Энэ удаагийн дугаартаа бид урлагийн бүтээл, соёлын өвийг сэргээн засварлах болоод монгол зургийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй СУИС-ийн монгол зураг, сэргээн засварлалтын багш С.Ганзамыг урилаа. Мэргэжлийн монгол зураачдыг бэлтгэхээр СУИС-д 18 дахь жилдээ багшилж буй түүний хувьд Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Б.Шаравын "Монголын нэг өдөр", Өндөр гэгээн Занабазарын "Ногоон дарь эх" тэргүүтэй хосгүй үнэт бүтээлийг сэргээн засварлаж, хуулбарлан Монголын түүх, соёлын өвийг үр хойчдоо өвлүүлэх үлдээх, хадгалах, хамгаалахад гар бие зүтгэдэг. Тэрбээр оны өмнөхөн зураач Н.Сэргэлэн багшийн санаачилгаар зураач Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын хамтаар 12 жилийн хүч хөдөлмөрөө зарцуулсан “Дэлхийн нэг өдөр” хэмээх бүтээлээ олны хүртээл болгосон юм. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн монгол зураг, сэргээн засварлалтын багш
Хэрэглэдэг гар утас: Samsung S8
Хэрэглэдэг компьютер: Samsung
Сошиал хуудас: Ganzam Sumberraz (Фэйсбүүк хуудас)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Нүүдэлчин монголчуудын сэтгэлгээ, соёл уламжлал, түүхийг харуулах монгол зургаар бүтээл туурвиж, энэ чиглэлд залуу уран бүтээлчдийг СУИС-д 18 дахь жилдээ бэлтгэж байна. Анх Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд Соёлын өвийн төвд орж, Монголын мэргэжлийн ганц сэргээн засварлагч гэгддэг байсан Д.Хишигбаяр агсны удирдлага дор олон төсөлд ажилласнаар монгол зургаас гадна сэргээн засварлах чиглэлээр мэргэших болсон юм.

Тус төвд ажиллаж байхдаа 1999 онд Б.Шаравын “Монголын нэг өдөр" хосгүй үнэт бүтээлийг албан ёсны эрхтэйгээр сэргээн засварлан хуулбарлаж, Дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өгч байлаа. Мөн Эрдэнэ зуу сүм музейд буй “V Богд болон гэгээнтнүүдийн хөрөг” хосгүй үнэт бүтээлийг хуулбарлан зурсан. Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Занабазарын бүтээсэн “Ногоон дарь эх” хосгүй үнэт баримал болон “Занабазарын хөрөг” баримлын өнгийг сэргээн засварлах төсөлд ч ажиллаж байлаа. Ингээд Соёлын өвийн төвд ажиллах хугацаанд нийт 80 орчим эртний болон орчин үеийн уран зургийг сэргээн засварласан байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний үндсэн мэргэжил монгол зургийн багш. Ажлын өдөр маань их сургуулийн хичээлээр 9 цагт эхэлдэг. Манай сургуульд танхимын сургалтаас илүүтэй урлангийн практик сургалтууд давамгайлдаг тул оюутан болгонтой тулж ажиллах боломжтой гэж хэлж болно. Тухайн оюутны онцлог, урлагийн мэдрэмж, илэрхийллээс шалтгаалан багш нарын заах арга барил өөр байх шаардлагатай болдог. Үдээс хойш үндсэн хичээлийн цаг дууссаны дараа өөрийн бүтээл дээрээ ажиллах, оюутнууддаа ганцаарчилсан зөвлөгөө өгөх зэргээр өнгөрдөг. Заримдаа төвлөрч ажиллах шаардлагатай үедээ хаалгаа хаагаад, зөвхөн бүтээл дээр анхаарлаа бүрэн хандуулах үе ч бий.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Уран дархан, сийлбэрчин, зураач зэрэг үндэсний урлагийн уран бүтээлчдийн ажлын онцлог нь удаан хугацаанд төвлөрч, тогтож сууснаар гараасаа юм гаргадаг. Удаан бодож, удаан зурах нь зураачдаа таашаал өгөхөөс гадна гүйцэтгэлд ч нөлөөлдөг гэж боддог.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Гартаа оруулж гаршсан хэрэгслүүд бол гуаш, усан будаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хүн залуу байх үедээ цаг хугацаандаа хамгийн харам байх ёстой болов уу. Уран бүтээлч хүний хувьд юу юугүй цаг хугацаатай уралдаад байдаггүй. Гялс зурчихъя гээд ухасхийдэг зүйл биш. Бийр, гуаш барихын өмнө маш сайн бодож, эргэцүүлж судлах шаардлагатай.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хийх ажлуудаа нарийн төлөвлөөд байдаггүй. Явцын дунд гэнэтийн ажлууд, өөрчлөлт гардаг учраас дуусгах цаг хугацаатай ажлуудаа том зургаар, ерөнхийд нь төлөвлөдөг. Харин хувийн уран бүтээл дээрээ ёстой элдэв төлөвлөгөөнд баригдахгүйгээр өөрийн мэдрэмж, аясаар нь дуусгадаг даа.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Ажиллаагүй үедээ ихэвчлэн ном уншиж сууна даа. Бас хээр хөдөө салхинд гарч өөрийгөө сэргээдэг. Элдэв юм бодолгүйгээр байгалийн сайхныг ажих сайхан. Ууланд авирч, морь унаж, модонд алхах дуртай. Найз нөхөдтэйгөө уулзаж, билльярд тоглох үе ч байна.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Зураач хүний ажил гэдэг өөрийнх нь ухаангүй дурласан хобби нь юм. Амьдралынхаа ихэнх хугацаанд зурж л явна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Уран бүтээлч байхын хамгийн сайхан нь хийж буй ажлаасаа таашаал авч, жаргалтай байдагт болов уу. Зурна гэдэг жаргал. Зурж буй хүн муу муухай юм боддоггүй шүү дээ. Уран бүтээлч болгоны ажиллах арга барил өөрийн гэсэн онцлогтой. Ялангуяа монгол зурагт зурахын өмнө толгойдоо сайтар бодож боловсруулах шаардлагатай. Яг өөрийн бодож санаснаар хар зураг, өнгө будгаа гаргахгүй бол нэг алдаа гарсан хойно засахад нэн төвөгтэй. Заримдаа шинээр эхлэхээс өөр аргагүйд хүрнэ. Монгол зургийг анхнаас нь дэс дараатай зурж байж гүйцэтгэл, утга агуулга, илэрхийлэл нь сайн гардаг.

Миний хувьд аливаад бүх сэтгэлээ шингээж, бодож тунгаан хийхийг хичээдэг учраас бүтээл дээр нэлээн удаан, няхуур ажилладаг. Ингэж байж хийж буй ажлаасаа таашаал авдаг. Гэхдээ нөгөө талаас өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй нийгэмд ийм зурах арга барил цаг хугацаа алдаад байгаа юм шиг мэдрэгддэг. Тэрнээс биш зураач хүний хувьд бэрхшээл гэх зүйл байхгүй. Жаргалдаа л ядардаг болов уу. Хүүхэд дуртай тоглоомоо харахаараа эргэн тойронд юу болж байгааг анзаарах сөхөөгүй, ухаангүй тоглодогтой адил.

Монгол зураг бол үндэсний түүх, соёл, зан заншлын илэрхийлэл учраас зураачид эх түүхээ гойд сайн мэддэг байх учиртай. Гэхдээ одооны залуу уран бүтээлчдийн сэтгэлгээ өөрчлөгдөж байгаа нь анзаарагддаг. Сумын төвд өссөн хүүхэд ч морь унаж үзээгүй гэдэг. Багаасаа л мотоцикл, дугуй унасан хүүхдүүд морь унахаас өгсүүлээд хөдөөний амьдралын аж байдал, байгалийн сайхныг дүрслэн зурж чаддаггүй. Тиймээс оюутнууддаа монгол ахуйтай холбоотой даалгавар өгнө гэдэг хэцүү. Тэд юу зурахаа ч мэдэхгүй байна.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогоор Бурхан багш болон түүний 16 найдан, дөрвөн махад буюу хамгаалагч бурхдыг нэг хавтгайд нэгтгэн зурах томоохон ажлыг эхлүүлээд байна. Багшийн ажлын хувьд сургуулийн аттестатчилалд бэлтгэхээс гадна манай улсад болох сэргээн засварлахын олон улсын зуны сургалтад бэлтгэж байна даа. Мөн монгол зургийн гарын авлага, сурах бичиг боловсруулах төсөл үргэлжилж байна.

Монгол зургийг зурахад ганц л алдаа гарвал засахад бэрхшээлтэй байдаг учраас скиз гаргахаас авхуулаад тун нарийн төлөвлөх шаардлагатай. Зураач нөхдийн хамт "Дэлхийн нэг өдөр" зургаа эхлүүлж байхад Аль-Кайда бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладен, Ливийн удирдагч асан хурандаа Муамар Каддафи нар амьд байсан. Мөн дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халиф дөнгөж баригдаж байсан үе шүү дээ. Зураг дундаа орж байхад өнөөх барилга аль хэдийн сүндэрлэчихсэн. Энэ мэтчилэн дэлхийн хэдэн зууны түүхийг харуулсан бүтээлийг нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан зарим хэсгийг нь өөрчлөх, нэмж зурах зэрэг ажлууд багагүй гарсан. Зургийнхаа анхны бэлдцийг биеийн тамирын зааланд дэлгээд эхлүүлж байлаа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хөгжил гэдэг хүний дур сонирхлоос хамгийн их хамаардаг. Яавал илүү сайжруулах вэ гэж бодож, дурлах тусам өөрийгөө хөгжүүлнэ. Хийж л байвал хөгжинө, ахиц гаргана.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Сүүлийн үед түүх, соёлын судалгааны ном түлхүү уншиж байна. Монголын нэрт урчуудын тухай судалгаа хийж, янз бүрийн хуучны ном, эрдэм шинжилгээний товхимлуудыг сонирхож байгаа. Түүх, соёл, шашинтай холбоотой танин мэдэхүйн судалгааны чиглэлийн номууд уншдаг болсон.

Би зурж байхдаа намуухан сонгодог ая юм уу баримтат кино тавьчихдаг. Ялангуяа Б.Шарав, З.Хангал зэрэг хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг сонсохыг санал болгоё. Киноны хувьд "Тань руу нүүж явна", "Ирж яваа цаг", "Хонины найр", "Гэрлэж амжаагүй явна" зэрэг хүний мөн чанар, амьд харилцааг харуулсан монгол кинонуудыг зөвлөмөөр байна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Аавын хэлсэн үгс л их бодогддог болж. Хэлсэн үгийг нь тухайн үед чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн мэт боловч өөрөө аав болоод, аавынхаа насан дээр ирэх үед ойлгодог юм байна. Энэ хорвоод ямар ч зүйл зорилгогүй ирдэггүй гэдэгт итгэдэг. Хүн энэ хорвоод ямар нэг хувь тавилантай л ирдэг. Юм болгон өөрийн гэсэн хэрэгцээ, зорилготой гэдэг. Аав минь "Хүнд битгий гай болж, басаж яваарай. Хүнээс үг сонсож сур" гэдэг байсан. Ийм үгс энгийн мэт боловч түүнийг хэлж буй хүмүүс олон даваа, бэрхшээлийг давж, алдаа гаргасан хүний л ухаарал юм шүү.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүн бүр урдаа байгаа зүйлээ л сайн хийе. Юу хийхээ мэдэхгүй байвал дуртай зүйлээ эрэлхийлж, хайж ол. Дуртай юмаа хийж буй хүн муу юм бодохгүй л болов уу. Урдаа хийх ажилтай хүн хэн нэгэнтэй хэрүүл хийж, илүү дутуу зүйл бодох завгүй. Хамгийн гол нь юу ч хийлээ гэсэн зөв байхыг хичээх хэрэгтэй. Буруу юм хийсний гор хэзээд гардаг. Тиймээс аль болох бусдаас биш өөрөөсөө хариултыг хайсан хандлага бий болгоорой.