөгөөд, монгол уран барилгын дурсгалын зүйл, юү ч үгүй эвдэрхий балгас болж, учир мэдэхгүй туйлын хоцрогдмол мунхаг этгээдийн гарт үрэгдсэнийг санахад дотор зарсхийж, манай ардын хүч хөрөнгө уран авьяас чадлаа гаргасан тэр сайхан дурсгалт уран барилгын зүйл бүрэн бүтэн байсан байвал, орос хүн Буянт Василийн сүм, Кремлийн доторх эртний олон сүм дуганг оросын ард түмний үндсэний урлагийн бахархал болгодогтой адил, эх оронч монгол хүн ч, мөн баярлан бахархаж, уран зураач нар, монгол ардынхаа суутан урцуулын хойч үед үлдээсэн сайхан бүтээлий нь зурж, яаж баясан судалж байхсан бол?

7. Манай улсад ардын хувьсгал мандсанаас эхлэн, ард түмнийхээ түүх соёлын дурсгалыг энэ мэт энхрийлэн хайрлаж, цуглуулан бүрэн хадгалсан бол хүн амаар цөөн бага боловч, өвөрмөц сонин бөгөөд маш эртний баялаг соёлтойгоо гадаадад гайхуулан, дотоодод бахархуулж, буурь ихтэй өндөр соёлтойгоо олондоо үзүүлж, дэлхийн олон улсын соёлын өв санд нэлээн ч сонин юм оруулж байснаа судлан үзүүлж чадах юм улам ихтэй байх байж дээ гэж энэ түүхийн музей мэтэд орох бүр санадаг боллоо.

8. Сонинд арван хэдэн жил ажиллахдаа, дөрөв таван жилийн өмнө монгол хэлний зүйд үл нийлэх хазгай буруу хэрэглэсэн үг хэллэгийг үзээд, заримдаа шөнө нойр хүрэхгүй, ингэж хэлээ эвдэх гэж байснаа санахад...

9. Харь үгийн утгыг үл мэдэх учраас, тэр хэвээр нь арга ядан хэрэглэснээс, үг хэлнээс нь өөрийнхөө хэлэнд, хятад мэт өндөр соёлт улсын нэгэн адил арга хэрэглэвэл, манай монгол хэлний үгийн баялаг, хэлний чадалд дутах зүйлгүй, гагцхүү латин, грек хэл мэдэх орчуулагч л манайд одоохон үед дутагдаж байгааг бодон, монголоор нэрлэж болох үгийг цөм монгол болгож үүнд нэрлэхдээ, олон улсын журмыг баримтлан, монгол үгийнхээ баян сангаас улсын журмыг баримтлан, хэрэглэн нэр томьёогоо арвин болгохыг эрмэлзлээ.

10. Будапешт гэдэг хот мажараар Кээк дүна монголчилбол Хөх Дунай гэдэг их мөрний хоёр талаар үргэлжилсэн том хот, нэг сая зургаан түм гаруй хүн амтай Дунайн баруун талын хэсэг нь Буда хот, зүүн талын хэсэг нь Пешт хот гэж хоёр хот байснаа 872 онд Буда хот. Пешт хот, Буда хотын умар зүгт байдаг Ообуда буюу монголчилбол Хуучин буда гэдэг дүүрэгтэй нийлэн Будапешт гэдэг том хот болсон ажээ.
Будапешт хотод халуун аршаан маш олонтой учир бас “Аршаант хот” гэж өрнө зүгт алдартай бөгөөд тэр олон аршаанаас зарим нь, их дээр цагаас нааш алдартай аршаан байжээ.

11. Үг бүтэх ёс нь, бас монголтой адил, үгийн үндсэнд дагавар залган, шинэ үг болгодог тул монгол хүн, мажар хэл сурах мажар хүн монгол хэл сурахад хялбар ажээ.

12. Ярианы хэл, бичгийн хэл хоорондоо ялгаатай нь дэлхий нийтийн бичгийн соёлт улс бүхэнд байдаг үзэгдэл бөгөөд бичгийн хэлийг хэлний шинжлэлийн ёсонд ганц этгээдийн үг, ярианы хэлийг хоёр этгээдийн үг гэж үздэг юм. Бичиг, ярианы хэлний гол ялгаа нь тэр.

13. Хэл бичгийн хүн би, ардынхаа бичгийн сайхан соёлын зүйлд үнэн сэтгэлээсээ хайртай бөгөөд саяас доошгүй үгтэй, жигтэй сайхан боловсон хэлний зүйтэй ардынхаа хэлэнд, хэдэн зуун жил монгол ардын их авьяаст, үлэмж сэтгэхүйтний боловсруулсан бичгийн хэлний сайхан зүйг, нийт ардын соёл бадран хөгжиж байгаа энэ үест, өндөр боловсролт, эх оронч сэтгэлт сэхээтэн бүхэн сэтгэхүйгээ нарийн боловсон болгоход хэрэглэх нь зүйтэй юм гэж бодсоор ч ирсэн, цаашдаа ч бодно гэдгээ илэрхийлээд, урт тайлбарын уучлал гуйж, хүлцэл өчье. (Манай бичгийн хэлэнд хүлцэл өчье гэсэн үг яг орос бичгийн хэлний прошу прощенья прошу извинить гэсэн үг юм шүү)!

14. Өглөө бүр зургаан цагт босож, цонхоор баруун зүг Дунай мөрнийг, түүний цаад эрэг дээр байгаа Буда хотыг харахад гайхамшигтай үзэсгэлэн сайхан.

15. Монгол хэл бичгийн тухайн гарсан судлалын зүйлийг хорин есөн жил үзсээр, одоо энэ Мажар улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн номын санд урьд үзээгүй дутуугаа нөхөн үзэж, сая захад нь гарч байгаа боловч, монгол бичгийн зохиол маш арвин, насаараа үзээд, дунд нь ч ороогүйгээ бодоход, бага улс мөртөө Азийн өндөр соёлт улсын дунд бичиг зохиолоороо дээгүүр суурьтай улс Монголоо бодоход, сэтгэлд сонин сайхан ажээ.

16. Олон залуучууд, эрдмийн оргилд мэрийн чиглэж, ирээдүйд эрдэмтний зэргэд хүрэх зорил тавихад нь зориг бадруулах хэрэгтэй юм, ардынхаа сайхан хэл бичигт хайртай болоход хэрэгтэй юм.

17. Мажар улсад 407-410 оны үеийн хүн булшаас алтан нум олдсон нь, Баруун Европ, одооны Мажар улсын нутаг эзлэнхэн суусан Хүн улсын Аттил хааны үед төрийн эрх барих том тушаалтанд олгодог ямба ёслолын нэг ёсны тэмдэг байжээ гэж Мажар улсын эрдэмтэн шинжилжээ. Хүн аймгийг хятад сюнну гэж өөрийнхөө аялгуунд тааруулан дуудахдаа, дээр үеийн хятад түүхчин, тэр эртний аймгийн хэрцгий дайчин довтлогч нар байсныг дургүйцэн, үсгийн утгыг тааруулахдаа, сюн буюу хюн гэж хэрцгий, нү гэж боол гэсэн үсэг сонгож, хятадаараа <<хэрцгий боол>> гэсэн нэр өгчээ. Герман түүх сударт Аттил гэдэг хүн улсын эзний нэр эцэл гэж гардаг. Мажарууд Аттил гэж, тэр нэрд их дуртай бөгөөд Аттил нэртэй хүн одоо ч олон бий.

18. Мөч гэж цагийн дөрөв хуваасны нэг нь буюу арван таван хувь гэсэн үг. Оросоор минута гэдэг нь латинаар бага хувь, секунда гэдэг нь түүний дараа орох хоёрдугаар хувь гэсэн үг бөгөөд, монгол бичгийн хэлэнд цаг, мөч, хувь, хором гэж цагаа дөрөв хуваасныг дөрвөн мөч гэж, жар хуваасныг жаран хувь гэж, тэр хувийг бас жар хуваасныг хором гэдэг нэртэй байснаа орчуулагч нар, орос хэлнээс минута, секунда гэж авчээ.

19. Эстергомд гадаад дотоодын хүнд эвдэрхий хэрэм шилтгээнээ сонирхуулан үзүүлдэг үүнд, монгол цэрэгт долоон зуун жилийн өмнө идүүлсэн тэр хотын хэрэм дээгүүр явж, шилтгээний бүтэн үлдсэн хэсгээр нь явж, өрөө тасалгааг сонирхон үзэхэд, энэ лут хэрмийг монголчууд шат тавьж байлдан асаж байсан гэж, хэрэм цамхаг дээрээс доошоо харахад, хачин санагдаж, дэллэсэн морио хад мэт хантайрч, хайрцаг мэт тушаад, энэ өндөр хэрэм өөд шат тавин, дээрээс нь мажар цэрэг, мод чулуу, буцалсан давирхай, тос, янз бүрийн юм асган хаяж, ямар их бужигнаан, долоон зуун жилийн өмнө энд болж байв даа? гэж бодож байх үес, америк, австри, мажар, бельги, швейцар зэрэг гадаад дотоодын тойрон явагсад бидэнд, тэр шилтгээн зэрэг дурсгалт зүйлийг тайлбарлагч хүн;
- Энэ шилтгээнийг долоон зуун жилийн өмнө монгол байлдаж сүрхий эвдсэн юм гэж тайлбарлатал,
- Тэдний үр угсаанаас би явж байна гэж миний хэлэхэд, тайлбарлагч өвгөн сочин сандарч:
- Ээ, би мэдсэнгүй, аягүй үг хэлсэн бол, та уучлаарай гэж тэр өвгөний мэгдэхэд,
- Өвгөн ах, та санаа бүү зов. Долоон зуун жилийн өмнө танай манай хоёр, эр чадлаа үзэлцсэнээ хэн хэндээ муулах гомдох юу байх вэ? Тэр байтугай, саяын дэлхийн хоёрдугаар дайнд сайн муу юм үзэлцсэн улс ах дүү болчихоод байхад та бүү санаа зов гэж бүгдээрээ инээлцэн...

20. Будапештийн Пешт гэдэг хэсэг нь, ардын засаг мандсанаас хойш түргэн хөгжиж байгаа аж үйлдвэрийн түүргээр хүрээлүүлсэн ажээ. Үүнд түүрэг гэж монголоор юуг хэлдэг юм бэ? гэвэл их хотын гортигт нь багтсан захын бага хотыг нэрлэдэг нэр. Пешт тойрсон бөгөөд Пешттэй зах нийлсэн тийм түүрэг олон бий.

21. Мажар хүний зан байдал - манайхантай ойролцуу - нэрэлхүү, зоригтой, уурлан гомдвол ч манайхан шиг түргэн, Европын боловсрол, орчин тойрны Герман улсын соёл авч шингээвч, өвөрмөц зан чанартай сонин улс юм байна гэж ажиглаж явахдаа, католик шашин Европ нийтэд дэлгэрсэн нь, шашин нэгтэй, хэл ус өөр олон улсыг урлаг, барилга, заншил зэрэг зүйлд нь нийгмээр адил болгох талаар их нөлөөтэй ажээ.