Олон нийтийн дийлэнх нь сошиал медиагаас мэдээлэл авдаг болсон өнөө үед мэдээллийг нягталж үзэх нь амин чухал асуудал болоод буй. Хуурамч мэдээлэл нь иргэдийн зан төлөв, шийдвэр гаргалтад хүчтэй нөлөөлж, аюул учруулах болсныг дэлхий даяар судлаачид дурдан, сануулах болов. Тийм ч учраас цахим орчинд хуурамч мэдээлэлтэй тэмцэх санаачилгууд, аргачлалууд олноор бий болж байна.

Хэдхэн хоногийн өмнө манай улсад ч гэсэн яг ийм зорилготой Factcheck.mn вэбсайт нээлтээ хийсэн нь онцлууштай үйл явдал байлаа. Бид тус сайтын үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ хуурамч мэдээллийг хэрхэн таних зөвлөгөөг хүргэж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Германы Дойче Велле академи, Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв хамтран эхлүүлсэн “Factcheck Mongolia” төслийн хүрээнд уг вэбсайтыг нээжээ. Тэдний үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн 16 редакц улс төрөөс хараат бус, бие даасан, ил тод байх гэх мэт тодорхой шалгуурыг хангасны үндсэн дээр хамтарч ажиллахаар болсон аж.

Сошиал ертөнцөд хүмүүс үзэл бодлоо илэрхийлж, үзсэн уншсан зүйлсээ бусдадаа хуваалцаж шуурхай түгээх нь түгээмэл болсон. Иргэд мэдээллийг нягтлахад суралцаагүй, нөгөө талаас янз бүрийн ашиг сонирхолтой талууд хуурамч мэдээллийг сурмаг түгээх болсон учраас хамтын хүчээр хуурамч мэдээллийн эсрэг бат зогсох зорилгоор энэхүү платформыг санаачилсан байна. Ингэхдээ тэд олон улсын баримт нягтлах сүлжээ болох IFCN-ийн үйл ажиллагааны зарчмуудыг мөрдөж ажиллах гэнэ. Үүнд, эх сурвалжийн ил тод байдлыг хангах, шударга, нам бус байх, санхүүжилтийн ил тод байдлыг хангах, ямар арга ашиглаж тухайн мэдээлэлд анализ хийснээ ил тод харуулах гэх мэт зарчмууд багтдаг байна.

Үүнээс гадна танд олон нийтийг хамарсан, ач холбогдол өндөртэй, эргэлзээтэй санагдсан мэдээлэл таарвал тус багийнханд хандаж, үнэн худлыг нь мэргэжлийн түвшинд нягтлуулах боломж бүрджээ.

“Factcheck Mongolia” хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тамир “Аливаа мэдээлэл хүний шийдвэр гаргалтад шууд нөлөөлдөг. Хэрвээ үнэн бол сайнаар, худал бол муугаар. Тэгвэл сүүлийн үед нийгэмд мэдээллийн сөрөг үр дагавар ихсэж байна. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй олон улсад түгээмэл болсон учраас хуурамч мэдээлэлтэй тэмцэх янз бүрийн үйл ажиллагаа хаа сайгүй хэрэгжиж эхэлсэн. Тиймдээ ч бид цаг үетэйгээ зэрэгцэн иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд Factcheck.mn сайтыг нээлээ. Энэ явдлыг хүмүүс сонгуулийн сурталчилгаатай холбон, эндүүрч бодож байж магадгүй. Манайх бол ашгийн төлөө бус анхдагч редакц. Сайт дээрээ ямар нэгэн сурталчилгаа огт байрлуулахгүй. Харин ч сонгуулийн үеэр ихэсдэг хуурамч мэдээлэлд цензур тогтоох болно. Энэ бүхнийг бид хийж байгаа зүйлээрээ, хамтын ажиллагаагаараа харуулахаас өөр аргагүй” гэсэн юм.

Дэлхий нийтэд ялангуяа сонгуулийн үеэр хуурамч мэдээлэл эрс ихэсдэгийг бид мэднэ. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан Хиллари Клинтон хэвлэл мэдээллээр цацагдсан хуурамч мэдээний хор уршиг америкчуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар What Happened номдоо тодорхой баримттайгаар бичсэн байдаг. Энэ мэтчилэн сошиал орчин нь хяналт бага мөртлөө хэмжээлшгүй нөлөөтэйг ашиглан эх сурвалжгүй, баримт нотолгоогүй мэдээ, гүтгэлэг түгээж, олон нийтийн санаа бодлыг эргүүлэгчид нэмэгдсээр байгаа юм.

Хөгжингүй орнуудын хувьд энэ асуудлыг бууруулахын тулд иргэдээ мэдээлэл хүлээн авах боловсролд (media literacy) сургахад нэлээд анхаарч буй. Энэ жишгийг бид ч бас дагаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүлээн авч буй бүх л мэдээлэлдээ шүүлтүүртэй хандаж, үнэн зөв болоод бусдад хэрхэн нөлөөлөхийг нь бодож нягталсны үндсэн дээр цааш түгээж сурах нь зүйтэй юм.

Ингээд "Factcheck Mongolia" багийнхны боловсруулсан, "7 нягталж 1 түгээ" уриа бүхий хуурамч мэдээллийг таних 7 алхамт зөвлөгөөг хүргэе.

1. Мэдээллийн эх үүсвэрийг нягтал

Итгэж болох хүн түгээсэн эсэхийг нягтал. Мэргэжлийн сэтгүүлч бэлтгэсэн эсэхийг нягтал. Байнгын үйл ажиллагаа эрхэлдэг, итгэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага түгээсэн эсэхийг нягтал.

2. Агуулгыг нягтал

Гарчиг мэдээлэл өгөөгүй, агуулгатайгаа зөрчилдсөн бол анхаар. Хэт уянгын сэтгэл хөдөлгөм, эсвэл хэт уур хүргэм бол анхаар.Тухайн мэдээллийн гол үндсэн баримтууд, дурдагдаж буй хүмүүс, зураг, нийтлэгдсэн огноог нягтал.

3. Домейн хаягийг нягтал

Хуурамч мэдээ нийтлэгчид өөрийн вебийг бодит мэт харагдуулахын тулд “.com.co” “.me” гэх мэт түгээмэл бус өргөтгөлтэй байх нь элбэг.

Bit.ly , index.php , goo.gl, top100contest, 9gag, shuum, mergen-tool, cada-tool гэх мэт хураангуйлсан холбоосыг анхаар. Тухайн сайтын эзэмшил, харьяаллыг нягтал.

4. Дурдагдсан бүх эх сурвалжийг нягтал

Цорын ганц эх сурвалжтай мэдээ бол зорилготой юм уу PR мэдээ. Эх сурвалжийг тодорхой дурдсан байна уу? Тухайн үйл явдал, асуудалд шууд оролцоогүй, хөндлөнгийн, мэргэжлийн эх сурвалж байна уу?

5. Тэнцвэртэй мэдээлэл өгч чадаж байна уу?

Өрөөсгөл нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн эсэхийг нягтал. Буруутгагдсан талын байр суурь байна уу. Нэг талыг барьсан өрөөсгөл мэдээлэл нь ихэвчлэн гол баримтуудыг орхисон байдаг.

6. Баримт уу, эсвэл үзэл бодол уу?

Мэдээ бол хаана, юу болсныг БАРИМТаар тайлбарладаг. Харин зөв, буруугийн талаарх байр суурь илэрхийлсэн буюу дүгнэсэн байвал тэр бол ҮЗЭЛ БОДОЛ.

7. Тухайн мэдээллийг дэмжих баримтыг дурдсан байна уу?

Баримт нь үнэн зөв байна уу? Тухайн мэдээллийг бичсэн хүн статистик мэдээлэл, судалгаа, анхны эх сурвалж, шинжээч, аналистуудын мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр бэлтгэсэн эсэхийг нягтал.