Энэхүү нийтлэлд орсон цаг үеийн шинж чанартай зарим тоо баримтийг арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар дахин шинэчлэв.
А бол АРИУТГАЛ
COVID-19 нь титэм хэлбэртэй, тосорхог бүтэцтэй вирус. Тиймээс ариутгалын бодист тэсвэргүй бөгөөд 56 градусын дулаанд 15 минутын дотор устдаг. Амьдрах чадварын хувьд 40 хувийн чийгшилтэй, 22 градусын дулаанд таван хоног тэсэх ажээ. Иймд гэр болон албан тасалгаандаа халуун ус, угаалгын бодис ашиглан чийгтэй цэвэрлэгээ сайн хийх хэрэгтэй юм. Хэдийгээр спиртийг ариутгал хийхэд ашиглах нь зүйтэй ч эмнэлгийн спиртийг шууд агаарт цацаж хэрэглэх, ууршуулан ашиглах нь уушгинд хортой гэдгийг санууштай.
Б БОЛ БИЗНЕС, ЭДИЙН ЗАСАГ
Дэлхийн бараг бүх улс оронд тархаад буй COVID-19-ийн халдвар хүн амын эрүүл мэндээс гадна эдийн засагт ихээхэн аюул заналхийлээд байна. Халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь хөл хорио, тусгаарлалт тогтоох явдаг байдал болохоор үүнээс үүдэн бизнесийн асар олон байгууллага хаалгаа барих буюу орлогоо алдаад байна. Тийм ч учраас улс орнуудын засгийн газрууд яаралтай хуралдаж, хямралын үед эдийн засгаа хэрхэн бүрмөсөн сөхрүүлэхгүй байх, бизнес эрхлэгчдээ хүнд үед нь хэрхэн тусалж дэмжих талаар арга хэмжээнүүдийг авч байна. Bloomberg TV Mongolia-ийн дурдсанаар, Монгол улсын хувьд өвчний тархалт зургаадугаар сар хүртэл үргэлжиллээ гэж үзвэл өнгөрсөн онд 5.1 хувь байсан эдийн засгийн өсөлт 2.3 хувь болж буурах гэнэ. Үүнтэй холбоотойгоор МҮХАТ засгийн газарт санал хүргүүлээд байгаа юм.
МҮХАҮТ-аас судалгаанд суурилан дэвшүүлж буй Эдийн засгийн эрсдэлийг удирдах 5 багц 21 санал Дэлгэрэнгүйг… https://t.co/CVFqUrCbe3
Thu Mar 12 04:28:42 +0000 2020
В БОЛ ВАКЦИН
Одоогийн байдлаар COVID-19-ийн вакцин гараагүй байгаа бөгөөд хэзээ гарах нь тодорхойгүй байна. MIT Technology Review-д бичсэнээр вакцин дор хаяж 18 сарын хугацаа шаардах аж. Шинэ вакцин гаргаж хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд эхлээд амьтан болон хүн дээр туршилт хийж, халдвартай хүмүүст тандалт судалгаа хийсний дараа ДЭМБ-аас баталгаажуулдаг дүрэмтэй. Вакцин нь өвчин үүсгэгчийн бие организмын аль нэг хэсгийг өөртөө агуулсан биологийн бэлдмэл бөгөөд хүний биед нэвтрүүлснээр дархлааны систем өвчин үүсгэгчийг таньж, дараагийн удаа түүнийг биед орж ирэхэд илүү хялбар устгадаг байна.
Хамгийн сүүлд, дэлхийн эмийн технологийн тэргүүлэх компаниудын нэг Pfizer-ийн хөгжүүлж буй вакцины үйлчилгээ 90%-д хүрснийг зарласан нь хүн төрөлхтөнд итгэл найдвар өгөв. Гэвч одоог хүртэл хэзээ хэрэглээнд нэвтрэх нь тодорхойгүй л байна.
Г БОЛ ГАРАА УГААХ
Тус вирус нь агаар дуслын замаар халдварлана. Өөрөөр хэлбэл халдвартай хүн ярих, ханиах, найтаах үед шүлс, цэрнийх нь дусалтай цуг вирус агаарт ойрын 1 метр орчимд цацагдаж, үүнээс дотогш зайд байгаа хүнд халдварлана. Мөн ахуйн хавьтлын замаар буюу халдвартай хүнтэй гар барих, хүрэх зэрэг ойрын зайнаас харьцахад халдана. Халдвартай хүний гар хүрсэн зүйл юм уу ханиаж, найтаахад нь бохирлогдсон гадаргууд хүрснийхээ дараа бохир гараа угаалгүйгээр ам, хамар, нүдээ оролдоход халдвар дамжина. Иймээс гараа тогтмол угаах нь нэн чухал юм. Та хөөсөртөл савандаж, халуун бүлээн усаар 20 секундээс дээш хугацаанд гарын ар тал, алга, хурууны салаа, хумсны завсар зэргээ орхигдуулахгүй угаахаа мартуузай. Энэ далимд бид дэлхийн анхны бактерийн эсрэг Lifebuoy саванг санал болгоё. "Нано Интернейшнл" нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ тавин хувь хямдруулж, савангаа 550 төгрөг болгосон байна. Мөн тэд дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд болон улсын төрөх эмнэлгүүдэд хандивласан нь сайшаалтай.
Дараах тохиолдлуудад та марталгүй гараа угаагаарай:
- Гаднаас орж ирээд
- Хоол идэхийн өмнө
- Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
- Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
- Хүүхдээ хуурайлсны дараа
- Бие зассаны дараа
- Амьтанд хүрсний дараа
- Нусаа нийсний дараа
Д БОЛ ДАРХЛААГАА ДЭМЖИХ
COVID-19 вирус нь ахимаг насны болон дархлаа султай хүмүүст халдварлах магадлалтай өндөртэйг мэргэжилтнүүд эхнээсээ л анхааруулсаар ирсэн. Ужиг өвчтэй буюу дархлаа муутай бол вирусийн халдвар тун хүндээр тусаж байгаа юм. Тиймээс бүгдээрээ хөгшин залуу гэлтгүй дархлаагаа сайн дэмжих ёстой. Зэрлэг жимс, шинэхэн хүнс ногоо, цагаан идээг хоол ундандаа хэрэглэж, утаа багатай үеүдээр гэртээ агаар оруулж, дасгал хөдөлгөөн сайн хийх нь зүйтэй. Хоол хүнс, дасгал хөдөлгөөнтэй адилаар дархлааг сайн дэмждэг гол зүйлсийн нэг нь нойр байдаг тул сайн унтаж амрахад анхаарал хандуулах ёстой юм.
Дархлаа сэргээх олон бүтээгдэхүүнээс биеийн эсэргүүцэл сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлэн, ядаргаа тайлдаг Энхжин цай, Цэнэг дархлаа сайжруулах бэлдмэлийг онцолж байна. Дархлаа сэргээх цайг өдөр тутам хандлаад уух боломжтой бол Цэнэг ЭМБ-ийг хаана ч, хэзээ ч шууд задлан уух боломжтой юм.
"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэн ДАРХЛААГАА ЦЭНЭГЛЭЭРЭЙ Монос Хүнс ХК-ийн үйлдвэрлэн гаргадаг Цэнэг дархл… https://t.co/CYS8Tn61IS
Tue Mar 10 08:08:33 +0000 2020
Е БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОНЬ
Вирусын тархалт олон улсад хурдацтай тархахаас өмнө Хятад улс л дэлхий нийтийн анхаарлын төвд байв. Тэнд, ялангуяа Хубэй мужид вирусийн халдвар дэндүү эрчимтэй нэмэгдэж, нас баралт өндөр байсныг бид мэднэ. Ийм хүнд хэцүү үед нь манай улс мөнхийн хөршдөө дэмжлэгээ илэрхийлэх санаачилга гаргаж, түүнийгээ Ерөнхийлөгчийн айлчлалаар бодит ажил болгосон билээ. Манай улсын айлчлалын баг эрүүл мэндийн өндөр эрсдэлийг сөрөн урд хөршийг зорьж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын төрийн тэргүүнтэй уулзах үедээ буцалтгүй тусламж болгон 30 мянган хонь хандивласан нь манай ч, Хятадын ч цахим орчныг нэг хэсэгтээ шуугиулав. Харин тус улсын төрийн тэргүүн Ши Жинпин хүнд хэцүү цаг үед хамгийн түрүүнд Хятадад айлчилсан төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байсныг онцлон дурдсан. Энэ бол эдийн засгийн тусламж үзүүлэх санаачилга гаргасан бизнес эрхлэгчид, түүнийг хурдан шуурхай дэмжсэн төр засгийн удирдлага, мөн айлчлалыг зохион байгуулсан гадаад харилцааны мэргэжилтнүүдийн бахархмаар мэргэн шийдвэр, хурдтай багийн тоглолт байлаа.
Ё БОЛ ёс зүй
Хүсвэл хэн ч үзэл бодол, санал сэтгэгдлээ олон нийтэд чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон нь харилцаа холбооны платформуудын бидэнд өгч буй давуу, бас сул тал. Цаг үеийн нөхцөл байдал тийм ч тогтвортой биш байгаа энэ үед аливаа асуудалд нэг талыг барин, хөнгөн хуумгай хандаж буй хэсэг бүлэг ч байна. Асуудалд хөнгөн хуумгай, өөрсдийн ашиг сонирхлыг барьж хандах нь яавч сайн үр дүнд хүргэхгүй. Тиймээс уншигчдадаа буруу ташаа, эх сурвалж тодорхойгүй мэдээллийг түгээхгүй байхыг, аливаа мэдээ мэдээлэлд ултай, хүлээцтэй хандахыг уриалж байна. Хүний мөн чанарыг шалгасан энэ өдөр хоногуудад сайн талаа, ёс зүйгээ харуулцгаая.
Ж БОЛ ЖААХАН АЙЧИХЛАА...
Хошин мэдрэмж, хөнгөн ёжлолоороо монголчууд бид дундаршгүй авьяастай ард түмэн. Дэлхий нийтээр COVID-19-өөс айж сэрэмжилж буй, тэр байтугай манай улсад уг халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн энэ үед ч сошиал орчинд инээхгүй байж тэвчимгүй хошигнолууд хөвөрсөөр л байна. Гэм хоргүйгээр хөнгөн хөгжилдөх нь ч уур амьсгалыг зөөллөж, эерэг сэтгэгдлийг төрүүлэн, дархлаа дэмжихэд нэмэртэй билээ.
З БОЛ ЗАЙНААС АЖИЛЛАХ
Аюулгүй байдлаа хангах үүднээс гэрээсээ, зайнаас ажиллахыг олон байгууллага илүүд үзэж байна. Эдгээрийн нэг нь Unread. Аз болж дижитал шилжилтийн энэ эрин үед зайнаас ажиллахыг улам хялбаршуулсан олон төрлийн хэрэгсэл, төхөөрөмжүүд бидний өмнө байна. Шинэ апп, програм хэрэглэж, шинэ арга барилыг нэвтрүүлэн турших нь залуу мэргэжилтнүүд биднийг улам л олон талтай, үр бүтээмжтэй болгон хөгжүүлэх нь гарцаагүй.
САНАЛ БОЛГОХ: ЗАЙНААС АЖИЛЛАХАД БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖ НЭМЭХ 4 ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ
Unread
И БОЛ ИРГЭНИЙ ҮҮРЭГ
Нөхцөл байдал тодорхойгүй, хүндэрч ч мэдэх яг энэ цаг үед та бид иргэний үүргээ бүрэн ухамсарлаж, биелүүлэх нь юу юунаас илүү чухал. Улсын Онцгой Комиссоос гаргаж буй шийдвэрүүдийг ягштал биелүүлж, хууль журам сахиулж буй албан тушаалтнуудын шаардлагыг хүндэтгэн хүлээн авах нь наад захын асуудал юм. Мөн өөрийн болон хайртай дотно хүмүүсийнхээ аюулгүй байдлыг ханган, ариун цэврийг сахиулж, ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрвэл, мэдээлэх ёстой ямар нэг зүйлийг мэдэж байвал нууж дарагдуулалгүй холбогдох газруудад хандаарай.
Й БОЛ ЙООО, ЛАЙ ВЭ ЯАДАГ...
Оны эхний улиралд асар их зүйл хийж, гараасаа гаргахаар төлөвлөсөн байсан уу? Яг одоо л бут авна даа гээд "шинэ би"-ээ идэвхжүүлчихсэн байсан биз? Харамсалтай нь бид бодит нөхцөл байдалтай нүүр тулахаас өөр аргагүй болж байна. Дэлхий даяар аль эртнээс төлөвлөгдсөн ажлууд, хурал цуглаан, арга хэмжээнүүд цуцлагдаж, олон хүн, олон бизнес "ацан шалаанд" орчихсон буй. Ёстой л, "йооо, лай вэ яадаг" гэж уулга алдмаар...
К БОЛ КИНО, КОНТЕНТ, НОМ
Хорионд орсон, хязгаарлалттай үед танд өөртөө зориулах хангалттай цаг гарч магадгүй. Аль эртнээс уншина даа гээд хадгалсан номоо эргүүлж, үзэж амжаагүй гээд ярианаас хоцроод байсан тв цувралаа эхлүүлж, энд тэндэхийн сонин хачин контентуудыг сонжин үзэх хамгийн тохиромжтой цаг яг одоо л тохиож байна. Эргээд л завгүй амьдралын хэв маягтаа буцахаасаа өмнө амжин өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ тэлэх төрөл бүрийн контентийг барьж аваарай.
Танилцах: "НОМЫН ТУХАЙ" булан
Unread
Л БОЛ ЛАМЫН ҮРЭЛ
Аюулт өвчний эсрэг салбар бүр л хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Сүм хийдийнхэн ч энэ үед зүгээр суусангүй шившлэгтэй “Үрэл”-ийг гаргасан юм. Энэ мэдээг сонсоод хүмүүсийн нэг хэсэг нь вирустэй үрлээр тэмцэнэ юу байх вэ гэж шоолсон бол Д.Чойжамц хамба "Гандантэгчэнлин хийд гурван сая хүнд үрэл тарааж дийлэхгүй. Тэр бол сүсэгтэй хүнд зориулж хийж байгаа ажил. Бүгдэд нь албадаж өгөх гэж байгаа хэрэг биш бөгөөд эдгээнэ гэсэн баталгааг хэн ч гаргаж чадахгүй. Сүсэгтэн олондоо тус болох сэтгэлээр хийж байгаа зүйлийг мушгиж болохгүй" гэсэн юм.
М БОЛ МАСКАА ЗҮҮХ
Маскаа зүү, маскаа зүү, бас дахин маскаа зүү. Гэхдээ маскийг зүүгээд л болоо гэж бодож байвал буруу шүү. Хэрхэн зүүх, хэрхэн хаях зэргийн талаар зайлшгүй сайн мэддэг байх хэрэгтэй. Зүүхээс урьтаж гараа болон хамар амны ойр орчмын хэсгийг хүртэл угаах буюу ариутгах нь зүйтэй. Хаяхдаа гараараа маскны гадна хэсэгт хүрэхгүйгээр дотогшоо эргүүлэн хаях ба хаясны дараа заавал гараа дахин угаах ёстой юм. Ингэснээр маск зүүн өөрийгөө халдвар авахаас урьдчилан сэргийлсэн гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Мөн цахим орчинд явж буй “Битгий маск зүү” , “Маскийг ариутгаад дахин хэрэглэж болно” гэсэн мэдээллүүдийн эх үүсвэр, үнэн худлыг шалгахыг зөвлөж байна. Unread-ийн зүгээс бол “ДЭМБ”-ын байгууллагаас гаргаж буй зөвлөмжүүдийг даган мөрдөнө үү хэмээн уриалж байгаа билээ.
Н БОЛ НӨӨЦЛӨХ ҮҮ, ЭС НӨӨЦЛӨХ ҮҮ?
Онцгой байдал тохиосон, нөхцөл байдал цааш яаж эргэх нь тодорхой бус үед хүмүүс хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийг аль болох л нөөцөлж авахыг боддог. Монголд уг вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн өдөр л гэхэд хүмүүс хүнсний дэлгүүрүүдэд бужигнаж, бензинээ дүүргэхээр ШТС-уудад оочерлосон. Паник, айдсаас үүдэлтэй энэ үзэгдлийг үнэндээ буруутгах хэцүү. Авах мөнгө нь байгаад, бараа бүтээгдэхүүн нь байвал яагаад болохгүй гэж. Гэхдээ энэ нь зарим тохиолдолд хүнс, барааны хомсдолыг үүсгэдэг тул нөөцлөх ёстой, нөөцөл хэмээн уриалж болдоггүй талтай. Тиймээс зарим үед дэлгүүр, үйлчилгээний газрууд нэг барааг төдөн ширхгээс дээш зарахгүй гэсэн шийдвэрээр энэ асуудлыг зохицуулж байна. Нөөцлөх боломж нь байвал нөөцөлж болох ч дэлгүүрт асар олон хүнтэй бужигнаж, хамгаалах гээд байгаа өвчнөө тусах магадлалаа нэмэгдүүлэх нь буруу гэдгийг хэлэх юун.
О БОЛ ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар дэлхий даяар 51 сая хүн халдвар авсан болох нь батлагдаж, 36 сая хүн эдгэрч, 1,2 сая хүн нас барсан хэмээн “ДЭМБ”-аас мэдээллээд байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.09-НЫ 11:00 ЦАГ/ https://t.co/pGFv2AKi84
Wed Nov 11 07:17:54 +0000 2020
Ө БОЛ ӨВӨӨ ЭМЭЭГЭЭ ХАМГААЛАХ
Уг вирусын улмаас нас барагсдын дийлэнх хувийг 60-аас дээш насныхан эзлээд буй. Тэр дундаа даралт өндөртэй, зүрх судасны, чихрийн шижин, амьсгалын замын зэрэг өвчтэй хүмүүст энэ халдвар тусах магадлал өндөр байна. Өндөр настай болон энэ мэт ужиг өвчтэй хүмүүсийн нас барах магадлал ердийн хүмүүстэй харьцуулахад тав дахин их байгааг та бид огт хайхрахгүй өнгөрч болохгүй. Иймд өвөө эмээ, аав, ээжийнхээ дархлааг дэмжиж, аль болох гадуур явуулахгүй, олон хүнтэй харилцууахгүй байх нь чухал.
П БОЛ ПОПРОХ
Поп, попрох гэсэн үгс бидний өдөр тутмын ярианд өргөн хэрэглэгдэх болжээ. Ард түмэн, ард иргэдийн нэрийг барин улс төрийн тоглолт хийхийг ингэж хэлдэг бөгөөд үүнээс улбаалан ул суурьтай бодолгүйгээр олон нийтэд таалагдах хийсэн аливаа үйлдлийг мөн попрох гэж хэлдэг болчихоод байгаа юм. Тэгэхээр баттай мэдээллийг бодолтойгоор түгээх шаардлагатай энэ цаг үед "ухаантай" дуугарч тодрох гээд бодлогогүй юм хэлэх, бусдыг үндэслэлгүйгээр шүүмжлэх, хуурамч мэдээнд үндэслэн цуурах гэх мэтээр попрох нь тун ч уршигтай бөгөөд олиггүй муухай. Олон нийтээс оноо авах цаг одоо биш.
Р БОЛ РАСИЗМ
Хүмүүс айдас, сандралд автахдаа тэнэг үйлдэл хийдэг. Эдгээрийн нэг жишээ бол вирусээс ч илүү хортой расизм буюу арьс өнгөний үзэл. Барууны орнуудад энэ вирусээс болж ази хүмүүсийг үзэн ядаж, гадуурхаж буй мэдээг хараад та ундууцсан байх. Энэ зуур бид өөрсдөө бас бусдад тийм хандлага гаргаагүй биз хэмээн нягталж байх нь зүйтэй. Арьс өнгө болоод бусад зүйлээр ялгаварлахыг ямар ч шалтгаан зөвтгөхгүй гэдгийг сануулах юун билээ.
С БОЛ СЭТГЭЛ САНААГАА өөдрөг байлгах
Хэдийгээр баяртай хөхиүн байх шалтгаан цөөн байж болох ч сэтгэл санааны байдал дархлаанд хамгийн чухал гэдгийг санаарай. Цахим орчинд хэт их мэдээ үзээд хямрах гээд байвал инээдмийн кино үз, сонирхолтой зохиол унш. Төлөвлөсөн ажил чинь бүтэхээ болиод таагүй байвал удаан холбогдоогүй найз нөхөдтэйгөө холбогд, шинэ боломжууд гарах ч юм бил үү. Гэрийнхэнтэйгээ сонирхолтой зүйлсийг хий, ярилц. Гэх мэтээр сэтгэл санаагаа өөдрөх байлгах арга замууд олдож л таараа.
Т БОЛ ТУСГААРЛАЛТ
Энэхүү вирус агаар дуслын замаар халддаг төдийгүй шинж тэмдэг илрэхгүй нууц үе нь дунджаар 21 хоног үргэлжилж буй учраас тусгаарлалт л хамгийн сайн сэргийлэлт юм. Хэрвээ та гадаад оронд зорчоод ирсэн бол, эрсдэлтэй газруудаас явсан бол заавал өөрийгөө тусгаарлаарай. Хүмүүстэй уулзах буюу хуралдах хэрэг гарвал аль болох утас, интернетээр хийхийг эрмэлзэх нь зүйтэй. 2020 оны 1-р сарын 9-өөс хойш манай улс бэлэн байдалд шилжсэн бөгөөд одоогоор 384 тохиолдол илрээд байна.
У БОЛ УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС
Өмнө дурдсан, бидний өдөр бүр мэдээгээр сонсож буй Улсын Онцгой Комисс гэж яг юу вэ, ямар үед үйл ажиллагаа явуулдаг вэ?
Хуульд тодорхойлсноор:
“Улсын онцгой комисс нь Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, мал, амьтан, хүрээлэн байгаа орчныг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бүс нутгийн хүчээр хэрэгжүүлэх бололцоогүй болж тусламж, дэмжлэг үзүүлэх талаар албан ёсны хүсэлт тавьсан буюу өөрийн санаачилгаар хүн хүч, техник хэрэгсэл, материаллаг нөөцийг зохих хууль тогтоомжийн дагуу дайчлан гаргах, үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хяналт тавихад энэхүү журмыг дагаж мөрдөнө.”
Товчхондоо, Улсын Онцгой Комисс бол үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүдийг гаргах гол байгууллага. Бид бүгдээрээ улсын, нийслэлийн, аймгийн онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг биелүүлэх үүрэгтэй.
Ү БОЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийслэлийн Онцгой Комиссийн шийдвэрийн дагуу 03 сарын 16-ны өдрийн өглөөний 07 цаг хүртэл хүнсний болон ахуйн худалдаа, халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгүүдээс бусад үйлчилгээг зогсоогоод байсан билээ. Харин хорио тавигдаснаас хойш дараах дараах газрууд хэвийн байдлаар ажиллана. Үүнд:
- Хүнсний худалдаа, бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд, бүх төрлийн барааны дэлгүүр
- Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ
- Халуун усны үйлчилгээ, ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
- Дугуй засварын үйлчилгээ, бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
- Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэг бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд
Мөн нийтийн үйлчилгээний ресторан, кафе, цайны газар, кофе шоп, түргэн хоолны газрууд хуучин зохицуулж байсан цагийн хуваарийн дагуу ажиллана.
11-р сарын 11-нд гарсан Нийслэлийн УОК-ийн шийдвэрийн талаарх мэдээллийг эндээс ДЭЛГЭРЭНГҮЙ үзээрэй.
Х бол хөдөлгөөн хорих
Вирусын дэгдэлтийг хяналтандаа авдаг гол арга бол хөл хорио тогтоох байдаг. Манай улс COVID-19-ийн дотоод дахь анхны халдвар илэрсэнтэй холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газраас 2020 оны 11-р сарын 14-ний өдрийг хүртэл аймаг, сум, хотоос орох гарах хөдөлгөөнийг хорив.
Ц бол цуурхлаас зайлсхийх
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 1800-2000 дугаарын утсанд хандсан иргэдийн 40 гаруй хувь нь COVID-19-тэй холбоотой сөрөг мэдээллээс болж хямарч буйгаа ярьж, зөвлөгөө авчээ. Энэ нь үндэслэлгүй, хуурамч мэдээ ямар уршигтайн хамгийн наад захын жишээ юм. Онцгой байдлын үед хуурамч мэдээ, цуурхлын уршиг нэн их тулд хуулийн байгууллагууд үүнтэй хатуу тэмцэж буй. Манай улсын Эрүүгийн хуульд зааснаар халдварт өвчинтэй холбоотой илт худал мэдээлэл тарааж, хүний нэр төрд халдсан бол хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгох зохицуулалттай. Тиймээс та бүхэн зөвхөн ЭМЯ-аас өгч байгаа баталгаатай мэдээлэлд итгэж үнэмшээрэй.
Мөн нэг таатай мэдээ дуулгахад, Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, НҮБ-ын Хүүхдийн Сан, “Чатбот” ХХК хамтран олон нийтэд COVID-19-ийн тухай үнэн зөв мэдээлэл өгөх, түгээмэл асуултад хариулах зорилготой Чатбот ажиллуулж эхэлжээ. Та чатаар үнэн зөв мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай.
Ч бол чихэрнээс татгалзах
Халдвар тархах эрсдэлтэй үед халуун ногоотой, хайрч хуурсан болон хэт чихэрлэг идээ, ундаа хэрэглэхгүй байх нь зүйтэй хэмээн эрдэмтэд зөвлөж буй. BBC-ийн нийтлэлд дурдсанаар, уг халдвараар нас барагсдын долоо орчим хувь нь чихрийн шижинтэй байсан аж. Ийм үед хоол хүнсэндээ сайтартай анхаарч, шаардлагатай эрдэс, амин дэмээ авах нь тун чухал.
Санал болгох: Коронавирусийн талаарх 8 чухал асуулт, хариулт
Unread
Ш БОЛ ШИНЖ ТЭМДЭГ
Эрдэмтэд COVID-19 хүнд халдсанаас хойших өвчний нууц хугацаа нь дунджаар хоёр долоо хоног хүртэл үргэлжилдэг хэмээн үзэж буй. Улмаар халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин өвдөх, хоолой өвдөх, толгой өвдөх, бөөлжих, хамар битүүрэх, гүйлгэх шинж зэрэг шинж тэмдгүүдээс илэрдэг байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 88 хувиас нь халуурах, 38 хувиас нь ядарч сульдах, 33 хувиас нь цэр гарах шинж тэмдэг илэрчээ. Өөрөөр хэлбэл, ханиадны шинж тэмдгээр эхлэн богино хугацаанд амьсгалын дутагдлаар хүндрэх эрсдэлтэй юм.
э бол эмчилгээ
Вакцин гараагүй байхад COVID-19-ийг яаж эмчилж байгаа юм бол гэж бүгд л бодож байгаа. Тэгвэл халдвар авсан иргэдэд хийсэн гол эмчилгээ нь энгийн ханиад, томуугийн үед хийгддэг эмчилгээ буюу тэжээллэг хоол унд өгөх, биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулах витаминуудаар хангах ажээ.
Хятад, БНСУ-ын жишээнээс харахад, эдгээр улсуудад өвчлөл өндөр байгаа ч нас баралт бага, эдгэрэлтийн тоо өндөр байгаа нь ECMO (Extracorporeal Membrane Oxygenation) хэмээх зохиомол эргэлтийн аппараттай шууд холбоотой байна гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байгаа. Тиймээс манай улс энэ аппарат болон бусад шаардлагатай эмнэлгийн эд хэрэгслийн нөөц, хангалтад анхаарал хандуулах нь чухал юм.
ю бол юм дамлаж зарж болохгүй
Түрүүнд дурдсанчлан, онцгой байдлын үед хэрэгцээт бараа, хэрэгслүүдийн хомсдол үүсэх эрсдэл байдаг. Ийм үед бараа бүтээгдэхүүнийг дамлаж зарах үзэгдэл гардаг бөгөөд энэ нь хувь хүмүүсийн нөөцлөлтөөс ялгаатай гэдэг нь ойлгомжтой. Зөрчлийн тухай хуулиар үнэ нэмсэн байгууллага, аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. Мөн үүний эсрэг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас цаашид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж иргэд, хэрэглэгчдийг хохироосон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож, тухайн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ мэдэгджээ.
Я бол ямар ч зүйлд сайн тал бий
Эрэлхэг цэрэг Швейк нэгэнтээ “Юм яаж ч буруугаар эргэлээ гээд үргэлж сайн тал руугаа явж байдаг юм” гэж хэлсэн гэдэг. COVID-19 нь иргэдийг гараа угаах, дархлаагаа дэмжих гэх мэт эерэг сайн дадлуудтай болгож байна. Тэгвэл урт хугацаандаа энэ халдварт өвчний дэлхий дахинд үзүүлэх нөлөө тун ч их байх болов уу. Бүх л улсууд эрүүл мэндийн тогтолцоо, эдийн засаг, иргэдийн боловсрол хүмүүжил гээд асар олон зүйлийг эргэн харж, дүгнэлт хийж, тэндээсээ өөрчлөлтүүд хийх нь гарцаагүй биз. Үлэмж их хохирол учруулсан болсон явдлаас сургамж авахгүй л ямар хэрэг байх билээ. Өвчин өнгөрнө, амьдрал үргэлжилнэ шүү дээ.
z zulaa 2020.03.27 202.70.46.20
a-ya hamgiin ih taalagddag shuu illustration ni tailbar ni gargalgaa ni bugd uneheer sonirholtoi heregtei
Ц Цэнгээ 2020.03.15 66.181.180.107
А-Я цувралд үнэхээр орж байна шүү залуусаа үргэлжлүүлээд улам бүтээлч шинэлэг болгоод байгаарай маш их баярлалаа
U Ulzii 2020.03.14 202.9.46.124
Ymar huurhun niitlel unshchihwaa... Iim uyd iim l meddeelelliig iluu oluulaa unshdag ch boloosoi ... Keep going guys !