"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

Киноны нэгдүгээр туслах найруулагч гэдэг хамгийн хэцүү алба ажээ. Үндсэн найруулагч мөрөөдөж, түүнийг нь бодит байдалд буулгах үүргийг нэгдүгээр туслах хүлээнэ. Энэ албыг авагч бол кинонд оролцогч талуудын бүх л холболтыг хийж, ажлууд дэгтэй, цагтаа явах нөхцөлийг бүрдүүлж, үндсэндээ төслийн гол менежерийг хийдэг номтой. Нийтлэлийн маань гол дүр 2018 оны зургаадугаар сард энэ үүргийг дуртайяа гүйцэтгэж байсан бөгөөд киноныхоо гадаад мэргэжилтнүүдэд давхар орчуулга хийн гүйж, 36 өдрийг хоногийн гурван цагийн нойртой өнгөрөөжээ. Б.Хулан "Mongolian Connection” кинонд ажиллаж асан тэр үеэ одоо инээмсэглэн дурсаж сууна.

Хэцүү ч гэсэн хүсэж мөрөөдсөн, мэргэжлийн анхны ажил нь байсан тул тэр тун ч урам зоригтой, шаргуу ажиллажээ. Гурван жилийн өмнө АНУ-д кино найруулагчаар төгсөж ирсэн дэврүүн охин Монголын “киночид”-той шууд ажиллах бэрх байснаас багшлахаар шийдсэн гэдэг. Товлосон ажилдаа дөрвөн цаг хоцрох зураглаач, бүдүүлэг харилцаа, бага залуу хэмээн үл тоох томчууд гээд л, төсөөлснөөс нь тэс өөр орчин. Өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн, өрсөлдөөн дутмагаас “даам гарсан" архаг мэргэжилтнүүд бүхий энэ орчинд салхи оруулах боломж нь залуучуудтай ажиллах, тэднийг бэлдэх л юм байна гэдгийг ойлгосон Б.Хуланд СУИС-д багшлах боломж тохиомогц шуудхан барьж авчээ. Оюутны жилүүддээ нэг л багшаар овоглож, нэг л багшийг тахин шүтэх сургуулийн орчин, олон ургальч үзлийг эрхэмлэгч түүнд бас л өрөөсгөл санагдсаныг нуулгүй ярьсан юм. Киноны мэргэжилтнүүдийг бэлтгэх гол бааз болох тус сургуульд заадаг онолын мэдлэг тун хангалтгүй санагдсан тул нэг жил оюутнуудтай ажиллаад л гарын авлага болохуйц ном бичихээр шийджээ. Улмаар СУИС-д гурван жил багшаар ажиллаж, энэ хугацаандаа “Кино задлан уншихуй” хэмээх мэргэжлийн ном бичиж амжсан байх юм. Нөхцөл байдлыг үнэлээд, хамгийн боломжит сонголтыг хийж, тэрхүү орчноо өөрчлөх хамгийн зүйтэй ажлыг хийж дээ гэж намайг бодох зуур “Багшлахаар хүн их хөгждөг юм билээ. Оюутнууд асуулт асуухад хариу өгөхийн тулд их уншиж судлах хэрэгтэй болдог. Би ер нь залуучуудыг багшлаасай гэж хүсдэг юм. Мэдлэг түгээнэ гэдэг буян шүү дээ” гэж хэлснийг нь заавал онцлууштай.

Хүүхдээрээ төрхтэй, шавилхан биетэй Б.Хулангийн багын мөрөөдөл нь кино найруулагч болох байгаагүй юм. Тэр “Орос гурав”-т сурдаг, хичээлдээ сайн, номын охин байв. Боловсролыг чухалчилдаг аав ээжийн бяцхан охин хуульч болно гэж мөрөөддөг байж. Харин төсөөлсөн замналыг өөрчилсөн нэг үйл явдал тохиосон нь Universe Best Songs тэмцээн байлаа. Тухайн үедээ Монголын телевизийн нэн шинэлэг үзэгдэл болсон энэ тэмцээнд амжилттай оролцсон охин хүмүүст овоо танигдав. Ингэж урлагийн ертөнцийн зах зухаас мэдэрч, урлагийн хүн биеэ зөв сайхан авч явбал нийгэмд нөлөөтэй, хүндтэй нэгэн болдгийг ойлгож авчээ.

2010 онд “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл кинонд дүр бүтээснийхээ дараа Б.Хулан АНУ-д сурахаар одсон юм. “Universe” шоуны дараа янз бүрийн санал ирж, гудамжинд зөрөгсөд таньж, үеийн хөвгүүд “өнөөх чинь” гэх болсон нь таатай ч юм шиг, таагүй ч юм шиг мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг нь бүр уймруулж орхисон гэдгийг нуусангүй. Гэлээ ч гэр бүлийн хүмүүжил нь, өөрийгөө цааш хөгжүүлж боловсрох ёстой гэх хүсэл нь давамгайлж, жижгэвтэр сургуулиас бүрэн тэтгэлэн аван, Америкийг зорьсон аж. АНУ-ын хойд захын Норд Дакотагийн онгоцны буудал дээр буугаад аавтайгаа холбогдон, би хаана ирчихэв ээ гэж асууж байснаа дурсан инээх Б.Хулангийн сонгосон чиглэл нь хүний эрхийн хууль байжээ. Гэрээсээ холдож үзээгүй арван наймтай охин Америкийн буйдхан жижиг хотод суралцсан найман сардаа их л ганцаардаж, олон кино үзэж, өөрийгөө асуултаар булах болжээ. Ирсэн газар нь ч, сонгосон мэргэжил нь ч нэг л таалагдсангүй. Харин кино үзэх тусам шимтэж, сүүлдээ кинонуудыг найруулагчаар нь хөөж үздэг болсон байна. Киноны уураг тархи болох найруулагчийн мэргэжилд татагдан шохоорхож, Лос Анжелесийн кино урлагийн сургуульд өргөдөл явуулж орхижээ. Тэгтэл тэнцсэн хариу ирсэнд Б.Хулан аав ээждээ сая зориглон хэлж, дэлхийн өнцөг булан бүрээс зүтгэн тэмүүлдэг олон мөрөөдөгчийн адилаар Лос Анжелес дахь алдарт Холливудыг зорьсон түүхтэй.

Тэнд кино найруулагчаар суралцах хугацаандаа тэр хөгжмөө хийсээр байсан юм. Ганцаардлаас хөгжимд улам дурлах, хөгжим зохиох сэдлээ авдаг Б.Хулан өөрийн үзэл бодол, дотоод ертөнцийг дуундаа шингээдэг. Сонирхолтой нь, өөрөө зохиосон дуунууд болоод телевизийн шоунуудад дуулж байсан дуунуудыг нь сонсоход тэс өөр жанр мэт сонсогдох агаад хүссэн бүтээлээ дагнаж хийх, арилжааны буюу олон хүн сонсох бүтээл гаргах хоёрын хооронд сэтгэлээ савлуулж байдаг уран бүтээлчдийн нэг “зовлон” түүнд ч бас байдаг бололтой. “Монголд ирээд Voice Mongolia-д ороход минь хүмүүс чи яагаад орж байгаа юм гэсэн. Би олонд өөрийгөө харуулахаас илүү дуулах дуртай болохоороо, бас өөрийгөө сорьж байх ёстой гэж боддог болохоор л энэ шоунд орсон” хэмээн үнэхээр дуулах дуртайгаа тэр учирлан өгүүлнэ. Voice-ийн шүүгч, дуучин Д.Болдтой хоёр ч удаа “дуэт”-лээд амжсан Б.Хулан Universe Best Songs, Voice Mongolia, Д.Болдын “12 Ертөнц” зэрэг тухайн үедээ чухам л үзэгдэл болсон шоу, тоглолтуудын нэг хэсэг болсондоо олзуурхаж явдаг.

Одоо тэр эргээд Холливудад очсон байгаа. Мэргэжлээрээ ажиллах эрх олж авсандаа баяртай байсан ч энэ удаа Монголоос явах хэцүү байсныг нуусангүй. Хэдэн жил олдож өгөхгүй байсан мэргэжлийн боломжууд энэ зунаас зэрэг зэрэг гарч ирээд байж л дээ. Арга ч үгүй биз дээ, Монголд ажиллах гурван жилдээ ихийг амжуулсан юм чинь. Багш, ном, дуу, тв шоу, кино…

Түүний ярих нь: "Монгол цөөн хүн амтай, асуудал бэрхшээл ихтэй ч маш их хөдөлгөөнтэй, сонирхолтой газар. Тийм болохоор залуу хүнд боломж ихтэй. Америкт бол киноны салбарт бүхнийг хамгийн доороос л эхэлдэг. Жүжигчдийн шалгаруулалт ч үнэн зөв, шударга явагддаг. Кино мэргэжилтнүүд нь мэргэшсэн нэг чиглэлээрээ л дагнаж ажилладаг.” Хэдий тийм ч киноны өсөж яваа залуу мэргэжилтэн Холливудад ажиллах боломжийг алдаж болно гэж үү.

Ийнхүү тэр мөрөөдөлдөө хүрэхээр хичээж явна. Киноны мэргэжилтнүүд referral буюу хамт ажилласан хүмүүс нь цааш бусдад санал болгох байдлаар нэг төслөөс нөгөөгийн хооронд ажилладаг. Эхний орсон кино төсөлдөө махруу ажиллаж, багийнхандаа үнэлэгдвэл цаашид ажил олдохгүйн зовлон байхгүй, Нетфликс шиг контентын платформууд өч төчнөөнөөрөө нэмэгдэж буй үед хийгдэх кино, контентын хэмжээ улам нэмэгдэх нь ойлгомжтой гэнэ. Энэ салбарынхан ийн нэг нэгийнхээ санал болгосноор дараагийн ажлаа олдог болохоор Б.Хулан цаашид “гүүр” болохыг хүсдэг. Тэр Холливудад төгссөн, одоо энд ажиллана. Гадаадын зах зээлд гарахаар идэвхтэй эрэлхийлж буй буй монгол киночдод маань Б.Хулан шиг ажилдаа дурласан, зүтгэлтэй мэргэжилтнүүд ус агаар мэт хэрэгтэй билээ. Яагаад ч юм, түүний ажилласан анхны том кино төсөл “Mongolian Connection” нэртэй байж. Олон хүнийг холбож, олон төслийг эхлүүлэхийн бэлгэдэл мэт.

Өндөр боловсрол, ёс суртахуун, дэлхийч үзлээр өөрсдийгөө “гоёсон” шинэ үеийн монгол залуучуудын төлөөлөл Б.Хулан дараагийн том боломж зам дээр таарахад шүүрч авахаар өөрийгөө бэлдсээр байна. Бидний хийж байсан зүйлс бүгд учир холбогдолтой, юм гэдэг санаандгүй байдаггүйг тэр туршлагаасаа ойлгож авсан. Жил хагасын өмнө онгоцны буудлын кафед кофе авахаар зогсож байтал жүжигчин Амараа таарч, “Чи чинь нөгөө Universe-д орж байсан охин байна ш дээ, чи хаашаа алга болчихсон юм” гэсэн юм билээ. Таньж байгаад нь урамшсан Б.Хулан өөрийн хаана төгссөнийг, юу хийж байснаа, одоо кинонд ажиллах хүсэлтэй байгаагаа ч хэлээд амжиж. Ингэж тэд яг л хайж явсан зүйлсээ харилцан олж, монгол, америк, казакстан жүжигчдийг нэгтгэсэн “Mongolian Connection” кино багийнхан орос, англи хэлтэй, мэргэжлийн туслах найруулагчтай болоодохжээ. Энэ кинонд ажилласнаар тэр кино найруулагчийн гараагаа албан ёсоор тавьж, дотоод гадаадын мэргэжилтнүүдтэй өргөн хүрээнд ажиллан, төслийг амжилттай дуусгасан юм.

Зах зухаас нь гадарлах хүн бол урлаг бүтээнэ гэдэг хэчнээн хэцүүг мэднэ. Энэ бол 2+2=4 гэдэг шиг хариу нь тодорхой бус, амархан үнэлж цэгнэхүйц зүйл биш. Урлагийн замнал хэцүү бэрх гэдгийг мэддэг ч урлагт дурлагсад, урлаг бүтээгчид өөрсдийгөө үүнгүйгээр төсөөлж чаддаггүй, хийж байгаа зүйлээсээ, өөрсдийгөө илэрхийлэхээс амьдралын утга учрыг олж авдаг мэт. Бурхан гэж байдагт итгэдэг Б.Хулан “Урлаг бол Бурхантай хамгийн дөтөөр ойртох зам” хэмээсэн юм.

Урлагийн бүтээл гэдэг өөрийн гэсэн амин сүнстэй байх ёстой гэж үздэг энэ залуу “өртөөлөгч”-ийн гараас гарсан бүтээлүүд үзэгч, сонсогчдын сэтгэлийн чавхдасыг хөндөнө гэдэгт итгэнэм.

Б.Хулангийн сошиал хуудсууд:
Инстаграм
Фэйсбүүк
Soundcloud
Блог

Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд хийж буй өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.