“Номтой яриа” ярилцлагынхаа ээлжит дугаарт аяллын олон сонирхолтой нэвтрүүлгээрээ олонд танигдсан сэтгүүлч, зохиолч, судлаач Г.Бадамсамбууг урьж ярилцлаа. Харин түүнийг сэрэл мэдрэхүйн яруу найраг, өгүүллэгүүдээрээ 90-ээд онд Монголын утга зохиолын шинэчлэлд томоохон цучил нэмсэн гэдгийг манай зарим уншигчид мэдэхгүй байж магадгүй. Өдгөө тэрээр түүх, соёлын олон сонирхолтой төсөлд гар дүрж, хувь нэмрээ оруулж явдаг бөгөөд тун саяхан л гэхэд “Сүхбаатар” нэртэй түүхэн комик цувралын ерөнхий зөвлөхөөр ажиллажээ. Ингээд зочныхоо номын баялаг ертөнцөөр аялцгаая.

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Би хоёрдугаар ангиасаа л номыг маш сайн уншдаг хүүхэд байсан. Аав минь надад дорнын сонгодог үлгэрүүдийг байнга ярьж өгдөг байлаа. Тэр цагаас хойш ном гэдэг миний амьдрал болж хувирсан. Харин одоо бол надад бүх ном ижилхэн, мэдээжийн санагдаад байдаг юм. Намтар дуртгал, уран зохиол, хувь хүний хөгжил, зөвлөмжийн номууд тийм байдаг гэсэн баримжаа тогтчихсон. Иймээс ихэнх номуудад шинэ юм бараг үгүй. Яахав зүгээр, тэрхэн хооронд “Аан, нээрээ тийм” гээд хуучин зүйлээ сэргээж санах төдий л болдог.

Тийм учраас одоогоор би судалгааны чиглэлээр зөвхөн түүх, угсаатан зүйн номууд л уншиж байгаа. Сүүлд гарсан “Монголын эзэнт гүрний 5 таван боть”-ийг судлаад явж байна. Энэ бол уран зохиол уншихтай адилгүй. Анализ хийнэ, өөрийнхөө санаанаас зөрж байгааг тэмдэглэнэ. Дараа нь судлаач найз нөхдийнхөө хүрээнд санал бодлоо солилцоно.

Байнга дэргэд минь байдаг ном бол “Монголын нууц товчоо”. Би түүхийг уран зохиолоос илүү гоё гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. Гэтэл угтаа бүх уран зохиол түүхээс л сэдэвлэдэг юм байна. Түүхийг хэн нэгэн зохиогоогүй, бичээгүй, өөрчлөөгүй. Байгаагаараа л байгаа зүйл.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ ГЭВЭЛ?

Мэдээж хэрэг, насаараа уран зохиолд дурлаж явсан гээд бодохоор уншсан болгоноороо өөрийгөө баяжуулсан гэсэн үг. Тэдгээр дотроос одоо дахиад нэг олоод харчих юм сан, уншчих юм сан гэсэн бүтээлүүд бол бий шүү. Жишээлбэл, гуравдугаар ангид байхдаа би “Чанасан чулуу” гээд эх хүний сэтгэлийн гайхамшгийг харуулсан үлгэр уншсан юм. Тэр үедээ уйлаад л уншаад байдаг байснаа санаж байна. Түүний дараагаар ахлах ангид “Зүрхний нулимс” гэдэг өгүүллэг уншаад бас л их уйлж байснаа мартдаггүй юм.

Харин сүүлд өөрөө зохиол бичиж, өөрийгөө агуу гэж боддог байхдаа Ричард Бахын “Жонатан Лингвстон хэмээх цахлай” туужийг олж уншсан. Тэндээс би өөрийгөө олж харсан. Яг надтай адилхан ертөнц байдгийг мэдээд гайхахын дээдээр гайхсан. Тухайн үед би их тэмүүлэлтэй залуу зохиолч байж л дээ. Монголын утга зохиолд цоо шинэ юм хийнэ гэж мөрөөдөж, жирийн шүлэг бичдэг яруу найрагч байдлаас тасрах гэж оролдож, бараг л суутан болно, дэлхий ертөнцийг гартаа атгана гээд л өөрийгөө аймар амьтнаар төсөөлдөг байв.

Өнөөх туужид болохоор бусдаас үзэсгэлэнтэй, бусдаас хурдан, бусдаас уран, бусдын хийгээгүйг хийх хүсэл эрмэлзэлтэй, өөрийгөө ер бусын гэж итгэдэг нэгэн цахлайн тухай өгүүлдэг юм. Жирийн амьдрал гэдэг түүний хувьд маш гэнэн зүйл. Тэгэхээр магадгүй бага залуудаа уншсан шидэт үлгэрүүд, мөрөөдлийн романтик зохиолууд намайг бүтээсэн байх.

НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?

Дээд сургуульд орох хүртэл надад ямар ч сонголт байгаагүй. Олдож байгаа бүх уран зохиолын номыг уншчихдаг байсан. Угаас тэр үед цөөн хэдхэн ном л гардаг байж. Хожуу оюутан болоод тухайн үед олны анхаарал татаж байгаа зохиолчдын бүтээлийг нэр алдраар нь түүж уншдаг байлаа.

Харин одоо бол номыг яг хэрэгцээгээрээ сонгож уншдаг. Ихэвчлэн түүх судлалын чиглэлийн, нийтлэг биш, хүмүүсийн нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй номуудыг уншиж байна даа. Үүнээс гадна гоё хэвлэгдсэн, хүний анхаарал татсан, өнгө үзэмж содон бүтээлүүдэд би их дуртай. Номын дизайн, хэв маяг, өнгө үзэмж гэдэг чинь хүнийг татах увдистай. Тийм ховор номууд надад олон бий.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Хуучинсаг байх аа. Би бол цаасан хэлбэрээр л уншихыг илүүд үздэг. Мэдээж хэрэг, судалгааны зорилгоор хэрэгтэй мэдээллээ онлайнаар хайж, дижитал хэлбэрээр уншина.

Гэхдээ хамгийн түрүүний асуудал бол номыг уншиж сурна гэдэг өөрөө их бэрхшээлтэй зүйл. Бага насны хүүхдүүдийн хувьд шүү дээ. Тэр зохиолуудын үг хэллэг бүрийг ойлгох, цаад санааг нь ухаж гаргах гэдэг тун хэцүү байх. Одоо бол бага ангийн хүүхдүүдэд ном уншиж сургах арга техник хэрэгтэй юм байна гэж боддог шүү.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ? (АВТОР)

Одоо цагт миний зөвлөх зүйл хүмүүст хэрэгтэй эсэхийг би сайн мэдэхгүй байна. Хуучин бол юуны өмнө сайн уншдаг болсныхоо дараа, дэлхийн сонгодог зохиолуудыг, тэр дундаас ядаж 10 зохиолыг толгой дараалан унш гэж хэлдэг байсан юм. Харин одоо бол би хүүхдүүдэд тэгж хэлэмгүй байна. Энэ бол нүсэр ажил. Таны цагийг авна. Нөгөөтээгүүр, бидний үе шиг тэр их зохиолуудыг унших тэсвэр тэвчээрийг давна гэдэг одоогийн хүүхдүүдэд хэцүү. Харин арай өөр хэлбэрээр хүлээн авч болно шүү дээ. Кино, подкаст, нэвтрүүлэг гэх мэт.

Гэхдээ, хэрвээ та ном хэлбэрээр уншихыг үнэхээр хүсэж байгаа бол илүү сонгодог боловсролтой, элит түвшний хүн мөн. Гэвч хүн бүхэн тийм байх албагүй. Тэд амьдрах ёстой.

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Ном бүтээгч хүн гэдэг хамгийн сайн уншигч байдаг. Уншихаасаа хэтрээд ирэхээр хүн бичиж эхэлдэг. Тэгэхээр ном бичнэ гэдэг бол уншихаас давсан хүний ажил байхгүй юу.

Миний хувьд хэд хэдэн ном бичсэн. Яг одоогийн байдлаар дөрвөн номын төсөл дээр зэрэг ажиллаж байна. “Номадик комик”-ийн залуучуудтай хамтарч Монголын түүхэн комик цуврал болох “Сүхбаатар” жанжны тухай 10 цуврал ном бүтээх гээд явж байна. Одоогоор эхний хоёр дэвтэр гарчихсан байгаа. Яагаад заавал комик хэлбэртэй юм гэхээр, энэ нь хүнд төвөггүй уншигдах боломжтой. Өмнө хэлсэнчлэн, ялангуяа хүүхдүүдэд эх түүхийнхээ тухай хялбархан уншаад мэдээд авах боломжийг энэ бүтээлээр олгож байгаа юм.

Дараагийнх нь “Нутгийн зураг” гээд гурван боть ном гаргахаар бэлдэж байна. Энэ нь одоогоос 200 жилийн тэртээх Монголын газрын зургуудын каталог. Үүнээс гадна “Туулын Гурван Улхуны дэвсгэр саглагар мод хаана вэ” гээд судалгааны номоо нэмж засварлаж байна даа.

Залуугаасаа л уран зохиолоор оролдсон болоод тэр үү, хоёр гурван боть уран зохиолын ном бичих юм сан гэж бодож байгаа. Үүгээр зогсохгүй судалгааны чиглэлийн ганц хоёр ном бас үлдээчих юм сан гэж боддог. Яагаад гэхээр ихэнх хүмүүс сураггүй алга болчихдог. Ямар ч хариуцлагагүй. Миний хувьд тэгэмгүй байна. Зүгээр л хүүхдээ үлдээгээд явчих биш. Би алга боллоо ч миний ул мөр хаа нэгтээгээс олдох учиртай. Тиймээс бид оюун ухаанаа уудалж, бодож байгаа зүйлээ өөр форматад буулгаад үүрд үлдээнэ гэдэг чухал. Тэр нь заавал ч олон хүнд хүрэх албагүй.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Социализмын үеийн номын тухай ойлголтод хамгийн гол байр суурийг уран зохиол эзэлдэг байсан. Нийт номын бараг 80-90 хувь уран зохиол. Одоо бол номын төрөл зүйл их өөрчлөгдөж, янз бүрийн хэлбэртэй болж байна л даа. Хэдий тийм ч ном бол сонгодог соёлын илэрхийлэл юм шүү. Энэ утгаараа хэзээ ч хоцрогдохгүй. Цаасан хэвлэлийн ном бол одоогийн хүн төрөлхтний бүх ололт амжилтыг бүтээсэн гол тулгуур эх сурвалж байгаа юм.

ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА?

Гадаад явдлын яамны сайд асан, дипломат Ц.Гомбосүрэн гуай байна. Мөн ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг санал болгоё. Түүний орчуулсан “Хатсан гар” өгүүллэгийн түүврийг гарсан даруйд нь уншаад цочиж билээ.